Төрийн албаны цахим шинэчлэлийн эрчим
Хүн төрөлхтөн хатуу бэрх цагийн аяс хийгээд хүнд хэцүүг даван туулахаар чармайн зүтгэж буй энэ цаг үед дэлхий нийтээр цахим шинэчлэлийн эрчмийг түргэсгэх болсон нь хөгжил хийгээд бэрхшээл хоёр хамт нэгэн эгнээнд зогсох болсныг гэрчлэх. Энэ нь аливаа зүйл хувьсан өөрчлөгдөх нь жам ёсны байнгын хөдөлгөөнийг шаардах болсныг гэрчлэх бөгөөд өнөөдөр, маргааш, магадгүй ирээдүйн тухай хэлэлцэн ярилцаж, арга шийдэл, арга замыг тодорхойлох оновчтой шийдэл нь яах аргагүй цахим шинэчлэл болохыг батална. Монгол Улсын төрийн албаны шинэчлэл ч энэхүү жам ёсны мэт ойлгогдох болсон өөрчлөлт шинэчлэлтэд өнгөрсөн цаг хугацаанд бэлтгэгдэж, өдгөө хүлээлтээс илүүтэй үр дүнг хэлэлцэн ярилцах болсон нь сайшаалтай хэрэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачлан боловсруулж, УИХ-аар баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, уг бодлогын дунд хугацааны зорилт хэмээж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын нэг тулгуур зорилт нь “Төрийн бүтээмжийн шинэчлэл” болж буй ч нь ч үүнийг батална. Гол нь, үр дүн барианд бус харин эхлэлээс бичигдэж, батлагдаж ирсэн нь өнгөрсөн цаг хугацааны төрийн албаны цахим шинэчлэл буюу e-монголиа цахим нэг цонхны үйлчилгээ юм. Уг цахим нэг цонхны үйлчилгээгээр өдгөө иргэд төрийн мянга гаруй үйлчилгээг авах болсон бөгөөд гар утаснаасаа компани байгуулж, гар утаснаасаа тусгай зөвшөөрөл авч, гар утаснаасаа ковидын вакцины гэрчилгээг авч, гар утаснаасаа газар эзэмшиж, гар утаснаасаа иргэний лавлах авч, гар утастай байгаа цагт төрийн алба орохгүй, орох шаардлагагагүй болж байна. Ийн төрийн үйлчилгээг гар утсанд төрийн албаны цахим шинэчлэл цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Энэ шинэчлэл өнөөдөр хүлээлт буюу үр дүнгийнхээ төгсгөлд хүрсэн үү. Сонирхолтой нь, үгүй.
Учир нь, төрийн алба гэдэг зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн бүхий л улс орны иргэн бүрийн хувьд төрөхөөс эхлээд хорвоогийн мөнх бусыг үзэж хүртэл үргэлжид хамт дагалдаж, ажиллах, амьдрах, суралцах бүх эрхээ хэрэгжүүлэх албан бүтэц. Төр байгаа цагт төрийн алба байна. Мөн төр байгаа цагт иргэн бүр төрийн үйлчилгээний гол цөмд оршсоор л байх болно. Иймд төрийн албаны цахим шинэчлэлийн тухай ярих, бичих нь хүний амьдралын чанар хийгээд оршин байх мөн чанарын тухай хөндөж буй хэрэг юм.
УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр цахим шинэчлэлийн багц хуулиуд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталсан. Хууль бүрийг ач холбогдол талаас нь тайлбарлавал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүрийн мэдээлэл авах эрх баталгаажиж, төрийн нээлттэй, ил тод байх үүрэг баталгаажиж, төрийн үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн зүгээс хяналт тавих боломж бүрдсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн тухайд дэлхийн 193 орноос 88 улс нь энэ төрлийн хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлэх болсон бөгөөд уг хуулиар дамжуулан цахим хөгжилтэй уялдан гарч ирж буй иргэдийн хувийн мэдээллийн нууцлал алдагдах, хүний халдашгүй эрх зөрчигдөх нөхцлийг бууруулах, арилгах учиртай. Харин Цахим гарын үсгийн тухай хуулийн тухайд Монгол Улсын 16 болон түүнээс дээш насны нийт хоёр сая 300 мянган иргэн тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй эзэмших боломжтой болсон. Ингэснээр иргэд төдийгүй хуулийн этгээд, төрийн байгууллага өөр хоорондоо тоон гарын үсэг хараглан мэдээлэл дамжуулах, солилцох боломж бүрэн бүрдэж, цахим хэлбэрээр гэрээ байгуулах, гэрээ хийх боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү өөрчлөлт, шинэчлэлт, цахим эрчимтэй хамт яригдах тухай нэг гол асуудал бол төрийн албаны шинэчлэл. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй олон удаагийн хөл хорио, тэдгээрийг дагасан төрийн албаны үйлчилгээг чирэгдэлгүй явуулах зорилтыг эрхэм болгон ажилласан. Зөвхөн хувийн хэвшил гэлтгүй төрийн албаны үйлчилгээг энэ хугацаанд тасалдах, зогсох нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Монголын төр аливаа нэгэн цаг зуурын болоод хүнд хэцүү, урт хугацааны бэрхшээлийг даван гарах чадавх суусан болохоо харуулсан юм. Үүний тулд төрийн алба зөвхөн сүүлийн хугацаанд бус өнгөрсөн 20 гаруй жилийн турш бэлтгэгдэж, боловсорч ирсэн. Монголын нийгмийн бүтэц өөрчлөн шинэчлэгдэж, ардчилсан нийгмийн зам мөрөөр ягштал хэвшихтэй зэрэгцэн 1994 онд Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-аар баталсан. Өөрчлөлтийг дахин 2002, 2008, 2017, 2022 онд хийснээр Төрийн албаны тухай хууль нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндэс бүрэн бүрэлдсэн. Тухайлбал, 2007 онд Төрийн албаны нэгдсэн тоон бүртгэлийг баталгаажуулж, 2008 оноос систем рүү хөрвүүлж эхэлсэн. Үр дүнд нь 2017 онд байгууллага тус бүр бүртгэлийн системтэй болж, 2019 онд НҮБ-ын Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд хүний нөөцийн мэдээллийн удирдлагын тогтолцоо буюу ХНУМТ цахим системийн суурь судалгааг хийсэн. Уг судалгааны дүнд үндэслэн 2020-2021 оны хооронд ХНУМТ цахим системийг таван чиглэлээр хөгжүүлэх болсон.
Төрийн албаны тухай хуулийн 2017 оны нэмэлт өөрчлөлт цахим шинэчлэлийн хууль эрх зүйн орчныг хуульчлан нээсэн нь бөгөөд уг хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцэн Канадын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь орчин цагийн төрийн албаны дэлхийн жишиг бүтцийг нутагшуулах, хүний нөөцийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх, цаашлаад цахим шинэчлэл буюу төрийн албаны үйлчилгээг төгөлдөршүүлэх дэд бүтцийг бий болгоход чиглэсэн.
Хүний нөөцийн мэдээллийн удирдлагын тогтолцоо бий болсноор богино хугацаанд буюу 2021 оноос хойш жишээ нь Сангийн яамны Цахим хөлсний нэгдсэн систем бий болсон. Үр дүнд нь цалин хөлсийг зөрүүтэй тогтоох, олгох, давхардал үүсэхээс сэргийлэх боломж бүрдсэн. Мөн төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн цахим түүх үүссэн. Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцөд 10423 иргэн бүртгэгдсэнээс 1365 нь томилогдсон. Төрийн албаны шалгалтыг цахимаар авах нөхцөл бүрдэж, 2403 иргэн шалгалтад оролцсоноос 1651 иргэн хамгийн өндөр оноог авч, нэр дэвшин сул орон тоо нөхөгдсөн. Энэ нь хэн нэг даргыг дагаж ажилд орох, албан тушаал хаших нөхцөл байхгүй болж, цахим бүртгэлээр дамжуулан төрийн албанд ажиллах боломж нээлттэй болсны илрэл.
Гэхдээ төрийн албаны цахим шинэчлэл цаашид ч дээр дурдсанчлан үйлчилгээ болоод төрийн албаны дотоод зохион байгуулалтын чиглэлээр үргэлжилнэ. Энэ нь төрийн албаны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хүний нөөцийг үр дүнтэй удирдах, үйлчилгээг чанаржуулах шаардлага, хурд өнөөдрөөр бус цаг минутаар хэмжигдэх болсонтой холбоотой. Иймд төрийн бүтээмжийн шинэчлэлд тулгуурласан төрийн албаны цахим шинэчлэлийн эрчим тасрахгүй үргэлжлэх нь дамжиггүй. Учир нь, хөгжил бол байнгын тасралтгүй үргэлжлэх үйл явц, үр дүн юм.
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :