Т.Бат-Оргил: ХҮН-ыг анх байгуулахдаа тэрбум орчим төгрөгийн санхүүжилт босгосон

2016-02-24 10:15:57

 

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргилыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Танай намын дотоод маргаан сүүлийн өдрүүдэд Монголын улс төрийг өнгөллөө гэвэл эндүүрсэн хэрэг болохгүй болов уу. Мэдээж өнгөлөх гэдгийг өнгө зүсээр бус давамгайлал талаас нь авч үзвэл шүү дээ?

-Үүнийг зөрчил гэж хэлэхээс би хувьдаа зайлсхийж байна. Харин эрүүлжиж байгаа хандлага гэвэл оновчтой болов уу. Тэр дундаа улс төр дуусдаг. Хүний амьдрал цаашаа үргэлжилдэг. Иймд хувь хүний нэр хүнд, ирээдүйд оршин тогтнох боломж бололцоог хязгаарлаж болмооргүй санагдаж байгаа юм. Нэг ёсны бусдын талаар элдэв хар муу муухай яриа яримааргүй байна гэсэн үг л дээ.

-Та хэний тухай ярьж байна?

-Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржханд болон хэд, хэдэн хүний тухай.

-Гэхдээ та “УИХ-ын жагсаалт наймаалцахыг завдсан” гэж анх жиргэсэн байсан шүү дээ?

-Ганц би биш ээ. Тэр чинь мэдэж байгаа хүрээндээ аль хэдийнэ ил болсон зүйл. Өөрөө ч ярьж байсан. Иймд тэр жиргээг нууц задалсан гэж үзэхгүй байгаа.

-Түүнийг зөвтгөх шалтгаан нь “Намынхаа санхүүжилтийг босгох зорилго” гэдэг өгүүлбэрээр тайлбарлагдахгүй юу. Танай намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Лхагвасүрэн гэдэг хүний “Eagle” телевизэд өгсөн ярианаас тэгж ойлгогдсон?

-Ж.Лхагвасүрэн гэж хүнийг Удирдах зөвлөлийн гэж үзэх үндэслэл байхгүй ээ. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь Ерөнхий нарийн бичгийн дарга ажил, үүргээ зүй зохистой төвшинд явуулж чадаагүй гэдэг үндэслэлээр намын даргад хандсан. С.Ганбаатар гишүүн тэр дагуу тушаал гаргаж, намын Төв хороо хуралдах хүртэл Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Энд эрх зүйн заалтууд яригдах хэрэгтэй болно. Наад зах нь намын дарга гадаад, дотоодод намаа төлөөлөх бүрэн эрхтэй. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга намын хамтын шийдвэрийг хэрэгжүүлэгч. Гэтэл намын Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь түүнд итгэхгүй байгаагаа илэрхийлчихлээ шүү дээ.

-Тэгвэл та бүхний итгэл өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэр төвшинд хадгалагдаж ирсэн юм бэ. Үйл явдлын өрнөлөөс харахад сүүлийн сар орчмын хугацаанд л та бүхний дунд зөрчил үүсэв үү гэсэн асуулт тавихад хүргээд байна л даа?

-Т.Доржханд даргын удирдах арга барилд сүүлийн үед бүгд буюу 100 хувь сэтгэл дундуур байсан. Харин түүнийг огцруулах арга барил дээр Удирдах зөвлөлийн гишүүд санал зөрөлдсөн. Олонх нь “Намын дүрэм маань хазгай болчихжээ. Бусад намын дарга нарыг хэтэрхий их эрх мэдэлтэй байна гэж үзээд намынхаа даргын эрх мэдлийг дүрмээрээ хязгаарласан. Нөгөө талдаа Ерөнхий нарийн бичгийн даргад эрх мэдэлийг хэтэрхий их төвлөрүүлчихжээ” гэж үзсэн. Наад зах нь зөвхөн Ерөнхий нарийн бичгийн дарга л Удирдах зөвлөлийн хуралдуулах эрхтэй байх жишээний. Мөн өөрийн эзгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүдээс хэн нэгэнд нь хурал даргалах эрхээ шилжүүлэх эрхийг ч өгсөн. Энэ дагуу сая Т.Ганболдод эрхээ шилжүүлсэн байсан.

