Д.Хаянхярваа:Хямралаас гарахад ард түмний дэмжлэг хэрэгтэй байна

2016-08-27 20:05:11

Монгол Ардын нам УИХ-д 65 гишүүнтэй болсон нь тус намын хувьд үнэмлэхүй олонх болсон хоёр дахь тохиолдол. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Сангийн сайд Д.Чойжилсүрэнгийн мэдээлэл болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ярианаас олон нийтийн дунд айдас, түгшүүр бий болчихлоо. Энэ нь “Өнгөрсөн дөрвөн жилд юу болоод өнгөрчихсөн юм бэ. Монгол Улсын ирээдүй хаашаа явчихав аа” гэсэн асуулт дагуулж байна. Та УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувиар үүнд ямар хариулт өгөх вэ?

-Яг цочроо, айдас төрүүлсэн гэвэл хэтрүүлсэн болох байх. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхцөл байдал хэрхэн доройтсоныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өмнө нь хэлж, ярьж байсан. Харин олон нийтэд яг тоон үзүүлэлтээр нь тодорхой мэдээлээд өгөөд эхлэхээр болгоомжлол үүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Бидний хувьд ч “Арай ч ийм байдалд хүрчихээгүй байх” гэсэн сэтгэгдэл төрсөн. Байдал үнэхээр хэцүү байгаа нь үнэн. УИХ-ын дарга М.Энхболдын чуулганы нээлтийн үгэнд ч “Бид нарын төсөөлж байснаас харьцангуй доогуур, гурав дахин доогуур үзүүлэлттэй байсан байна” гэж хэлсэн байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг ч одоогийн байгаа нөхцөл байдлаас харьцангуй дээгүүр үзүүлэлтэд тулгуурлан тооцож боловсруулсан байсан. Харамсалтай нь, Сангийн сайдын мэдээлэлд дурдсанаар үнэн бодит байдал нь ил боллоо. Иймд цаашдаа улс орныхоо эдийн засгийн хямралыг даван туулахад ухаан бодлоо сайтар уралдуулж ажиллах үүрэг оногдлоо гэж ойлгож болно.

-Таны хувьд эдийн засгийн тоон үзүүлэлтэд ач холбогдол өгч, өөрийн дүгнэлт, санаа бодлыг илэрхийлдэг УИХ-ын гишүүн. Гэхдээ та энэ бүх нөхцөл байдлаас хол байгаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр ажилласан. Гэтэл өнөөдөр “Тоон үзүүлэлт зөрүүтэй байжээ” гэж хэлж байгаа нь өөрөө бас асуудал биш гэж үү. Яагаад үнэнийг мэдээгүй юм бэ гэж асуух гэсэн хэрэг л дээ?

-Тухайн үеийн эрх баригч хүчнээс өгч байсан тоог үнэн байжээ гэж би үнэхээр хэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тэр бүх тоо нь тодорхой хувьсаж байсан тоо байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Харин бид бүхэн яагаад бодит байдлыг ингэж шууд зарлах болсон бэ гэхээр үнэн бодит байдлыг ард түмнээсээ нууж болохгүй гэдэгт санал нэгдсэнтэй холбоотой юм. Засгийн газраа байгуулахдаа ч анхааруулж, ард түмэндээ үнэнийг ний, нуугүй хэлээрэй гэдгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд үүрэг болгож байсан. Яагаад гэхээр худал хуурмагаар ажлаа эхлэх эрх бидэнд алга. Бодит байдлаа зөв олж харж, оношлохгүйгээр цааш ажил явахгүй. Үүнтэй холбоотой төрийн ажлын гажуудал, сахилга дэг журам гэгчийг бий болгох хэрэгтэй байна. Хариуцлагагүй байдал дэг журам алдагдахаар нөхцөл байдал ямар болдгийг өнөөдөр бид харж байна. Энэ бол маш том сургамж юм. Мөн эргэж харж бусдыг шүүмжлэхээс илүү урдах ажлаа сайн хиймээр байна. Үүний тулд ард түмний шүүмжлэлээс айж болохгүй. Ард түмний шүүмжлэлээс айж хурдан хуумгай ажиллаж ч болохгүй.

