“Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Данийн гоёл чимэглэлийн Durberg Kern брэндийн нүүр царай болсноо зарлаж, зургаа олон нийтэд дэлгэсэн нь цахим ертөнц болон олон нийтийн дунд дуулиан болсон билээ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь олны анхаарлыг татаж, дуулиан дагуулсан шигээ үр дүн харуулдаг түүнтэй ярилцана гэдэг тун сонирхолтой. Гэхдээ сэтгүүл зүйн тухай биш.
-Сайн байна уу. Тантай ярилцлагаа эхлэхээс өмнө нэг зүйлийг тохирмоор байна?
-Юуг тэр вэ.... ?
-Сэтгүүл зүйн талаар ярихгүй шүү гэж. Учир нь, таны сэтгүүл зүйтэй холбоотой намтар, үйл хөдлөл бүхэн олны өмнө ил байдаг. Ёстой дэлгэсэн тэрлэг шиг ч гэж хэлж болно. Ийм байхад тэр бүхнийг давтах нь утгагүй санагдсан хэрэг л дээ?
-Нээрээ тийм ч юмуу. Сэтгүүл зүйн тогоонд нэлээд хэдэн жил буцаллаа. Миний амьдрал үзэгч, уншигчдын өмнө ил явсаар иржээ. Алдсан ч, оносон ч үгээ залгиж, үйл хэргээ далдлаж яваагүй болохоор гарын алган дээр байгаа мэт явсан байх шүү.
-Харин өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн тэр гурван зураг бол яах аргагүй тэсрэлт гэмээр үр дүнг дагуулсан. Олон хүн таныг хатуу, ширүүн, хэцүү хүн гэж бодож байж мэднэ. Гэтэл Durberg Kern брэндийн нүүр царай болж авхуулсан тэр гурван зураг эмэгтэй хүний тань хувьд дотооддоо нууж явдаг олон сайхан чанарыг тань илэрхийлсэн байхыг үгүйсгэх аргагүй?
-“Туйлын туяа мэт туйлын ихэмсэг оршихуй гэж гоё үгээр тайлбарласан байна билээ. Туйлын туяаг, хүссэн нэгэн байгаа байршлаасаа дуртай үедээ харах боломжгүй шүү дээ. Заавал зорьж очиж байж харна, тэр гайхамшгийг мэдэрнэ. Тийм үү. Тэр нь мэдээж дахин давтагдашгүй. Durberg Kern бол дахин давтагдашгүй өвөрмөц, нууцлаг тэгээд хүчирхэгийн илэрхийл. Брэнд өөрөө надад таалагдсан. Сурталчилгааны зураг маань олон хүнд эерэг сайхан сэтгэгдэл төрүүлсэн бол би баярлаж байна. Энэ компанийнхан өнгөрсөн жил нэвтрүүлэгч С.Чимгээг нүүр царайгаа болгож байсан. Харин надад өнгөрсөн зургаадугаар сард санал тавьсан.
-Та лав шууд зөвшөөрөөгүй байх. Тийм үү?
-Ёстой гайхсан. Би чинь гоёж гангалахыг мэддэггүй, нүүрээ ч олигтой буддаггүй, нэвтрүүлэгтээ ч байгаагаараа орчихдог хүн шүү дээ. Энэ зан маань ч бас багагүй шүүмжлэл дагуулдаг. Харин сүүлдээ үзэгчид ч тэр дүр төрхөөр минь хүлээн зөвшөөрдөг болсон байлаа. Тийм болохоор дүр төрхөө өөрчлөх, стиль имиж тодорхойлуулах тухай бодож ч байсангүй. Ийм хүнийг Durberg Kern брэндийг Монголд оруулж ирсэн “Супер рубин” компаний захирал Э.Халиун төрхийг минь өөрчилж брэндийн нүүр царай болгоно гэхэд би үнэндээ ойлгоогүй. Тоогоо ч үгүй. Гэвч эцэст нь стиль имиж хөөхөөс илүү сэтгүүл зүйдээ үнэнч, яаж чанартай нэвтрүүлэг, чанартай нийтлэл төрүүлэх тухай боддог хүний тархийг энэ хэдэн залуус “угаачихлаа”. Тэд “панаалдаж” чадсан. Тэдний гараас би уран бүтээл болж гарсан. Энэ залуус бол үнэхээр чадварлаг баг байна. Яг манай Цензургүй баг шиг.
-Шийдвэр гаргахад гол нөлөөлсөн үг нь юу байв?
-“Манай брэнд хүчирхэг, чанга, хатуу зоригтой, зарчимчэмэгтэйчүүдийг нүүр царайгаа болгодог онцлогтой. Гэхдээ эмэгтэй хүн гоё сайхан байх ёстой. Гоо үзэсгэлэнтэй байх хэрэгтэй” гэж их ухуулсан. Тэгэхээр нь би “Би хүчтэй хүн биш ээ” гээд л зөрүүдлэх жишээтэй.... /инээв/
-Гэхдээ л та панаалдуулчихаж. Харин “Хүчтэй биш” гэдгийн тухайд би ч бас эсрэг дүгнэлт өгөх юм байна. Та бол яах аргагүй хүчирхэг эмэгтэй?
-Хүмүүс харин намайг тэгж дүгнэдэг юм шиг байна лээ. Хурц, дайчин, хүчирхэг, зоригтой ... гээд л. Харин би өөрийгөө ёстой тэгж боддоггүй. Миний нэвтрүүлэг хөтөлж байгаа байдал, бичиж буй нийтлэл л тийм сэтгэгдэл төрүүлдэг байх. Дээрээс нь “Гоо үзэсгэлэнтэй” гэхээр ёстой санаанд багтахгүй юм билээ. Гоо үзэсгэлэн гэдэг загвар өмсдөг, зургаа авахуулдаг 20 гаруй насны охидод байдаг гэж итгэдэг хүний хувьд шүү. Ер нь нэлээн юм болж байж зураг бүтсэн. Гуравхан зураг “бүтээх”-ийн тулд тэр хүмүүсийг ч бас зовоосоон, зовоосон.
-Танд харин хэдийд нь “Бас болох юм байна шүү” гэдэг бодол төрсөн бэ?
-Зургаа facebook-т тавьсан өдрөө л мэдсэн.
-Хүмүүсийн сэтгэгдэлээр үү?