-“Алтан дорнод Монгол” компанийн захирал уу?

-Тийм. Гэхдээ тэнд даргын тушаалыг л танилцуулсан. Шийдвэрийг намын Төв хороонд үлдээсэн.

-Тэгвэл сая Т.Ганболд Удирдах зөвлөлөө хуралдуулсан гэж ойлгож болох уу?

-Тэр дагуу л хурлаа хийсэн. Гол нь миний зүгээс Ерөнхий нарийн бичгийн даргад хэт их эрх мэдлийг ингэж төвлөрүүлж болохгүй гэдгийг удаа дараа хэлж байсан. “Бид нар бүхэл бүтэн институт байгуулна гэж амласан хэрнээ зорилгоосоо хазайж болохгүй” гэж. Магадгүй энэ асуудлыг зөв гольдролд нь оруулах цорын ганц боломж нь түүний эзгүй хойгуур хуралдах явдал байсан гэж хэлж болно. Т.Доржханд дарга Удирдах зөвлөлийн гишүүдийг өөрийн дураар нэмж, хасдаг байсан. Нэг өдөр хурал зарлаад л “За танилц. Манай Удирдах зөвлөлийн шинэ гишүүн” гэнэ. Эсвэл “Тэр хүнийг Удирдах зөвлөлөөс хаслаа” гэчихдэг. Шууд хэлэхэд нэг хүний засаглал тогтоосон гэж хэлж болно. Ж.Лхагвасүрэнг ч тэгж томилсон. Ажил үүргээс нь чөлөөлчихөөд байхад ямар ч эрх зүйн чадамжгүй Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг томилсон гэсэн үг. Дээр нь ямар ч мэдээлэлгүй байж их олон худлаа зүйл ярьж байна лээ.

-Таны тухай ярьж байсан. “Нийслэлийн намыг удирдаж сонгуульд оруулах гэтэл УИХ-аас шахлаа” гэдэг гомдол мэдүүлсэн гэж?

-Наадхи чинь миний хэлсэн үгний төгсгөл. Эхэнд нь би “Би энэ хүнд уг нь их итгэж явсан. Намайг нийслэлийн намаа удирд. Чамаас өөр олонд танигдсан хүн алга гэхэд нь “Намд хэрэгтэй бол бодьё” гэдгээс өөр үг хэлээгүй байтал шууд асуудлыг эцэслэн шийдсэн мэт авч үзсэн. Надад цаасан малгай өмсүүлэх маягаар өөр зорилго агуулж байжээ” гэдэг үг л хэлсэн. Гэтэл намайг шууд гомдогч болгоод ярьчихсан.

-Тэгэхээр таныг болон ХҮН-ыг анх байгуулсан хүчтэй гишүүдийг тойрог руу явуулах замаар намынхаа жагсаалтыг наймаалцахыг завдсан гэж ойлгож болох уу?

-Тэгсэн. Шууд анх байгуулсан хүмүүсийг тойрог руу явуулахаар өөрөө өөртөө шийдвэр гаргачихсан байсан. Төлөвлөгөө нь тэр. Өөр ч олон ёс зүйн алдаа гаргасан учраас зөвхөн Удирдах зөвлөлийн гишүүн гэлтгүй бид нар андгайтнуудын хувьд ёс зүйг дээд зэргээр баримталж ажиллана гэсэн тэр зарчмынхаа дагуу л шийдвэр гаргасан. Анх намаа байгуулахдаа л бид нар дундаа андгай өргөсөн. Уг нь хэвлэлээр энэ тухай яриад баймааргүй байгаа юм. Намын Төвөө хорооны хурлыг хүлээмээр байгаа юм?

-Хэзээ хуралдах вэ?

-Ирэх сарын 3-нд. Дараа нь Их хурлаа хуралдуулна.

-Уг нь саяхан л хуралдсан даа. Тийм ээ?