-Гэхдээ олон нийтийн шүүмжлэлээс эмээж байгаа биз дээ?

-Худлаа горьдлого төрүүлж айж сууснаас зоригтой ажиллах л хэрэгтэй. Хэрэв ард түмний шүүмжлэлээс айж, эргэж буцах юм бол алдаагаа засах бус асч байгаа гал дээр бензин асгаж байгаатай л адил зүйл болно.

-Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа үүнийг гол болгоно гэсэн үг үү?

-Бидний чадамж юу билээ гэдгийг бодно. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж үг байдаг. Тэгэхээр улс орны өнөөдрийн чадамжиндаа тулгуурлаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах ёстой. Дээр нь, одоогийн хүндэрчихсэн нөхцөл байдлыг хэр хугацаанд ямар арга замаар даван туулах вэ гэдэг нөхцөл байдлаа томъёолох хэрэгтэй. Дараагаар нь хэдэн оноос эхэлж энэ бодит байдал илааршиж, эдийн засагт нааштай өөрчлөлт гарах вэ гэдгээ тооцох ёстой. Ийм тооцоо судалгаа хийсний үндсэн дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эцэслэнэ. Шаардлагатай зарим нэг асуудал байгаа. Тэр асуудлыг ард түмэндээ бодитоор хэлж, хэрэгжүүлэх цаг хугацааг нь хойшлуулах тухайгаа зарлах хэрэгтэй.

-Монгол Ардын намын УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж их том чиг шугам бий. Энэ мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй хэрхэн уях вэ. Энэ хөтөлбөр анхнаасаа л хэрэгжиж, баталгаажих нь эргэлзээтэй эхэлбэл олон нийтийн итгэл алдрах аюултай. Иймд шат дарааллаар хэрэгжүүлэх үү, эсвэл цаг хугацаа хийгээд нөхцөл байдлын таатай нөхцөлийг хүлээх яриа танай намын бүлэг дотор яригдаж байна уу?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн яах аргагүй гол цөм. Тэр утгаар нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан боловсруулсан байгаа. Хэлэлцүүлгийн явцад эдийн засгийн бодит нөхцөл байдалтайгаа уялдуулан УИХ-ын байнгын хороо, УИХ дахь бүлгүүдийн санаа оноон дээр тулгуурлаж өөрчилж, шинэчилнэ. Ямар ч мөрийн хөтөлбөр шууд шинэ Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн шууд хэрэгжээд явдаггүй. Тодорхой үе шаттайгаар дөрвөн жилийн хугацаанд хэрэгждэг.

-Гэхдээ УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах уу гэдэг чинь өөрөө бас их асуудал болоод байгаа юм биш үү. Нөхцөл байдлаас үүдээд асуухад шүү дээ?

-Улс эх орныхоо хувь заяаг сонгуулийн жилээр хэмжиж болохгүй. Энэ бол миний байр суурь. Тэгэхээр ямар ч тохиолдолд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлөө л ажиллах ёстой. Ингэхдээ ард түмний амьдралыг өнөөгийн төвшнөөс дордуулахгүй, ядуурч доройтож байгаа ард түмнээ ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллах ёстой. Энэ хоёрыг хамтад нь орхигдуулахгүй авч явах хэрэгтэй. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй болох нь гэж бодох хэрэггүй. Монгол Ардын нам бол хариуцлагатай улс төрийн хүчин. Бид амласан амлалтандаа эзэн болно. Гол нь цаг хугацааны хүлээлт бол зайлшгүй үүсэх байх.

-Төсвийн алдагдал 5.1 их наяд төгрөгт хүрэх эрсдэл үүсээд байгаа нь өөрөө их том асуудал. Ер нь өмнө нь энэ хэмжээний алдагдал хүлээх нөхцөл байдал Монгол Улсад үүсэж байсан уу. Та Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ мэт тоон харьцуулалтыг сайн мэдэж байгаа шүү дээ?

