Х.Тэмүүжин: Ардчилсан нам хувийн хэвшлийг дампууруулсныхаа төлөө уучлал гуйх ёстой

2016-08-25 10:12:19

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй уулзаж, ярилцлаа.

-Өнөөдөр Ардчилсан намын хувьд онцгой өдөр. Хэдийгээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч Монголын хамгийн хүчирхэг хоёр намын нэг гэдгээр олон нийтэд, тэр дундаа намын тань гишүүдэд энэ хурлаас гарах шийдвэр хүлээлт үүсгэсэн гэж болно. Иймд намын тань хувьд “Түүхэн өдөр” хэмээн нэрийдэхгүй ч ирээдүйн зургаа тодорхойлох өдөр гэдэг утгаар нь таны санаа бодол юунд төвлөрч байгааг тодруулъя?

-Товчхондоо, шинэчлэлийн хаалгаа зөв нээх үү, үгүй гэдэг өдөр. Өнөөдөр зөв нээж чадвал Ардчилсан нам цаашаагаа алхана. Харин буруу алхвал Ардчилсан нам ахиад л 1996-2000 онд бужигнаж бужигначихаад хуучин төрхөндөө эргэж буусан тэр л дүр зурган дээрээ очино. Киног ухрааж үзэж байгаатай л адилхан үзэгдэл болно.

-Хамгийн гол асуудал нь намын дүрмийг шинэчлэх гэж яриад байгаа. Энэ шинэчлэлийг өнөөдөр эхлүүлэх үү?

-Өнөөдөр бол энэ асуудал яригдахгүй. Яригдах боломж ч байхгүй. Арванхоёрдугаар сард болох Их хурлаар намын дүрмийг хэлэлцэх ёстой. Яагаад гэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дүрмийн шинэчлэлийг хэлэлцэх хэмжээний ирцтэй байж чадах уу, үгүй гэдэг чинь өөрөө асуудал. Бүх гишүүний гуравны хоёр хувийн саналаар хийх ёстой. Эргэлзээтэй байгаа биз. Тэгэхээр энэ асуудлыг хэлэлцэхгүй болов уу. Харин намын дүрмийг өөрчлөхгүйгээр арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэлх намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын асуудлыг хэлэлцэж болно. Энэ бол 50 дээр нэмэх нь нэгээр шийдэгдэнэ. Ирж байгаа бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадварыг харвал энэ нь арай бодитой хувилбар. Гэхдээ процесс дуусаагүй байна. Өнөө шөнөжин (урд шөнө) бужигнана байх.

-Гэхдээ олонд МҮДН Ардчилсан намын даргын суудлыг, “Алтангадас” фракц ерөнхий нарийн бичгийн даргын албыг хувааж авна гэдэг хувилбар хүчтэй яригдаж байгаа нь нууц биш. Өнөөдөр энэ тохиролцоо батлагдах магадлал өндөр гэх юм. Яагаад гэхээр Ардчилсан нам УИХ-д бүлэгтэй. Дээр нь, ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Иймд ашиг сонирхлоо хадгалж үлдэх нь нэр бүхий фракцид ашигтай тусна шүү дээ?

-Яахав дээ, дүрмийн бусаар дахиад нэг бялуу хуваах гэж хүсэхийг үгүйсгэх аргагүй. Ирэх дөрвөн жил энэ янзаараа “Чи дарга бол. Би ерөнхий нарийн бичгийн дарга болно” гээд өнгөрсөн жилүүдийн туршлагаараа хуваах юм бол сонгогчид битгий хэл намынхаа олон нийтээс улам л тасарна.

-Тэгвэл энэ хувилбараар шийдэгдвэл таны зүгээс хийх алхам юу байна?

