МАН-ын дарга М.Энхболд намаа МАХН-тай эвсэж УИХ-ын сонгуульд оруулахын тулд өнгөрсөн гурван сарын хугацаанд чамгүй их ажлыг амжуулсан. Хувь улстөрчийнхөө хувьд энэ бүх үйлдэл нь ялагдал байсан ч тэрбээр МАН-ын ялалтын төлөө тэвчээр, нэр хүнд гээд хамаг бүхнээ дэнчин тавьсан гэвэл худлаа болохгүй. Гэсэн ч түүний эл бүх ялагдал, тэвчээр эцсийн бүлэгтээ доог тохуу болон өнгөрсөн нь харамсалтай хэрэг. Хэдийгээр нэрэн дээрээ МАХН буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тохиролцооноосоо буцсан мэт харагдуулж буй ч ачир дээрээ МАН-ын хуучин бурхиуд тээнгэ болсон нь хэн бүхэнд илэрхий.
Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар Н.Энхбаяртай эвсэнэ гэдгийг яасан ч зөвшөөрөхгүй. Дээр нь, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн тэргүүлдэг залуусын фракц бүхлээрээ Н.Энхбаярын эсрэг ажиллах нь тодорхой. Иймд үед эвсэх боломж хаагдасны гэм бурууг ганцхан Н.Энхбаярт өгөхөд хэцүү юм.
Ийм л учраас М.Энхболд хувь улстөрчийнхөө хувьд ялагдал хүлээсэн болж таарна. Өмнө нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг МАН-ын даргаар тавих үед түүнийг хэн хэнээс илүү Н.Энхбаяртай ойлголцож чадна гэдэг шалгуурыг гол үзүүлэлт болгон тавьсан тухай яриа байдаг. Мөн гуравдугаар сарын 1-нийг буюу Эх орончдын баярын өдрийг МАХН-тай хамтарч тэмдэглэсэн үйл явдал нь ч хоёр намын энгийн гишүүдийг баярлуулсан. Гэсэн ч эл үйл ажиллагаа ердөө эхлэлийн цэг дээрээ дахин сарнилаа. Магадгүй ингэснээр МАН ирээдүйд учирч болох эрсдлийг таслан зогсоосон байж болох. Гэсэн ч УИХ-ын сонгуульд 51 буюу нэмэх нь гэсэн ялалтын санал нь хуваагдсан байхыг үгүйсгэх аргагүй. Н.Энхбаярыг дэмжигсэд хөдөө нутагт үй олноороо бий гэдгийг тооцоол үзвэл шүү дээ. Ямартай ч бодит нөхцөл байдалд М.Энхболд гэдэг хүн намын даргын нэр нөлөөллөөс унаж, ойчсон нь харамсалтай хэрэг байлаа.
Сэтгэгдлүүд :