ЖОН КЕРРИ МОНГОЛД ҮДЛЭЭД БУЦАХДАА ОНЦОЛСОН НАЙМАН СЭДЭВ

2016-06-05 17:34:43

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр өглөө найман цагт Монгол Улсад албаны айлчлалаа эхлүүлж, 17 цагт дуусгалаа. Тэрбээр Гадаад харилцааны яаманд зочилж, Л.Пүрэвсүрэн сайдтай албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Мөн дараа нь Монголын шилдэг зауустай чөлөөт ярилцлага хийж, бэсрэг наадам үзэж сонирхжээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр  дараах сэдвийг онцлон дурдсан аж.

  1. Цаашдаа боловсролын салбарт илүү хамтран ажиллах боломж байна гэж харж байна. Мянганы сорилтын сангийн дараагийн ээлжийн төслүүдэд, жишээлбэл, эмэгтэйчүүдийг чадваржуулах, эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүний эрхийг дэмжих зэрэг олон салбарт хамтрах бололцоо байгаа юм. Нэн ялангуяа соёл, боловсролын хөтөлбөрүүдээ улам боловсронгуй болгохыг хичээх болно. Бидний зүгээс хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн асуудал дээр анхаарлаа хандуулна.
  2. Удахгүй манай улсын Худалдааны яамны баг бүрэлдэхүүн танай улсад ажиллана. Уг айлчлалын хүрээнд ХАА-н чиглэлээр ажилладаг манай талын компаниуд Монголд хөрөнгө оруулах боломжийг судлах юм.
  3. Монгол Улсын Засгийн газраас хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс хамтран байгуулсан Ил тод байдлын гэрээгээ улам бүр үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллана хэмээн найдаж байна. Энэхүү гэрээний хүрээнд үр дүн гарснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах болно хэмээн харж байна. Гадны шууд хөрөнгө оруулалт бол Монголын эдийн засгийг идэвхжүүлэхэд хамгийн их үр нөлөөтэй гэж ойлгож байгаа.

4.     Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа дэлхийн тавцанд хариуцлагатай иргэн байх гэсэн энэ ойлголт дээр хамтарч ажиллах бүрэн боломжтой. Монгол Улс ардчиллыг хөгжүүлээд удаагүй ч бусад улстай харьцуулахад олон сайн туршлага хуримтлуулсан. Энэхүү туршлагаасаа зарим улс орнуудтай хуваалцан, дэмжлэг үзүүлж байгаад бид талархдаг.

5. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд идэвхтэй ажиллаж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг амжилттай тэргүүлж ажилласан. Үүнээс гадна Энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж, хүний эрхийг хангах тал дээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүгдийг харахад, Монгол жижиг орон ч дэлхийн хэмжээнд үр дүнтэй үйл ажиллагааг явуулж чадаж байгаа нь харагдаж байна. Дэлхийн иргэн байх гэдэг үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж байна гэж үзэж байна.

6. Сүүлд “Хааны эрэлд” уламжлалт арга хэмжээг амжилттай явууллаа. Цаашид хоёр орны зүгээс ард түмний хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарах хэрэгтэй.

7. Манай улсын Засгийн газраас монголын бизнесмэн эрхлэгчид, оюутнууд, аялагчдад виз олгох тал дээр хялбаршуулахад анхаарч ажиллаж байна” гэсэн юм. “Монголын бизнес эрхлэгчид, оюутнууд, жуулчид АНУ-д чөлөөтэй зорчдог болоосой гэж бодож байна. Иргэд хоорондын хамтын ажиллагааг дэмжихийг бидний зүгээс зорьж байна. Олон хүмүүс энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаад талархаж байна. Эрх зүйн орчин талаасаа тодорхой хязгаарлалт бол байдаг. Өөрөөр хэлбэл, визтэй холбоотой асуудлаар тодорхой шаардлагыг хангах ёстой. Энэ тухайд Гадаад хэргийн сайдтай уулзахдаа ярилцлаа.

8. Одоо тавьж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. АНУ-ын Конгрессоос тавьж буй шаардлагуудыг та бүгдэд тус дөхөмтэй болоход бид анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)