АН-ын ирээдүйг хэн зурах вэ

2016-02-17 14:35:09

Цагаан сар угтсан зон олны хүндлэл, бахархлын өдрүүд айлсахтай зэрэгцэн Ардчилсан намын дотоод эв нэгдэл зөрчил, тэмцэл рүү дөтөлж буй нь гайхмаар. Төр тогтуун байх аваас түмэн олон амгалан байх тухай өвгөдийн сургаал үнэнээс хол зөрдөггүй хэмээн ойлговол тус намын төрийн эрх барьсан өнгөрсөн жилүүд монголчуудыг чамгүй туйлдуулав. Туйлдсан шалтгааныг эдийн засгийн мөлхөлт хэмээн тэд оношлох агаад өчигдөр УИХ-аар Гачууртын ордыг ашиглах шийдвэр гарсныг эс тооцвол төр зах зээлээ дэмжсэн нь төдий л үгүй юм. Он дамжин яригдсан ипотекийн таван хувийн зээл ирэх хавраас хэрэгжиж эхлэх ч “Мөнгө нь хаа байна” хэмээх эзэн биегүй эрэл эрчимжиж байна. Энэ зуур Ардчилсан намд УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн тэргүүлэх нэгэн шинэ фракц “мэндэлчихэж”. Саяхан л УИХ-ын дарга З.Энхболд “Ардчилсан нам фракцгүй болно” гэж мэдэгдсэн ч үг хэл, үйл хөдлөл хоёр ямархан хол зөрүүтэй болохыг дээрх мэдээлэл баталчихлаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Ардчилсан нам 15 “насныхаа” төрсөн өдрийг тэмдэглэсэн. МСДН-ын дарга Р.Гончигдорж, МСМН-ын дарга Д.Бямбасүрэн, МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МШАН-ын дарга Ц.Баярсүрэн, Монголын Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар энэ өдөр гарын үсэг зурж, эвлэлдэн нэгдсэнээ тунхаглан Монголын ардчилсан намыг байгуулж байж. Тэр цагаас хойш дор бүрнээ нэг нам болохоор гарын үсгээ зурсан ч эрх ашиг, чин сэтгэлээ нэгтгэсэн нь бараг л үгүй. Өнөөдрийг хүртэл “Алтангадас”, “Шонхор”, “Монголын ардчилсан холбоо”, “Кроун”, “Нэг ардчилал”, “Жи МоАХ”, “Чандмань” гэсэн фракц ил тодоор гишүүдээ хуваасан. Үүн дээр “Нийслэл фракц” гэх албан бус бүлгийг нэмбэл Ардчилсан нам арван таван толгойтой мангасын тухай үлгэрийн загвар хувилбар мэт харагдаж болохоор.

Эдгээрийг удирддаг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Баярсайхан Лу.Гантөмөр, Г.Батхүү, Лу.Болд, Х.Баттулга болон Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нарын араас аялдаг дагалдагчдыг нь нэрлэвэл бүгд төрд өндөр албан хашигсад. Харин намынх нь бүртгэлд албан ёсоор бичигдсэн 100 гаруй мянган гишүүний хэдэн хувь нь вэ гэж үзвэл тун цөөхөн тоо гарах биз. Эрх мэдлийг хувааж хүртэх чадал тэнхээ талаас нь тайлбарлавал шүү дээ.

Гол нь ингэж нэг нам, нэлээн олон толгойтой байсны балаг нь өнгөрсөн гурван жилийн үр дүн. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах амлалт өгсөн ч тэр амлалтаа Ардчилсан нам биелүүлж чадсангүй. Арга ядахдаа дарга нь “Энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэж амжихгүй” гэдэг тайлбарыг өгсөн харагдсан.

Цаашлаад өнгөрсөн сард хуралдах ёстой байсан Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг хийж чадсангүй. Ичсэн нэрэндээ тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Засгийн газраа авч үлдэхийн тулд хойшлууллаа” хэмээн төлөөлөгч нь ирж амжаагүй хоосон суудлуудынхаа өмнөөс худал тайлбар хэлнэ билээ. Үүнийх нь үргэлжлэл болж УИХ-аар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах эсэх тухай маргааныг эцэслэж чадахгүй өнөөдрийг хүрэв. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд саналаа нэгтгэсэн бол хэлэлцээд шийдчихэж болох хугацаа өнгөрсөн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай хурлыг жишээлсэн ч тэр. Ардчилсан нам саналаа нэгтгэж чадвал МАН-тай, МАН-гүй асуудлыг шийдэж чадна гэдгийн баталгаа болохоор онцолж жишихэд буруу зүйл үгүй.

