Монголчууд бидэнд Оюутолгой 20 жил хичээл заалаа. Бид юу сурав

2023-03-13 09:59:46

Өнөөдөр Оюутолгойн далд уурхайн олборлолт, Монгол Улс дэлхийн зэсийн нийлүүлэлтэд албан ёсоор үүрэг хүлээсэн гол тоглогчдын нэг болно. 2030 он гэхэд Оюутолгой төсөл дэлхийн дөрөвдэхь том зэсийн төсөл болж өсөж өндийх бөгөөд тэр цагт Монгол Улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ.

Мөн “Оюутолгой” ХХК-ын борлуулалт тав орчим тэрбум ам.доллараар хэмжигдэж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдсэнээр жилийн 700 тэрбум төгрөгт хүрнэ. Зөвхөн нэг өдөрт олборлох зэсийнх нь хэмжээ гэхэд 600 орчим салхин сэнс, 160 мянга гаруй цахилгаан автомшин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдтэй дүйцнэ. Иймд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, тэртээ гүнд буюу 1300 метрийн газрын гүн дэх тэсэлгээний цуурай, олборлолтын мэдээлэл Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байх нь зайлшгүй. Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй.

Тэр нь, бүх зүйл өнөөдөр болох далд уурхайн олборлолтын нээлтийн тууз хайчлах ёслол шиг дардсан цагаан байгаагүй явдал. Нийтдээ Оюутолгойг тойрсон мэдээллийн дайн, эрх ашгийн зөрчил, үл ойлгогдох нөхцөл байдал, гадаад дотоод улстөрчдийн ашиг сонирхол, хувьцааны бизнес зэрэг үл ойлгогдох, үл шийдэгдэх нөхцөл байдлын түүх Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойшхи 14 жил болон түүнээс өмнөх 5-6 орчим жилд үргэлжилсэн гэж тооцвол Монгол Улс нийтдээ 20 орчим жилийн хугацаанд Оюутолгой гэдэг нэгэн үл ойлголцлын нэг зам жимтэй байсан гэсэн үг. Улстөрчдийн хэрүүлийн эхлэх цэг нь Оюутолгой, өрнөх индэр нь Оюутолгой, дуусах төгсгөл нь Оюутолгой л байсан ирсэн. Энэ хэрээр олон ч улстөрчид ард түмэнд танигдаж, олон ч улстөрч улс төрийн карьераа унагаасан. Монголчууд харин хожихоосоо хохирсон нь их байх. Аль эрт ашиглалтад оруулж болох байсан уурхай дэлхийн эдийн засгийн хамгийн тогтворгүй цаг үед ашиглалтад орох хүртлээ удааширна гэдэг нэг их хүсэх зүйл биш. Гэсэн ч бид цаашдаа урагшлах ёстой.

Өнөөдөр энэ урт холын 20 жилийг богиносгож болох байсан, эсвэл яаравчлан баталж, хурдтай хэрэгжүүлэх нөхцөл боломж байсан хэмээн хэлэхэд хэцүү. Гэсэн ч өдгөө монгол түмнээрээ нэгдэх ёстой зүйл бол “Оюутолгой”-г дэмжин урагшлуулах шинэ зориг. Өмнө нь бид үйл ажиллагааг нь зогсоох, эсэргүүцэх зоригтой байсан. Харин  цаашдаа хяналт тавьж, хамтран ажиллацгаая.Улстөрчид ч гэсэн алдаа оноогоо хөрөнгө оруулалтын том төсөл дээр зөв тооцоолдог, зөв дүгнэдэг болцгооё. Гол, өнөөдөр тууз хайчлахаас илүүтэй Оюутолгойн өнгөрсөн 20 жилийн хэлэлцээрээс юу сурсан, юу мэдсэн гэдгээ тэмдэглэн үлдээж, албан ёсны сургалт, хичээлтэй болцгооё. Тэгэхгүй бол дараа дараагийн гэрээнд дахин сохроор орвол дэлхий ч, хөрөнгө оруулагч ч биднийг тэвчээртэйгээр 20 жил хүлээхгүй л болов уу. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)