-Нам дахиад л бужигнана. Нам гэдэг чинь амьд процесс. Би хувьдаа нүдэлцээд л дуусах байх даа. Гол нь Ардчилсан нам нээлттэй болж, өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэдэг бол зүй ёсны үзэгдэл. Тэр дундаа, УИХ-ын сонгуулиар ард түмний итгэлийг авч чадаагүй улс төрийн намд шинэчлэл зүй ёсоор хийгдэх ёстой. Энэ бол хэвийн үзэгдэл. Ийм эрүүл үзэгдлийг үгүйсгэж болохгүй. Тэр дундаа шинэ үеэ хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй хэн нэгний далбаанд нааж боддог энэ хэв маягийг бид өөрчлөх хэрэгтэй байна. Би энэ саналаа илэрхийлнэ. Өнөөдөр Ардчилсан намыг шинэ үе удирдах цаг нь болсон. Ардчиллын төлөө анх тэмцэж байсан гэдгээрээ бамбай хийж өөрсдийгөө хам­гаалж, эрх мэдлийг, эрх аш­гийг хувааж авдаг энэ тэмц­лээ болих хэрэгтэй. Тэгэх­гүйгээр Ардчилсан нам цаа­шаа явахгүй. Энэ чинь улс төрийн нам. Амьд харилцаа, үе солиг­долт зайлшгүй хийгдэх ёстой.

-Үе солигдох гэхээр та өөрийн үеийнхнийг хэлж байна уу. 1970-аад оныхныг гэсэн үг л дээ?

-Ямар ч байсан шинэчлэл хэрэгтэй. Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй гэж би өмнө нь хэлж байсан. Одоо ч хэлнэ. Тэгэхгүйгээр Ардчилсан намын далбаан дор цөөн хэдэн фракцийн тэргүүнүүд өөр өөрсдийн ашиг сонирхлоор намыг ч, улсыг ч удирдаад байж болох­гүй. Цаг үе гэдэг өөрийн дүрэмтэй, хуультай. Үүнийг ойлгохгүйгээр намын шинэчлэлийг зогсоох гэж оролдвол бид нар нэгдэнэ. Хамтарч ажиллана.

-Үндсэндээ та “манай үеийнхэн Ардчилсан намыг удирдах цаг болсон” гэж үзэж байна уу?

-Залуу үе. Ардчилсан нам бол амьд харилцаатай, дотоод ардчилалтай нам. Энэ зарчмаа одоо алдах юм бол дахиж олж авахад хэцүү.

-Та нарыг төлөөлж УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийг нэр дэвшинэ гэж яригдаад байгаа?

-Процесс, яриа үргэлжилж байна. Би одоо үргэлжлүүлээд уулзалтад орно. Ямар ч бай­сан ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийг нэр дэв­шүүлэхээр ярьсан. Харин Ардчилсан намын даргад хараахан шийдээгүй байна. УИХ-ын гишүүн Лу.Гантө­мөрийн тухайд өнөөдөр нэр дэвшихгүй.

-Тэгээд хэзээ гэж?

-Одоо Ардчилсан намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга болох хоёр хүн арванхоёрдугаар сарын зургаанд болох намын Их хурлын бэлтгэлийг базаах, орон нутгийн сонгуульд намаа удирдаж орох, үндсэндээ намыг шинэчлэлд бэлтгэх хариуцлагатай албыг хийх хүн. Гэхдээ Их хурлаар ажлаа өгөх ёстой. Харин арванхоёрдугаард сард Ард­чил­сан намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар дүрмийн дагуу сонгогдох хоёр хүн бол өнөөдөр томилогдох даргын эхлүүлсэн шинэчлэлийн бэлтгэлийг албан ёсоор ажил хэрэг болгож, намаа Ерөнхийлөгчийн сон­гуульд оролцуулах, ирэх дөрвөн жилд удирдах хүн. Энэ утгаараа УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг өнөөдөр нэр дэвшүүлэхгүй.

-Лу.Гантөмөрийг нэр дэвшүүлэх сонирхол “Нэг Ардчилал” фракцийн санаа юу, үе хооронд, фракц хооронд ярилцсан тохироо юу?