-Тийм ээ. Өмнө нь ичээд, ер нь болих уу гэж ч хэлж байсан. Нөгөө хүмүүс маань л эсрэгээрээ урам өгөөд байснаас бус итгэл нэг л төрж өгөхгүй. Яг л хэрэг хийчихсэн хүн шиг түгшээд л, дальдчаад л... Гэхдээ одоо бодоход нэг өдрийг ч гэсэн огт өөр ажил хийж, сайхан дурсамж бүтээж, дараа ийм дүр төрхтэйгөөр гэрэл зургийн хальснаа үлдэнэ гэдэг сайхан юм байна гэж бодогдож байна шүү, одоо.
-Сэтгэгдэл баахан уншсан уу?
-Зөндөө уншсан. Одоо ч гэсэн уншиж л байна. Шоолсон тохуурхсан байх даа л гэсэн хүлээлт маань огт өөр хариу сонссон. Урам өгсөн та бүхэнд их ч баярлалаа. Магадгүй магтуулахаасаа шүүмжлүүлэх нь элбэг, хатуу үг ханатлаа сонсож доромжлуулж яваа надад гэнэтийн бэлэг шиг л санагдаж байна. Ингэж удаан байвал “дүрдээ итгэж” мэдэх л юм байна. /инээв/
-Гол нь эмэгтэй хүний тань хувьд нуугдмал гоё сайхан чанарыг тань хүмүүс тэр бүр мэддэггүйд энэ их гайхшрал, шагшрал, магтаалын учир оршиж байж болох юм?
-Намайг огт мэддэггүй хүмүүс л миний тухай хамгийн их мэдэмхийрцгээдэг. Ер нь намайг эмэгтэй хүн, эх хүн гэдгийг хамгийн сайн мэдэх нь миний гэр бүл. Надад байдаг алдаа оноо хийгээд бусдаас ялгарах сайн сайхан гээд миний нандин бүхнийг ч тэднээс минь илүү мэдэх хэн байх билээ. Энэ л надад хангалттай. Бусад нь тэгж боддоггүй байх. Ямарсайндаа Март-8-аар “За, юу байна...Өвгөөн. Би ажлынхаа хүүхнүүдийг баярлуулах гээд явж байна. Дараа яръя” гээд баяр ч хүргэлгүй утсаа таслах явдал элбэг шүү дээ. Надад бэлгэнд голдуу үзэг, коньяк ирдэг гэдгээс ч тэр хандлага харагддаг. Зарим нь ч намайг эмэгтэй гэхэд “эргэлздэг” байх. Би ч энэ байдалдаа дасчихаж. Улстөрчдийн зүгээс, нийгмийн зүгээс хатуу үгээр балбаж л байдаг. Ингэх л ёстой юм шиг тоохоо ч байж дээ. Харин яг ийм дасал болсон нийгмийн сэтгэл зүйг гуравхан зургаар өөрчилж, өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ хүчтэй мэдрүүлж ийм их талархал, магтаал бас атаархал хүлээн авна гэдэг ... гоё юм байна.
-Хацар дээрээ улаан мэнгэтэй, шулуун үстэй зураг. Хүмүүсийн магтаал, сэтгэлийн үг яг тэр зурган дээр илүү бууж байх шиг санагдсан?
-Яг үнэндээ надад тэгж зураг авахуулна гэхээр ерөөсөө сэтгэлд буугаагүй. Жартгар нүд, шанааг тань тодруулна гээд будаад эхлэхээр дотроо дургүй байсан. “Ийм зураг авахуулахгүй” гэж ч хэлж үзсэн. Харин тэд нар миний үгэнд ороогүй. “Харин ч гоё болно. Ази төрхийг гаргаж ирнэ ээ. Та бол жинхэнэ монгол төрхтэй эмэгтэй” гээд л зүтгэсэн. Энэ зургандаа би маш дургүй байсан. Ер нь энэ зурагнаас болоод гэрээгээ цуцлах бодол гэнэ гэнэхэн төрсөөр л байлаа. Гэхдээ тийм олон хүний хөдөлмөр зүтгэлийг устгах зориг хүрэхгүй суутал зураг гарчихсан. Одоо харахад надад гоё санагдаж байгаа. Хүмүүсийн өгсөн урам ч тэгж нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй.
-Эмэгтэй хүн 40 гараад ирэхээрээ жинхэнэ төгс сайхан болдог тухай утга зохиол, урлагийн нэр хүндтэй төлөөлөл бүгд магтан дуулдаг. Ер нь ч ажил, амьдрал тэгшрэхтэй зэрэгцээд ганц нэг нүд имэрч тодорсон үрчлээ хүртэл өнгө нэмдэг тийм л нас шиг санагддаг. Таны нөгөө хоёр зураг дээр харин тэр төрхийг илүү тодруулсан байна билээ?
-Харин тийм. 40 гарсан хойноо л зургаа авахууллаа. Энэ маань буруу алхам болсонгүй. Харин 40 насны тухайд ярих юм бол энэ нас өөр рүүгээ эргэж нүүсэн нас юм байна. Юм юманд давчдан чөтгөрт хөөгдсөн юм шиг гүйж сандарч яарч явдаг үе дуусч, тайван хүлээцтэй болж байна. Хийхээсээ өмнө боддог, гомдож туних биш тэсч, тэвчиж өнгөрүүлдэг болж. Тэвчээр, ухаарал, уучлал голлодог нас юм болов уу. Миний хувьд тийм л мэдрэмж төрж байна. Бас гэр бүлдээ их цаг зарцуулахыг, тэдэнтэйгээ аль болох хамт байхыг, элдэв амттан хийж тэднийгээ баярлуулахыг боддог болсон байна.
-Энэ чинь гэхдээ таны мөн чанар шүү дээ. Гэр бүлийн тухайд. Олон жил удирдлагад тань хамт ажиллахад хүндэтгэх нэг том шалтгаан бол яалт ч үгүй гэр бүлдээ ханддаг хандлага тань байсан. Магадгүй хөндлөнгийн хүмүүст энэ чанар тань мэдээж мэдэгддэггүй, анзаарагддаггүй байсан байх. Та бол их нялуун ээж. Бүр хэтэрхий гэмээр?
