ХҮН-ынхан хүний л ааш гаргав

2016-02-18 11:24:28

Монголын улс төрд нил ягаан будгаар өнгө нэмж, үйл ажиллагаагаа шударга үнэн, зарчим, ёс зүйн жим мөрийн дагуу чиглүүлэхээ амлаж байсан ХҮН-ын тухай бужигнаантай, будилаантай мэдээлэл олны чихийг сэрдхийлгэх болсоор сар гаруйн хугацаа өнгөрөв. Саяхан л УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намаа түүчүүлэх жинхэнэ шударга улстөрч хэмээж байсан тэдний олонх гишүүн нь өнөөдөр түүнийг хэрхэн үүдээрээ өшиглөж хөөх талаар ярилцаж эхэллээ. Хүний амьдрал богихон тухай дурсамж, ярилцаан олонтаа сонссон ч улс төрийн намын дотоод зөрчил ийм ахархан хугацаанд сэдэрч, сэдэгдэнэ гэж хэн мэдэх билээ.

Ганцаарчилсан улс төрийн тоглолтод гаршиж, мэргэжлийн сургууль огт төгсөөгүй гэдгээ арав гаруй жилийн дараа хүлээн зөвшөөрсөн С.Ганбаатар уг нь тэрхүү мэдээллээ батлах хүртлээ Монголын хамгийн шударга улстөрч байлаа. Олонхийн санаа бодлыг тандвал шүү дээ. Харин эл мэдээллийн үнэн мөр өөрийнх нь үгээр батлагдснаар “Боловсрол, мэдлэг, шинжлэх ухаанч улс төрийг Монголд нутагшуулна” гэдгээ амлаж байсан ХҮН-ын лидерүүд ёстой л хүчгүйдсэн мэт туйлдах нь тэр. Үзэл санаа, үнэт зүйл нь бүхлээрээ УИХ-д суудалтай улс төрийн хүчин гэх ганцхан ач холбогдол дээр нуга даруулсан болохоор арга ч үгүй.

Улмаар С.Ганбаатар намын удирдлагын эрхийг авсан даруйдаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг чөлөөлж олны танил шинэ даргатай болгосноо зарласан нь Н.Одонгуа гэх бүсгүй байлаа. Харамсалтай нь, түүнийг нь ХҮН-ын дарга С.Ганбаатар, Удирдах зөвлөлийнх нь цөөн гишүүд болон салбарынх нь ганц нэг хүн л танина гэвэл хэтрүүлсэн зүйл үгүй. Гэхдээ намынх нь дарга асар богино хугацаанд нам удирдах чадвартайг нь таниж мэднэ гэдэг бас ч гэж хувь хүнд нь амжилт байсан байж таараа. Харин тэрбээр эл шийдвэрээ намынхаа дүрэм журмын дагуу бус өөрийн давуу эрх мэдлийн хүрээнд тамга тэмдэг ч үгүй гаргачихаж. Үүнийхээ дараа намынхаа тамгыг сураглатал тэр нь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржхандынх нь цүнхэнд байж таарсан бололтой юм. Гэсэн ч огцорсон дарга тамгаа өгсөнгүй. Эцэстээ намын тамга тэмдгийг хуурамчаар ашиглаж буй хэрэгт ч унаж мэдэхээр дүр зураг үүссэн нь өчигдрийн үйл явдлаас харагдсан.

Нам нь “Тамга алга болсон” гэдэг зар хэвлэлийн хуудаснаа байршуулж, дахин тамга авахаар өргөдөл гаргаснаас үзэхэд шүү дээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн Нийслэлийн ХҮН-ын дарга Ө.Мөнхбат “С.Ганбаатар намын дүрэм зөрчлөө” гэх хэвлэлийн бага хурал зарласан. Улмаар Хариуцлагын хороо нь хуралдаж, намынхаа даргын бурууг нотолчихсон. Мэдээж өөрийн дотоод дүрэм журмын хүрээнд энэ шийдвэр нь гарсан биз. С.Ганбаатар даргын тухайд “Намыг дотроос нь хагалах зорилготой маш том бүлэглэл ажиллаж байна” гэдэг дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаран сандран хийж байгаа харагдсан.

Эндээс харахад ХҮН-д хүн л байдаг юм байна гэсэн бодол төрлөө. Тэд дүрэм журам болгож баталсан шударга ёсныхаа хүрээнд ажилласан бол ийм маргаан, хэлцэл өрнөхгүй байсан. Тиймээс ч тэд ч ялгаагүй бусад улстөрчдийн адил хүн юм байна. Зөрчилддөг, тэмцэлддэг, “зодолддог”, нэгнээ золигт гаргахын тулд юуг ч хийж чадах тийм л хүмүүс байж. Нэг ёсны хүнээрээ байгаад нь ХҮН-ынханд талархах уу эсвэл хүн шиг аашилж чадсанд нь бухимдах уу... Ийм нэг ээдрээт сонголтын өмнө тэд биднийг, таныг, сонгогчдыг авчирлаа. Уг нь улс төрийн соёлыг эрхэмлэж байсан бол ядаж л УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээчихгүй дээ. Юун МАН, юун АН.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Самрагч      ip : 202.9.40.120 2016-02-21 22:09:14
Бадарчин явсан газар балагтай... Урвагч, худалч, өөнтөгч, өөлөгч зан засрахгүй ээ. ХҮН-ийнхэн өөрсдөө л хийсэн сонголт. Одоо амаа барихад оройтож. Муу нэрийг хусавч арилахгүй.





(0/800)