Хар машинтай хувьцааны "дээрэм" арчаагүй төрийг ичээв

2016-04-27 07:35:17

Төр иргэнээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаагаар хуурч, төдийгөөс өдий хүртэл хүлээлтээс өөр үр дүнгүй хүлээлгэ байх зуур хувьцаагаа үнэ хүргэ зарах боломжтой тухай мэдээлэл иргэдийн чихийг баясгав. Энэ тухай үнэнийг хайж, хувьцаагаа зарахыг хүссэн иргэд “Урт цагаан”-ы гудамжнаа хонон өнжин зогсож, хэзээ худалдан авагч ирэх вэ гэсэн хүлээлэлтэд хариулт хайн шөнийн бор хногийг ч ээлжийн манаач шиг өнгөрөөж байна. Тэдний ярианаас үзэх нь ээ, нэг ширхэг нь 933 төгрөгөөр үнэлэгдэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг хядадууд 800 мянгаас сая төгрөгөөр худалдан авч эхэлсэн гэнэ. Гэхдээ шөнө дөлөөр тас хар машинд суулган олны хөлөөс зайдуу авч явж наймаа арилжаагаа хийдэг бололтой юм. Сонин л хэрэг. Уг нь хувьцааны арилжаа ил цагаан олны нүдэн дээр явагддаг хамгийн ардчилсан бизнес байтал тэр бүхнийг нуун далдалж хийнэ гэдэг. Тэр дундаа хар машинтай шүү.

Саяхан буюу 2008 оны долоодугаар сарын 1-ний шөнө л төр иргэдээ хар машинаар хөөж буудсан хэрэг бичигдсэн. Энэ хэргийн улмаас таван сайхан залуу амь насаа алдаж, өнөөдрийг хүртэл албан ёсоор буруутан нь тогтоогдоогүй. Хэдийгээр Цагдаагийн ерөнхий газрын нэр бүхий албан хаагчид ял авсан ч тэдний ард хэн ямар даалгавар өгсөн, хэн буудсан, үнэхээр цагдаа байсан уу үгүй юу, хэн бүхний хэлээд байгаа атлаа эзэн нь олдоогүй хар машин нь хэнийх юм, хэн сууж явсан юм гэдэг олон асуултын хариу олон нийтэд ил болоогүй л байгаа.

Гэтэл одоо дахиад л учир нь үл мэдэгдэх хар машины тухай яриа газар авав. Тэр машинд хятадууд суучихаад төрөөс ч тарааж хүчрэхээ байсан 1072 хувьцааг цуглуулаад байна гэдэг бас их сонин хэрэг. Энэ мөнгөний төлөө иргэд хонон өнжин  харуулдаж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, эмчилгээний зардлаа, ойр зуурын хэрэглээний мөнгөө олно гэж найдах нь бүр ч бэрх. Гагцхүү ийнхүү төрийн өгч чадаагүй хувьцааны амлалтыг хятадууд хар машинтай гүйцэлдүүлж, хувьцааг нь “дээрэмдэх” ажиллагаа хийсэн нь үнэн бол тэд гэхээс илүүтэй дахиад л төр засаг буруутай нь тодорхой юм. Тэд энэ хувьцааны амлалтаар хэдэн ч удаа иргэдээ хуурав даа.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)