-“Нэг Ардчилал” гэсэн ойлголт энэ биш. Ардчилсан намыг битгий хэл улс орныг үүрээд явах ачаа хэн дээр байх вэ гэдгийг л ярьж байгаа хэрэг. Сайн мууг, зөв бурууг мэдэхгүй. Үр дагавар яаж гарахыг мэдэхгүй. Гэхдээ 1975 оны залуу Монгол Улсын Ерөнхий сайд болоод улс орны ачааг үүрээд алхаж байхад Ардчилсан нам дагаад шуудайнд нь юу байгааг мэдэхгүй, эргүүлээд гөвөхөд шуудай нь хоосон намаа 20 жил чирж явсан хүмүүсээсээ илүү шинэ сонголтод итгэж болохгүй гэж. Нэг ёсны одоо үеэрээ хойшоо бус урагшаа алхах л ёстой.

-Тэгэхээр жинхэнэ дарга болох замыг нь та бүхэн өнөөдөр засна гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө арванхоёр­дугаар сард нэр дэвших бод­лого барьж байгаа. Урьд ч нөх­ц­өлийг нь өнөөдөр хийнэ байх. Их сонин шийдэл гарна байх.

-Гэхдээ та бүхний урдуур 1980 оны залуус ч хүч түрэн орж ирэх магадлалтай байгаа. Харамсалтай нь, тэдний олонх нь өөрсдийн хүсэл эрмэлзэл гэхээс илүүтэй фракц хоорондын лидерүүдийнхээ толинд туссан сүүдэр мэт олон нийтэд ойлгогдсон?

-Алдаатай бодлогынхоо үр дүнд УИХ-ын сонгуульд ялагдсан намын залуус чанга дуугарна гэдэг бол эрүүл үзэгдэл. Хүн өөрөө өөрийнхөө цагийг бүтээдэг. Иймд 1980 оны залуусын цаг нь ирсэн учраас “Намынхаа хаалга цонхыг нээ” гэж хашгирч байгаа юм. Энэ бол хэвийн үзэгдэл. Би тэднийг шүүмжлэхгүй. Яагаад гэхээр энэ амьдралынхаа турш нэг хүний ард явна гэж байхгүй. Цаг үе нь ирэхээр “Та чадахгүй. Би хийе” гэж дуугарна. Нийгмийн ийм амьд үзэгдлийг бид нар шүүж болохгүй.

-Дээрх ярианаас үүдээд асуухад та бүхэн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатыг дэмжихгүй бололтой. Тийм үү?

-Дэмжихгүй. Яагаад гэхээр надад зарчим нь таалагдах­гүй байна. Намын дүрмээр Ардчилсан намын даргыг Их хурлаас сонгох ёстой. Гэтэл сүүлийн хоёр даргыг шууд Үндэсний зөвлөлдөх хорооноос дүрмийн бусаар томилсон. Дүрэмд “Сайн дураараа намын дарга хү­сэлтээ өгсөн бөгөөд Их хурал хуралдаж амжихгүй тохиолдолд Үндэсний зөвлөлдөх хороо дараагийн даргыг томилж болно” гэсэн утгатай заалт бий. Энэ хоёр дарга тэр заалтыг ашигласан. Энэ явдлын гай нь намын олон нийтийн дэмжлэггүй дарга зөвхөн өөрийн тойрон хүрээлэгчдээр намыг төлөө­лүүлэх гэж оролддог гамшигт үзэгдлийг бий болгосон явдал. Энэ зарчим чинь болохгүй байна аа гэж байтал нөгөө дарга нь Үндэсний зөвлөлдөх хуралд ч орохгүйгээр “Май. Чи үүрэг гүйцэтгэгч шүү” гээд хувийнхаа юмыг өгч байгаа юм шиг аашилсан. Ингэж болохгүй. Ийм гажуудсан байдлыг засахын тулд залуус “Ер нь Их хурал ч багадаж байгаа юм биш үү. Намын даргын төлөө марафон явуулах хэрэгтэй юм байна” гэдэг саналыг гаргаж байгаа юм. Их хурлын 2000 төлөөлөгч нь орон нутгийн Ардчилсан намын даргын хүү шиг хүмүүс орж ирэх болохоор эцэстээ ийм саналыг ярьж байна.