-Би 1993 оноос хойш төсөв, санхүүтэй зууралдсан. 1990-ээд оны дунд үед Монгол Улс цалин тэтгэврээ тавьж чадахгүй, гурил будаагаар орлуулж өгдөг байсан. Төрийн алба татвараар мах, гурил ч авч байсан. Яг ийм хүнд үе өнөөдөр бий болчихоод байна. Яг үнэнийг хэлэхэд шүү дээ. 5.1 их наяд төгрөгийн алдагдал гэдгийг тооцоод үз. Бүхэл бүтэн Монгол Улсын төсвийн 85-90 хувь болчихоод байна. Ийм нөхцөлд төсвөө танахгүй, бүх цалинг өгнө гэж хэлж үнэхээр чадахгүй. Нийт аж ахуйн нэгжийн 50 гаруй хувь нь хаалгаа барьчихсан, гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ хүлээлтийн байдалтай зогсчихсон, бидэнд хийж бүтээж байгаа юм гэхээр маруухан талдаа орчихсон байна. Ийм үед төсвийг танахаас өөр аргагүй. Гэхдээ энэ таналтыг аль секторт, яаж хийх вэ гэдгээ зөв тооцоолох ёстой. Энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дээр үүнийг томъёолно. Гэхдээ энэ их амаргүй шийдвэр байна. Ард түмний хүсэн хүлээгээгүй тийм шийдвэр байх болов уу. Би тэгж л харж байгаа. Тэгэхгүйгээр ард түмний хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд хүссэн мөнгийг нь өгнө өө гэдэг шийдвэр гаргах юм бол үнэхээр тэр өгөх мөнгө нь алга. Бидэнд байхгүй. Тэгэх юм бол 1990-ээд онд цаасан дээр өр бичээд, нийгмийн даатгалыг нь суутгаад авчихсан хэрнээ даатгалыг нь төлдөггүй тийм л нөхцөл байдал руу орно. Ийм 1990 оны загвар хүлээж байгаа учраас ард түмэн ойлгоно гэдэгт итгэлтэй байна. 
-Цаг хугацааны хувьд?

-Хурдан хямралаас гарахын төлөө ажиллана. Үүний тулд ард түмний дэмжлэг хэрэгтэй. Харин тамын тогооны үлгэрээр бид бүхэн өөрсдөө ч асуудалд хандаж, сонгуулийн жил өнөөдрөөр дуусах гэж байгаа юм шиг хандах юм бол тамын тогооны үлгэрээсээ гарч чадахгүй. Санхүүгийн маш чанд сахилга баттай ажиллаж, нэлээн хатуу шийдвэрийг л гаргах хэрэгтэй.

-Та аль сектороос хэмнэлт хийх хэрэгтэй гэж харж байна вэ. Төсвийн тодотголын төслөөс харахад нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилт үндсэндээ өөрчлөгдөх нь гэдэг таамаг ажиглагдсан. Гэтэл их удалгүй орон нутгийн сонгууль болно. Сонгуулийн өмнө хатуу бодлого барих нь МАН-д бэрхшээл үүсгэх талтай шүү дээ?

-Мэдээж төсвийн тодотголын төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг орон нутгийн сонгуультай холбож ярих нь тодорхой. Гэхдээ ард түмэндээ хандаж хэлэхэд өнөөдрийн хийж байгаа төсвийн тодотголын төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг орон нутгийн сонгуультай битгий холбож ойлгоорой гэж хүсэх байна. Яагаад гэвэл бодит нөхцөл байдал нь өөрөө ийм байна. Үүнийг Засгийн газар, Сангийн сайд ард түмэнд хэлчихээд байхад бид наанаас нь шахаж, сонгууль болох гээд байна “Ингэж батал” гэж тулгах юм бол эргээд л худал хуурмаг руугаа орно. Иймд өнгөрсөн худал хуурмаг руугаа явах уу, алдаагаа засаад цаашаагаа явах уу гэдэг хоёр сонголтын өмнө ирсэн гэж ойлгож болно. Тийм учраас ямар ч асуудалгүйгээр алдаагаа засаад явах хоёр дахь сонголтыг ард түмнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна.

