Залуус “Guys”-аас найзын сэтгэл нэхэх эрхтэй

2016-05-30 14:32:54

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхины хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа мэдээлэл өнгөрсөн долоо хоногт тарсан. Тэрбээр энэ талаараа “Би холбоогүй” хэмээн цахим хуудсаар дамжуулан мэдээллэсэн.

Харин шинэ долоо хоногт эхлэхтэй зэрэгцэн “Guys” хамтлагийн үлдсэн гурван мэдээлэл хийв.

Тэд шинэ уран бүтээл болох “Good luck” дууныхаа клипийг ирэх сарын 3-нд олны хүртээл болгохоо зарлаж, цаашид уран бүтээлээ эрчимжүүлэхээ амлаж. Гэсэн ч залуусын хувьд энэ удаад тэдний шинэ уран бүтээл гэхээс илүүтэй Х.Бат-Ундралын тухай үнэн бодит мэдээллийг олж авах нь ач холбогдолтой байсан байж болох. Энэ хүсэлтэд тэд “Сарын өмнө хамтлагаасаа гарсан. Хар тамхины хэрэгт холбоотой гэж бодохгүй байна. Бид хамлагаасаа гарсан хүний талаар ярихгүй” гэдэг тайлбар хийчихээд хэвлэлийн бага хурлаас хаачихав.

Тэр ч битгий хэл дөрвүүлээ авахуулсан байсан зурагт хуудсаа гурвуулаа болоод шинээр хэвлүүлчихэж. Саяхан л “Үхэн үхтлээ хамт гэж мэдээрэй” хэмээн бие даасан тоглолтоо хийж, үе тэнгийнхнийхээ зүрх сэтгэлийг хөөргөж байсан тэдний хувьд ийн богино хугацаанд байр сууриа өөрчилсөн нь гайхам сонин.

Гол нь нэг гишүүн нь хар тамхины хэрэгт холбоотой эсэх нь шийдэгдээгүй байхад шүү дээ. Иймд тэдний энэ шийдвэр олны дунд гайхшрал, эргэлзээ төрүүлэв. Нөхөрлөлийн үнэ цэнийг тэднээр үлгэрлэж, уран бүтээлийг нь шимтэн сонсдог залуусын хувьд энэ нь буруу биш.

Ядаж тэд ийм үед гурвуулаа болсон зурагт хуудсаа тарааж, шинэ уран бүтээлийн тухай мэдээлэл тараахаас илүүтэй түр азнаж болох л байсан. Салхинд туугдсан мэт яаран сандран Х.Бат-Ундралаас өөрсдийгөө холдуулах гэж хичээснээрээ залуу үед ямар үлгэр дууриал үзүүлснээ бодож үзмээр. Учир нь, тэд хүссэн ч эс хүссэн ч залуу үеийнхний үлгэр дууриал, хүндэлж, биширдэг хамтлаг. Энэ утгаараа залуус “Guys”-аас найзын сэтгэл нэхэх эрхтэй гэсэн үг.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)