СТАРТ-АПУУДЫН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ТУСГАЙ БҮСИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
2023-11-09 14:04:55

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, ахлах зөвлөх Б.Бат-Эрдэнэ болон бусад төлөөлөгчид Улаанбаатар инновацын төв болон инновацын экосистемийг бүрдүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдтэй танилцлаа. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нэг жилийн өмнө старт-ап компаниудыг бодлогоор дэмжих, нийслэлийн тулгамдсан асуудлуудад технологийн шийдлүүдийг ашиглах талаар санал солилцож байсан бол өнөөдөр үр дүнтэй нь танилцлаа.
Улаанбаатар инновацын төв нь 2018 онд байгуулагдсанаас хойш нийт 83 гарааны компанийг бойжуулж үүнээс 37 нь 120 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий бие даасан компани болж, одоогийн байдлаар аялал жуулчлалын салбар дахь виртуал үйлчилгээ, такси үйлчилгээний хувилбар carpool, түгжрэлийг мэдээлэх хиймэл оюун ухаан, хүүхэд хүргэлтийн систем, төрийн үйлчилгээний ухаалаг чатбот, ерөнхий боловсролын сургуулийн виртуал хичээл, нөлөөллийн инновац /influencer innovation/ зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Цаашид хууль, эрхзүйн орчныг сайжруулж, старт-апуудад зориулсан тусгай бүс байгуулах, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр дэмжих зэргээр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос бодлогын зохицуулалтыг хийж ажиллана гэдгээ байнгын хорооны дарга илэрхийллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг
95050503 утсаар хүлээн авна.
Сэтгэгдлүүд :