Азийн улстөрч хүүхнүүд хийгээд Монголын даашинзтай улс төр

2016-06-02 08:15:45

-Улс төрд эмэгтэйчүүд хэрэгтэй юу?

-Хэрэгтэй?

-Яагаад?

-Хатуу ширүүн эрчүүдийн зөөллөнө...

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог ийм л нэг хялбархан тайлбарлахад суралцсан олон хүүхнүүд одоогийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Тэдний дунд ялалтын тугаа өргөсөн нь олон ч ялалт, ялагдлын үнэ цэн дээр шархалж үзсэн нь тун чиг цөөхөн. Өнөөдөр дэлхийн улс төрийг ажиглах нь ээ, эмэгтэйчүүдийн оролцоо хүйсний зөөлөн нинжин чанараас хальж одсон нь харагдана. Зөвхөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ байна. Түүний улс төрийн замнал аавынх нь Ерөнхийлөгч байх үеийн жаргал, зовлон, хатуу ширүүн тэмцлээс эхтэй. Тэр хэрээр түүний улс төрд орж ирсэн зорилго нь нинжин сэтгэлийн цагаан туг өргөхөөс илүүтэй хүчирхэг Өмнөд Солонгосыг дэлхийд улам бүр мандуулах байсан. Зорилгыг нь ч Өмнөд Солонгосчууд дэмжсэн. Тэрбээр Ерөнхийлөгч болсон даруйдаа “Хойд Солонгосын эсрэг аюулгүй байдлаа чангатгана” гэж мэдэгдсэн. Энэ нь түүний хувьд хүчирхэг улстөрч гэдгийг нь баталсан.

Мьянмарын төдийгүй дэлхийн эрх чөлөө, ардчиллын бэлгэ тэмдэг, Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн түүх байна. Бүхэл бүтэн 1988-2010 оныг хүртэл гэртээ хоригдохдоо тэрбээр зөвхөн ард түмэндээ ардчиллыг авчрахын тулд гэдэг ганцхан зорилго тавьсан. Хэзээ ч юм зөвхөн төрөлх эх орноо орхин явахад л асуудал шийдэгдэх ч байсан ч тэрбээр Мьянмарчуудыг ардчилалтай гар барилцуулах эцсийн зорилгодоо эзэн болж, гэрийн хорионд амьдралынхаа хамаг сайхан мөчүүдийг өнгөрүүлсэн. Галзуурмаар он жилүүд. Гэсэн ч энэ нь түүний хувьд цөхрөл гэхээс илүүтэй үзэл санаа, үнэт зүйлдээ үнэнч байсан гайхам сайхан он жилүүд байсан байж таараа. Энэ хугацаандаа туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл, амь насанд нь халдахыг санаарахсан оролдлого бүрийн талаар тоочин өгүүлбэл бараг л роман бичсний дайнд дүйцнэ.

Тайванийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Цай Ингвен байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа Хятадын эрх баригчдыг хэлэлцээрийн ширээнээ урьж, харилцан найрсгаар ярилцахыг уриалсан. Залуусын олонх нь Хятадаас хараат бус тусгаар улс болох саналыг хүчтэй илэрхийлж буй энэ үед тус улсыг найрсаг хэлэлцээрт урина гэдэг бол Цай Ингвений хувьд том зориг. Өдөөн хатгалга хийсэн тохиолдолд цэргийн хүч ашиглахаа мэдэгдээд байгаа Хятадын хувьд шинэ Ерөнхийлөгчийн “Харилцан нэг нэгнээ хүндэтгэх” гэдэг үг нь асуудлыг зөөлрүүлэх нөхцөл болсон байхыг үгүйсгэх аргагүй.

Энэ бүх жишээг тоочин өгүүлэхийн тухайд та бид эмэгтэй улстөр гэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Английн Ерөнхий сайд асан Маргарет Тетчар тэргүүтэй Европ, Америкийн тун цөөхөн улстөрчдин нэрлэдэг байсан. Үлгэр жишээ авдаг нь ч тэд байсан биз. Харин сүүлийн үед эмэгтэйчүүддээ төрийн эрхээ атгуулах нь битгий хэл гал тогооноосоо ч холдуулах сонирхолгүй Ази эрчүүдийн сонголт хүйсийн тэгш сонголт руу урвачихлаа. Тэд ч, бүсгүйчүүд ч хамтдаа эмэгтэй улстөрчийг сонгож, төрийн жолоогоо атгуулж байна. Манайд ч яг энэ жишгээр одоогийн УИХ-д 11 бүсгүй төрийн жолоог атгалцаж суугаа. Тэдэнд мэдээж алдаа, оноо аль аль нь бий. Олзуурхууштай нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийгмийн асуудлыг их сайн анхаарч чадсан. Хамгийн сүүлд УИХ-аар батлуулсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байна. Эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалтууд, нийгмийн даатгалын салбарын хууль эрх зүйн шинэ боломж бололцоо гээд 11 бүсгүйн ард нь гарч чадсан олон сайн хуулийг нэрлэхэд л тэдний оролцоо хэр их байсныг гэрчилж болно.

