МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.
-Монголын улс төрийн нөхцөл байдал гэхээс илүүтэй онц сонирхож асуух асуулт бол лидерийн тухай юм. АН болон МАН-ын хувьд ч адилхан. Удирдагч, лидер хэрэгтэй гэдэг энэ түгээмэл хүлээлт зөвхөн намын гишүүд гэлтгүй олон нийтийн дунд бий болсон нь нийгмийн шаардлага уу. Эс бол аль ч улс оронд байдаг л хүлээлт юмуу?
-Бид нарын хэн нь ч тодорхой нэг фигур, төсөөллийг дотроо хайж байдаг шиг байгаа юм. Тодорхой нэг хүнийг гарч ирээд тулгамдаж байгаа асуудлыг шийдчихнэ гэж боддог. Энэ бодлоос үүдэж хүлээлт үүссэн болов уу. Улс төрд мэдээж лидерийн тоглолт чухал. Гэхдээ ардчилсан Монгол Улсын хувиар иргэд нь нийгмийн идэвхтэй оролцоотой, тэгш эрхтэй, өөрсдөө шийдвэр гаргадаг байх ёстой. Ямар нэгэн лидерийг хүлээнэ гэдэг бол зөв зүйл биш. Гэсэн ч хүмүүст байдаг сул тал нь хэн нэгэн дүрийг хайгаад, тэр дүрээрээ асуудлыг шийдүүлнэ гэж итгэдэг явдал. Гол нь энэ итгэлээс нь үүдээд олигархийн төмөр хууль гэж зүйл үүсдэг.
-Энэ нь юуны тухай томьёлол вэ?
-Нэг улстөрчийг тодруулж гаргаж сонгоно. Үүний дараа сонгогдсон лидер, ард иргэд хоёрын дунд хана хэрэм босч, орон зай үүсдэг. Энэ тухай юм. Харамсалтай нь, бид нар итгэдэг. Оролцооны ардчиллыг 26 жилийн өмнө сонгогчихоод иргэд өөрсдөө идэвхгүй, нийгмийн харилцаанд сул дорой оролцоод байж болохгүй.
-Тэгвэл 26 жил үүнд хангалттай юу?
-Зарим судлаачид 26 жил хангалттай гэж үздэг. Зүүн өмнөд Азийн орнуудын жишээг харахаар илүү богино хугацаанд хурдтайгаар улс орноо хөгжүүлж чадсан байдаг. Үүнийг гол жишээ болгодог. Харин баруун Европ болон АНУ бол 200 жилийн процессийг туулж яваа. Манай улсын хувьд нэг л том алдаа байгаа гэж би хувьдаа хардаг.
-Юу нь?
-Бид нарын сонгосон тогтолцоо хамгийн хэцүү тогтолцоо. Удаан хугацааны тэмцэл дунд өрнөдөг. Асар их хэрүүл маргаан, зөрчил үүсдэг. Тэр хэрээр өөрөө өөрийнхөө алдааг засаад, эрүүлжээд явдаг тогтолцоо. Харин Зүүн Өмнөд Азийн орнуудын загвар бол илүү авторатир удирдагч дээр тулгуурлаж, амжилттай өндөр хөгжилд хүрч байгаа загвар. Дэглэмтэй, сахилга баттай, хяналттай, зохион байгуулалттай. Хүчээр өндөр хөгжлийг олж байгаа загвар гэж хэлж болно. Манайх харин илүү ээдрээтэй, бартаатай замыг сонгосон. Гол нь энэ нь их зөв зам. Гэхдээ урт удаан хугацаа шаарддаг. Зүүн өмнөд Азийн сонгосон зам бол нэг хүнд шууд итгэхээс өөр аргагүй болдог зам. Ард түмэн нь азтай бол нэг хүндээ итгээд амжилтад хүрч болно. Харин азгүй бол удирдагч нь хувийн эрх ашгаа бодож улс төрийн тоглолт хийгээд явах боломжтой. Тэгэхээр манайх харьцангуй давуу талтай гэсэн үг юм.