-Нээрээ тийм шүү , ёстой нялуун ээж. Нөхөртөө бас их эрх. Тунина, эрхлэнэ. Ер нь би өөрийгөө их сайн ээж л гэж боддог. Хүмүүс мэдэхгүй л дээ. Ямар сайндаа бууз хийгээд зургийг сошиалд тавьсан чинь “Өө, энэ хүн чинь “Цензургүй яриа”-аас өөр юм бас хийж чаддаг юм байна” гэсэн сэтгэгдэл олон байсан шүү. Ер нь би хоёр дүртэй амьдраад байгаа юм болов уу. Эсвэл нийгэм надад хоёр өөр дүр төрх бүрдүүлж өгөөд байна уу. Ажлаа хийхээрээ бүх юмыг мартчихдаг. Гэртээ бол бүх ажлаа мартдаг. Өөрийн гэсэн энэ л гал голомтдоо гэр орондоо байхдаа эмэгтэй хүн, эх хүн, эхнэр хүн байхыг хичээдэг.
-Харин өнгөрсөн цаг хугацааны тухайд бол хэнд ч ярих юм их байдаг даа. Сэтгэлд тань харамсах, “Ингэдэг байж. Тэгдэг байж” гэх бодол төрөх юм уу?
-Ёстой харамсдаггүй. Хаяа өнгөрсөн амьдралаа уут савны ёроолыг эргүүлэн гүвж байгаа мэт бодож суухдаа миний туулсан амьдралд харамсах зүйл байхгүй юм байна гэдэгтээ улам бүр итгэдэг. Ийм бодол тээх бүртээ өөрийгөө азтай эмэгтэй юм байна гэж боддог. Ялангуяа гэр бүлийн хувьд өөртөө 100 хувь сэтгэл хангалуун. Хорвоод бүсгүй хүн болж төрснийхөө жаргалыг эдэлж хоёр сайхан үр төрүүлсэн. Эмэгтэй хүнийхээ хувьд утга учиртай амьдарч байна гэж итгэдэг. Мэдээж гаднаас харахад хүн өөр л харагддаг байх. Их зоригтой, хүчирхэг гэхээр яагаад тэгж хэлээд байгааг нь ойлгодоггүй. Уг нь би чинь их аймхай хүн. Хүнд амархан итгэнэ. Тэр чинээгээр хууртана. Хууртахаараа шимширнэ. Залуу байхдаа яг л үхэх шахдаг байлаа. Харин одоо бол дуугүйхэн инээмсэглээд өнгөрч чаддаг болсон. Энэ хорвоод хобби минь мэргэжил болж түүгээрээ ажиллаж амьдарч чадаж байгаадаа бараг 200 хувь жаргаж байна даа, би.
-Таныг ингэж бардам хэлэхэд нөхрийн тань нөлөө хамгийн их байж таараа. Тийм үү?
-Энэ тухай хэлэхэд ч үг багадах. Би үнэхээр сайн нөхөртэй. Тийм ч учраас эмэгтэй хүн шиг амьдарч чадаж байна. Гал тогоондоо эргэлдэх дуртай шалтгаан маань ч энэ. Манай нөхөр надад “Хэрвээ чи надтай суугаагүй бол аль хэдийнээ нисээд явчих байсан” гэж хэлдэг. Үнэн. Худал, үнэн нь мэдэгдэхгүй элдвийг ярьж, хөөрч дэвэлгүй хөрсөн дээрээ амьдарч байгаа минь үнэхээр миний нөхрийн ач. Би орой үдэш нэг их шаардлагатай биш бол гадуур гараад байдаггүй. Манай нэг найз саяхан “Чи наад гэлэнмаа шиг амьдралаа болиоч. Ажлаа хийчихээд л бусад үед гэртээ шигдчих юм” гэж хэлсэн. Харин надад бол энэ гэлэнмаа шиг амьдрал минь их зөв юм байна гэж бодогдсон. Тэгэхгүй “Би л сэтгүүлч. Би л тэмцэх ёстой” гээд дүүлээд байвал хэцүү биз дээ. Тэгээд ч өөрийгөө би тэмцэгч гэж боддоггүй. Манай нөхөр ер нь надтай суухдаа сэтгүүлч Мөнхбаясгаланг сонгоогүй. Эгэл жирийн сайхан ээж болж амьдралд нь түшиг болох сайн эмэгтэй гэж бодоод л сонгосон байх. Эмэгтэй хүн ер нь ямар үед үзэсгэлэнтэй байдаг гээч?
-Та өөрөө л хариулах нь дээ?
-Эмэгтэй хүн эр хүний хажууд л үзэсгэлэнтэй байдаг. Эр хүний хажууд л улам гоё өнгө орж жавхаажиж байдаг. Би тийм л хүн. Нөхрийнхөө хажууд илүү өөртөө итгэлтэй болж, үр хүүхдийнхээ дэргэд илүү аз жаргалтай болдог.
-Гэхдээ бас их сул дорой болдог юм шиг санагддаг. Наад зах нь, шийдвэр гаргах чадвар алдагддаг байж магадгүй. Заавал ямар ч асуудлыг нөхөртэйгээ ярьж, асууж байж шийддэг. Ганцаараа шийдвэр гаргах гэхээр яагаад ч юм чаддаггүй?
-Тийм шүү. Би ч гэсэн нөхрийнхөө үгийг л хардаг. Заавал ярина. Ер нь эр хүн байхгүй бол энэ амьдрал утгагүй л дээ. Эр хүний оролцоогүй гаргасан эмэгтэй хүний шийвдэр ямар байдаг билээ дээ.
-Гэхдээ сайн эр хүн?
-Яг үнэн. Хүний яаж амьдрах нь ханиас шалтгаалдаг. Таарч тохирох хань ижилтэйгээ таарах нь бурханы хишиг юм даа. Ёстой жинхэнэ эр хүн хажууд байгаа учраас л би өдий зэрэгтэй яваа юм шүү. Эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг илүү тодруулж, тэр өгөгдлүүдийг нь цэцэг шиг тордож багсайтал ургуулан амьдардаг хань ижил байна гэдэг их том аз завшаан. Тиймээс би “Жинхэнэ эрчүүдийг хөвгүүдээс ялгаж чаддаг” гэж онгирдог хүн дээ.
-Нэг удаа “Алмаз зүүх нас чинь болоогүй ээ” гэж нөхрийн тань танд хэлэхийг сонсож байлаа?