-Тэгсэн. Гэхдээ онцгой нөхцөл байдал үүсчихлээ. Хариуцлагын хороо маш хариуцлагагүй ажилласан. Ашиг сонирхлын зөрчил их үүсч байна. Иймд хуралдахаас өөр аргагүй. Хариуцлагын хорооны дарга нь Т.Доржхандын хувийн компанийн захирал байх жишээний. Ийм байж болохгүй биз дээ.

-Одоо тэр Хариуцлагын хороо нь байгаа юмуу, үгүй юм уу?

-С.Ганбаатар дарга тушаал гаргаж түдгэлзүүлсэн. Гэтэл дараа нь хэсэг нөхөд хуралдуулаад явж байх жишээний. Бид нар энэ бүх мэдээллийг анхнаасаа хэвлэлд гаргахгүй гэж тохиролцсон. Гэтэл нөгөө хэд маань сошиалд тараасан. Энэ тохиолдолд бид тайлбар хийх хэрэгтэй болсон.

-Та бүхний энэ маргаан идэвхжихтэй зэрэгцэн намын тань санхүүжилт олны анхааралд орсон гэж болно. Жил хүрэхгүй хугацаанд 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт салбар хороогоо байгуулна гэдэг бас их ажил шүү дээ?

-Санхүүжилтээ дундаасаа босгосон. Удирдах зөвлөлийн есөн гишүүн байгаа ч гэсэн бидний ард дэмжигч олон хүн бий. Хүн болгон өөр өөрийнхөө боломжоор хандивласан.

-Яг хэдэн төгрөг төвлөрүүлсэн юм бэ?

-Ерөнхийдөө анхандаа тэрбум орчим төгрөг төвлөрүүлсэн. Орон нутагт салбар хороо байгуулахад нэг их мөнгө ороогүй. Орон нутаг руу гэхэд хоёр л машинтай явж байсан.

-Цалин нэлээн том асуудал байсан уу?

-Улс төрийн ажилтнуудаа 300 мянган төгрөгөөр цалинжуулсан. Энэ нэг их мөнгө биш биз дээ. Бүх хүн сэтгэлээрээ туслая гэж дэмжсэн. Жагсаал цуглаан зохион байгуулахад ч их мөнгө зарцуулаагүй. Бусдыг захиргаадаж, цалин өгөх шаардлага байсангүй. Хамгийн их зардал гаргасан нь намын батлах. Төв байрны түрээс хоёр байх. Дандаа л хүмүүсийн итгэл үнэмшил, оролцоон дээр үйл ажиллагаагаа явуулсан.

-Сая нэг хэсэг компанийн гүйцэтгэх удирдлага олноороо элслээ дээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Тэр хүмүүс итгэл үнэмшлээрээ л манай намд элссэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг элсэж, намын дарга болоход хүмүүс их олон зүйл ярьж байсан. Дор бүрнээ хувь хүн талаас нь дүгнэсэн. Гэтэл тэр хүн аль хэдийнэ хувь хүн биш болчихсон байхгүй юу.

-Тэгээд хэн гэж?

-Асар том байгууламж байхгүй юу. Нэр хүнд нь улсын хэмжээнд намуудтай дүйж очиж байна шүү дээ. Зүгээр нэг хувь хүн биш. С.Ганбаатар гэдэг бүхэл бүтэн үзэгдэл болсон байна. Энэ хүний ард оюуны хөдөлмөр эрхэлдэг сэхээтнүүд, улс орноо авч явж байгаа ажилтан ангийн гэсэн хоёр том хүч явж байна. Нэг ёсны хоёр том урсгал орж ирсэн гэж хэлж болно. Тэгэхээр зөвхөн С.Ганбаатар биш байгаа биз. Яахав зарим хүмүүс “Энэ муу популист” гэх маягаар хардаг байхыг үгүйсгэх аргагүй.

-Та гэхдээ “Популистуудтай тэмцэнэ” гэж өмнө нь ярьдаг байсан даа. Би худлаа хэлээгүй биз дээ?