-Иргэдийн хандлагыг удирдахад бэрх байх. Тэр утгаар нь тодруулахад “Ардчилсан социализмаар замнасан улс орон хөгжөөд байна. Бид яагаад тэгж болохгүй гэж” гэдэг хандлага сүүлийн үед олонтаа ажиглагдах болж. Хэдийгээр үүнийгээ үзэл санааны хувьд ухралт гэдгийг хүлээн зөвшөөрөх ч амьдралд, хөгжилд хэрэгтэй гэж үзэж байгаа нь өөрөө бас том асуудал биш үү?
-Хятад маягийн загвар л даа. Дэлхийн улс орнуудын ардчилал руу шилжиж орсон гурван зам бий. Нэгдэх нь, эдийн засгаа либералчлаад араас нь төрийн удирдлагаа либералчилсан улс орнууд. Хоёрт, төрийн удирдлагаа либералчлаад араас нь эдийн засгаа либералчилсан улс орнууд. Гуравт, энэ хоёрыг зэрэг либералчилсан улс орнууд гэж бий. АНУ-ын эрдэмтэд бол эдийн засгаа амжилттай либералчилчих юм бол төрийн удирдлагыг либералчлахад асуудалгүй гэж үздэг. Энэ бол илүү тогтвортой, урт хугацааны тогтолцоог бий болгох суурь. Манай улс энэ замаар яваа. Үүнээсээ харин ухарч болохгүй.
-Гэхдээ манайхны улс төрийн сонголтуудыг хараад дүгнэлт хийх их хэцүү. УИХ-ын сонгуулийн дүнгийн савалгаа ч бас үүний жишээ байх. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Энэ манайхны амьдралын хэв маяг, цаг уур орчин нөхцлийн өөрчлөлт, нүүдэлчний соёл иргэншил гээд олон зүйлтэй холбоотой шиг байгаа юм. Илүү тогтвортой засаг, улс төрийн намын тогтвортой засаглах боломжийг бид нар олгож чадахгүй байна. Маш хурдан уйддаг.
-Гол нь үүнийг онолын үүднээс тайлбарлах боломж бий юу?
-Их хэцүү. Яагаад гэхээр нүүдэлчний соёл, сэтгэлгээтэй ард түмэн. Жалга жалгандаа өөрсдийн амьдралыг борлуулдаг энэ хэв маяг өнөөдрийг хүртэл бидний цусанд шингэчихсэн. Тэгэхээр хамтын удирдлага, хамтын соёл маш удаан явагдаж байна. Гэхдээ үүндээ дөрөөлөөд ардчиллаас ухрах, авторитар дэглэмийг эргээд хүсэх тухай яриа яасан ч байж болохгүй. Яагаад гэхээр бид ардчилалд 26 жилээ зарцуулчихсан байна. Одоо харин хэрхэн төлөвшүүлэх, тогтвортой байдлыг нь бий болгохын төлөө дор бүрнээ хичээх хэрэгтэй. Өнөөдөр болохгүй байна гээд нийгмийн тогтолцоогоо өөрчлөх тухай яриад эхэлбэл энэ нь дахиад л савалгаа болно.
-Гэхдээ УИХ-ын сонгуулийн дүн энэ жил дахиад л савлачихлаа шүү дээ?
-Яахав, сонгуулийн дүн нэг тал нь. Миний харж байгаагаар улс төрийн хоёр гол хүчин 4-8 жилийн хугацаатай засагладаг энэ процесс. Энэ процесс ганц Монголд байгаа юм биш. Дэлхий даяр байдаг. Хүмүүс их уйдамтгай. Германд болж байгаа сонгууль үүний жишээ.
-Ардчилсан нам УИХ-д есөн суудалтай үлдэнэ гэдэг бол эрх баригч намын хувьд огцом уналт. Шалтгааныг нь хэрхэн дүгнэж байна?
