РЕСТОРАН & ТӨР

2022-10-19 17:22:25

Монголчуудын төрийн тухай ойлголт гүн хийгээд том. Төрийн оршихуй тэр хэрээр хүчтэй хийгээд өндөр. Социализмын үеэс тогтсон энэ ойлголт ардчилсан нийгэмд ч оршин тогтносон хэвээр. Энэ нь төрийн албанд ажиллаж байгаа болон төрийн үйлчилгээ авч буй хэн хүний хувьд тогтсон үнэлэмж. Харин орчин цагт буюу төрийн үйлчилгээг хувийн хэвшил болон хүний харилцаа талаас нь авч үзвэл дээрх ойлголт аль хэдийнэ ард үлдсэн. Гэхдээ дэлхийн өндөр хөгжилтэй улс орны харилцаанд. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт дэлхийн 90 гаруй оронд тогтвортой хөгжлийн манлайллын чадавхийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлсэн “Lead international” байгууллагын стратегич, зөвлөх Стив Фармер Монголын төрийн алба болон төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудад лекц тавив. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй зохион байгуулсан “Удирдлагын манлайлал ба байгууллагын соёл” сургалтын үеэр тэрбээр энэ сэдвийг хөндсөн бөгөөд тогтвортой хөгжлийн манлайллын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг түүний хувьд “РЕСТОРАН & ТӨР”-ийн үйлчилгээнд зан чанарт суурилсан манлайллыг хандлагын хувьд төлөвшүүлэх нь зайлшгүй чухал гэдгийг онцлон өгүүлсэн. Учир нь, төр бол үйлчилгээний байгууллага. Төрийн бодлого болон түүний хэрэгжилтийг рестораны үйлчлүүлэгч тухайн ресторанаас сэтгэл ханамжтай, дахин үйлчлүүлэх итгэл дүүрэн гарах ёстойн нэгэн адил зарчимаар иргэд олон нийтэд буюу үйлчлүүлэгчид үзүүлэх ёстой аж. Америкийн нэгдсэн улсад жишээ нь, “Төрийн албаны үйлчилгээнд харилцааны ур чадвар болон үйлчилгээг үр дүнтэй хүргэж байна уу гэдгийг чухалчлан үздэг. Магадгүй тэр үр дүнд хүрэхийн тулд цаг хугацааны хүлээлт үүсгэх тохиолдол цөөнгүй. Гэсэн ч гол нь буюу эцсийн бүлэгт үр дүнд хүрэх ёстой. Тэгж байж энэ нь байгууллагын хандлага, соёл болон төлөвшинэ” хэмээн үздэг байна. Харин рестораны бизнесийг та бид хөнгөн шуурхай, чанар гэдэг үзүүлэлтээр чухалчлан үздэг ч манлайллын тухай ойлголтыг төдийлөн нааж боддоггүй. Гэтэл бодит байдал дээр зан чанарт суурилсан манлайллыг байгууллагын соёл болгон төлөвшүүлэхгүйгээр үйлчлүүлэгчид сэтгэл ханамжийн баталгаа өгч, дахин үйлчлүүлэх сэтгэгдлийг үлдээж чадахгүй. Иймд уг зан чанарт суурилсан манлайллыг байгууллагын соёл болгож төлөвшүүлэхийн тулд үйлчлүүлэгчийн хувирашгүй байдлыг бататгах, үйлчлүүлэх хүсэл эрмэлзлийг хадгалах гэсэн хоёр чанарыг ягштал хадгалах ёстой. Энэ нь эргээд тухайн рестораны соёлд суурилсан өргөжин тэлэх боломж бөгөөд үүнд манлайлагч буюу удирдагчийн ур чадвар, нөлөөлөл, зан суртахуун, ур чадвар юу юунаас илүү чухал. Үүн дээр бусдыг эхэнд тавьж, тухайн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэх байгууллагын соёлыг зүй ёсоор төлөвшүүлэх хэрэгтэй. Үүнийг мөсөн уулаар жишээ болговол тухайн уулын харагдах байдал нь ур чадвар, харин үнэ цэн буюу байгууллагын соёл, хандлага нь дотоод оршихуй нь байх учиртай.

