МАХН-ын штабаас МАН, АН-д хандаж сонгогчдыг шилжүүлж луйвар хийхээ зогсоохыг шаардлаа

2016-06-24 10:25:16

МАХН-ын Сонгуулийн төв штабаас  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийж,  цаг үеийн  асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн сонгууль эхнээсээ хууль зөрчсөн луйвар булхайтай болох нь тодорхой болж байгаад тус намын Сонгуулийн штабын дарга  Э.Эрдэнэжамъян харамсч байгаагаа хэлээд, АН, МАН-ын нэр бүхий нэр дэвшигчид, дээр нь Улсын бүртгэлийн газар, Статистикийн газар, Сонгуулийн ерөнхий хорооны хайнга байдал, хууль зөрчсөн үйлдлүүдтэй холбоотой зөрчлүүд гарч байгааг сэтгүүлчдэд мэдээллээ.

Сонгогчид, улс төрийн хүрээнд “Царцааны нүүдэл” гэж нэршээд байгаа луйврын аргаар энэ сонгуулийг будлиантуулах гэж байна гэсэн бодит мэдээллүүд байна. Намуудад сонгуулийн насны хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн. Монгол Улсын бүртгэл цахимд шилжиж цэгцэрсэн байсан. Гэтэл сонгогч шилжих гэсэн хуулийн заалтын ашиглан нэг аймаг, тойргоос нөгөөд шилжиж санал өгөх маягаар будлиан үүсгэж байна. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 7,8 дугаар хороонд шилжиж ирсэн хүмүүсийн бүртгэлийг Улсын бүртгэлээс  нь авч үзэхэд, нэг хашаанд л гэхэд тус бүр  19 сонгогч бүртгэсэн. Хувьсгалчдын 11-р гудамжинд нэг айлын хаяган дээр 215 сонгогч бүртгэсэн.

Нэг айл, нэг хашаанд 215 хүн амьдрах боломжгүй. Ганц хороон дээр гэхэд л ийм жишээ байна. Төв аймагт нэг хороон дээр гэхэд нэг шөнийн дотор 300 гаруй хүн шилжиж очсон байх жишээтэй. Баянгол дүүргийн нэг хороон дээр нэг айлын хаяг дээр 350-400 хүнийг бүртгэжээ. Үүнд бид яагаад МАН, АН-ыг буруутгаж байна гэвэл, нэг хаяг дээр 10-аас дээш байгаа, цаашилбал 50-60 хүнийг бүртгэсэн нь МАН-ын болон АН-ын ухуулагчийн буюу ухуулга сурталчилгаа хийж байгаа, түрээслэсэн байран дээр ингэж бүртгэсэн байгаад байна. Хорооных нь Засаг даргын хаяг дээр 10-15 хүн бүртгэсэн явдал ч гарч байна. Энэ бол зохион байгуулалттай хууль дүрэм зөрчсөн явдал гэдгийг хэлье. Тойрог, дүүргүүдээс ийм мэдээллүүд ар араасаа ирж байна. Бид тойрог бүр айл өрх тус бүрээр энэ мэдээллүүдийг гаргаж байна. 2016 оны сонгуулиар МАХН ялах нь гарцаагүй байгаа. Гэтэл ийм нөхцөл байдлууд үүсч байна. МАХН –аас МАН, АН-ыхан ихээхэн айж бэргэж байгаа юм байна. Итгэлгүй байгаха юм байна. Хөлсөлж аваачсан хүмүүсээрээ санал өгүүлж сонгуулийг будлиантуулахх гэж байна. Төв, Хөвсгөл, Баянхонгор аймаг, нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэг дээр олон тойрогт ийм зүйлүүдийг хийж байна. Тухайн аймаг, дүүрэг, тойрогт МАН, АН-д иргэд саналаа өгөхгүй юм байна  гэдгийг мэдээд хүмүүсийг зохион байгуулалттай аваачиж, иргэд сонгогчдын сонгох эрхийг булааж авч байна. Хүмүүсийг зөөж, нүүлгэн шилжүүлж тухайн дүүрэг, тойргийн иргэдэд итгэхгүй байсан юм бол Сонгуулийн хуулиа  ингэж хийх шаардлагагүй байсан нь харагдаж байна гэдгийг нэр дэвшиж байгаа хүмүүст  анхааруулж хэлмээр байна. МАХН-ын штабаас Улсын бүртгэлийн газар, Статистикийн газар, СЕХ, ТЕГ-т тус тус шаардлага хүргүүлж, луйвар булхайг зогсоохыг шаардаж байна. Дөрөвдүгээр сарын 30-наас хойш сонгогч шилжих нэрээр булхай луйвар хийсэн бүх мэдээллийг бүх намууд, олон нийтэд гаргаж өг. Үүнийг  МАХН шаардаж байна гэв.

Мөн хэвлэлийн хуралд, МАХН-аас Чингэлтэй дүүргийн нэр дэвшигч Ц.Эрдэнэчулуун, А.Даваасүрэн нар хүрэлцэн ирж, өөрсдийн тойрогт гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Тэд хэлэхдээ   “Нөхцөл байдал луйвар булхайтай байгаа учраас учрыг нь олохоор хандаж байна. Гэтэл холбоглох хүмүүс, байгууллагууд анхаарал хандуулахгүй, амжилт олохгүй байна. Засаг дарга, нар нь та нар ухуулгаа л хий, бидний ажилд хөндлөнгөөс бүү оролц гэх юм. Тэгш байдал, хууль дүрэм тэнд алга. Бас нэг зүйлийг хэлэхэд, нас барсан хүнийг байгаагаар бүртгэсэн, гадаадад байгаа хүмүүсийг бүртгэсэн зөрчил их байна. Иргэний үнэмлэхний хуулбар худалдаж авч байгаа зөрчил илэрсэн. Ийм байхад сонгууль явуулж болох юм уу” гэдгийг онцлон тэмдэглэлээ.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)