Монголчууд ПОПуудаа илчилж, АНУ ПОПуудад дурлав уу

2016-06-16 17:15:52

 

УИХ-ын 66 тойрогт Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшигч, уг намын дарга Г.Уянгын нэгэн уулзалтын үеийн асуулт, хариултаас онцлоё.

-Та тойрогтоо яагаад өнгөрсөн дөрвөн жилийн турш юу ч хийсэнгүй вэ?

-Би ганцаардаад хийж чадсангүй. Одоо олуулаа болоод хийнэ ээ.

Яг ийм асуулт хариулт олноороо өрнөсөн. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Г.Уянга Чингэлтэй дүүргийн төлөө нэг ч бүтээн байгуулалтын төсөл эхлүүлж, иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг хүндэтгэх ажиллаагүй гэнэ. Энэ үгийг мэдээж түүний эсрэг нэр дэвшин өрсөлдөж буй нэр бүхий нэр дэвшигчдийн сурталчилгааны ажилтнууд ухуулан сэнхрүүлэх маягаар хэлж байж болох. Гэсэн ч бодит үнэн нь тэрбээр тойргийнхоо бүтээн байгуулалтын төлөөр УИХ-ын танхимд үг хэлж, үнэний эрэлд гараагүй нь үнэн. Бүтэх, эс бүтэх нь эргэлзээтэй Оюутолгой, Тавантолгойн тухай маргаан мэтгэлцээн өрнүүлж, улс төрийн шийдэл нь тодорхой Засгийн газрыг огцруулах тухай асуудалд өнгө нэмж, үг гоёж ирсэн. Одоогийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой учир нь үл ойлгогдох маргаан мэтгэлцээний тухайд ч адилхан. Тэрбээр “Утсаа алдсан. Л.Эрдэнэчимэг гишүүн бид хоёрын нөхөрлөлд сэв суулгахыг хүслээ. Сэв суухгүй” гэдэг хариултыг өгсөн. Угтаа энэ бол тэдний байсан, байгаагүй нь үл мэдэгдэх нөхөрлөлөөс илүүтэй Л.Эрдэнэчимэг гэж хувь улстөрчийн оршихуйн тухай асуудал юм. Гэтэл өнөөдрийг хүртэл тодорхой хариултыг өгөлгүй л яваа. Дээр нь, сонгогчид нь түүнээс ийн асууна гэдэг бол монголчууд ПОП-уудын талаар үнэнийг ойлгож, жаахан ч гэсэн сэрч мэдрэхүйтэй болсон гэсэн үг.

Тэгвэл АНУ-д харин эсрэгээрээ. Тэд ПОПуудад дурлаж байна. Орландогийн гей клубт болсон 40 гаруй хүний амь насыг авч одсон халдлагатай холбогдоотойгоор шууд Дональд Трампыг дэмжиж эхэллээ. Харамсалтай нь, түүнийг Ерөнхийлөгч болох бий вий гэдгээс АНУ-ын дэмжигч иргэдээс нь бусад тэр дундаа дэлхийн улс орнууд айж байгаа. Наад зах нь, тэрбээр лалын шашинтнуудын өмнө АНУ-ын хилийг хаана. Цагаачдын орох урсгалыг хориглоно. Хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлана. Дээр нь, галт зэвсэгний хэрэглээг хязгаарлах талаар ярьж буй Хиллари Клинтоны саналын эсрэг олны сонирхлыг өдөөж байгаа. Тэр ч битгий хэл “Би Тавдугаар авенюгийн голд зогсоод хэн нэгнийг буудаж чадна” гэсэн бичлэг хүртэл цацсан. Энэ бүхнийх нь үр дүнд Дональд Трампын төлөө судалгаанд оролцогчдын 32.3 хувь нь саналаа өгнө гэсэн бол Хиллари Клинтоны төлөө 46.6 хувь нь саналаа өгөхөө мэдэгдсэн. Харин үлдсэн иргэдийн хувьд санал хураалтын өдөр болтол хаашаа ч эргэж магадгүй нөхцөл байдалтай байгаа нь Ардчилсан намынхныг төдийгүй АНУ-ын нээлттэй нийгмийг үлгэрлэж, дэлхийн эдийн засгийн төв бүс гэдгээр нь харж хүндэтгэдэг, харилцдаг улс орны иргэдийн хувьд түгшүүрт байдал төрүүлээд байгаа юм.

Харин манайд популист тайлбарын учрыг ойлгож эхэлсэн нь азтай хэрэг. Гэхдээ санал хураалтаар асуудал үр дүн нь эергээр гарч болох. Учир нь, ПОП-оороо алдартай УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголын хамгийн нэр хүндтэй улстөрчдийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа нь бодит үнэн. Түүнээс тун цөөхөн сонгогч УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан асуултыг асуусан байж таараа. Гэхдээ ганц ч гэсэн хүн ийн асууж байгаад талархаж энэ нийтлэлийг бичлээ.

Эцэст нь жич нэг тайлбарыг хүргэхэд:

-Энэ нийтлэлийг МАН-аас нэр дэвшигч Д.Ганболд, АН-аас нэр дэвшигч О.Эрдэнэбулган, ХААН сонголт эвслээс нэр дэвшигч С.Дашзэвэг,  тэргүүтэй холбох хэрэггүй бөгөөд тэдний алийг нь ч танихгүй, мэдэхгүйн дээр “УИХ-ын 66 тойрогт сонгочих олигтой нэр дэвшигч байхгүй юм байна” гэдэг бодолтой яваагаа илэрхийлье ээ. Учир нь, насаараа Чингэлтэйг удирдсан Д.Ганболд, компанийн захирлаас “Алтангадас” фракцаас Уул уурхайн дэд сайдын суудлыг бэлэг авсан төдийхнөө улстөрч болсон мэтээр сэтгэж яваа О.Эрдэнэбулган, ПОП-ын ПОП-уудын “хамаатан” С.Дашзэвэг нарын талаарх үнэлэмж адилхан болохоор тэр юм.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)