Тэмээ ер нь яачихсан амьтан бэ

2016-03-14 20:34:48

Тэмээний тухай нэгэн сайхан домог бий. Арванхоёр жилийн тэргүүнд бичигдэхээр нар мандах зүгийг эхлэн харахаар хулганатай өрсөлддөг дөө. Гэтэл адтай хулгана тэмээний арьсанд шигдэж дулаахан өглөөг угтсан атлаа нарны туяаг эхлээд харчихдаг. Тэр даруйдаа “Нар мандлаа” хэмээн хашгирснаар тэмээ арван хоёр жилийг өнгөлөх эрхгүй болж, харин арван хоёр жилийн амьтанд багтсан бүх шинжийг өөртөө үлдээсэн тухай. Хүүхдүүддээ хаяадаа уншиж өгдөг энэ үлгэрийг утгачлан хялбарчилж буулгасан нь жаахан гэмтэй.

Гэсэн ч “Тэмээ ер нь яачихсан амьтан бэ” гэсэн элгийн асуулт өнөөдөр инээдийг минь хүргэв. Учир нь, Өмнөговь аймгийн Ардчилсан нам болон Засаг дарга Б.Бадраа 1000 тэмээний уралдаан зохион байгуулахдаа “Ардчилсан намын тэмээчин биш. Ардчилсан намын тэмээ ч биш” гэдэг үндэслэлээр Баянхонгор, Дорноговь аймгийн тэмээнүүдийг уралдаанд оролцуулаагүй юм байх.

Арга ядахдаа МАН-ын тэмээчид тэмээтэйгээ аймгийн төв талбайд жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийллээ. Хөөрхий тэмээ гэж. Арванхоёр жилээс тайвандаа, алгуурхандаа хасагдсан байлаа гэхэд намын үнэмлэхээр уралдаанд оролцох эрхээ хасуулж бас болох уу даа.

Одоо тэгээд яах юм. Хүүхдүүддээ уншдаг үлгэрээ “Эрт урьтын цагт бус энэ цаг үед Ардчилсан намын тэмээ уралдахаар болжээ. Гэтэл МАН-ын тэмээг оруулахгүй гэснээр хөөрхий тэмээ дахиад л тойргийн гадна үлдэв” гэж нэмж засварлах хэрэг үү. Тэмээ ер нь яачихсан амьтан бэ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)