-Би өөрөө ч бас тэгж боддог. Сүүлийн үед манайхан брэнд цүнх, ганган машин, цагаан алт, алмаз, үнэтэй гар утас, брэнд хувцас рүү шуурах болсон. Гадаад үзэмж хүнийг чимдэггүй юм. Хэлбэр үзэмж хөөсөн “найз”-ууд надад ч байна. Эр ч бай, эм ч бай зайнаас л харагдах үзэмж юм биз. Гэтэл тэдгээр эд юмсдаа өөрөө гологдчихсон давхиж явбал эмгэнэлтэй биш гэж үү. Харин тэр бүхнийхээ чимэг нь болж амьдарвал өөр. Жишээ нь, хотын төвөөр шинэ загварын бенз жийп унасан охид, залуус давхиж яваа харагддаг. Машиндаа гологдчихсон, жулдчихсан байх нь бий. Оюун ухаант хүн атлаа эд юмсад гологдож тэрнийхээ чимэг зүүлт төдийхөн үзэгдэж амьдарвал гутамшиг. Уг нь бенз гэдэг машин чинь нэр төр, эд хөрөнгө, алдар гавьяаны үнэлэмж. Бенз унах амьдралыг өөрөө бүтээж, өөрийн мөнгөөр авсан тийм хүн л тэр машиныг унавал гоё харагдана. Би л хувьдаа тэгж боддог. Гэтэл юу ч хийж чадахгүй, юу ч бүтээж дөнгөөгүй хүүхэд унахаар муухай харагдаад, хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Ганцхан машин ч биш цүнх гутал хувцас бүх эд хэрэглэлийнхээ боол нь болчихсон бүү яваасай л гэж орчин үеийн гангачуудад хэлмээр байдаг даа. Ер нь хэлчихье.
-Харин таны хувьд. Эд хэрэгсэлийнхээ чимэг нь болж чадсан уу?
-Би чадахын төлөө ажиллаж байна. Гаднахаасаа илүү доторхоо чимэхийг л эрхэмлэж явна даа. 50 нас хүрэхэд их ч зүйл өөрчлөгдөнө байх гэж итгэдэг.
-Ер нь 50 нас хүрэхэд гээд бодохоор танд ямар зураглал төсөөлөгддөг вэ?
-Зөндөө, зөндөө. Анх “Цензургүй яриа”-г эхлүүлэхдээ “Би таван насаар ахимаг байсан бол энэ нэвтрүүлэг солиотой гоё болох байж” гэж боддог байлаа. Одоо тэр мөрөөдсөн таван нас маань ирчихсэн. Энэ бол жинхэнэ нас. Энэ бол үнэ цэнэ. Энэ бол үнэн. Гэхдээ жаахан үрчлээ нэмэгдээд ирвэл бүүр гоё. Одоо бол үсээ л будаж байна. Харин удахгүй цагаан үс цаанаасаа үл ялиг гарч ирээд, бага зэргийн үрчлээтэй болох .... мөрөөдөж л байна, тэр үеийг. Төсөөлж ч байна. Хүмүүс үрчлээг муухай гэдэг. Миний хувьд муухай зүйл биш. Бид дарс уухдаа хүртэл аль болох олон жил дарсныг нь сонгодог биз дээ. Амьдрал ч яг тийм. Би 20-той байхдаа энэ нэвтрүүлгийг хийсэн бол амжилт олохгүй байсан. Хийж чадах ч үгүй байсан. Тэгэхээр нас, насандаа таарсан нэр төртэй байх хэрэгтэй. Насандаа таарсан алдар гавьяа ч байх хэрэгтэй.
-Хүүхнүүд гэхдээ алдар гавьяанд дуртай хэрнээ үрчлээг бол бараг л үзэн яддаг?
-Зарим найз хүүхнүүд маань миний энэ ярианд минь дургүй. “Юу яриад байгаа юм. Худлаа ярилаа” гэдэг. Гэвч энэ миний суурь итгэл үнэмшил юм. Одоо нүд тойроод ганц нэг үрчлээ гарч ирж байгаа. Би хурдан тодорчихоосой гэж хүлээж байна. Энэ чинь л өнөөдрийг хүртэл туулж ирсэн миний амьдралын үнэн, бас үнэ цэнэ, амьдалаас үлдсэн ул мөр юм. Миний түүх юм. Хэрвээ өдий хүртэл өөртөө таалагдсан амьдралыг бүтээж чадаагүй, нухлагдсан бол өөр л дөө. Тийм хүмүүс байдаг. Яруу найрагч Лхамноржмаагийн “Чиний явсан мөр” гэж их гоё шүлэг байдаг даа.
“…Магнайд минь гурван зураас тодорсон нь
Магад, чиний явсан мөр байна…” гээд.
Тэгэхээр өнөөдрийн миний байгаа дүр төрх бол миний туулсан амьдрал зам мөр, нөхөр, хүүхэд гээд бүх зүйлийг минь хөндлөнгөөс уншиж болох толь юм.
-Өнгөрч буй зун таны хувьд амар байгаагүй. Уншигчид бүгд мэдэж байгаа учраас тодруулж асуух хэрэггүй болов уу. Гэсэн ч та энэ бүхний дундаас илүү эмэгтэйлэг, илүү гоё сайхан дүр төрхийг бүрдүүлээд гараад ирлээ. Уг нь шантарвал шантарч, бууж өгвөл бууж өгмөөр тийм үйл явдал байсан. Гэхдээ энэ ганц удаагийн тохиолдол биш. Таны ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл олонд ил байдаг тул эхнээс нь асуувал ярилцлага дуусахгүй юм болно. Магадгүй олон хүн таны талаар “Одоо цэнэг нь дуусах байх” гэсэн бодолтой байсан болов уу?
-Бууж өгөх гэдгийн тухайд би хариулж мэдэхгүй байна. Миний үгийн санд лав ийм үг байхгүй. Бууж өгнө гэж яг яахыг хэлдэг юм бол. Харин “Энэ бол зөв. Үүнийг хийх ёстой” гэсэн итгэл үнэмшил төрсөн тохиолдолд тэр бүхнээ гүйцэлдүүлэхийг л зорьдог. Ард нь гарахын төлөө зүтгэдэг. Би одоо ч гэсэн бодож байна л даа. Миний итгэл үнэмшил, бодол санаа зөв байсан. Харин тэр зөв өгөгдөл “зөв бус” хүний дургүйг хүргэсэн. Хэмжээгүй эрх мэдлийг амсаад эдлээд үзчихсэн, өөрийгөө алх гээд бодчихсон, бусдыг хадаас мэт хардаг тэр хүнд үзэн ядагдаж амьдарч буйгаа мэднэ. Гэхдээ үзэл бодлоо солихгүй. Энэ үзэл бодлыг би гэртээ зүгээр сууж байгаад олж аваагүй. Дэлгүүрээс худалдаж аваагүй. Нас явахын хэрээр уншсан ном зузаарч, уулзсан хүний тоо олшрох тусам үзэл бодол тогтворжин бүрэлддэг. Бас эцэг өвгөдөөсөө уламжлан авсан хүмүүжил бий.