-Би 2016 оны сонгуулийн өмнө цөөнгүй удаа хэлж байсан. Сонгуулийн тогтолцоо гэдэг улс төрийн соёлын суурь үндэс. Үндсэн тоглоомын дүрэм. Сонгуулийнхаа тогтолцоог өөрчилнө гэдэг бол хамгийн эрсдэлтэй байж болохгүй алхам. Онолын хувьд ялсан нам өөрийн гарч ирсэн тоглоомын дүрмийг өөрчилнө гэдэг бол өөрийгөө хорлож байгаа үйлдэл. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр сонгогчид маш их савладаг. 1996 он, 1992 оны сонгуулийг ядаж санах ёстой байсан. Үндсэндээ яг 2000 оны сонгуультай адил процесс үүссэн. Тэр үед юу болсон гэхээр сонгуулийн жижигрүүлсэн нэг тойрог нэг мандат гэдэг тогтолцоо нь сонгогчдын саналыг маш их гээдэг гэдгийг баталсан. Нийгэмд жаахан давамгайлсан хандлага үүсэхтэй зэрэгцээд сонгогчдын санал савалдаг. Тойрог болгонд 1-2 буюу цөөн тоогоор ялалт байгуулахад л парламентын суудлын ихэнхийг нь авчихдаг тийм дүр зураг ажиглагддаг. Үүнийг мэдэхгүй биш Ардчилсан намынхан мэдэж байсан. Харамсалтай нь, тэд тоглоомын дүрмээ буруу зохиож, стратегаа буруу төлөвлөсөн.
-Үндсэндээ АН алдаж, МАН хожсон нь тодорхой. Тийм үү?
-Ер нь бол холимог сонгуулийн тогтолцоог өөрчилж, жижигсгэсэн мандаттай тойргийг сонгосноороо Ардчилсан нам алдсан. Хэрвээ солиогүй байсан бол МАН-д давамгайлал байлаа, байлаа гэхэд сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д эзлэх суудал нь арван хувьтай байх байсан. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 19-20 суудалтай байх байсан. Тойрог дээр алдах нь хамаагүй. Даанч үүнийг харж чадаагүй. МАН-д тодорхой хэмжээний давамгайлал байсан. Сонгуулийн явцын судалгаануудад тогтмол 5-10 хувийн давамгайлал байсан. Сонгогчдын 40-50 хувь нь идэвхгүй, оролцох эсэх нь нуугдмал байхад шүү. Эцсийн дүндээ миний харж байгаагаар эрх баригч хүчний сонгуулийн тактик буруу явснаар бүхэлдээ МАН-д ашигтай болж хувирсан. Яагаад 2000 оны сонгуультай ижил төстэй болсон гэдэгт дахиад нэг зүйлийг нэмэхэд Ардчилсан нам ямар ч тохиолдолд дангаараа сонгуульд оролцоод амжилт олдоггүй гэдэг нь тэр үед ч батлагдсан. Аль болох олон нам эвсэлтэй эвсэж байж л давуу байдлыг олж авч ирсэн түүхтэй. 1992 онд томгосон тойрогтой байхад дангаараа сонгуульд ороод ялагдсан. 1996 онд Ардчилсан холбоо эвслийг байгуулж байж ялалт байгуулсан. Тэр үед жижигрүүлсэн тойрогт байсан. 2000 онд эвсэл байгуулахгүй, нам нь дотроо задралтай, хагаралтай орж ялагдсан. Энэ удаад сонгуулийн процесс хэдийнэ эхэлчихээд байхад Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд, нам нь дангаараа сонгуульд оролцсон. Магадгүй сонгуулийн тогтолцоог өөрчлөөгүй бол тоглоомын дүрэм Ардчилсан намд ашигтай тусах байсан. Ёстой Ардчилсан намын хувьд сургамжтай гашуун сургамж болж л үлдэх шиг боллоо.
-АН-ын сэдвээс түр хазайгаад ХҮН-ий тухай тодруулья. Жил гаруйн хугацаанд рейтинг нь суга өсч, гишүүнчлэл нь огцом нэмэгдсэн нам толгой өндийсөн даруйдаа “залгигдсан” шалтгаан нь юу вэ. Олон хүн үүнд дүгнэлт хэлсэн ч судлаачийн тань хувиар тодруулахад сонин байх болов уу?
-Улс төрийн намуудын гар хөл орж л бусинуулав уу гэж хардаг. Үндсэндээ Ардчилсан нам, Ардын нам хоёрын аль алиных нь тоглолт орсон. Монголын улс төрийн тогтолцооноос гуравдагч хүчнийг шахах гэсэн тийм оролдлогын үр дүн. Манайд одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин нь ч өөрөө картели хэв шинжтэй. Картели хэв шинж гэдэг нь хоёр гол намаа хамгаалсан. Гуравдагч хүчний боломжийг хазаарласан орчныг хэлдэг.