-Аль салбараас хэмнэлт хийх вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд агентлагуудыг цомхотголоо гэсэн. Гэтэл эргүүлээд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг бий болгосон. Тэр нь бүгд улсаас татаас авсан. Улсын үйлдвэрийн газар гэсэн байгууллагууд бас адилхан. Тэнд яаж л хүн шингээж, төрөөс цалинжуулж болох вэ гэдэг уралдаан болсон байна. Төрийн албаны орон тоог эрс нэмсэн. Үүнд анхаарал хандуулах ёстой. Татвар төлөөд, улс орныхоо хөгжилд хүч нэмэхээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн компаниуд чинь зүгээр гудамжинд ажилгүй яваа хүмүүсийг төрд оруулж тэжээхийн тулд татвар төлөөгүй. Ер нь бол бид бүтээе, босгоё, татвар нь зөв байгаасай гэж бодож, зүтгэж байгаа хувийн хэвшлээ дэмжих ёстой. Тэдний хичээл зүтгэлийг Монголын төр хүндэтгэж үзэх хэрэгтэй. Хүндэтгэж үзэхийн тулд чадварлаг, цомхон төрийг бий болгох хэрэгтэй.

-Монгол Ардын нам ялалт байгуулсан гэдэг утгаараа намынхаа гишүүдийг ажилтай болгоход анхаарах нь бараг л зүй ёсны эрх ашиг байж мэдэх юм. Иймд гурван хүнийг халаад хоёр хүн ажилд авдаг, хоёр хүнийг халаад нэг хүн ажилд авдаг дүрэм энэ удаад үйлчлэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ?

-Энэ асуудал УИХ дахь МАН-ын бүлэг дээр их яригдсан. Шүүмжлэл, хэлэлцүүлэг ч их өрнөсөн. Гэхдээ нэг зүйлд та бүхэн итгэх хэрэгтэй.

-Юунд?

-Монгол Ардын нам хэзээ ч дүн нуруугаа алддаггүй улс төрийн хүчин. Нэг еэвэнгийн хоёр талыг олон нийтэд харуулах маягаар хуурах сонирхол манай намын үндсэн зарчимтай нийцэхгүй. Иймд хэсэг бүлэг хүмүүсийн хэлээд байгаа шиг бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх алхам хийхгүй гэдэгт итгэж болно. Мэргэжлийн Засгийн газар гэдэгт хүмүүс олон янзын байр суурь баримталж байгаа. Мэргэжлийн бус гэдэг талаас нь ч тайлбарлаж байгаа. Миний хувьд харин ч мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан гэж бодож байгаа. Мэргэжлийн гэдэг үгийг хэлэхдээ менежер талаас нь харах хэрэгтэй. Маш сайн менежерүүд сайд болсон гэсэн үг л дээ. Гэр бүлд ч гэсэн сайн менежер гэр орныхоо ноён нурууг авч явдаг биз дээ. Тийм томилгоо болсон гэж итгэж байгаа.  Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт шаардлагаа тавина. Ажлаа хийж чадахгүй бол хариуцлага ч тооцно. Бид бүхэн үүнийгээ Засгийн газрын гишүүдэд байнга л хэлж байгаа.

-Төсвийн тодотголын төслөөр таналтыг сайн хийсэн ч гэсэн хуримтлал бий болгож чадахгүй болов уу гэж бодогдсон. Энэ тохиолдолд ирэх оны гуравдугаар сараас төлж эхлэх бондын төлбөрийг хэрхэн төлөх вэ. Засгийн газар дахин бонд гаргах уу. Энэ талаар хувилбар бий юу?

