Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ирэх аравдугаар сарын 19-ний өдөр болно. Дээдхи нь суудлаа олсон бол доодхи нь гүйдлээ олно гэдэгчлэн орон нутгийн сонгуульд МАН “хөлөө” бэхжүүлэхийг хичээх бол АН алдагдсан боломжийг эрж хайх бэрх даваатай тулгарах нь бодит үнэн.
Д.Эрдэнэбатад АН-ын фракциуд захирагдахгүй
Одоогоос гурван сарын өмнө УИХ-ын сонгууль болж, эрх баригч хүчний суудлаас УИХ-д есөн гишүүнтэй бүлэг байгуулах хүртлээ дордсон Ардчилсан намын хувьд өдгөө нөхцөл байдал хүндхэн байгаа. Тэр дундаа Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдаж, гурван сарын хугацаатай ажиллах байсан намын даргын үүргийг түр эрхлэгчийг томилох байсан ч дөнгөөгүй. Ардчилсан намын дарга гэдэг ганц суудлын төлөө фракциуд нь өлсгөлөн бар мэт тулалдаж буй тухай мэдээлэл олонтаа хөвөрсөн. Тиймээс ч одоогийн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад “Алтангадас”, “Ж МоАХ”, “Нэг Ардчилал” тэргүүтэй фракциуд захирагдах нь юу л бол. Гэхдээ АН-ын одоогийн хууль бус удирдлага энэ сонирхлыг нь ашиглаж өөрсдийн хүмүүсийг Улаанбаатар хотод нэр дэвшүүлэхээр хүчилж буй нь ч нууц биш.
Нийслэлийн АН эзгүйрэв
Түүнчлэн Улсын баатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл намынхаа дотоод асуудал гэхээс илүүтэй өөрийн өмнө тулгарсан бэрхшээлийг даван туулахад цаг хугацаа зарцуулах нь тодорхой болсон. Эх сурвалжийн мэдээллээр өдгөө Нийслэлийн Ардчилсан нам эзгүйдэж, Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус шийдвэрийн эсрэг тэмцэх ч тэнхэлгүй болсон гэнэ. Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Багануур, Багахангай зэрэг хотын дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвших хүмүүсийн материалыг дутуу дулимаг гэдэг шалтгаанаар олноор нь буцаасан. Харамсалтай нь, нэр дэвшигчид нь энэ шалтгааныг бие даан эсэргүүцэж буй ч намаас нь дэмжлэг үзүүлсэн нь үгүй. Энэ нь нөгөө л Э.Бат-Үүл баатарын хувийн асуудалтай холбоотой.
Овоогоо “манана”
Харин нэр бүхий УИХ-ын гишүүд болон нөлөө бүхий улстөрчид өөрсдийн аймаг, дүүргийг хараанаасаа алдахгүй, сарвуунаасаа салгахгүй хэмээн хичээж буй нь ч бас ч гэж түнэр харанхуйд гэрэлтэх оч гэлтэй. Мэдээж Ардчилсан намын хувьд шүү дээ. Үүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүргээ, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат Сэлэнгийг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Нарантуяа нар Завхан аймгийн орон нутгийн удирдлагыг алдахгүй хэмээн хичээж буй. Үүн дээр УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Баянхонгор аймагт урьдын адил хүчийг хаяж буйг нэмж болно. Харин бусад улстөрчдийн хувьд ялагдах магадлал өндөр гэдэгт итгэсэн үү, эс бол дэмий мөнгө үрэхээс татгалзсан уу бүү мэд. Тодорхой бус шалтгаанаар орон нутгийн сонгуульд идэвх гаргаж байгаа нь төдий л олон биш.
Төрийн томилолт орон нутгийг чиглэнэ
УИХ-ын ээлжит чуулган завсарлахтай зэрэгцэн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргоо зорьдог нь гэм биш зан. Харин энэ удаад УИХ-ын гишүүд яаран нутаг зорихоос илүүтэй аравдугаар сар гарахыг хүлээх болж. Тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнд энэ мэдээлэл хамаатай. Өнөөдөр зорьж очсон УИХ-ын гишүүд нь ч орон нутгийн сонгууль угтсан далд сурталчилгааг хийгээд эхэлчихсэн. Мөн Засгийн газрын сайдууд УИХ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллах томилолт хүлээж авсан гэдгийг дуулгах хэрэгтэй. Гэхдээ тэд энэ удаад өнгөрсөн гурван сарын турш хийж амжуулсан ажлаасаа илүүтэй Ардчилсан намын алдааг сонгогчдын нүдэнд нь харагдтал ярих үүрэг хүлээх биз ээ. Нөхцөл байдлаас үүдэн Монголын эдийн засагт ч, хөгжилд ч, иргэдийн амьдралд ч ахиц гарах боломж үүсээгүй гэдгээс үзэхэд шүү дээ.
Бага хурлын тов хүлээлт үүсгэв
Монгол Ардын намын идэвхтэй гишүүдэд намын Бага хурал хэзээ хуралдах нь Орон нутгийн сонгуулиас ч илүү сонирхолтой тусч буй нь нууц биш. Учир нь, МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцэн Бага хурлын гишүүдээс төрийн албанд томилогдох нь олон болсон. Иймд тэдний орыг эзлэх сонирхолтой улстөрчдийн хувьд намынхаа Бага хурлыг орон нутгийн сонгуулийг урьтаж болох ёстой гэдгийг ярилцаад эхэлсэн. Харин одоогоор энэ тухай мэдээлэл тодорхой бус байгаа бөгөөд Бага хурал хуралдсан тохиолдолд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэнэ гэдэг яриа бий. Ямартай ч төрд албан хаагч болсноос илүүтэй эрх баригч намын Бага хуралд төлөөлөгчөөр сонгогдох, түүнийгээ ашиглан улс төрийн боломж бололцоог эрэгсдийн хувьд уг хуралдааны тов орон нутгийн сонгуультай эн зэрэгцэж буй гэдгийг тодотгоё.
Ямартай ч, Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 19-ний өдөр болдгоороо болно. Үүнд МАН ялалтаа, АН аврал эрж оролцох нь ч тодорхой. Ардын нам орон нутагт багтай байж УИХ-ын сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадна. Харин Ардчилсан намын хувьд ирэх 2020 оныг хүлээхээс өөр сонголтгүй болсон гэдэгтэйгээ эвлэрээгүй л бол бүхий л боломжоо дайчилж, бага дунд шатны эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэх ёстой. Гагцхүү ялалт, ялагдлын дүн хэр хол зөрөхийг ёстой л таашгүй. Тодорхой судалгааны дүнг энэ дашрамд мэдээллэж болох ч Сонгуулийн хууль зөрчих учир мэдээллийг хязгаарлах ёстой ажээ.
Сэтгэгдлүүд :