Одоогийн УИХ Үндсэн хуулиас гадуур байгуулагдсан болж таарлаа

2016-04-25 08:43:16

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Жагсаалтаар УИХ-д сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна” хэмээн үзэв. Үүндээ Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийг хамаатуулсан бөгөөд уг зүйлийн 2 болон гуравт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд, нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн байдаг.

Гэтэл өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулиар та бид хүнийг бус намыг сонгосон нь үнэн. Иймд Үндсэн хуулийн Цэц эл асуудлыг бараг дөрвөн жилийн дараа хэлэлцэж, одоогийн УИХ-ыг хууль бус парламент мэтээр харагдуулж буй нь бас л сонин. Магадгүй үүнийг нь Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанааг албанаас нь буулгасан УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй бодсон тооцоо мэтээр тайлбарлах нь ч бий. Тэр дундаа намын жагсаалтаар УИХ-д суух боломжийг хаах нь Ардчилсан намд хохиролтой. Тус нам сонгуулийн холимог тогтолцооны хүчинд УИХ-д суудалтай болсон. Ирэх сонгуульд ч мөн жижиг намуудыг үндсэнд нь шахах бодлого баримтласандаа холимог тогтолцоог дахин хуульчилсан.

Иймд Үндсэн хуулийн Цэцийн гишүүд гэнэт дөрвөн жилийн дараа Үндсэн хууль сахих ёстойгоо ойлгов уу, эсвэл даргынхаа эрх ашгийг эцсийн удаа ч болов тунхаглахыг хүссэн нь энэ үү гэдэг ойлгомжгүй асуултыг нийгэмд үүсгэчихлээ. Гол нь энэ дунд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-аас баталсан хууль тогтоомж хүчингүй болж, төрийн эрх барих дээд байгууллага нь өөрөө хууль бус оршин тогтнож байж болдог юм байна гэдэг ойлголтыг иргэдэд төрүүлсэн нь тун чиг харамсалтай хэрэг биз ээ. Дээр нь энэ маргаанаас үүдэн УИХ-ын сонгууль ч хойшлох магадлал өндөр гэдгийг хэлэх хэрэгтэй юм.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)