“Амьдралдаа буруу муу зүйл бүү хий. Тэгж чадвал танд айх шалтгаан гарахгүй гэж” сайхан үг бий. Тиймээс бууж өгнө, буцаж няцна гэж байхгүй. Мэдээж энэ зун хэцүү байсан. Гэхдээ хэцүү байлаа гээд яах юм бэ. Энэ чинь миний сонгосон зам. Миний туулах хувь тавилан. Миний мэргэжил. Энэ замаар би л явна, өөр хүн явахгүй.
-Таны нөхөр тань “Одоо ажлаа болио” гэж хэлж байв уу?
-Ёстой үгүй. Харин ч дэмждэг, улам хурцалдаг. Намайг “Чи их сахилгагүй зантай. Тэр сахилгагүйгаараа л амьдарч байгаа хүн шүү дээ” гэж хэлдэг. Энэ үг бараг үнэн байх шүү.
-Гэхдээ үзэл бодол тань сахилгагүй биш байж болох юм?
-Анх аравдугаар ангиа төгсчихөөд “Мах комбинат”-д цэвэрлэгчээр ажилд орсон. Тэр үе нийгмийн яг л эгзэгтэй үе байсан. Социализм нуран унаж хүмүүсийн амьдрал хэрхэн доройтож, туйлдан унаж, уйлж унжиж байхыг нүдээр харсан. Гэтэл огт санамсаргүй хүмүүс том дарга болж, бусдынхаа дээр гишгэлэн дээш авирахыг ч харсан. Тэгэхээр би сэтгүүлч гэдэг мэргэжлийн номыг нь уншиж ногоотой шөлийг нь уухаасаа өмнө яс махаараа нийгмээ мэдэрч амьдралаа эхлүүлсэн азтай хүн. Миний мэргэжлийн суурь нийгмийн шууд тусгал дунд сэтгэл зүрхээ урах шаналангаас эхлэсэн юм.
-Аль сэтгэгдэл нь танд илүү үлдэцтэй байдаг вэ. “За, энэ ч жинхэнэ шулам даа” гэсэн хүмүүсийн үг үү. Эсвэл “Баясаа л чадна” гэдэг тэр урам уу?
-Үр дүн. Ерөөсөө л үр дүн. Асгатын мөнгөний ордын тухай бичиж байхад бөөн л юм болж байсан. Дараа нь Асгатын мөнгөний ордыг Орост өгчихсөн байснаа Монголын Засгийн газар эргүүлэн авч байсан. Мүүний шашины тухай нэвтрүүлгийн дараа номлогчдыг нь Монголоос албадан гаргасан. Биологич Т.Лхагвасүмбэрэл агсны тухай нэвтрүүлгийг хийсний дараа түүний хамгаалан тэмцэж байсан Тосонбумбын нурууг төр хамгаалалтандаа авсан. Энэ бол түүх болж үлдэнэ. Гэхдээ энэ бүх сэдвийг би мэдрэмжээрээ л сонгож байсан. Үүнийг хийвэл нэр төртэй болно. Надад ашигтай гэж хэзээ ч бодож байсангүй. Би л үүнийг хийх ёстой гэсэн итгэл үнэмшил.
-Хүмүүс хэрхэн дүгнэдгийг мэдэхгүй. Миний бодлоор бол та яах аргагүй мэдрэмжтэй сэтгүүлч. Бараг 100 хувь ч гэж хэлж болно байх. Уншигчид үүнийг тал зассан асуулт гэж бодож магадгүй. Гэсэн ч өөрийн боддог үнэлгээг бусдаас нууна гэдэг утгагүй хэрэг. Тиймээс өөрийн бодлоо хэлж байгаа минь энэ шүү?
-Тиймээ, би мэдрэмжтэй сэтгүүлч. Мэдээ үнэрлэх чадвар юм л даа. Түүнийгээ харин яаж юм болгох вэ гэдэг бол туршлага. Өмнө нь хайр дурлалын кино үзэж, залуусын сэдэвтэй ном уншихад анхаардаг байсан бол одоо нас яваад ирэхээр филисофи тал руу нь анхаарч, баримтыг чухалчилдаг болсон байна.
-Ном унших бол таны амьдралын бараг 90 хувь нь байх. Би таныг сайн мэдэх хүний хувьд тэгж боддог. Тийм үү?
-Ёстой хаа л бол хаана уншина даа. Гал тогоонд, 00-д, унтлагын өрөөндөө уншина. Манай өвөө, ээж хоёр их ном уншдаг байсан. Гэр бүлийн хүмүүжил байх. Манай хүүхдүүд ч сошиалд шимтэхээс илүү ном их уншдаг. Ном хамгийн эелдэг багш юм шүү дээ.
-Гэхдээ ихэнх хүмүүс хүүхдээ номноос илүү технологийн хөгжилтэй хөл нийлүүлж алхуулахыг хүсдэг?
-Би энэ тал дээр уламжлалт сэтгэхүйтэй ээж л дээ. Нөхөр бид хоёр хүүхдүүдээ шагнал, албан тушаал, алт мөнгө, архинаас хол хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө хичээж анхаарч байна. Одоо хүүхдүүдийг хар багаас нь уралдаан тэмцээнд оруулж, түрүүлэх ёстой хэмээн үүрэгжүүлж, тэднийг шагналд дуртай болгож байна. Шагналын хойноос ингэж хөөцөлдсөн хүүхэд ирээдүйд албан тушаалд дуртай, шагналын төлөө юугаа ч хайрлахгүй хүн болж хувирна. Ийм хиймэл байдлаас хүүхдээ хамгаалахын тулд элдэв уралдаан тэмцээнд оролцуулахаас татгалздаг. Хүүхдүүд ангийн дарга болохын төлөө хоорондоо зөрчилдөж байна. Ингэж болохгүй л дээ. Мөнгөгүйдээ санаа зовдог бус мэдлэггүйдээ ичдэг хүүхэдтэй баймаар байна.
-Та нэгэнт энэ сэдвийг хөндсөн болохоор нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Таны нөхөр Москвад Цэргийн хуулийн академи төгссөн хуульч мэргэжилтэй хүн. Салбарынхаа туршлагатай, чадвартай албан хаагч явсан хүн. Гэтэл одоо бараг таны асран хамгаалагч шиг болчихсон харагддаг. Өөрийнхөө ажил мэргэжлийг орхиод шүү. Хувь хүнийг нь бодохоор харамсалтай биш үү?
