Б.Ганхуяг мэдүүлгээ өөрчилж, Л.Оюун-Эрдэнэ зарчмаа дагана гэсэн үү

2023-09-13 14:59:13

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-ны өдөр эхлэв. Гэсэн ч шүүх хурал эхэлсэн даруйдаа дуусаж, тодорхой бус шалтгаанаар хойшлосон. Учир нь, Б.Ганхуяг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгчдийн бүрэн бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурлыг дахин зарлах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, хэдий хэр хугацаагаар хойшилж, хэчнээн цаг хугацаа сул өнгөрөхийг бид мэдэхгүй, таах ч боломжгүй гэсэн үг. Харин тэрхүү богинохон хугацаанд нэгэн ялагч тодорсон нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Б.Ганхуяг өөрөө. Ийн бичихийн учир нь тэрбээр өөрт нь нүүрсний хэргээр бус хаалга, цонхны асуудлаар хэрэг үүсгэсэн хэмээн ойлгуулж чадсан. Мөн нүүрсний гэх нэг ч хэрэг байхгүй гэдгийг бат ноттой мэт ойлгуулаад “Намайг яллаад Та нар тамгатайгаа үлдэнэ гэж байхгүй шүү” гэдэг шахалтыг шүүх хурлын танхимаас тодорхой хүмүүсийг чиглүүлэн хаяж чадсан. Нэг ёсны энэ сарын 12-ны шүүх хурал нь урьдчилсан байдлаар Б.Ганхуягийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд тэрбээр “Намайг Та нар дийлэхгүй. Би хүчтэй” гэдэг мессежийг өгөхийн тулд тайзын ийн ашигласан гэж болно. Угтаа бол түүнд урьдчилсан байдлаар 10 гаруй хавтаст хэрэг нээсэн бөгөөд тэр болгон нь нүүрс, бас дахин нүүрсний тухай. Мөн ганц ч удаа мэдүүлэг аваагүй гэдэг нь уг хэрэгт ажилласан мөрдөн байцаагч, хууль хүчний байгууллагынхныг бүрэн утгаар нь гүтгэсэн хэрэг болно. Өөрөөр хэлбэл, хэрэг бүрдүүлэлт цэвэр өөрийнх нь мэдүүлэг дээр үндэслэснийг хэргийг шалгасан, нягталсан, мөрдсөн, мөшигсөн бүхэн мэднэ. Ийм байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг эхлэхтэй зэрэгцэн гурван дүүргийн дундын шүүхээс татгалзаж, өөрийнх зөвтгөлийг бүрэн дүүрэн өгсөн нь Б.Ганхуяг хоригдоогүй юм бишүү гэдэг сэтгэгдэл төрүүлсэн нь нууц. Түүнчлэн “Т.Аюурсайхан надтай хальт найзалсныхаа төлөө энд юу хийж суугаа юм бэ. Тэгвэл УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь дууд” хэмээн хашгирсан. Энэ нь нийтлэлийн эхэнд дурдсанчлан яах аргагүй шахалт.

Иймд түүний үг болон үйлдлээс хоёр дүгнэлтэд хүрч болмоор. Энэ нь, нэгд нэг бус нэлээдгүй олон гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх, чөлөөлөх үндэслэл Б.Ганхуягийн гарт байна, хоёрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёсыг тогтоохын тулд намын нөхөдтэй ч тэмцэнэ” гэсэн үгнээсээ буцаагүйг байгааг харж болно. Гэсэн ч тэрбээр өөрийн хавтаст хэргийг, тэр дундаа 28 тэрбумын хаус хороолол, гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээр бий болсон хөрөнгийн бүртгэл, ах дүү, найз нөхөд, хамтран зүтгэгчидтэйгээ эргэлдүүлсэн мөнгөний урсгалаа тайлбарлахаас илүүтэй шүүх хурлын ердөө л амны алчуур болгох зорилгоор ард түмэнд зориулж жүжиг дэглэсэн. Нүүрс шанагадсанаа хаалга сольсон болгосон. Байцаалт өгснөө өгөөгүй гэж мэлзсэн. Нэг бус нэлээн олон гишүүн шалгагдах ёстой гэдгийг сануулсан. Гол нь, ганцаараа хэрэг үүрэхгүй гэдгээ зарласан. Энэ бол нэг бус хорин хүнтэй ч маргаж мэтгэлцээд ялж чаддаг хувь хүнийх нь давуу тал байж болох ч эцсийн бүлэгт Монголын төр ч, шүүх ч зарчмаа алдахгүй бол асуудал шийдэгдэх нь тодорхой биз ээ. Гэхдээ Б.Ганхуяг мэдүүлгээ өөрчилсөн ч, Л.Оюун-Эрдэнэ зарчмаа дагасан тохиолдолд шүү.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)