Б.Цогтгэрэл: Дарга хангамжинд, цэрэг зовлонд амьдрах ёстой юмуу. Үгүй биз дээ

2016-03-29 09:59:44

Цахим талбарт Шилэн Цогоо гэдгээрээ алдаршаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэл, мэдээллийн албаны зөвлөх Б.Цогтгэрэлийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Таныг Ардчилсан намын өөдөөс хурцалж тавьсан МАН-ын “чулуу” гэх нь бий.

-Дур дураараа л ойлго. Би үүнд тайлбар өгөхгүй. Сонирхол алга. Намайг дүгнэхээсээ урьтаад Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлигийг унш гэдгийг би хүн бүрт хэлдэг. Монголын ард иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, төр засгийн албан хаагчдад Ерөнхийлөгч шилэн бай гээд энэ заалтаар уриалчихсан. Үүн дээр хяналт тавьж ажиллахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан. Мөн Шилэн дансны тухай хуулинд “Иргэний хяналт” гээд бүхэл бүтэн нэг бүлэг байгаа. Би эрх зүйн энэ хоёр боломжийг л барьж ажилласан. Хойшид ч ажиллана.

-Өнгөрсөн хугацаанд нийтдээ хэр олон баримт дэлгэв?

-Яг Авлигатай тэмцэх газарт өгөөд шалгуулж байгаа нь гэх юм бол 18 аймгийн 24 албан тушаалтан, дөрвөн дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, 8-9 томоохон улсын өмчийн үйлдвэрийн газрын удирдлага, Хөгжлийн банкны удирдлагууд гээд тоолоод үзвэл 50 гаруй хүний асуудал яригдана. Гол нь миний гаргаж тавьсан баримтууд томоохон байгууллага, улсын үйлдвэрийг л онилсон хэрэг. Түүнээс бус сум руу, хороо руу, агентлаг руу орвол бас л их асуудал гарч ирнэ байх. Даанч амжихгүй байна л даа.

-Орон нутагт өөрийн тань “дүү нар” гарч ирж байгаа мэдээлэл яваад байсан. Өөр өөрийн аймагтаа Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлнэ гэж зарласнаас нь харахад шүү дээ?

-Өмнөговь, Ховд, Увс, Дархан аймагт их идэвхтэй ийм ажил өрнөж байгаа. Хүмүүс нэлээн холбогдсон. Сүүлийн үед нэмээд Эрдэнэтийнхэн их холбогдож байна. Тэд их дэмжиж байгаа. Үйлдвэрчний эвлэлийнх нь нөхдүүд маш идэвхтэй байгаа. Энэ долоо хоногтоо “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дараагийн шинэ баримтуудыг дэлгэнэ. Мөн ойрын хугацаанд Эрдэнэтэд очиж жагсаал цуглаан хийж, шилэн дансыг хөтлөхийг шаардсан суулт зарлах бодол байгаа.

-Авлигатай тэмцэх газар тэгээд өөрийн тань энэ олон хүсэлтэд хүсэн хүлээсэн хариуг тань өгч байх юмуу?

-Яг өнөөдрийн байдлаар баримтаар няцаагдсан зүйл алга. Хөгжлийн банкны асуудал дээр гэхэд эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байгаа. Олонх авлига хээл хахуул, эрх мэдлээ урвуулан ашигласантай холбоотой хэргүүд нь судлах шатандаа явж байх шиг байна. Миний хувьд Авлигатай тэмцэх газрыг их сайн ажиллаж байна гэж бодож байгаа. Миний өгсөн өргөдлийн дагуу их сайн ажиллаж хариу өгдөг. Зарим хүнд нь сануулга өгөөд хариуцлага тооцоод явж байгаагаас тэгж бодсон. Тэгээд ч миний хувьд заавал хүний мууг үзээд эрүүгийн хэрэг үүсгүүлэх гээд байгаа юм байхгүй. Аль болох эрүү үүсгэхгүй нөхцөл байдлыг нь сайтар ойлгуулж, тайлбарлаж, дахиж алдахгүй болтол нь ухааруулж өгөөсэй гэж боддог.