-Энэ Засгийн газар болоод одоогийн УИХ-ын толгойны өвчин болж байгаа нэг чухал асуудал нь наад бондын чинь эргэн төлөлт. Үүнийг ард түмэн ч мэдэж байгаа. Ирэх жилүүдэд энэ бондын төлбөрийг төлөхөд улсын төсвийн санхүүжилтийн ихэнх хувь нь явна. Тэгэхээр үүнийг яах вэ гэдэг нь хамгийн эмзэг асуудал юм. Гэхдээ одоогийн нөхцөлд хэрхэн төлөх вэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Ажлын хэсэг үүн дээр гарч ажиллаж байгаа. Хөмөрсөн тогоо шиг болчихсон ийм эдийн засгийг хэрхэн сэргээх вэ гэдгийг энэ оны төсвийн тодотголын төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байж л шийднэ. Гол нь төсвийн бүх цоорхойгоо нөхөх гээд өнгөрсөн Засгийн газар шиг 7-11 хувийн хүүтэй 750 сая ам.долларын зээл аваад түүнийгээ 2-3 сарын дотор тараагаад дуусгадаг ийм эдийн засагтай байх юм бол бид нар цаашаагаа явахгүй. Одоо бид зээл аваад төлнө гэхээр манай улсын зээлжих зэрэглэл буурчихсан учраас 10-12 хувийн хүүтэйгээр зээл өгдөг олон улсын банк санхүүгийн байгууллага бидэнд олдохгүй. Тэгэхээр үнэхээр бидэнд монгол хүний оюун ухаан, чин сэтгэл, зүтгэл тэвчээр хэрэгтэй байна. Яаж зөв бодлого боловсруулах вэ, зөв арга зам хэрэгжүүлэх вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Эцсийн дүндээ энэ чинь тусгаар тогтнолоо хадгалж үлдэх тухай яриа юм.

-“Эдийн засгийн хувьд тусгаар байдлаа алдчихлаа” гэдэг дүгнэлтийн тухайд Та санал нийлэх үү?

-Эдийн засгийн хувьд амаргүй байна. Гэхдээ бид өнөөдөр бүх зүйлд бас гутранги байдлаар хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тусгаар байдлаа алдчихлаа, санхүүгийн хувьд Монгол Улс сөнөчихлөө гэх мэтээр хоёр эмээ  хоорондоо ойр зуурын юм ярьж байгаа юм шиг хандаад байж болохгүй. Зоригтой, зөв шийдвэр л гаргах хэрэгтэй. Энэ шийдвэр өнөөдөр ард түмний амьдралд хүнд туслаа гэхэд магадгүй нэг, хоёр жилийн дараа эргээд эерэг тусах ёстой. Энэ үр дүнг харж л ажиллах хэрэгтэй байна.

-“Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийг монголчууд бус гадаадын олон улсын байгууллага удирдана гэдэг шүүмжлэлийн талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Хувь хүнийхээ байр суурийг хэлье. Цаг алдалгүй Олон улсын валютын сантай хамтарч ажиллаж, "Стэндбай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Тэгж байж улс орны эдийн засгийн хурдан хугацаанд сэргээх боломжтой.

-Гэхдээ эдийн засгийн эрх чөлөө бусдын гарт шилжих зовнилын тухайд?

-Монгол Улс өмнө нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Тодорхой үр дүнд ч хүрч байсан. Хамтарч ажилласан туршлагаа ашиглах хэрэгтэй. Дотроо гурван янзын хөтөлбөр байдаг. Аль хэрэгтэйг нь зөв сонгох нь чухал. Богино хугацаанд хэрэгжүүлж, санхүү, эдийн засгийн бодлого нь зөв чигтээ явлаа гэдэг мессэж өгөх нь чухал байгаа юм. Цаашдаа эдийн засгийн чадавхиа хэвийн хэмжээнд аваачсан даруйдаа хөтөлбөрөөс гарахад бидэнд алдах юм байхгүй. Ер нь нэг зүйлийг хэлэхэд бүх зүйлийг сөрөг талаас нь ойлгох гэж чухалчлах хэрэггүй. Дэлхийн эдийн засаг нь хүндэрсэн улсууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, бэрхшээлээсээ гарсан тохиолдол олон.

-Одоогийн “Хасна, танана” гэсэн шийдвэрүүд Монгол Ардын намын үндсэн чиг үүрэгтэй зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Нэг ёсны зүүний хүчний намын хувьд ирээдүйд баримтлах бодлогод тань өөрчлөлт орох шаардлага гарч мэдэхээр юм?