Харин тэд нэг зүйл дээр алдаж байгаа нь гарч ирэх үйл явц. Цаашлаад өөрөө, өөрсдийнхөө оршихуйг үгүйсгэж буй тэр хандлага нь өөрөө даашинзтай улс төр гэдэг өрөвдөлтэй дүгнэлт рүү хүргээд байна. Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн нэр дэвших үеийн уур амьсгал, ялалт, ялагдлын эхний тэмдэглэл ч үүнтэй холбоотой. Жишээ нь, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг нар байна. Тэд дүүргийнхээ Ардчилсан намаас гарч ирж чадаагүй. Энэ бол туршлагатай улстөрчдийн хувьд гунигт ялагдал. Тэнд өөрсдийнх нь эсрэг хэр том улс төр өрнөсөн, хэн тэднийг унагасан гэдэг нь хамаагүй. Тэр дундаа УИХ-ын гишүүн М.Батчимэгийн нэрээ татсан нь бүр ч хамаагүй. Харин үүнийхээ дараа Үндэсний зөвлөлдөх хорооноос хүчээр нэр дэвших эрх авна гэдэг бол өөрөө даашинзтай улс төрийн давуу тал болчихоод байгаа юм. Нэг ёсны тэд хүйсийн ялагдал хүлээсэн гэсэн үг.

УИХ-д МАН-аас нэр дэвшигч П.Анужин байна. Түүний нэр дэвших эрх авахын тулд хийж буй зоримог ч юм шиг, тэнэг ч юм шиг, увайгүй ч юм шиг тэр бүх үйлдэл нь өөрийг нь төдийгүй намыг нь муухай харагдууллаа. Яг ийм хөгийн үйлдлийнх нь дараа түүнд УИХ-д нэр дэвших эрх өгнө гэдэг бол намынх нь хувьд гайхмаар сонголт. Гэхдээ албан ёсоор 16 нэр дэвшигч нэр дэвшүүлээгүй тохиолдолд МАН Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж чадахгүй учраас өөр арга үлдээгүй байж болно. Нэг ёсны түүний шантааж хуулиар баталгаажсан гэсэн үг.

Энэхүү хуулиар баталгаажсан шантааж гэдэгт олон эмэгтэйчүүд хамрагдана. Нэрсийг нь бичвэл Сонгуулийн тухай хууль зөрчих магадлалтай тул түр азная. Гол нь эрчүүдийн нөмөрт багтсан даашинзтай улс төр Монголыг Азийн улс төрд бий болж буй шулуун шугамаас өөр дэг жаягтай болгочихлоо. М.Энхболдын, Сү.Батболдын, З.Энхболдын, Х.Баттулгын, Н.Алтанхуягийн хүүхнүүд... Нүүрээ нууц, зүсээ гоодсон тийм эрчүүдийн цуваа... Жинхэнэ бүсгүйчүүд хаа байна... ГДE.

Эцэст нь онцлоход: Тэд ард түмнийг бус, ядаж бүх эмэгтэйчүүдийг бус зөвхөн өөрийн түлхэх хүч, татах татаас болсон омог бүлгийн тэргүүн гэлтэй ганц эрийг төлөөлж байгаа болохоор Монголын улс төрд эмэгтэйчүүд хүчирхэгжиж чадахгүй байна. Харамсалтай нь, тэд цаашид ч ийм байх нь бараг л тодорхой биз ээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

TENEG MONGOL EMEGTEICHUUD      ip : 202.70.46.225 2016-06-02 11:29:36
Mongol emegteichuud deed bolowsoroltoi undur tsalin,mash ih mungutei bayan emegtei olon bdg.murtuu niigemiin emzeg bulegiin bolowsorolgui mungugui eregtei humuusdee anhaaral halamj tawidaggui amin huwiaa hicheesen shunaltai muuhai Mongol eymegteiteichud denduu olon boljee.30,40 garsan ehnergui Mongol eregteichuud niigemd mash olon bna

unen      ip : 202.70.46.210 2016-06-02 11:19:59
Yag unen helj hoo





(0/800)