-Та өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын цалин хангамжтай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Гэтэл сөргүүлээд “Энэ бүх хангамж, урамшуулал МАН эрх барьж байх үед ч байсан” гэдэг тайлбар гарна билээ. Магадгүй хэн эрх барих, хэн дарга байхаас үл хамаараад мөрдөгддөг уламжлал гэж ойлгож болмоор. Гагцхүү тэр уламжлалыг Цогоо гэдэг хүн дэлгэснээрээ зөвхөн МАН-аас АН-руу шидсэн чулуу болж харагдаад байх шиг байна. Нэг ёсны танай намын уламжлалыг авч явсан нь тэр хүмүүсийн буруу биш ч юм шиг?

-Буруу шүү дээ.

-Юу нь. Асуудал эргээд танай намынхны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болж хувираад байна шүү дээ?

-Мэдээж буруу. Бүгдийнх нь буруу.

-Энэ тохиолдолд өнгөрсөн үеийн түүхийг сэргээж, улс төр хийх эрх нь АН-д байж таараа. Тийм үү?

-Тэгж болно.

-Гэхдээ та түүнийг хөндөхгүй байх?

-Баримт нь олдвол дэлгэнэ. Хөндөхгүй, чадахгүй гэх юм алга. Их олон хүн энэ сэдвээр ярьдаг. Бүр “МАН-ынхан бүгдээрээ хулгайчид байсан” ч гэнэ. Гэтэл боддоо. Өмнөх дарга нь хулгайч байлаа гээд шинэ дарга нь адилхан хулгайч байх ёстой юмуу. Ингэж явах юм бол төр хэзээ цэвэршиж, төрийн түшээд хэзээ шударга болох юм. Нэгд, Ардчилсан нам жишээ төрийн эрхэнд гарчихаад МАН-ыхан ингэдэг байсан гээд аль мууг нь дуурайгаад явах ёстой юмуу. Хоёрт, “Танай ах нар, танай намын удирдлагууд ийм байсан” гэж дайрах юм. Уг нь би тэр мөнгийг нь аваагүй, би идэж уугаагүй байхгүй юу. Гуравт, бүгд мэдэж байгаа. МАН-ыг төсөв ерөнхийлөн захирч, алба удирдаж байсан бүх хүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шалгасан. Тэгээд юу гарсан юм. Хэдэн хүн ял авч, хэнд нь асуудал гарав. Бодит мэдээлэл тодорхой л байгаа шүү дээ. Ер нь цаашдаа бидний үеийн залуус дээд үетэйгээ муу, сайн бүхэнтэй нь барьцаад явбал яаж улс орноо  ирээдүйд авч явах болж байна. Хөгжил дэвшлийг авчирна гэж ярьж байгаа хүмүүст ийм атаархал, мөчөөрхөл байж болохгүй байх аа. Анх ардчиллынхан “Тусгай хангамжийг устгана” гэж хувьсгал хийгээ биз дээ. Гэтэл тэр тусгай хангамж нь 2016 онд байж л байх жишээний. 26 жилийн дараа устаагүй байна гэдэг чинь асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ намын асуудал биш болж байгаа байхгүй юу.

-Тэгээд хэний асуудал гэж?

-Бүхэл бүтэн үеийн асуудал. 1970, 1980 оны бид нар л энэ асуудлыг шүүмжилж, үүнийг устгаж байж гарч ирэхгүй бол өөр хэн гаргаж ирэх юм. Яаж устгах юм бэ. Нэг ёсны бүхэл бүтэн үеийн асуудал байхгүй юу. Хүмүүс нам, улс төрийн өнцгөөс хандаад байна. Ингэж болохгүй. Яг үнэндээ Ардчилсан нам, Монгол Ардын нам ямар ч хамаагүй. Цогтгэрэл болон түүний үеийнхэн гарч ирэх гээд байна, цаана чинь. Ийм байхад тусгай хангамжийг одоо үед нь устгачих хэрэгтэй байхгүй юу. Бидний үеийн залуучууд 1950, 1960 оныхны алддаг байсан алдааг давтахгүй байхыг хүсч байна. Биднийг ингэж хүсч, зорьж байхад урдаас улс төрийн барьцаа яриад байж болохгүй.

-Таны хариулт бол гоё яриа. Бодит байдал дээр өөрийн тань үеийнхэн дээд үедээ туслах, тэднээр дамжиж улс төрд орох гэж хичээн чармайж явсаар эцсийн бүлэгт намаг, шалбаагт унах нь элбэг боллоо. Эхнээсээ шоронгийн хаалга татаж, гэмт хэрэгтэн болох эхлэл нь ч тавигдлаа. Ийм нөхцөлд танай үеийнхнийг сайн сайхны, үнэн шударгын туйл гэж итгэхэд бэрх шүү дээ?

