З.Энхболд: “Хамтраад л явцгаая” гэж ярьсан. Тэднийд нүүрс байхгүй. Манай байна

2016-06-04 11:01:36

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 1-3-ны хооронд Япон улсад айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын багт Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид болон Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга тэргүүтэй албаны хүмүүс багтсан бөгөөд тэд Монголд буусан даруйдаа Чингис хаан олон улсын нисэх буудалд даруйдаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгсөн юм

-Үндэсний үйлдвэрлэгчид энэ сарын 7-ноос Япон руу бараа бүтээгдэхүүнээ татваргүй экспортлох боломж бүрдлээ гэж онцолж байна. Энэ ажлын бэлтгэл хангалттай хэмжээнд хангагдсан уу?

- Нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна шүү дээ. Бизнесменүүд ирж байна. зургаадугаар сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхлэх хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд зургаадугаар сарын 07-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, зургаадугаар сарын 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна.

-Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд яг тодорхой төслүүд дээр хэрхэн хамтрах талаарх мэдээллээ дэлгэрүүлбэл?

-Бид айлчлалын хүрээнд шинэ технологийн цахилгаан дулааны станц, нүүрсийг шууд шатаахгүйгээр технологийн шийдлээр ажиллаж байгаа газар юм байна. Ийм станц зөвхөн Японд л байна. Үүний судалгааг хийх зорилгоор Монгол улсад судалгааны төв байгуулах гэж байна. Энэ бол харьцангуй жижиг ажил юм. Монголд үйлдвэрлэсэн нарны зайгаар Нарны цахилгаан станц барьчихсан Баянхонгорын залуу түүнийг нь хариуцан ажиллуулж байна. Тэгэхээр дадлагажигч  ажилтан бэлтгэх ажил нь өнөөдөр эхлэх гээгүйг энэ бүхэн харуулж байгаа юм. Арваад жил үргэлжилж байна. Тэр хүмүүс анлан япон очиж юм сураад эх орондоо ирж, нарны зай үйлдвэрлэсэн. Түүнийгээ Япон руу эргээд экспортолсон байх жишээтэй. Энэ мэтээр түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдчихсэн, төрийн зүгээс зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа юм. Түншлэлийн хэлэлцээрийн гол үр дүн нь бид  их дээд сургууль төгсөөгүй, технологийн хувьд  мэргэшсэн ажиллах хүчинтэй болно.

Бид одоо тоёототой өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй байгаа. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаад чанар шалгаад байж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна.

-Дадлагажигч ажиллах хүчинг тодорхой тоонд захируулалгүй Япон руу явуулахаар  нийгэмд сөрөг шүүмжлэл үүсэхгүй юу?

-Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн гурван жил Япон Улсад дадлагжаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр. Тэгэхээр бид гурван жилийн хугацаанд цэргийн албанд явуулдаг бол гурван жилийн хугацаатай мэргэжилтэй, ажилтан болгох сургалтад явуулж байгаа юм. Дадлагажигч ажиллах хүчний хувьд энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна.

-Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Япон улстай хамтрах асуудал яригдсан гэж ойлгогдож байна. Нүүрсээ эдийн засгийн хувьд үр өгөөжтэй болгох асуудал яригдахад дагаад төмөр  замын асуудал сөхөгддөг. Үүнийг хэрхэн зохицуулахаар хоёр улсын түвшинд яригдсан юм бол?

-Ерөнхий сайд Ш.Абетэй  үдийн зоог барих үеэрээ бид энэ талаар голчлон ярилцсан.Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ бидэнд өгөөч ээ. Тэрүүгээр нь бид нүүрсээ Тавантолгойн зарагддаггүй, овоолго нүүрсийг пластмассын түүхий эд болгоё. Тэгвэл үүний өртөг өндөр болоод экспортлох боломжтой болно. Тэгвэл зүүн төмөр зам, Чойрт байгуулагдах нүүрс, химийн цогцолбор, түүнийг хийх туршилтын үйлдвэрүүд, ажилчдыг нь сургах сургалтын Косен системийг тэр чигээр нь авна гэж байгаа. Энэ нь Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ экспортломоор байгаа гэж байна. Хамтраад л явцгаая. Тэднийд нүүрс байхгүй, манай байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм. Эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо ярьж байна гэсэн үг. 

-Цэвэр нүүрсний технологийн төв байгуулахын гол ач холбогдлын талаар?

-Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас өөр хэлбэрт оруулна. Нэг тонн нүүрс өнөөдөр 30 ам.доллар байна. Харин дэлхийн зах зээл дээр нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй.

-УИХ-ын дарга засгийн газрынхаа тэргүүний ажлыг хийгээд явна гэх шүүмжлэл таныг дагаж байна. Үүн дээр та ямар хариулт өгөх бэ?

-Энд Ерөнхий сайд бид хоёрын ажлын давхцлыг ярих шаарлагагүй. Монгол улсад юу хэрэгтэй байна тэр ажлыг хийхээс өөр арга бидэнд байхгүй. Энэ гэрээнд манай Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Соёрхон батлах ажил хоёр улсын парламентаар хэлэлцэгдсэн. Япон Улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд би очиж баярлалаа гэдгээ хэлсэн байгаа. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр парламентаар богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон улсын эдийн засагт очиж наалдаад, юм сурч аваад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь бидний зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)