Өнгөц ойлгоход Стив Фармерийн энэ лекц рестораны бизнес мэт боловч сурвалжлагын эхэнд дурдсанчлан төрийн тухай хүчтэй, өндөр гэх мэт ойлголтыг жирийн буюу энгийн бүхэн агуу гэдэгчлэн зан чанарт суурилсан манлайллын чадавх талаас харж ойлгох, хөгжүүлэх, ялангуяа үйлчлэх ёстой гэдгийг төрийн алба болон төрийн өмчит компаниудын 200 гаруй удирдах албан тушаалтнуудад ойлгуулахыг зорьсон. Үүнийг ойлгож гэмээнэ БУСДЫГ БОДДОГ БАЙХ, ШАНТРАХГҮЙ БАЙХ, ЗОРИГТОЙ БАЙХ, ХАРИУЦЛАГА ҮҮРДЭГ БАЙХ, ҮРГЭЛЖ ӨСӨН ДЭВЖИХИЙН ТУЛД МЭДЛЭГЭЭР ӨЛСДӨГ БАЙХ гэсэн “Манлайллын таван чадвар” буюу “Зүрхний таван чадвар”-ыг төрийн албаны соёл болгох боломжтойг тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд чухалчлан өгүүлсэн. 

Энэхүү илтгэлтэй хамтатган Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбын “ӨӨРЧЛӨЛТ, ШИНЭЧЛЭЛ, СЭТГЭЛГЭЭ” илтгэлийн агуулгыг тайлбарлаж гэмээнэ төрийн албаны шинэтгэл болон төрийн бодлогын хэрэгжилт, хүний нөөцийн шинэчлэлийн зорилго хаашаа чиглэж байгааг ойлгох мэдэх боломжийг олгох учиртай. Чадахуйн зарчимд суурилсан хүний нөөцийн бодлого 2017 онд УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулийн амин сүнс нь. Үүнийг төрийн албанд ажиллаж буй төрийн албан хаагч нэг бүр бичилтгүй, хэлэлтгүй мэднэ. Гэхдээ аливаа шинэчлэлийг цаг ямагт тайлбарлан таниулахгүйгээр бүрэн хэрэгжих, дээр дурдсанчлан байгууллагын соёл, манлайллын мөн чанар болтлоо тогтож үлдэх боломжгүй. Мөн УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр, дунд хугацааны зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг тулгуур нь төрийн бүтээмжийн шинэчлэл. Энэхүү шинэчлэлийн нэг эд эс, хэрэгжүүлэгч нь байхын тулд Монголын төр цаашид төрийн албан хаагч, төрийн өмчит компанийн ажилтнуудаас бүтээгч, өөрчлөгч, шинэчлэгч байхыг шаардана. Гэхдээ энэ нь шаардлага гэхээс илүүтэй тэсч үлдэх, дэвшиж ахих мөн чанарын шалгуур юм. Үүний тулд Төрийн албаны зөвлөлөөс хүний нөөцийн бодлогын чиглэлээр удирдлагын менежментийг сайжруулах, хүний нөөцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, төрийн албан хаагчдыг үнэлэх, урамшуулах, тогтолцоог бий болгоно. Сэтгэлгээний ур чадварт суурилсан хүний нөөцийн чадавхийг байгууллагын соёл болтол төлөвшүүлэхийн тулд СТРАТЕГИЧ СЭТГЭЛГЭЭ, СИСТЕМТ СЭТГЭЛГЭЭ, АНАЛИТИК СЭТГЭЛГЭЭ, ЭВ ХИЧЭЭГЧ СЭТГЭЛГЭЭ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ ГЛОБАЛ СЭТГЭЛГЭЭ, ЛОГИК СЭТГЭЛГЭЭ, ДИЗАЙН СЭТГЭЛГЭЭ, ЭРХЭМЛЭЛТ СЭТГЭЛГЭЭ, ЁС ЗҮЙТ СЭТГЭЛГЭЭ гэсэн арван сэтгэлгээний ур чадварыг төлөвшүүлж, хөхүүлэн дэмжинэ. Энэ нь цаашид төрийн албаны хүний нөөцийн шинэчлэлийн тулгуур зорилт байх бөгөөд ресторан хийгээд төрийн үйлчилгээг адилтгах харилцааны манлайллын утга учир үүнд оршиж буй. Тэрхүү оршихуй дээр төр өөрөө орчин үежинэ. Хандлага хийгээд  ур чадвар, ур чадвар болоод мэдлэгт суурилсан чадахуйн зарчмын гол дүр, манлайлагч, удирдагч байхыг, болохыг хүсч байвал үлдсэнийг нь Та үргэлжлүүлэн суралцаарай. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн “Удирдлагын манлайлал ба байгууллагын соёл” сургалтад хамрагдаж чадаагүй ч танин мэдэхүйн эхний ойлголтыг танд үргэлжлүүлэн ийн цувралаар танилцуулах болно. Дараагийн илтгэл бол Конкордиа их сургуулийн Газар зүй, төлөвлөлт болон байгаль орчны тэнхимийн профессор Южин Кимийн “Алсын хараагаа зөв тодорхойлж, амжилтанд хүрэх нь” илтгэл. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханы “Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг бүтээмжтэй уялдуулах нь” илтгэл юм. Г.ОТГОНЖАРГАЛ 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)