-Олон биш шүү. Тийм залуус тун цөөхөн байгаа. Хэдхэн залуу бий. Тэдний алдаан дээрээс  мэдээж бусад залуучууд сурах хэрэгтэй. Аль ч их сургуульд заахгүй амьдралын жишээ бидний өмнө гарч ирсэн. Тэдгээрээс бүгдээрээ суралцах, сэрэмжлэх хэрэгтэй. Тэгж чадвал бид нарын хэн нь ч намаг шалбаагт унахгүй ажиллаж чадна.

-Та “Цогтгэрэл болон түүний үеийнхэн төрд гарч ирнэ” гэчихлээ. Үүнтэй тань холбогдуулаад асуухад саяхан “МАН шилэн Цогоог ийм сайн ажилласных нь төлөө намын жагсаалтад харагдвал нам нь гоё харагдана” гэдэг мессеж цахим ертөнцөд нэлээн тарахсан. Өөрт тань ийм бодол бий хэрэг үү. Эсвэл үүнийг олон нийтийг дэмжлэг гэж ойлговол зохилтой юу?

-Сонгуульд нэр дэвших үү гэж үү.

-Таны хариулт сонирхолтой байна?

-Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй ээ.

-Өөрөө Шилэн Цогоо гэдгээрээ нэг төрлийн улс төрийн үзэгдэл болчихлоо. Тэр утгаараа магадгүй залуу үед өөрийг тань МАН-ын жагсаалтад оруулах нь намд тань нэмэх оноо авчрах талтай байж мэдэх юм. Энэ хувийн л бодол шүү?

-Монгол Ардын намд хүний нөөцийн бодлого гэж бий. Хэнд ямар ажил өгөх, хариуцуулах вэ гэдгээ Удирдах зөвлөл, удирдлагын төвшинд мэдэх байх. Надаас бол санал асуусан.

-Юу гэж?

-Цогоо яамаар байгаа юм бэ. Ямар санаа оноотой байна. Нэр дэвших үү, яах уу гэдэг зүйлийг ярьсан. Миний хувьд “Ямар ч санаа, оноо алга” гэдгээ хэлсэн. Мэдээж “Нэр дэвш” гэвэл хаа ч нэр дэвшинэ. “Нэр дэвшигч олон байна. Сонгуулийн дүнгээс хамаарч асуудлыг ярина” гэвэл түүнийг нь ч хүлээж авахад бэлэн. Яагаад гэхээр миний эцсийн зорилго Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт болохоос бус улс төрийн оноо олж авах биш байхгүй юу. Хувь хүнийхээ нэр хүндийг өсгөх, үүгээрээ сонгуульд өрсөлдөх явдал байгаагүй. Үүнийгээ яаж нотолж байна вэ гэхээр сонгуульд нэр дэвшихгүй гэдгээрээ нотолно. Өөрийн минь итгэл үнэмшил энэ. Мэдээж нэр дэвшихгүй гэж байгаа хүнийг дарж унаж байгаад нэр дэвшүүлнэ гэж байхгүй биз дээ.

-Гэхдээ “Нэр дэвш гэвэл дэвшинэ” гэж ойлгох болох уу?

-Зөвлөлдөнө. Яг хувийн бодол гэвэл одоогийн хувийн амжилтандаа дулдуйдаж улс төрийн оноо авах гэж хичээхгүй л гэсэн үг л дээ.

-Амжилт гэдгийг яаж тодорхойлж байгаа юм бэ?

-Энэ чинь амжилт ш дээ. Үнэхээр амжилт. Жишээ нь амжилтгүй байна, Цогоогийн шилэн данс амжилтгүй явж байна гэж хэн хэлэх юм бэ. Миний хувьд энэ бол том амжилт. Яах вэ, бусдын хувьд өчүүхэн хэрэг байж болно. Харин надад бол тийм биш. Энэ бүх гаргаж ирсэн баримт бусдын сонгох, сонгогдох боломжинд нөлөө үзүүлэхгүй гэх аргагүй. Миний нэрийг нь, баримтыг нь зарласан хүмүүс “За би ийм асуудалд орооцолдсон юм чинь нэр дэвшиж яах юм бэ дээ” гэж бодож болно. Тэд сонголт хийхийг үгүйсгэх аргагүй. Зөв зүйлийг зөв талаас нь гаргаж ирж, уриалахыг л чухалчилж байгаа болохоос бус улс төр хийх далд санаа надад байхгүй л байхгүй юу.