-Намын үзэл баримтлалаас эсрэг байгаа юм байхгүй. Хэрвээ та гэртээ 100 мянган төгрөгөөр хүнсээ цуглуулах ёстой байтал энэ мөнгө тань дуусчихвал та нэмж худалдан авалт хийж чадахгүй болно оо доо. Үүнтэй адил байхгүй мөнгийг өгнө гэж амлахын оронд бодит байдал дээрээ тулгуурлаж шийдвэрээ гаргаж, хэрэгжүүлчихээд дараагийн боломжоо хурдасгах арга замыг хайх нь зөв биз дээ. Бидэнд дөрвөн жил байна. Одоо сууриа зөв болгож чадвал цаашид намын бодлогоо зөв хэрэгжүүлж чадна. Гол нь дахиад хэлье. Өнөөдрийн боломж нь л энэ байна. Бидний бодож байснаас хоёр, гурав дахин муу эдийн засгийг хүлээж авсан гэдгээ дахиад хэлье.

-Өнгөрсөн дөрвөн жил УИХ дахь МАН-ын бүлэг “Монгол Улсын өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн байна” гэж мэдэгдэж байсан. Өнөөдөр бодит байдлыг дүгнээд үзэхэд та бүхний хэлж байсан үнэн байх юм уу?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувьтай өрийн хэмжээ тэнцсэн гэдэг мэдээллийг Сангийн сайд хийсэн. Энэ бол аюул.

-Гэхдээ та бүхэн Ангаргаас гэнэт бууж ирээгүй. Тэр утгаараа бодит нөхцөл байдлыг дүгнэж байгаа та бүхний хариулт өөрөө өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний үүргээ хангалттай сайн биелүүлж чадаагүй юм уу гэдэг асуулт тавихад хүргэх юм?

-Сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлж чадаагүй гэдэгтэй би санал нийлэхгүй. Зарчмын хувьд зөв чиг шугам барьж ажиллаж чадсан. Гагцхүү эрх баригч хүчний зүгээс өгч байсан мэдээлэл нь өөрөө хөөсрөлт байсан байна. Тэд эрх мэдлийг мөнх гэж ойлгож байсан байна. Эрх мэдлээ далимдуулан нуун дарагдуулж болно гэж ойлгож байсан бололтой байна. Энэ бүхнээс үүдээд өнгөрсөн дөрвөн жилийн алдаанаас Монгол Ардын нам сайтар суралцах хэрэгтэй. Дахин ийм алдаа гаргаж болохгүй. Өнөөдөр цөөнх болсон сөрөг хүчин, МАХН болон бие даагч гишүүдийнхээ санаа бодлыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Тэдний үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй.

-Та бүхэн сөрөг хүчин битгий хэл өөрийн намын УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг ч бүдүүлгээр зөрчдөг УИХ-ын даргатай байж үзсэн болохоор үүн дээр алдахгүй гэж хичээж байгаа хэрэг байх. Тийм үү?

-Тийм даргатай ч байж үзсэн шүү. Одоо ийм байсан, тийм байсан гэж хүнийг элдвээр хэлээд яах вэ. Гэхдээ Ардчилсан намын ялагдлын хамгийн гол эздийн нэрийг нэрлэ гэвэл яах аргагүй Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга байсан хүнийг хэлнэ.

-Таны үгэн дээр “За өнгөрснийг яриад яах вэ. Хүн буруутгаад яах вэ” гэдэг үг нэлээн олон удаа давтагдлаа. Энэ нь эргээд нөхцөл байдлыг бий болгосон хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй гэх олны санаа бодолтой зөрчилдөх биш үү?

-Би өнгөрсөнтэй зууралдаад яах вэ гэснээс бус хариуцлага тооцох хэрэггүй гэж хэлээгүй шүү. Өөрөөр хэлбэл, нэг юм ярихдаа л Ардчилсан намын алдаа, тэр гишүүний алдаа гэж давтаад байх нь илүүц хэрэг. Харин хариуцлага тооцохын хувьд зуун хувь санал нийлнэ. Хариуцлага тооцохгүйгээр ямар нэг байдлаар цаашаа явна гэж байхгүй.

-65 гишүүнтэй бүлгийн дарга гэдэг хэр хэцүү алба бэ. Мөн ийм олон гишүүнтэй бүлэгт нэг УИХ-ын гишүүний үнэлэмж гэдэг зүйл буурна гэдэг яриа бий. Тэртээ тэргүй нэг гишүүн ирээгүй гэхэд 64 гишүүний ирцээр асуудлыг шийдчихнэ гэдэг ч юм уу?