-Энэ санаачилга ерөнхийдөө Ардчилсан нам олон нийтээсээ, жирийн гишүүдээсээ тасарсан гэдгийг л батлаад байгаа хэрэг шүү дээ?

-Харин тэр чинь байхгүй юу. Ядаж намынхаа олон нийтийн санаа бодлыг харж чадах юм бол Монголчуудын ерөнхий бодол санаа юу юм бэ гэдгийг ойлгож чадна. Тэгж байж сонгуулийн алдаагаа давтахгүй. Тийм учраас цонхоо томсого, агаараа нэм гээд байгаа юм. Тэгэхгүй бол нам шинэчлэгдэж чадахгүй. Нэг ёсны залуусын хүлээлт олон нийтийн санаа бодол, шинэ манлайлагч гэсэн хоёр шаардлага дээр төвлөрч байгаа юм. Ардчилал бол хувь хүн биш үйл явц.

-Гэхдээ эрх баригч болохтойгоо зэрэгцэн төрийн ордонд төвлөрч, намаа орхих нь танай намынхны зан. Ялагдсан тохиолдолд бүр тэр чигтээ төв цэгээс зугтчихдаг. Ийм хүмүүс намын шинэчлэлийн төлөө нэгдэнэ гэдэг бас их эргэлзээтэй шүү дээ?

-Тэр хүмүүс хүсэхгүй бол хүсэх хүмүүс байна. Тийм учраас ямар нэгэн байдлаар хүссэн хүсээгүй шинэчлэл рүү явна. Шинэчлэл зарим хүмүүст таалагдахгүй байж болно. Нэг хэсэг нь хойш нь татах гэж оролдож мэднэ. Гэхдээ энэ замаар бид бүхэн өнгөрсөн хугацаанд яваад үзчихсэн. Иймд үзсэн замаараа дахин явж алдаж болохгүй. Дүрмээр тогломоор байна. Ардчиллыг хаа, гуяар нь салгаж аваад үр дүнд хүрэхгүй гэдгийг бүх насаараа алдаж байж ойлгож болохгүй биз дээ.

-Зарим хүний дэвтэрт “Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн 70 нь шинэ МоАХ, 30 нь “Нэг Ардчилал, МоАХ долоо” гэх мэт тоон бүртгэл бичигдсэн байгаа. Ийм нөхцөлд Үндэсний зөвлөлдөх хороо шинэчлэлд намаа бэлтгэх чадвартай лидерийг сонгоно гэдэгт итгэхэд бэрх юм. Энэ сэдвийн асуултыг танд олон удаа тавих хэрэг болох нь дээ. Бодит нөхцөл байдалтай уялдуулж асуухад шүү дээ?

-Тийм учраас л Үндэсний зөвлөлдөх хорооноос намын даргыг томилж болохгүй. Хоёр сарын даргыг л томилж болно.

-Гэхдээ тэр нь онцгой чадвартай хүн байх ёстой юм байна. Тийм үү. Эвлэрүүлэх талаасаа?

-Чадвараас илүүтэй “Арван­хоёрдугаар сарын 6-нд намын даргад өрсөлдөх сонир­хол байхгүй шүү. Надад харин Ардчилсан нам шинэчлэгдэх үйл явц эхлээсэй гэдэг амбиц байна” гэж шийдсэн тийм хүн л энэ хоёр сарын хугацаанд намын дарга болох ёстой.

-Танд энэ амбиц байна уу?

-Би энэ ажлыг үе дундын хүн хийгээсэй гэж бодож байгаа.

-Илүү тодруулахгүй юу?