-Ингэхэд МИАТ-ын Төлөөлөн удирдах зөвлөлд орчихов уу. Орчихоод гарав уу?

-Ороогүй. Ороогүй хүн мэдээж гарна гэж байхгүй биз дээ.

-Мэдээллээс харахад МАН-ынхан бүгдээрээ ажилгүй болчихсон байхад өөрөө л Ардчилсан намаас ажил аваад байгаа юм шиг ойлгогдоод байгаа шүү дээ?

-Тийм зүйл байхгүй ээ. МИАТ-ын Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүн шалгаруулж авна гэсэн зарлал байсан. Түүн дээр нь л саналаа өгсөн төдийхөн. Тэрийг Зам, тээврийн сайд М.Зоригт “Зөв. Ер нь төрд хянадаг шалгадаг, санхүүгийн сахилга бат нэхдэг хүн байх хэрэгтэй” гэж л хандсан. Гэхдээ ажилд ороогүй. Ер нь Монгол Улсын аль ч салбарт санхүүгийн сахилга бат, хуулийн сахилга бат гэдэг хоёр зүйл заавал дагалдах ёстой байхгүй юу. Үе, үеийн сэтгүүлч нар үүнийг бичиж л ирсэн. Ганц би өнөөдөр ч яриад байгаа юм биш. “Эрдэнэт” үйлдвэр дээр гэхэд энэ зүйл алга гэдэг нь тодорхой болчихлоо. Тийм болохоор би аль ч салбарт иргэний хяналт байх ёстой гэж боддог.

-Гэхдээ МАН эрх баригч болсон тохиолдолд Шилэн Цогоо гэдэг энэ тодотголдоо та багтаж ажиллах уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Яагаад гэхээр би өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэл мэдээллийн зөвлөхийн ажил хийдэг.

-Энэ үүрэгтээ багтааж дээрх ажлыг хийж байгаа гэсэн үг үү?

-Болно. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа биш гэртээ хүүхдээ хараад ажилгүй сууж болно. Эсвэл аль нэг газар өөр ажил эрхлэхийг ч үгүйсгэх аргагүй. Ер нь хүний амьдрал таашгүй биз дээ. Муугаар бодоход магадгүй үхэж ч мэднэ. Иймд ирээдүйд юу болохыг би хэлж мэдэхгүй байна. Дээр нь, Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлиг болон Шилэн дансны тухай хуульд “Иргэн Цогтгэрэл” гэж үг байхгүй. Отгонжаргал ч шалгаад явж болно. Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтынхаа үеэр “Нэг иргэнээс ийм их зориг гарч байхад бүгдээрээ яагаад хэрэгжүүлэхийг хичээхгүй байна вэ. Энэ хууль одоо л амь орж байна. Бүгдээрээ амьдруулахын төлөө ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр зүгээр л хэрэгжүүл л дээ. Заавал надаар яах гээд байгаа юм бэ. Би үхчихвэл энэ хууль тэгээд мартагдах юмуу. Тэгж болохгүй шүү дээ.

-Цахим ертөнцөд “Ерөнхийлөгчийг шүүмилж байсан Цогоо Ерөнхийлөгчийн талд орчихож” гэсэн шүүмжлэл өрнөж байгаа харагдсан. Уулзалттай холбоотой?

-За яахав дээ. Шүүмжилж болдоггүй хүн биш. Нэг удаа шүүмжлээл биз. Дараа нь уулзаад, гар бариал биз. “Салхи ордоггүй жалга” гэж байдаггүй гэдэг шиг шүүмжлэл сонсдоггүй хүн гэж хаа байсан юм. Албан тушаалын ялгаа, насны заагтай л болохоос бус адилхан л эр хүн. Бүх насаараа хатуу үг хэлэлцэнэ гэж байхгүй. Хаяадаа сайн сайхан үг хэлмээр л байдаг биз дээ.