-Жолооч ч юм шиг, туслах ч юм шиг байдаг гэж үү. Тийм ээ. Үнэхээр Монголд ховорхон бэлтгэгдсэн хуульч. Чадвартай бол чадвартай. Боловсролтой бол боловсролтой. Шударга, ёс зүйтэй. Зарчимч.
-Наадхийг тань л гайхаад байна л даа. Ийм хүнийг та хажуудаа бараг хав дарчихсан?
-Харин тийм ээ. Энэ бол миний л буруу. Тийм ч болохоор би “Манай нөхөр бол надаа бурхнаас заяасан шагнал, хайр хишиг. Харин би бол нөхөртөө бурхнаас өгсөн торгууль нь” гэж боддог. Өнөөдрийн ийм “амьтны хүрээлэн” шиг нийгэмд над шиг ийм эхнэртэй хүн ажил хийх боломжгүй юм билээ. Бид бас ажиллаж амьдрах гэж оролдсон. Дарга нараас нь бөөн дарамт ирнэ. Дарамтаас чөлөөлөгдөнө гэж дарга нарт долдигонолтой биш утгагүй. Зарим нэг гэр бүл шиг эхнэр нөхөр хоёулаа нэг даргын дор мөлхөж амьдарч бид чадахгүй улс. Манай хүн бас шударга бусыг үзэн яддаг. “Нэг гэрт нэг л дээрэмчин байхад хангалттай” гэж Бригад кинон дээр хэлдэг шиг ...
Одоо бүр удам дамжсан долоогч нарын арми бэлтгэгдэн эхнээсээ ажилдаа орж байна. Нийгмийн оюун санааг хүчээр гэмтээж, сэтгүүлч мэргэжлээ буруу зүйлд ашиглаж байгаагийнхаа хариуд өнөөх үнэтэй брэндээ өмсөж зүүх юм биз дээ. Бид хоёр ийм бодолтой учраас нөхөр маань төрийн ажлаа орхисон. Миний хань намайг явах ёстой замаар нь явуулахын төлөө өөрийнхөө карьерт цэг тавьсан. Харин одоо “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжлага ”- ыг чиглүүлж удирдаж явна даа...
-Бараг нууц ноёнтон байх нь?
-Асаалттай танк гэдэг шиг л ард минь явдаг. Ийм хүн байгаагүй бол би бас яаж ч яваа билээ. Намайг барина, дарна, хазаарлана, чиглүүлнэ. Ер нь нэг гэрт олон жил болохоор нэг санаа бодолтой болдог байх шүү. Ихэнх зүйл дээр санал нэгддэг. Мэдээж зарим нэг хувь хүн дээр санал зөрөх үе байдаг. Гэхдээ олон биш.
-Сүүлийн үед яагаад ч юм нэвтрүүлгийн тань агуулгыг анзаараад байхад “Энэ улс орны хувь заяа” гэдэг үг танаас их гарах болсон байна лээ. Энэ таны дээр хэлсэнчлэн философид татагдаж, нас явж байгаатай тань холбоотой юу?
-Тийм байна уу.
-Тэгж л санагдсан?
-Монгол Улсын иргэн хүн бүрийн л бодол санаанд энэ үг, сэтгэл зүтгэл байдаг байх. Миний хувьд Монгол Улсын төлөө хийж байгаа нэг чухал ажил бий. Тэр маань хоёр хүүхдээ аятайхан хүн болгон өсгөж энэ улс орондоо зүтгүүлнэ гэдэг бодол. Тэр дундаа хүүгээ. Эрчүүд эр шинжээ алдаж, албан тушаал мөнгөнд дуртай болж байгаа ийм үед албан тушаалд дургүй, мөнгөнд дургүй, Монгол Улсаа гэсэн чигч санаа бодолтой, эх орноо хайрладаг эр хүн нэгийг өсгөөд өгчих юмсан гэж боддог. Цэвэрлэгч хийсэн ч зөв сэтгэлтэй, ажилсаг байх хэрэгтэй гэж би хүүхдүүддээ хэлдэг. Охиноо ч гэсэн монгол ёс заншлаа мэддэг, Монгол Улсдаа хайртай, албан тушаалд дургүй жинхэнэ монгол эзэгтэй болгохын төлөө санаа тавьдаг. Сайн эрийн түшиг, сайхан айлын эзэгтэй болоосой гэж . Монгол Улсын төлөө гэвэл ийм бодолтой явдаг. Сэтгүүлчийнхээ хувьд ч энэ нийгэм сайн сайхан байгаасай, Монгол Улсын хөгжил зөв яваасай гэж бодсондоо олон ч сэдвийг хөндөж олон ч нэвтрүүлэг хийж, олон ч нийтлэл бичсэн дээ. Ер нь тэгээд өнөөдөр хүүхдийн тань цэцэрлэгт орох эсэхийг сугалаагаар шийдэж байгаа шигээ нэг л өдөр таны амьд явах эсэхийг чинь сугалаагаар шийдэхдээ хүрнэ шүү гэдгийг л ард түмэн ойлгох хэрэгтэй. Амь насыг чинь сугалаагаар шийдэхэд гайхахгүй, эсэргүүцэхгүй болгож ард түмнийг сургахад ядах юмгүй. Маогийн үг бий шүү дээ. “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу бичихийг би мэднэ ” гэж. Ийм байдалд л бид нар хүргэж болохгүй.
-Саяхан та яруу найрагч Р.Чойном агсны шүлгийг пост хийсэн байсан. Таны сүүлийн хариулттай тань холбож асуухад зүгээр юм болов уу гэж бодлоо. Та тэр шүлгийг зүгээр ч нэг постлоогүй санагдаад байсан болохоор тэр л дээ?
-Гуравдугаар ангиасаа Р.Чойном болон Омар Хайям хоёрын бүтээлийг уншиж эхэлсэн. Ёстой л тэдний бүтээлээр өвчилж өссөн хүүхэд байсан даа. Шүлгийг нь цээжилж, цээжээрээ уншиж бараг л зүүдэлж өссөн. 1990-ээд онд ардчилал ялсан гэж гэдэг боловч 1960-аад онд тэр ардчилал чинь Р.Чойномын өвөрт тэмдэглэлийн дэвтэр дотор нь хэвтэж байсан юм.