-Жишээ нь, 1960-аад оныхон байна уу, ардчиллын анхны алтан хараацай байна уу. Эсвэл Ерөнхий сайд асан С.Баяр шиг “Миний нам доторх улс төрийн карьер ингээд дуусч байна. Тийм учраас намаа илүү зөв, эрүүл саруул байгаасай гэсэндээ энэ хоёр сар ажиллана аа” гэж шийдчих хүн хэрэгтэй. Эсвэл мөнхийн залуу ардчилагчид болон залуу үеийг зөв зуучлаад холбож ажиллаж чадах тийм хүн. Ийм хоёр төрлийн хүний аль нэг нь гарч ирж байж Ардчилсан намын шинэчлэлийн хаалгыг зөв нээнэ. Эсвэл “Би л хийх ёстой” гэсэн залуу хүн үсрээд гараад ирэх юм бол нам улам бүр хуваагдаад зодоон болчихож магадгүй. Тэр бол хэцүү. Энэ нь арванхоёрдугаар сараас хойшхи үйл явдалд саадтай. Шинэчлэлийг нэг эгнээр хийнэ үү гэхээс нэг нь хадаас болсноор хийнэ гэж байхгүй. Бусдыгаа буланд шахах маягаар.

-Танд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буланд шахагдсан мэт сэтгэгдэл төрж байв уу?

-Нэг их сүртэй шахагдсан юм байхгүй дээ. Харин их сонирхолтой дөрвөн жил байсан шүү.

-Та бүхэн дундаасаа ямар ч байсан нэг төлөөллийг Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэх юм байна. Гэхдээ нэгнийг эргээд бэрхшээл рүү хөтөлж байгаа хэрэг биш үү. Яагаад гэхээр “Ялагдсан намын дарга болно гэдэг их том зовлон шүү” гэх хүмүүс олон байгаа?

-Ашиг хонжоо хайдаг хүний хувьд энэ үг үнэн. Эрх мэдэл, мөнгө хоёр хардаг хүний хувьд өнөөдөр Ардчилсан нам бол үнэхээр хоосон ёроолоо эргүүлж харуулаад гөвчихсөн шуудай л харагдаж байгаа. Одоо гол нь зөвхөн мөнгө, эрх мэдэл ярьдаг хүмүүсийн дуу хоолой Ардчилсан намд алга болно. Ийм үед эрүүл саруул сэтгэлгээгээр эрүүл саруул зүйл ярьдаг хүмүүсийн дуу хоолой тодорч сонсогдох боломжтой. “Их захгүй бөмбөр балбаж байхад пипи хөгжмийн дуу сонсогддоггүй” гэж Энэтхэгийн их гоё үг байдаг. Түүнтэй адилхан мөнгө, эрх мэдлийн төлөө алалцаж байхад нөгөө талд нь хүний эрх, шударга ёсны дуу хоолой сонсогддоггүй юм билээ. Өнгөрсөн дөрвөн жил тийм л байсан. Одоо мөнгө, эрх мэдэл хоёр нь байхгүй байгаа үед тэр бүхний төлөө чанга дуугарч, цээжээ балбадаг хүмүүс бараг Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээх нь ашигтай гэж бодож байж мэднэ. Яг ийм үед л зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй. Гэхдээ зарим нэг хүмүүс нам доторх нөлөөгөө хадгалж үлдэхийн тулд үлгэрийн баатар амилна гэдэг шиг дөрвөн жилийн дараа би дахиад л амилна гэсэн зорилгоор асуудалд хандахыг үгүйсгэхгүй.

-Нэгэнт ярилцсаных нэг зүйл тодруулъя. Таны шинэчилнэ гэж эхлүүлсэн хуулийн салбарын өөрчлөлтүүд бүгд өнгөрсөн үе рүүгээ эргэж байгаа дуулдсан. Танд ямар бодол төрөх юм?

-Эрүүгийн хууль, Зөрч­лийн тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Тахар, гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоо гээд энэ бүхэн 2012 оны сонгуулийн дараах үйл явц. Энд хандлагын том ялгаа байна. Төрийн байгууллагын иргэнд хүрч үйлчилдэг, иргэнээ хамгаалдаг бодлогыг бүгдийг нь зогсоож байна. Зөрүүлээд эрх мэдэлтэн юмуу, дарга, байгууллагын амбицыг хамгаалдаг хэсгүүдээ сэргээх гэж байна. Би нэг зүйлийг их гайхаж байгаа. Монгол Ардын намд үеийн шинэчлэл их сайн хийгдсэн. Тэгсэн хэрнээ шинэ үеийнх нь хандлага, үнэт зүйл, зарчим, асуудлыг харах цонх нь өөрчлөгддөггүй. Нас, царай нь өөрчлөгдөөд байгаа хэрнээ шүү.

-Гэхдээ өөрчлөлт зөвхөн МАН ялснаар бус Ардчилсан нам эрх барьж байхад ч хийгдэж байсан. Тэр утгаараа танд мухардсан үе байв уу?

-Байсан.

-Юун дээр?

-Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар байгуу­лагдахад шинээр томилогдсон Хууль зүйн сайд яг өөрийн чинь хэлснээр одоогийн Монгол Ардын намын хийж байгаа өөрчлөлтийг санал болгож эхэлсэн. Тэр үед “1990 онд хувьсгал хийсэн хүмүүс юуны тулд хувьсгал хийснээ ч мэддэггүй юм байна. Тэнд байгаа иргэний төлөө бус өөрсдөө дарга болохын төлөө хувьсгал хийсэн юм байна” гэж бодогдсон. Энэ бол яах аргагүй мухардал байсан.

-Та өнөөдөр АН-ын шинэчлэлийг ярьж байна. Гэтэл Засгийн газрын олон нийтэд нээлттэй өгсөн мэдээлэлтэйгээ хамт “Ардчилсан нам энэ улс орныг үнэхээр сүйрүүлчихжээ” гэдэг зүйлийг яриад эхэллээ. Энэ дүгнэлтээс та ч гэсэн бултаж зайлах аргагүй нь ойлгомжтой. Үүнтэй эвлэрэх үү?

-Үнэхээр эдийн засгийн таагүй нөхцөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилсэн. Хуулийн салбарын шинэчлэл дээр гэхэд буруу, зөвийг нь бодитой ярилцая гэхээр яг таг ойлгоод ярьдаг хүн байгаагүй. Ойлгодоггүй. Дотоодын цэргийг татан буулгаж, цаг­даатай нэгтгэснийг бүгд буруутгасан. Гэтэл тэндээс татан буугдсан албан хаагчдаар Улаанбаатар хотын зургаан цагдаагийн хэлтсийг 14 болгож, цагдаагийн орон тоог нэмсэн. Цэргийн албан хаагч нэрийн дор хагас дутуу цэргийн хувцастай явдаг байсан хүмүүс мэргэжлийн цагдаагийн албан хаагч болсноор харин ч нийгмийн асуудал нь шийдэгдэж, байр суурь нь сайжирсан. Одоо эргээд Дотоодын цэргийн анги байгуулагдлаа гэхэд тийшээ нэг нь ч буцаж очихгүй. Харин хоёр, гурван дарга нь тусдаа өрөөтэй, хангамжтай болж хувирна. Яг иймэрхүү байдлыг нь ойлгож асуудалд хандахаас илүүтэй эрх мэдэлтэй хэдэн дарга нарын үгээр л бүгд шуурсан. Үүн шигээ эдийн засагт хандсан. Монгол Улсын эдийн засаг уналаа, уналаа гэхэд ашиг нь хаашаа явав гэдгийг харах хэрэгтэй. Цэвэр арилжааны банкууд руу ашиг нь орсон. Тэд хожсон. Монголд байгаа бүх бизнесийг, ашигтай хувьчлалыг дандаа банкууд худалдаж авсан.

-Харин таны хуваалцах ёстой гэм буруугийн тухайд?