-Намын насжилт гэсэн ойлголт байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ л жил гаруйн хугацаанд мандан бадарч, унаж бутраад дуусна гэдэг ардчилсан нийгмийн хувьд харамсалтай шүү дээ. ХҮН-ын тухайд?
-Мэдээж маш олон чадварлаг боловсон хүчин цугларсан ч зангидаад аваад явах лидер байгаагүй нь ХҮН-ий сул тал.
-Гэхдээ УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар очсон шүү дээ?
-Очсон. Гэхдээ тэр хүн сайн лидер биш. Зүгээр л масст таалагдсан популист улстөрч байсан. Тэр чанараа илүү тод харуулчих шиг болсон.
-Зөвхөн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар ч бус Г.Уянга, Х.Баттулга тэргүүтэй улстөрчид тогтмол рейтингээрээ судалгаа тэргүүлж байсан. Гэтэл сонгогдож чадаагүй. Иргэд ч, улстөрчид ч энэ үр дүнд гайхдаг. “Яагаад” гэж?
-Судлаач хүний хувиар хэлэхэд бие даагчид, популист улстөрчид бол ардчиллын нэг боломж. Эрхээ эдлэх боломж. Гэхдээ бодит байдал дээр хариуцлага хүлээх чадвартай багийг сонгогчид сонгож байна гэдэг бол харьцангуй тэнэг биш байна гэсэн үг. Ер нь С.Ганбаатар, Г.Уянга зэрэг популист улстөрчид гэнэт сонгогдсон шигээ гэнэт алга болчихов оо гэхээр улс төрийн орон зай, хариуцлагатай улс төрийн хүчнийг хүсэх иргэдийн хүсэл эрмэлзэл байсантай л холбоотой.
-Иргэд популимзмаас татгалзсан гэж үү?
-Яг тэгж хэлж болохгүй. Яагаад гэхээр иргэд хэзээ ч популизмаас татгалздаггүй юм. Энэ бол хүмүүст хамгийн их таалагддаг улстөрчийн дүр. Сонгогдож чадаагүй шалтгаан нь мэдээж сонгуулийн тогтолцоо. Дээр нь МАН-ыг гэх давамгайлал нийгэмд бий болсон байсантай холбоотой. Мөн Ардчилсан нам, МАН-ын давамгайллыг хадгалж үлдэх гэсэн иргэдийн сонирхолтой холбоотой. Ер нь иргэд ч гэсэн нэг их гуравдагч хүчний орон зайг хүсээд байгаа юм байхгүй байна. Дундаж давхаргынханд л хүлээлт байсан болохоос бус анхдагч массаараа МАН, АН-аас өөр намыг мэдээд, таниад, дэмжээд байгаа юм байдаггүй. Судалгаануудаар ч тэгж гардаг. Цаашид ч тийм л байна байх.
-Гэхдээ АН-ын асуудал одоо л эхэлж байгаа байж болно шүү дээ. Ялагдалдаа шархалсан лидерүүдийнх нь зөрчил хэр хэмжээнээсээ халиад явчихлаа. Жирийн гишүүдийнх нь хувьд “Манай нам дампуурах нь” гэсэн цөхрөлд хөтлөгдөх нь олон болж. Ийм үед та энэ намаас ирээдүйн итгэл найдварыг олж харж байна уу?
