УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2023 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2023-09-28 13:55:09

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 48 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Беларус Улсаас хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрүүл мэнд, хөнгөн үйлдвэрлэлийн 60 гаруй аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ Монголын хэрэглэгчдэд танилцуулахаас гадна үндэсний үйлдвэрлэлийн 30 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Орос, Монгол-Беларусь, Монгол-Хятад бизнес уулзалтууд болох бөгөөд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, экспортын шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 09:00-19:00 цагийн хооронд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдана.

Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын анхны орон нутгийн бондыг гаргаж буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.

Улаанбаатар хотын бондыг 2023 оны аравдугаар сарын 2-4-ний хооронд Монголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаална.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ubbond.bdsec.mn/ холбоосоор, мөн тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК: (976) 7555 1919, дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261, (976) 11 311944, дэд андеррайтер Голомт Капитал ҮЦК: (976) 7012-1530 тус тус холбогдон авах боломжтой.

Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын бодлогын баримт бичиг болох "Алсын хараа 2050" болон Нийслэлийн 2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэж байгаа бөгөөд  авто замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)