-Тэгж хэлдэг байсан. Одоо ч хэлнэ. Одоо ч тэмцэнэ. Тэмцэж ч байгаа.

-Тэгвэл таны үнэлэмжээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар популист биш гэсэн үг үү?

-Биш.

-Магадгүй энэ асуулттай зэрэгцээд популистуудын тухай олны ойлголт зөрүүтэй байдгийг тодотгох хэрэгтэй байх. Таны хариулт ч тэр дагуу гарах болов уу?

-Энэ чинь зэвсэг барьсан этгээдийг хэн юу гэж үнэлж, дүгнэх вэ гэдгийн хариулт өөр өөр байдагтай адилхан зүйл л дээ. Жишээ нь тэр хүнийг зарим нэг нь дээрэмчин, дайсан, алуурчин гэж харж байхад нөгөө талд нь эх оронч, партизан гэж ойлгож болно.

-Харин тэгэхээр С.Ганбаатар таны хувьд популист биш үү. Асуултаа дахиад тавьчихья?

-Улс төрд орж байгаа хүн бүр дор их бага хэмжээгээр популизм хийдэг.

-Та ч гэсэн үү?

-Бид нар бол эрүүл популизм хийхийг хэзээ ч үгүйсгэхгүй. Жишээ нь, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд санаачилга гаргаад ярихад зарим нэг нь ойлгохгүй бол би популизм хийхээс өөр аргагүй. Популизм гэж юуг хэлж байгаа юм гэхээр тэр хүний ойлгох төвшинд мэдээллийг боловсруулж өгөх тухай л яриа. Залуучуудад мэдээлэл өгөх, ахмадуудад тайлбарлах хоёр чинь өөр байхгүй юу. Харин Монголын эдийн засгийг сүйрнэ гэж мэдсээр байж сая төгрөг, 1.5 сая төгрөг амлана гэдэг бол эрүүл бус популизм.

-“С.Ганбаатар Оюутолгойг зогсоочихлоо. Энэ бол популизм” гээд байгаа?

-С.Ганбаатар Оюутолгойг нураагаагүй. Нэг хүн нураачихдаг эд ч биш. Энэ анхнаасаа цаагуураа асар том гаж үзэгдэл байсан. “Хонь туранхай бол таных. Тарган бол төрийнх” гэсэн ойлголт хаа ч байхгүй. Стратегийн ач холбогдолтой орд гэдгийн цаана ийм л зүйл байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн цаана ямар заваан зүйл болдог билээ. Яг тэр жам ёсны уналт руу Оюутолгойг төр өөрөө оруулсан. Стратегийн гэдэг нэрийн дор. С.Ганбаатар гишүүн маш олон асуулт асуудаг. Даанч түүнд хэн ч хариулт өгдөггүй. Монголын хэсэг ард түмний төлөөлөл гэдэг утгаар нь ядаж хариулах ёстой байхгүй юу.

-Та түрүүн С.Ганбаатар гишүүний олонд үзүүлэх нөлөөлөл, нэр хүндийн талаар зухас дурссан даа. Түүнийг намын дарга болгохоос өмнө та бүхэнд төрж байсан хүлээлт өнөөдөр биеллээ олж байна уу. Та бид хоёр Сонгуулийн тухай хуульд захирагдаад судалгааны дүн ярьж болохгүй тул өөрөөр тодорхой асуух арга алга л даа?

-Бид бүхэн маш их итгэлтэй байгаа. Зөвхөн Баянзүрх дүүрэгт гэхэд 230 хүн зэрэг элслээ. Хан-Уулд саяхан 100 гаруй хүн шинээр элссэн. Тэр ч битгий хэл намын батлах маань дуусаад дахин шинээр захиалга өгчихөөд байж байна. Энэ таны асуултын хариу болж чадна байх.

"УЛС ТӨРИЙН ТОЙМ" СОНИН СЭТГҮҮЛЧ Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Irgen      ip : 59.153.115.90 2016-03-01 23:28:31
Setguilch ni hamaagui uhaantai yum bn .





(0/800)