“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2022” БАГА ХУРАЛ Уул уурхайн салбар хуралдаанаар үргэлжилж байна

2022-09-21 17:42:46

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эрүүл, аюулгүй ажлын байрны төлөөх нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой “НЭН ТҮРҮҮНД ХАБ-2022” бага хурал “Аюулгүй байдалд Манлайлал ба Оролцоо” уриатай үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Эрчим хүч, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, Эрүүл мэнд, Ажилчдын хоол хүнсний аюулгүй байдал, Хөдөлмөрийн эрүүл мэнд сэдвээр салбар хуралдаанууд явагдаж, энэ сарын 28-ны өдөр нэгдсэн хуралдаан, 30-нд Чуулга уулзалт зохион байгуулагдах юм.
Өнөөдөр Уул уурхайд “Нэн түрүүнд ХАБ” салбар хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар нээж үг хэллээ. Тэрээр, “Нэн түрүүнд ХАБ" бага хурал нь хурал төдий биш, хамтдаа асуудлаа хэлэлцдэг, сайн туршлагаа хуваалцдаг, шийдлээ ярилцдагаараа онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Монгол Улс 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиа баталж, талуудын үүргийг тодорхойлж тогтолцоог бүрдүүлсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд хамтын манлайлал чухал юм. Салбар хуралдаан болон нэгдсэн хуралдаанаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход манлайлах үүргийг бид мөн хүлээж байна. Хөдөлмөрийн хүний эрүүл аюулгүй байдлын төлөө шинэлэг олон санал гарна гэдэгт итгэлтэй байна” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, монгол хүний аюулгүй байдлын соёлыг дээшлүүлэхэд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ” бага хурал хувь нэмэр оруулж байгааг оролцогчид онцолж байлаа.
“НЭН ТҮРҮҮНД ХАБ-2022” арга хэмжээг МОШПА ТББ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, ШУТИС, Монголын ажил Олгогч Эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо зохион байгуулж байгаа юм.
      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)