Төрийн бүтээмжийг дээшлүүлэх бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ

2022-10-19 18:20:44

Төрийн бүтээмжийг дээшлүүлэх бодлогын хүрээнд төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлнэ

УИХ-аас 2022 оны аравдугаар сарын 19-нд “Төсөв-2023” хэлэлцүүлгийг нээлттэй зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй албаны төлөөлөл болон олон нийт оролцож, санал солилцсон байна. УИХ-аас анх удаа ийнхүү Засгийн газрын боловсруулсан ирэх оны улсын төсвийн төслийг нээлттэй хэлэлцүүлсэн нь энэ бөгөөд уг хэлэлцүүлгээс өмнө төслийн эхийг dparliament цахим системд байршуулж иргэдээс санал авсан байна. Ингэснээр нийтдээ 15293 иргэн төсөлтэй танилцаж, 798 иргэн төсөлтэй холбоотой санал сэтгэгдлээ ирүүлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, уг бодлогын баримт бичгийн дунд хугацааны зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих төрийн бүтээмжийн шинэчлэлийг төрийн албаны хаагчдын цалин урамшуулал болон төрийн албаны хэмнэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээ зарлав.

Энэ хүрээнд төсөвт байгууллагын хэмнэлтийн бодлогыг дөрвөн чиглэлээр шинэчлэх аж. Үүнд, төсөвт байгууллагын албан бичиг хөтлөлтийг цахим хувилбарт шилжүүлэх, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад албан байгууллагын баяр ёслол, ойн арга хэмжээ, хурал цуглаан, тэмдэглэлт өдрийг тусгайлан тэмдэглэхгүй байх, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг таниулан, сурталчлахаас бусад бусад хэвлэл, контент үйлдвэрлэл, олон ангит кино бүтээхийг хориглосон байна. Үүний үр дүнд 204.4 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой хэмээн үзэв.

Харин төрийн албан хаагчдын цалин урамшууллын системийн тухайд ажлын ачаалал, үр дүнгийн үзүүлэлттэй уялдуулан гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бий болгохоор болсон байна. Ингэхдээ төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн үндсэн цалинг дээд шатлалаар нь тогтоож, суурь цалинтай болгох арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Мөн тухайн орон нутаг орлогоо давуулан биелүүлсэн бол нутгийн удирдлага нь албан хаагчдынхаа цалинг 80 хүртэлх хувиар дотоодын эх үүсвэрээсээ нэмэх эрх зүйн орчинг хуульчлах аж. Мөн төрийн захиргааны албан хаагчийн орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгохоор болжээ.  

   

Мөн сумын төвд тав болон түүнээс дээш жил ажилласан зарим албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор төсөвт тусгасан байна. Ингэхдээ сумын төвд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын албан байгууллагын албан хаагчид мөнгөн урамшуулал олгох, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажилласан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаын албан хаагчид таван жил төтөмд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор төсөлд тусгажээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)