“Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ

2023-03-10 14:54:55

Засгийн газраас “ШИНЭ СЭРГЭЛТ”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлого хэрэгжүүлэхээ өнгөрсөн 2022 онд зарласан. Уг хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр "Хөдөөгийн сэргэлт" чуулга уулзалтыг зохион байгуулав. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан болон хөдөө орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож, “Хөдөөгийн сэргэлт”-ийг эрчимжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн энэ үеэр Засгийн газраас “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний гол чиглэл болох санхүүгийн бодит дэмжлэгийн талаар мэдээлэл өгч, 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлж эхлэхээ зарлав.

Төвлөрлийг сааруулах татварын дэмжлэгийн хүрээнд орон нутагт бизнес эрхлэхийг дэмжих зорилгоор нийслэл хотоос үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн бол зардлыг 50 хувиар нэмэгдүүлж тооцох бол тухайн орон нутгийн ажил хайгчийг ажилд авсан бол тухайн ажилтны цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор шийдвэрлэсэн байна. Мөн аж ахуйн нэгжид таван жилийн хугацаатай нэг хувийн хүүтэй зээл олгох бөгөөд үүний үр дүнд 2000-4000 ажлын байрыг шилжүүлэх тооцоо хийсэн байна.

Харин шилжин суурьшиж буй иргэдийн тухайд 30 жилийн хугацаатай жилийн гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгохын зэрэгцээ эхний гурван жилийнх нь хүүгийн татаасыг улсаас төлөх аж. Ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөг хүртэл. Орон нутгийн төрийн албан хаагчдыг тогтоон барих, хүний нөөцийг хангах зорилгоор хөдөө орон нутагт цалингийн тогтолцооны шинэчлэл хэрэгжүүлэхээ мөн Сангийн сайд Б.Жавхлан чуулга уулзалтын үеэр мэдээллэсэн. Уг шинэчлэлийг хэрэгжүүлснээр орон нутаг дахь төрийн албанд ажиллаж буй иргэдийн цалин 318.3-951.5 төгрөгөөр нэмэгдэх аж.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)