-Манай намын гишүүдээс ийм дүр зураг нэхээд хэрэггүй дээ. Бидэнд төлөвшил бий. Бүлгийн дарга гэдэг бол илүү их эрх мэдэлтэй боллоо гэсэн үг биш. Харин зохион байгуулалт хийх үүрэгтэй л хүн. Хэн нэгнийг үгүйсгээд, өөр нэгнийг өргөөд байдаг албан тушаал бол бүр биш. Ерөнхийд нь өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнийг хараад байхад их чадварлаг баг бүрдсэн. Тэгэхээр манай намын бүлгийн гишүүдийг нийгэмд эрэмбэ тогтоож ойлгох хэрэггүй юм. Бүгд тэгш эрхтэй, өндөр боловсролтой, зан суртахууны төлөвшилтэй улстөрчид.

-Гэхдээ энэ хүчтэй бүлгийн зүгээс алдаа гарвал ард түмэнд илүү тод харагдах эрсдэл үүснэ. Тэр дундаа өнгөрсөн хугацаанд дангаараа 72 суудалтай бүлэг байгуулж байсан түүх ч танай намд бий. Нэг ёсны өнөөдрийн ялалтад ташуурвал ирээдүйн ялагдал руу хальтрах магадлалтай. Тэр утгаар бүлгийн сахилга, зохион байгуулалтын өмнө та маш том хариуцлага хүлээж байгаа нь тодорхой шүү дээ?

-Бид дотроо маш сайн ярилцсан. Тэр дундаа өнгөрсөн дөрвөн жилийн алдааг давтах ёсгүй гэдэг дээр гол саналаа нэгтгэсэн. Тэдний алдаа бол таны асуултын хариулт юм. Тиймээс л өнгөрснөөсөө суралц гээд байгаа юм. Дээр нь, манай нам бол сахилга баттай нам. Олонхийн шийдвэрээр эцсийн шийд гарсан байлаа гэхэд эсрэг санал өгсөн хүн нь бусдынхаа хүндэтгээд явдаг зарчим манайд үйлчилдэг. Мөн бүлгийн ажлын дэг журам гэж бий. Үүнд бүгд захирагдах ёстой. Энэ бол ганц бүлгийн даргын асуудал биш. Бүлгийн гишүүдийн ухамсартай л холбоотой асуудал.

-Эрх баригч, тэр дундаа 65 гишүүнтэй бүлгийн даргын алба гэдэг бол өнөөдрийн төрд их том албан тушаал шүү дээ. Та магадгүй туршлагатай улстөрчийн хувиар энэ нөлөөллийг дарж хариулаад байх шиг байна?

-Энэ бол намын гишүүдийн маань надад үзүүлсэн итгэл. Түүнээс бус эрх мэдэл гэж үзээд бусад гишүүдийнхээ дээр гараад суучихна гэсэн үг биш л дээ. Миний хувьд эрх мэдэл гэдэг утгаар нь бус харин ажил явуулах гэдэг талаас нь хүндэтгэж ажиллана. Тодорхой менежмент хийнэ л гэсэн үг юм.

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ гишүүнтэй хэр ойлголцож ажиллахаар байна?

-С.Эрдэнэ гишүүнтэй өнгөрсөн найман жилийн турш парламентад хамтарч ажилласан. Тэр утгаараа харилцаа тун сайн. Бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Сая УИХ-ын байнгын хорооны гишүүдийг томилоход хүртэл их сайн ойлголцсон. Би “Манайх бүлгийн гишүүдээ хоёр, хоёр байнгын хороонд оруулна. Харин танайх хэт цөөхөн байгаа учраас нэг гишүүнийг гурван байнгын хороонд оруулах уу” гэдэг санал тавиад л тохиролцсон. Энэ мэтчилэн өөр хоорондоо хүндэтгэлтэй хандаж ажиллана. Тэгээд ч би Ардчилсан нам гэдгийг есөн гишүүнтэй бүлэг гэж харахгүй байгаа. Энэ намын олон мянган гишүүн тэдний ард бий. Ер нь Монгол Ардын нам бусад улс төрийн хүчнээ буруутган шүүж, ганцаараа ачаа үүрнэ гэж зүтгэх бус бусад намуудтай, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, ард нийттэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй. Ташуур өгөхдөө өгч, дэмжихдээ дэмжих нь чухал. Ерөөсөө л “Нэг Монгол” гэдэг зарчмаар хамтарч ажиллаж чадах юм бол энэ хямралаас ангижирч чадна. Парламентад суудалтай, суудалгүй нь ч намуудын хувьд хамаагүй. Хүрэх модоо харж л хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэгж чадвал яаж хүрэх зөв шийдлээ олж чадна.