-Тухайлбал хэнд сайхан үг хэлмээр санагдаж байна?

-МИАТ-ийнхэнд их баярладаг.

-Юунд нь?

-Шилэн дансыг их сайн хөтөлдөг. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байна. Гурван мянган төгрөгөөр принтерийн хор авсан ч гэсэн түүнийгээ бичдэг. Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар байна. Монгол Улсын төлөө тангараг өргөсөн гэдгээрээ хуулийн хэрэгжилтэд их сайн эзэн болж ажилладаг. Би дандаа “Сайн байна” гэж магтдаг. Би мууг нь муу, сайныг нь сайн гээд шулуун л хэлдэг.

-Сэдвээсээ хазайгаад нэг зүйл тодруулж асуухад та бол цахим сүлжээг хамгийн сайн ашигладаг хүмүүсийн нэг. Энэ утгаараа сонгуулиар цахим сүлжээг ашиглах боломж бололцоо байгаа, байхгүй гэдэг дээр хоёр хуваагдаад байгаа олны бодолд ямар хариулт өгөх вэ?

-Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгсөн. “Олон нийтийн цахим сүлжээг хуулиар хязгаарлахгүй” гэж байгаа. Хязгаарлахгүй гэдэг маань цахим ертөнцөд нэр дэвшигчийн тухай сурталчилгаа сонгуулийн өдөр ч явж болно гэсэн үг. Яг энэ заалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар баталж байхад УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүн эргэж хараад надад “Цогтгэрэл ээ, бид нар, Төрийн байгуулалтйн байнгын хороо, Ардчилсан нам, Монгол Ардын нам бүгдээрээ нийлээд Сонгуулийн тухай хуулин дээр Монголын twitter, facebook-чдийг хааж боохгүй байх заалтаа үүгээр оруулчихлаа шүү” гэж хэлж байсан. Тэгэхээр энд хаах, боох тухай яриа бүгд цуурхал гэсэн үг.

-Дараагийн дэлгэх баримт юу байна?

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэд хэдэн зүйл бий. Тэр бүгдийг дэлгэнэ. Дээр нь Монголбанктай холбоотой асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр нэлээн нухацтай мэдээллэнэ. Хөгжлийн банкны асуудал байна. Ахиж босгож ирнэ. Иймэрхүү Монголын ард түмний нуруун дээр ачаа болгон буулгаж байгаа өртэй холбоотой зүйлийг орхиж болохгүй. Энд гэхдээ нэг зүйлийг тодруулахад миний онилоод байгаа байгууллагын удирдлагууд хариуцлагатай ажиллаж чадвал тавьсан өрөө төлж чадна. Харин хүрз барьсан хужаа шиг бодлогогүй ажиллаад байвал нэг ч ам.долларын өрийг төлж чадахгүй.  Гол нь одоогийн дарга нарын эдэлж байгаа тусгай хангамж 44 жил төр барьсан Ю.Цэдэнбал агсны эдэлж байсан хангамжаас олон зуу дахин нэмэгдчихсэн байна. Дөрвөн сар дарга хийсэн хүний хангамж Ю.Цэдэнбалын насаараа Монголын төрийг удирдахдаа авсан хангамжаас давж гарчихаад байна. Энэ чинь асуудал биз дээ. Жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэрийн зөвхөн ганцхан орлогч захирал нь гэхэд 930 сая төгрөгөөр “Будда виста”-д төрийн мөнгөөр байр авахуулж байх жишээний. Ийм юм гэж хаа байсан юм бэ. Тэгэхэд 70 сая төгрөгийн үнэтэй байр авах гэж Монголын залуус 25 жилийн өрөнд унаж байна. Урьдчилгаа 21 сая төгрөгийг нь олох гэж хулгай хийж, хүн алахаас наахнуур юм болж байна. Харьцуулаад бодоорой. Ерөөсөө тэр баримтуудыг харахад ухаан алдмаар байгаа юм чинь.

-Магадгүй хэн хангамж авсан бэ гэдэгт асуудал нь байгаа байх. Тийм үү?