-Харин тэр постын тухайд?
-Хувийн матаас шургуулсан
Хуурамч гэрчийн нүүрэн дээр
Худал хэрэгт гүтгэсэн
Заналт байцаагчийн толгой дээр
Ардчилал, хүний эрх чи
Аянга болон нижигнээч
Хэвлэлийн эрх чөлөө чи
Хэт болон цахиач /Цээжээрээ уншив/ гэсэн байгаа биз. Сүүлийн 4 мөрийг нь би зохиочихсон л доо, нэмээд.
-Яагаад?
-Ардчилалсан оронд хүнийг ингэж хилс хэрэгт гүтгэж, заавал ял шийтгэх гэж доромжилж болохгүй. Энэ бол 1937 он биш. Тэр 37 онд нь ч , олноо өргөгдсөний 1911 онд ч л миний эцэг өвгөд Монголын төлөө гэж яваад, Чин Ван Ханддоржийн амь насыг өмгөөлөн босоод алагдаж, амьд үлдсэн нэгэн нь хилсдэж байсан юм. Харин энэ цаг үе ондоо. Бид ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа, хэвлэлийн эрх чөлөө гэж байгаа, хүн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдэгт би итгэж ажилласан юм. Энэ бүхнээ л илэрхийлэхийг хүссэн. Худлаа гэрчийн мэдүүлгээр 10-15 жилийн хорих ялаар намайг ялллах гэж байна. 1937 он байсан бол гэр бүлээрээ буудуулах хэмжээний л юм болж байна. Өнөөдөр эрүү, иргэний хэргээ ялгахгүй хуульчид ажиллаж байгаа юу гэвэл худлаа. Харин гагцхүү хуульд захирагдсан шударга шийдвэр гаргах хуульчид, шударга төрийн албан хаагч хэд байна вэ гэдэгт л учир нь байна. Хүн хэзээ ч ингэж үзэл бодлынхоо төлөө яллагдах ёсгүй. Зуун жилийн өмнө үзэл бодлоо илэрхийлээд Богдын засгийн газрын өмнө буруутан болж цаазаар авахуулсан өвгийн минь үеэс энэ цаг үе өөрчлөгдөөгүй гэж үү... /санаа алдав/ Манай улс хагас ардчилалтай улс. Хэвлэлийн эрх чөлөө ноль. Хэвлэл мэдээлэлд гайгүй томорсон хүмүүс нь нэг нэг албан тушаалтанд долигоночихсон, тэр хүнийхээ төлөө үхэн хатан зүтгэдэг. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг намайг өмөөрөх сэтгүүлч байна л даа. Гэхдээ тэд цөөхөн. Бас айж байна. Харамсалтай, тэр сэтгүүлчид маань албан тушаал, нэр төрд хүрээгүй. Яг л ажлаа хийгээд явж байгаа, үнэн байдаг гэдэгт итгэсэн чин сэтгэлтэй сэтгүүлчид. Гэтэл яг миний үеийнхэн болохоор албан тушаалд дуртай, аймхай, дарга нарт долгинодог болчихсон байна.
-Сэтгүүл зүйд ер нь танд найз байдаг уу?
-Хэцүү асуулт байна. Бүгдээрээ найз юм шиг хэрнээ яг цагаа тулахаар бүгдээрээ найз биш л байдаг. Их хэцүү салбар. Сүүлийн 20 жил хамгийн өөрчлөгдөөгүй, хөгжөөгүй салбар бол сэтгүүл зүйн салбар. Гоё сайхан телевиз, сонин сэтгүүл бий болж байна л даа. Тэгсэн хэрнээ үндэсний контент байхгүй. Сэтгүүл зүй гэдэг бол лангуу биш. Эрээнээс оймс авчраад Нарантуулд зарж байгаатай телевиз, сэтгүүлээд яг адилхан болчихсон.Гадаадаас нэг контент худалдаж авчраад Монголын зах зээл дээр жижиглэн зарах нь гутамшигтай. Өөрсдөө хий л дээ. Сэтгэ л дээ. Ер нь сэтгүүл зүй их л гоёчлогдож байна. Харамсалтай нь, үзэгчид нь яг тэрийг дагаж өөрчлөгддөг. Элсэлтийн шалгалтын тест задарлаа гээд нэвтрүүлэг хийхэд хүмүүс үзэхгүй байна. Улаанбурханы дэгдэлт эхлэхтэй зэрэгцээд хамгийн түрүүнд эмнэлгийнх нь даргыг нэвтрүүлэгтээ урьж, яаж сэргийлэх вэ, ямар арга зам байна гээд яриулахаар үзэхгүй. Тэгсэн хэрнээ хүүхэд нас бараад эхлэхээр “Чи нэвтрүүлэг хийсэнгүй” гэж загнаж байх жишээний. Сарын өмнө анхаараад, зочин урьчихаад байхад шүү. Тэгэхээр ийм үзэгч бий болгож байгаа нь яалт ч үгүй улстөрч болон сэтгүүлчдийн буруу л даа. Сэтгүүлчид бид ард түмний тархинд мэдээ алдуулах тариа тариад л сууж байна. Би бас сүүлийн үед нэг зүйлийг бодоод байгаа. Өөрт үүссэн нөхцөл байдалтай ч холбоотой байх. Манай сэтгүүлчид дандаа л бусдын үр хүүхдийн төлөө, цалин хангамжийн төлөө явдаг, зовдог. Тэгсэн хэрнээ нэг ч удаа өөрсдийгөө өмнөө тавьж, миний цалин, миний амьдрал гэж ярьж байгаагүй. Энэ нь өөрөө сэтгүүл зүй ардчилагдаагүйн бодит жишээ. Тэгсэн хэрнээ удирдлага гэсэн хэдэн хүмүүс нь хэтэрхий их брэнд хөөж, амьдралаас тасарчихсан. Жинхэнэ дарангуйлал манай салбарт л байна даа. Өөрсдийгөө “Петровис” группын Ж.Оюунгэрэл, Бишрэлтийн Б.Ундармаагийн хэмжээнд дүйцүүлж өргөдөг. Гэтэл хэн нь ч тэдний энд хүртэл хөдөлмөрлөөгүй, баялаг бүтээгээгүй байхгүй юу.
-Та нэг удаа “Сэтгүүлчдээс тэрбумтан төрөх хэрэгтэй байна. Тэгж байж бие даасан байр суурьтай ажиллаж чадна” гэдэг ярилцлага өгч байсан. Та санасандаа хүрсэн үү?