-Өнгөрсөн парламентад танай нам бүлэг байгуулах чадахгүйдээ хүрч байсан. Энэ нөхцөл байдал та бүхэнд сургамж болсон уу?

-Төрийн ажилд зуумтгай чанар байж болохгүй. Би үүнийг төрийн албанд ажилладаг бүх хүнд хэлдэг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жил бид нарыг ингэж хохироосон гэж хандах нь МАН-ын арга барил биш. Харин ч илүү нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол сүүлдээ ажил хийж чадахгүйдээ хүртэл байдалд хүрнэ. Энэ чинь төрийн ажил шүү дээ.

-Одоо яг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуухад төсвийн төслийг хамгийн их тэлдэг хүмүүс нь УИХ-ын гишүүд байдаг. Тэр дундаа жижиг 76 тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд тойрог руугаа хөрөнгө оруулалт татна гэдэг их том эрх ашиг. Тиймээс тойргийнх нь болон хувь улстөрчийнх нь эрх ашигтай холбогдуулаад үзэхэд гишүүдэд ер нь итгэж болох уу. Төсвийн төслийг нэмэхгүй гэдэгт?

-Үнэхээр төсвийг хамгийн их тэлдэг хүмүүс нь УИХ-ын гишүүд. Өнгөрсөн хугацаанд тийм байж ирсэн. Одоо үүндээ анхаарах хэрэгтэй. Бүгд сонгогдсон тойргийнхоо асуудлыг шийдэх гэж үзнэ байх. Гэхдээ манай бүлгийн 65 гишүүн гэхэд тойрогтоо хөрөнгө оруулалт нэмэх гээд ч мөнгө байхгүйг маш сайн ойлгож байгаа. Тэр байтугай батлагдсан зүйлээ өгөх гээд ч мөнгө нь байхгүй хасах, танахдаа тулчихаад байхад шүү.

-Гэхдээ мэдсээр байж нэмдэг дээ?

-Алдаагаа давтахгүй байх ёстой гэдгээ л дахиад хэлье дээ. Үнэхээр шинээр баригдсан ч цөөхөн тооны төсөв дутчихсан сургууль, цэцэрлэгийн барилгыг бол дуусгах ёстой. Яагаад гэхээр жил ирэх тусам санхүүжилт нь нэмэгдэх талтай учраас нэг мөр ашиглалтад оруулах нь зөв. Харин бусад хөрөнгө оруулалтын тухайд боломжгүй.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбогдуулсан УИХ дахь МАН-ын бүлэг эцсийн байр сууриа нэгтгэсэн үү. Энэ талаар шинэ мэдээлэл байна уу?

-УИХ-ын дарга М.Энхболд анхны чуулганы хаалтын хуралдаан дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргах хэрэгтэйг онцолсон. Одоогийн бүлгийн хуралдаанаар дүгнэлтийг хэлэлцээгүй байгаа.

Г.Отгонжаргал

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

хашир      ip : 202.131.252.213 2016-08-27 21:54:26
Нэрээ нууцалсан нэгэн мэдэлтнээс сонссоноо хуваалцая. АН 2016 оны сонгуульд ялагдах сонирхолтой байсан гэнэ. Учир нь цаашид улс орноо авч явж чадахгүйгээ мэдэрсэн юм байх. Тэгээд МАН-аар ирэх 4 жилд жаахан засуулаад 2020 онд дахин эрхээ авах бодлого барьж байгаа гэлээ. Үнэн бол уу??





(0/800)