-Хэрвээ “Эрдэнэт” үйлдвэрийн жолооч ийм хангамж авсан бол би юм хэлэхгүй. Тэгэхэд ажилчид нь орон сууцны дэмжлэг буюу гэр авах гэж бөөн юм болдог юм билээ. Тэр нь найман сая төгрөг. Яг энэ асуудлаар Эрдэнэтийн хүмүүс надтай маш их холбогдож байна. Тэдний амьдралын асуудал аймар байгаа байхгүй юу. Тэгэхэд захирлууд нь 930 сая төгрөгөөр Улаанбаатарт байр авч байх жишээний. Энэ мөнгөөр хэдэн ажилчнаа орох оронтой болгож болох вэ. Бодоод үзээрэй.

-Магадгүй МАН УИХ-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Дарга нарын тусгай хангамжийг хуулиар хориглоно” гээд заачихвал олны дэмжлэг авч мэдэх юм. Та саналаа хэлсэн үү?

-Ерөөсөө тэр л байхгүй юу. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын дарга нарын тусгай хангамжийг л болиулчих хэрэгтэй. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд гэж нөхөр үр дүнгийн гэрээгээр эхнэртэйгээ хамт Японд долоо хоног ялсан мэдээлэл гарсан. Юу вэ, хэдэн он бэ. Бид нар хэдэн онд амьдраад байгаа юм бэ. Тэгэхэд БНМАУ-ын төрийн тэргүүн агсан Ж.Батмөнх гуайн гэргий А.Даариймаа гуай “Зардал нь улсаас гардаг юм гээд гадагшаа явахдаа намайг дагуулж явж байгаагүй” гэж ярьсан байна лээ. Тэр хүний сэтгэхүйг одоогийн дарга нараас хайгаад олохгүй. Иймд энэ асуудлыг шийдэх цаг болсон л гэж бодож байгаа. Яагаад дарга гэхээр хангамжинд, цэрэг гэхээр зовлон дунд амьдрах ёстой юм. Ийм байж болохгүй.

-Зарим хүмүүсийн үзлээр бол наад зүйрлэл тань бараг хувь тавилан болж таарна байх шүү?

-Юу гэж дээ. Ийм хачин хувь тавилан гэж хаа байсан юм. Үнэхээр яах аргагүй хувь тавилан юм бол өөрчлөх гэж үзнэ дээ.

-За даа, “Бурхан зурсан юм” л гэнэ байх даа. Харамсалтай хэрэг?

-Тийм юм байхгүй. Өөрчилнө. Би ийм зүйлтэй яагаад ч эвлэрч чадахгүй. Намайг МАН-д байгаа цагт, Шилэн дансны тухай хууль хэрэгжиж байгаа нөхцөлд яагаад ч ийм юм байж болохгүй. Би тэгж л боддог. Магадгүй МАН эрх бариад эхлэх юм бол Ардчилсан намынхан харин энэ хуулийн хэрэгжилтийг надаас илүү хянаж, цагдаж ажиллах байх шүү.

-Итгэлтэй байна уу?

-Бүрэн дүүрэн.

-Гэхдээ өөрийг тань АН-ыг муухай харагдуулах үүргийг тун сайн гүйцэтгэж байна гэдэгт тэд ч мөн бүрэн дүүрэн итгэлтэй байгаа байх шүү?

-Үгүй тэгээд сайхан харагдаач дээ. Хэн байг гэсэн юм бэ. Сайн ажилласныг нь магтаж л байгаа.

-Зам, тээврийн сайд М.Зоригтыг уу?

-Тэр хүн шилэн дансаа их сайн хөтөлдөг. Би тэгж ажиллаж байгаа хүнийг зориуд муухай харагдуулах үйлдэл хийхгүй. Сайн ажиллаж байна л гэж хэлнэ. М.Зоригт сайдын хариуцан ажиллаж байгаа байгууллагуудаас Улаанбаатар төмөр замаас бусад нь шилэн дансыг маш сайн хөтөлдөг байхгүй юу. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа байна. Би энэ хүмүүсийг харин ч магтана. Тэд сайн ажиллаж байгаа. Ийм хүмүүсийг ч харин нам харгалзахгүй магтана шүү.

"Улс төрийн тойм" сонин. Г.Отгонжаргал

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

зочин      ip : 202.21.100.162 2016-04-09 12:51:43
зөв л залуу байна.

ТОМ      ip : 103.10.22.47 2016-03-29 12:18:16
Дарваан хар бол худлаа гар шдээ бүгд мэднэ. Зүгээр л нэг бууны нохой өөр юу ч биш





(0/800)