Р.Чингисийг чөлөөлөх шалтгааныг Ерөнхийлөгчөөс хайх уу

2016-04-20 16:35:10

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албанаас нь чөлөөлөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гаргасан байна. Энэ мэдээлэл цахим ертөнцийнхнийг олон таамаг дэвшүүлэхэд хүргэж буй ч тэд нэг зүйлийг бодолцсон нь үгүй. Тэр нь Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингист хариуцлага тооцох шаардлага нь хожуудав уу гэдэгт.

Учир нь түүнийг ажлаа авснаас хойш Эрүүгийн цагдаагийн газрын 19 албан хаагч Налайх дүүрэгт амарч яваад нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой мэдээлэл гарсан. Гэтэл энэ үйл явдалд Р.Чингис дарга хариуцлага хүлээсэн нь үгүй. Хэдийгээр тэрбээр эл үйл явдлыг хажуунаас нь харж, хамтран оролцоогүй ч гэсэн бүхэл бүтэн Цагдаагийн ерөнхий газрын даргын алба хашиж буй хүний хувьд уучлал гуйж албан тушаалаа хүлээлгэн өгөх ёс суртахуунтай байж болох байсан. Харамсалтай нь тэрбээр тэгээгүй.

Иймд түүнийг албанаас нь чөлөөлөх хүсэлт оройтсон уу гэхээс эртдсэн гэж хэлж боломгүй. Гэсэн ч олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын захиалгаар Р.Чингисийг албанаас нь чөлөөллөө гэдэг дүгнэлт олон гарч байгаа харагдсан. Түүний өмгөөлөгч Р.Чингисийг “М-Си-Эс” группын төлөөлөл хэмээн мэдэгдэж, тэдний захиалгаар Х.Баттулгын эсрэг ажиллаа гэдэг мэдээлэл өгч байсан. Магадгүй энэ яриан дээр тулгуурлавал Х.Баттулга захиалсан мэт харагдаж болох. Дээр нь, “Баянгол” зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” гэх хоёр компанийг нь шалгах гэж тусгай албаныхныг аваачсныг нь нэмэх хэрэгтэй.

Гэхдээ энд нэг эргэлзээ бий гэдгийг сануулахад буруу зүйл үгүй биз. Тэр нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талыг яг таг баримтлагч. Хэдийгээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Засгийн газар дахь МоАХ-ын квотоор сайд болсон дөрвөн сайдаа татна” гэж мэдэгдсэн ч Д.Дорлигжавт Х.Баттулгатай наалдаад байх найрсаг харилцаа бас их ховор. Өөрөөр хэлбэл тэрбээр Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Хууль зүйн сайд болсноос бус Х.Баттулгад төлбөр төлөх гэж сайд болоогүй нь ойлгомжтой. Иймд Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг албанаас нь чөлөөлөх болсон шалтгааныг Х.Баттулгаас гэхээс илүүтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хайвал үнэнд ойртож мэдэх л юм.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС

      Нэг. Анкет

     Овог нэр:Рэнцэндоржийн Чингис

     Мэргэжил: Хуульч, эрх зүйч

     Боловсрол: Дээд

     Гадаад хэл: Англи, орос

 

Хоёр:  Боловсрол эзэмшсэн байдал:

1985-1989 онд Зөвлөлт Холбоот Улс /хуучин нэрээр/-ын Дотоод явдлын яамны Академид хуульч эрх зүйч мэргэжил  

2002-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд Хууль зүйн магистр

2007 онд АНУ-ын Хавайд Ази номхон далайн аюулгүй байдлын сургалтын төвд терроризмтэй тэмцэх мөнгө угаах чиглэлээр

2009 онд Канадын Оттава хотод Канадын цагдаагийн коллежид санхүүгийн мөрдөн шалгах дамжаанд

2010 онд Японы Оюуны өмчийн газарт Оюуны өмчийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр БНСУ-д мөнгө, угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр

2011 Австралийн Сидней хотод Ази Номхон далайн  бүсийн  Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр

2011 оноос Хууль сахиулахын Их сургуульд докторант

2015 онд АНУ-ын Хавай мужид Ази Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвөөс зохион байгуулсан үндэстэн дамнасан аюулгүй байдлын хамтын ажиллагаа сэдэвт сургалтанд хамрагдсан.

Гурав. Ажлын туршлага

1984-1985 УЦСЕГ-ын 0230 дугаар ангид байлдагч /цэргийн алба хаагч/

1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын Гүйцэтгэх албаны хэлтэст төлөөлөгч

1990-1992 УЦСЕГ-ын Өмчийн хэлтэст төлөөлөгч

1992-1998 онд ЦЕГ-ын Эдийн засгийн хэлтэст ахлах төлөөлөгч

1998-2001 ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч

2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газрын Авлигал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Авлигатай тэмцэх тасгийн дарга

2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга

2012-2012.09 сар хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга

2012.09.07-10.15 Дотоод хэргийн их сургуулийн захирал

2012.10.15-2014.11 Хууль сахиулахын их сургуулийн захирал

2014 оны 11 дүгээр сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар

-Олон улсын хэмжээний мастер цолтой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)