-Нэгдүгээрт, Ардчилсан нам гадны хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн боломжийг дэмжиж чадаагүй. Эдийн засгийн ил тод байдал болон Өршөөлийн тухай хуулийг баталснаас өөр юу ч хийгээгүй. Хувийн хэвшлийн хийж байсан бүх бизнесийг төрд булааж авахыг оролдсон. Хоёрт, гадны болон хувийн хөрөнгө оруулалтаар хийж болох бүх том төслийг гацаах гэж оролдсон. Эдийн засаг руу орж ирэх боломжтой байсан бүх мөнгөний урсгалыг хаасан. Үүнийгээ Ардчилсан нам бидний буруу байсан гээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүгдийг нь дампууруулж хаячихаад цэргээр төмөр зам бариулна гэдэг галзуурал руу явсан. Тэгэхээр хувийн хэвшлийг дампууруулсан, төр рүү бүх бизнесийг булааж авсныхаа уучлалыг Ардчилсан нам ил тодоор гуйх ёстой.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн танай намынхантай хариуцлага тооцох тухай нэг хатуу үг бий?

-Мэдээж хариуцлагаа хүлээх ёстой. Гэхдээ Монголд тэр бүхнийг шударгаар, зохих ёсоор нь шийддэг систем нь байхгүй. Эдийн засгийн төрлийн улс дамнасан том хэмжээний гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага Монголд байхгүй. Нэг ёсны гар мухар амаараа асуудлыг шийдээд өгнө гэж хэлэх амархан л даа. Тэр тусмаа Мөрдөх алба байгуулахыг эсэргүүцсэн хүмүүсийн хувьд шүү. Бодит алхам хийгээгүй хэрнээ улс төрийн оноо авах гэж ярих нэг өөр л дөө.

-Гэхдээ та Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа дөрвөн сая ам.долларын баримт дэлгэж байсан. Гэсэн ч чимээгүй болсон. Дахиж энэ талаараа дуугараагүй. Үүнийг таны “Хэлэх амархан. Хийх нь өөр” гэж дээр хэлсэн үгтэй тань наагаад хариултыг нь сонсоё?

-Тэр бол хуулийн нэр сүрээр бусдыг тонон дээрэмддэг хэргийн зүгээр л зах нь. Ийм үзэгдэл Монголд маш олон бий.

-Та гэхдээ энэ талаар үргэлжлүүлж ярихгүй гэж хувь хүнийхээ хувьд шийдсэн хэрэг үү?

-Хуулийн байгууллага нь шалгаад үр дүнгээ боогоод тавьсан байна лээ.

-Боогоод тавьсан гэхээр?

-Прокурор, шүүх рүү явахад бэлэн ийм хэрэг Монголд олон байна. Гэхдээ явдаггүй. Яагаад явдаггүй гэхээр дохио зангаа хүлээгээд суудаг. Дохио зангааг дээр нь нэг эрх мэдэлтэн бариад суудаг. Үүнийг явуул, үүнийг битгий явуул гэж тэр хүн тушаал буулгахыг хүлээхгүй бол болдоггүй. Ийм завхарсан байдлыг засах хэцүү.

-Таны талаар олон хүнд хүлээлт байсан. Харамсалтай нь, олигтой үр дүнд хүрээгүй. Үүнд таныг өөрийг тань буруутгах олон хүнтэй таарч байсан. “Ассан бүх хүний урдаас асч, муудалцахын оронд зарим нэг зүйлд хүлээцтэй хандаж хийх ёстой бүхнээ, хүссэн шинэчлэлээ үр дүнд хүргэх ёстой байсан” гэж дүгнэх нь бий. Та үүндээ алдсан гэж боддог уу?