Иймд энд эрх мэдлийн буруу хуваарилалт ямар хор хөнөөл авчирдаг болохыг дурдах хэрэгтэй болж байгаа юм. Ардчилсан намын дарга З.Энхболд уг албан тушаалыг авахтайгаа зэрэгцэн УИХ-ын даргын суудлаасаа татгалзаагүй. Улмаар Ерөнхий сайдын албыг хоёрдугаар эгнээнд суугаа улстөрчийг шууд татан гаргаж ирэх замаар өгсөн. Тэр нь Ч.Сайханбилэг. Ингэснээр Ерөнхий сайд нь ч бүрэн эрхгүй, УИХ-ын дарга нь ч гүйцэтгэх засаглалын дайсан болж хувирсан. Өөрөөр хэлбэл эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болох замаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг дэг жаяг энд алдагдсан гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулагчид ч үүн дээр бүхий л анхаарлаа хандуулж байсан. Германы хуулийн засаглалыг шууд утгаар нь хэрэгжүүлэх гэж ч хичээсэн. Гэсэн ч Ардчилсан намын дотоод зөрчил, лидер хоорондын тулаан нь дахиад л уг шинэчлэлийг урагшлуулаагүй. Харин ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрх мэдэл өгсөн бол өгсөн шиг өг” гэх маягийн шаардлагыг намынхаа удирдлагад хүргүүлж, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулахыг хүссэн. Тэр даруйд тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Энэ тохиолдолд түүнтэй хариуцлага ярих ёстой” гэдэг шинэ утгыг гаргаж ирсэн удаатай. Сонин зөрчил...

Харин Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ бүхний өөдөөс сөргүүлсэн тайлбарыг саяхан хэвлэлд өгсөн байна билээ. Түүнийг Ардчилсан намын даргын албан тушаалаа өгөөд Ерөнхий сайдын эрх мэдэлтэйгээ үлдэх боломж байсан тухай асуусан сэтгүүлчийн асуултад  “Би зэрэмдэг Ерөнхий сайд болж, барьцаалагдаж ажиллахгүйн тулд эсэргүүцсэн. Хэрэв тэр үед намын даргаа өгсөн бол өнөөдрийнх шиг үл ойлголцол үүсч нам болоод улс оронд ямар ч ашиггүй байх байсан биз” гэж. Эндээс Ардчилсан намын одоогийн дотоод зөрчил тодорхой харагдана. Цаашлаад “Шинэчлэлийн Засгийн газар бол хийсэн юмтай, бүтээсэн ажилтай. Зам, найман хувийн зээл, бүтээн байгуулалт, ажлын байр гээд хэлж чадна” хэмээсэн.

Тэгвэл МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухай өгүүлэх сэтгүүлч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Х.Баттулга” номын өгүүлэмжийн эцсийн санаа ч тэр нөгөө л фракцийн зөрчил рүү хөтөлж орхисон гэхэд хилсдэхгүй. Фракцийн эрх ашгийн зөрчлөөс болж Тавантолгой, төмөр замын аль аль нь явахгүй байгаа тухай зохиогчийн ч, гол дүрийн ч шаналал бүхий дүрслэл олон.

Эцэст нь асуухад албан ёсны долоо, найман фракцтайн дээр тэднийг дагасан албан бус олон бөөгнөрөлтэй Ардчилсан намын ирээдүйг хэн зурах вэ. З.Энхболд уу, эсвэл Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл үү... Фракциудаа нухчин дарах замаар эрх мэдлийн хүчийг өөрийнхөө тэргүүн дээр төвлөрүүлэхийг хичээж буй АН-ын даргын зорилт алдаа юу, оноо юу... Гол нь үүнд алдаа бий гэж үзэгсэд олширч, “Алтангадас”-ыг бараадах их нүүдлийн жим гарсныг АН-ын дарга З.Энхболд анзаарсан болов уу, яагаа бол...  

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

asdsa      ip : 112.72.12.17 2016-03-04 23:00:42
<a href="http://www.333asd.com">Казино тоглох</a>

Цолмон      ip : 59.153.115.243 2016-02-24 13:19:52
Одоо хэд хуваагдаад ч нэмэргүй дээ та нар. Нэг их хөрөнгө зараад ч хэрэггүй. Ажилтай орлоготой баймаар байна цөөхөн монголчууд





(0/800)