-Миний хувьд харьцангуй хөл дээрээ тогтож чадсан. Нэг их баян тарган болсон юм алга. Ямар ч байсан хоосон хонохгүй, банкныхаа зээлийг төлөөд, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд явж байгаа. Ер нь сэтгүүлч хүн санхүүгийн хувьд хөл дээрээ тогтож байж л сая дураараа тонгочиж, хэр баргийн хүний өөдөөс дальдрахгүй үгээ хэлж чаддаг болдог юм. Тэгэхгүй бол хэцүү л дээ. Санхүүгийн боломжгүй хэрнээ шударга ёс ярьдаг олон сэтгүүлч үзэл бодолдоо үрэгдээд дуусч байна. Маш харамсалтай. Хоёулаа сэтгүүл зүй ярихгүй гэсэн хэрнээ энэ сэдэв рүү хазайчихлаа. Гол нь энэ санхүүг хөдөлмөрөөрөө босгоно гэдгээ ойлгох ёстой. Түүнээс бус ямар банк ухалтай нь биш дээ. Ёстой үхтлээ л ажиллана даа.
-Та шантраагүй гэж үү?
-Хэзээ ч шантраагүй. Мэргэжилдээ дуртай учраас ажилласан шиг ажилласан. Энэ хорвоо дээр бурханаас надад заяасан эгэл биш гайхалтай хувь тавилан, хамгийн өндөр албан тушаал бол сэтгүүлч гэх миний энэ мэргэжил. Би мэргэжилдээ дэндүү их хайртай.
-Одоо ажилдаа орох гэж байна уу?
-Төрийн буянаар “төрийн хамгаалалтад” гурван сар гэртээ ёстой сайхан амарлаа. Одоо ажилдаа ороод гялалзуулаад өгнө дөө. Ингэнэ, тэгнэ гээд баахан төлөвлөгөө гаргачихсан.
-Дээрээс нь, “Цензургүй яриа”-ндаа лав их ганган орох үүрэг хүлээсэн үү?
-Арай ч бас ёолкны мод шиг болохгүй ээ. Durberg Kern-ийнхан нэвтрүүлгийн өнгө зүс имижийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ ярилцаж байгаа сэтгүүлч нэвтрүүлгийн оролцогчоосоо илүү ганган байж болохгүй гэж заадаг байхад би мэргэжил эзэмшсэн. Түүндээ одоо ч итгэсээр яваа. Цаашид ч итгэсэн хэвээр байна байх.
-Таныг ээжийнхээ буянд зориулаад “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аянг явуулж нийтэд тустай олон санаачилга гаргасныг уншигчид мэдэж байгаа байх. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл гацсан байсны санхүүжилтийг УИХ-ын гишүүдийг лоббидож батлуулсан. Өнгөрсөн зун хавдартай элэг шилжүүлэн суулгахад шаардагдах тэрбум төгрөгийн санхүүжилтийг НИТХ-ын төлөөлөгчдийн лоббидож мөн л батлуулсан?
-Ээжийнхээ шарилын өмнө би “Энэ хорт хавдрын эсрэг ухамсарт амьдралынхаа турш өөрийнхөө хийж чадах бүхнийг хийнэ” гэж өөртөө амласан. Тэр амлалтандаа хүрэхийн тулд насаараа зүтгэнэ. Ээжийнхээ хэрхэн өвдөж, зовж байгааг харсан, өөрөө бас энэ өвчнөөр өвдөж байсан хүний хувьд бусад хүмүүс ч ингэж өвдөж шаналах бий гэхээр их аймар санагддаг юм билээ.
-НИТХ-аар нийслэлийн хөрөнгөнөөс тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдэхэд энэ тухай сонсчихоод уйлж суусныг тань мэднэ. Хэдийгээр баярласандаа уйлсан ч гэсэн тэгж эд, эс бүхнээ энэ бүхний төлөө зориулна гэдэг бас л амар даваа биш л дээ?
-Энэ асуудал дахин төсвийн тодотгол батлагдаж байж санхүүжилт нь хийгдэх ёстой гээд хүлээгдчихсэн. Гэтэл тавдугаар сараас хойш Монголдоо хавдартай элэг шилжүүлэн суулгах эмч нарын санаачилга хэрэгжихийг хүлээсэн хүмүүсийн горьдлого одоо ч тасраагүй байна. Тэр өдрийг хүлээж тэсч байгаа хүмүүсийг харах амар биш. Болохгүй бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээр ч болсон уйлаад орно доо. Намайг уйллаа гээд харин өнөөх нь тоох юм болов уу даа.
-Тоолгоорой гэж хүсье. Бараг үүрэг даалгавар болчихов уу даа. Гэсэн ч энэ өвчнөөс болж зовж, шаналж байгаа хүмүүс, өнчирч үлдсэн үр хүүхэд, хань ижлүүд, ирээдүйд эрсдэл үүрэх олон монгол хүний төлөө хийж байгаа таны сайн үйл хэрэг шүү дээ?
-Ямар ч байсан эцсээ хүртэл явна. Бүтээхийн төлөө зүтгэнэ. Саяхан Японд ажиллаж, амьдардаг монголчууд маань “Элэг нэгт Монголчууд” санд хандив цуглуулж өгсөн. Манай сан дансаа хаасан учраас “Цензургүй сурвалжлага “ -ын оролцогч элэгний хатууралтай залууд өгүүлсэн. Тэдний гэр бүл христэд итгэгчид. Тэгээд “Ертөнцийн эзэн бидэнд Мөнхбаясгалангийн дүрээр ирдэг. Үргэлж талархдаг” гэж хэлсэн. Зүрх зүсмээр байгаа биз. Ийм итгэл найдвар төрүүлсэн гэдэгтээ би өөрөө ч итгээгүй. Бурхны шашин шүтдэг над шиг хүнд тэдний шүтлэг хол хөндий санагдах ч гэсэн итгэл үнэмшлээрээ надад итгэж байгаа хүмүүст аравдугаар сард эхлэх ёстой Монголд хавдартай элэг шилжүүлэн суулгах хагалгаа хойшилбол юу болох бол. Гол нь монгол хүний зовлонг улстөрчид нэмж болохгүй байхгүй юу. Тийм болохоор дахиад л уйлаад ч болсон гүйнэ дээ. Ёстой гүйсэн шиг гүйнэ шүү.
[хариулах]
[хариулах]
[хариулах]