-Яг тэр бүх завхарлыг өөрчилнө гээд бодоод, энэ бүхэнтэй хамт явна гэж бодож байсан хүмүүс маань хажуунаас түгжилдээд, эсрэгээрээ хандаад эхлэхээр яагаад чимээгүй байх ёстой гэж. Н.Энхбаяр авлигач гэж хашгирч хашгирчихаад түүнээсээ долоон дор юм хийдэг хүмүүс байна гэж бодохоор хүн асна биз дээ. Н.Энхбаяр азгүй учраас л шоронд орсон. Яг тийм үйлдлийг нь өдөр болгон хийдэг хүмүүс эрх мэдэлтэй яваад байна. Энэ чинь харамсалтай байхгүй юу. Үүнийг өөрчлөхийн тулд хуулийн салбарын шинэчлэлийг хийж байгаа юм уу, эзнийг нь солихын тулд шинэчлэл хийж байна уу. Энэ асуулт над дээр тавигдсан. Би махны машины эзнийг солих гэж шинэчлэл хийгээгүй. Махны машиныг арилгах гэж шинэчлэл хийсэн. Үүний төлөө сөргөлдсөн. Хүмүүс надаас дараа нь асууна биз дээ. “Чи ямар итгэл үнэмшлээр шинэчлэл хийсэн юм бэ” гэж. Би зүгээр өөрөөсөө урваагүйдээ л урамтай байгаа. Гэхдээ цаг ирнэ. Үндсэн зам бол муруйгаагүй гэж итгэж байгаа. Магадгүй надад бодсон санаснаа хийхийн тулд олон хүнтэй ойлголцож сурах шаард­лага байхыг үгүйсгэх аргагүй.

-Гэхдээ та үүндээ суралцах уу?

-Мэдээж хэрэг. Суралцах байх. Гэхдээ ойлголцоно гэдэг бууж өгөөд аялдан дагана, хуйвалдана гэсэн үг биш.

-Та одоо намын шинэчлэлд санаа тавихаас өөр ямар ажил эрхэлж байна?

-Хойшлуулсан докторантынхаа ажлыг үргэлжлүүлж байгаа. Мөн зарим нэг зүйлийг мартаагүй дээрээ тэмдэглэж байна даа.

-Баримт уу?

-Их олон баримт байгаа шүү.

-Осолтой биш үү. Хуулийн салбарыг тэргүүлж байсан сайдын тань хувиар бодоход?

-Осолтой гэхээс илүүтэй түүх юм даа.

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйл тодруулахад та хүүгээ бусдад үрчлүүлсэн тухайгаа хэвлэлд тодорхой яриагүй санагддаг?

-Хэцүү үе байсан. Гэр бүл, хүүхдүүд рүү маань маш их заналхийлэл ирсэн. Хүүхдүүдээ явуулахаас өөр арга байгаагүй. Тэгээд эгчтэй нь хамт гадагшаа явуулья гэхээр насанд хүрээгүй учраас болоогүй. Тэгээд л бодож олсон ганц хувилбар нь л энэ. Тэр бүхнийг яаж тайлбарлах нь хүмүүсийн асуудал. Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэр асуудлаар ширээ шааж орилсон нь байсан.

-Ж.Батзандан хашгирсанд уу?

-Тийм ээ. Ардчилсан намын гишүүн, тэр бүх нөхцөл байдлыг ойлгож болох, их сургуульд байхаасаа ойр байсан хүн маань шүү. Яагаад тэгж орилсон юм бэ гэхэд “Фракцд аа нэр хүнд олж авах хэрэгтэй байсан юм” гэж л хэлсэн. Хэлэх үг олдоогүй.

-УИХ-ын сонгуулиар та ер нь Ардчилсан намын төв аппараттай хамтарч ажилласан уу?

-Ажиллах аппарат ч байгаагүй ээ. Ёстой Нийслэлийн Ардчилсан намдаа л чирэгдсэн. 2012 оны УИХ-ын сонгуулиар манай нам үнэхээр сайн зохион байгуулалттай ажилласан. Энэ удаад бол ажиллаагүй дээ.

 

ЖИЧ: Дугаар буухтай зэрэгцэн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хойшилсон шийдвэр гарсан юм. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний ярилцлагыг өнөөдөр болох байсан хуралдаантай холбогдуулж авсан тул нэмэлт өөрчлөлтгүй хэвлэв.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН. Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

hundetgesen      ip : 202.70.46.20 2016-08-25 15:54:16
AN dotor unen ug dugardag shudarga, noyon nuruutai tsuuhun heden humuusiih ni neg dee, hundelj bn





(0/800)