С.Баяр, Л.Оюун-Эрдэнэ нарын амбиц ОЮУТОЛГОЙН ОЛБОРЛОЛТООР түүхэнд үлдэнэ

2023-03-13 13:09:15

2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр. Монгол түмэн бэлгэдэл, ерөөл дүүрэн өдрийг баяр жаргал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлж, онцгой чухал өдрийг дурсан талархах өгөөмөр, дүүрэн заншилтай ард түмэн. Энэ өдөр хэдийгээр Монгол Улсын иргэн нэг бүрийн амьдралд учир холбогдолгүй мэт санагдаж болох ч сүүлийн 20 гаруй жилийн турш улс төрийн зөрчил тэмцэл, эргэлзээ тээнэгэлзээ, гэм буруугийн иш үндэс мэтээр үзэгдэж ирсэн Оюутолгойн далд уурхайн олборлолт алсан ёсоор эхэлсэн түүхэн өдөр. Өнгөрсөн 20 гаруй жил Оюутолгойн далд уурхайн олборлолтын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож буй хөрөнгө оруулагч, албан тушаалтан, эдийн засагч, шинжээчдийн өгүүлж буйчлан амаргүй цаг хугацаа байсан. Энэ цаг хугацаанд идэвх зүтгэлтэй байж ирсэн хүн бүхэн Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хувь нэмрээ оруулагч юм. Мөн олборлолт эхэлснээр хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улсын хаалга нээгдэнэ. Тэд хаалгыг нээнэ. Учир нь, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг зөвхөн хамтын ажиллагаа биш. Итгэл найдвар, ирээдүйн хүсэл зорилго, хамтын ажиллагааны бат бөх хана хэрэм юм. Тиймийн учир уг гэрээнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн бүрт талархал илэрхийлье. Мөн хувь тавилангаар гэх үү, эр зориг, хүсэл тэмүүллээр гэхүү эцсийн шийдвэрийг ёсчлон батлахад үүрэг гүйцэтгэх замаар өнөөдрийг бүтээсэн Ерөнхий сайд асан С.Баяр болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлье.

           Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан өдөр “Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үйл явц сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж, өнгөрсөн жилүүдэд хоёр удаагийн УИХ, гурван удаагийн засгийн газрыг дамжин хэлэлцэгдэж, хэлэлцэх хэрээр улам бүр чамбайрч сайжирсаар өнөөдрийг хүрч байна. УИХ-аас хөрөнгө оруулагчтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт 2008 оны арванхоёрдугаар сарын 40-р тогтоолоор өгсөн үүрэг удирдамж, мөн түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний төслийг хэлэлцээд өгсөн удирдамж, УИХ-ын гишүүдийн гаргасан санал зөвлөмж нь гэрээг байгуулах үйл явцыг эрчимжүүлж, Монголын талаас тавих шаардлага, шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээр хийж байгаа засгийн газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, өмөг түшиг болж ирснийг онцлон тэмдэглэж байна. УИХ-аас бидэнд итгэн даатгасан үүргийн дагуу манай хамтарсан засгийн газар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд хэрэг болгон өнөөдрөөс ийнхүү эхлүүлж байна.  Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг, хувь заяа бидэнд ноогдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна” хэмээн хэлж байсан.

  Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Оюутолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлсэн ёслолын ажиллагааны үеэр “Оюутолгойн төслийн зам дардан байгаагүй. Энэхүү төсөл нь Та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл, бодит хөрөнгө оруулалт юм. Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс нээлттэй, ил тод, харилцан хамтардаг, итгэлтэй түнш гэдгийг харуулж буй бодит илэрхийлэл юм. Зэс баяжуулах, эцсийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ төсөл аж үйлдвэрийн хөгжлийн эхлэл байна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд “Одоогоос нэг жилийн өмнө Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд түүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар төслийн бүтээн байгууллатын гацаа ариллаа. Хөрөнгө оруулагч тал 2023 оны нэгдүгээр улиралд гүний уурхай ашиглалтад оруулна гэх амлалтандаа хүрлээ. Оюутолгойн төслийн гүний уурхай 1265 км-аас хүдэр олборлоно. Монголчуудын хувьд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлох болсноо дэлхий дахинд зарлалаа. Гүний уурхайн зэсийн баяжмал нь ногоон хөгжлийн хандлага, эх дэлхийн амьдралын цаг хугацааг уртасгахад Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр юм. Уг төсөл нь гадаадын хөрөнгө оруулалт болон Монгол Улсын гуравдагч хөрштэй хамтран хөгжүүлж буй түүхэн төсөл билээ” хэмээсэн байна.

Хэдийгээр өнгөрсөн цаг хугацаанд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр түүхэнд үүргээ гүйцэтгэж, улстөрчийнхөө хувьд Монгол Улсын ирээдүйн түүхэнд бичигдэх амбицыг бүтээсэн. Харин энэ удаад С.Баярын Засгийн газрын үед хэмээн бичигддэг байсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ урагшилсан тухай түүх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хэмээн бичигдэх болов. Энэ бол цөөхөн хүн амтай ч санал бодлын зөрөлдөөн өндөр, газрын хэвлийдээ нуугдах баялгийнхаа нөөцийг ч үл мэдэх атлаа, баялагтай ард түмэн хэмээн сөргөлддөг Монгол Улсын хувьд арсалдаан хийгээд ажил хэргийн хооронд ямар их зөрүүг харуулж буй үйл явдал юм. Оюутолгойн далд уурхай олборлолтоо эхлүүллээ гэдэгтэй хамт Монгол Улс дахин дэлхийн уул уурхайн салбарт толгойгоо өндийлгөх бүтэн нэртэй болов. Үүнд хувь нэмрээ оруулсан хүн бүрт талархал илэрхийлье.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)