-Би харин эсрэг бодолтой байна. Энэ бол сорилт. Манайд ер нь аль ч намын хувьд шинэчлэлийн асуудлыг хөндөхөөрөө л ялагдсныхаа маргаашнаас сөхөж эхэлдэг. АН ч, МАН ч адилхан. Уг нь бодит байдал дээр улс төрийн намууд бүх цаг үедээ шинэчлэгдэж, амьд байх ёстой. Ялагдсныхаа дараа л хэрхэн массаа авч үлдэх вэ гэдэг тухай яриад байж болохгүй. Тийм ч учраас нийгэмд байгаа эрэлт хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, шинэчлэгдэж, хувьсан өөрчлөгдөж байх учиртай. Миний хувьд АН-ыг энэ сониролтыг давж чадахгүй бууж өгнө гэж бодохгүй байна. Гол нь, энэ намын соёлын тухай асуудал. Ардчилсан нам, Ардын нам хоёрын соёлыг харьцуулаад харахаар нэг нь сахилга баттай, нөгөөх нь сахилгагүй айлын хоёр хүүхэд л харагддаг. Гэхдээ Ардчилсан нам Монголын улс төрд шинэ соёлыг импортолж авчирч чадах юм бол 2020 онд, 2024 онд улс төрийн орон зайд тоглолт хийж чадна.
-Тэр соёл гэдэгт та юуг хамааруулж байна вэ?
-Наад зах нь, нэгдүгээрт дүрмээ дагаж мөрдөж сурах. Харамсалтай нь, Ардчилсан нам өнөөдрийг хүртэл дүрмээ дагаж мөрдөөгүй. Зургаан жил энэ хэвээрээ явсан. Хамтаараа баталсан дүрмээ мөрдөхгүй байна гэдэг бол дотоод ардчилалгүйн шинж. Хоёрдугаарт иргэдийн итгэлийг даахын тулд ил тод болох хэрэгтэй. Үүнийг иргэд маш их хүсэн хүлээж байгаа. Тэгэхдээ энэ нь дотоод асуудлаа бүгдийг гаргаж ирээд яриад байх тухай бус. Санхүүгийн хувьд ил тод болох ёстой. Сүүдрийн Засгийн газраа байгуулах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Түүнийгээ сайн ажиллуулмаар байна. 2020 оныг угтуулаад залуусаа боловсруулж, тэднийгээ дэмжиж орон нутаг, аймаг, дүүрэгт иргэдийн хүсэн хүлээж байгаа шинэ дүрийг тодруулах хэрэгтэй. Засгийн газраа урьдчилж зарладаг соёлд суралцах хэрэгтэй. Сонгогчид намд итгэл хүлээлгэж ялалтыг өгсөн ч дараа нь “Хэн сайд болох нь вэ” гэдэг эргэлзээтэй асуулттай, түүндээ бухимддаг болчихоод байна. Ийм байж болохгүй. Анхнаасаа Засгийн газраа урьдчилан зарладаг соёлтой болчих юм бол иргэдэд сонголт хийх боломж нээлттэй болно. Одоогийнх шиг зөвхөн УИХ-аа иргэдийн саналаар бүрдүүлчихээд гүйцэтгэх засаглалынхаа мэдээллийг таавар төдий байлгаад байж болохгүй. Энэ хэвээрээ үргэлжилбэл улс төрийн зодоон улам л нэмэгдэнэ. Ардчилсан нам эдгээр соёлыг төлөвшүүлээд хариуцлагаа өндөрсгөчих юм бол боломж байхгүй биш байгаа. Гол нь олж харах уу, хэрэгжүүлэх үү гэдэгт л асуудал нь байж магадгүй юм.
-Эдгээр соёл МАН-д ч гэсэн хамааралтай юу?
-Хамаатай.
-АН-ынхан сүүлийн үед “Энэ ялагдал манай намын хувьд ирээдүйн ялалтын үндэс. Харин МАН-ын ялалт ирээдүйн ялагдлын эхлэл” гэж хэлэх нь олон болсон байна билээ. Онолын хувьд таамаг үнэний ортой байж болох уу?
-Сонгогчид ерөөсөө 4-8 жилийн л санах ойтой байдаг. Ихэнхдээ л дөрвөн жилийн өмнө ямар сонголт хийснээ мартчихдаг. Энэ сонгогчдын буруу ч биш. Өдрөөс өдөрт амьдралаа л бодож байгаа хүмүүс шүү дээ. Ихэвчлэн одоо хэн ямар амлалт өгөв, энэ хүн юу хийх вэ гэдэгт л анхаардаг. Энд нэг зүйлийг хэлэхэд намууд одоо үнэт зүйлийн эрэлд гарах хэрэгтэй байна. Социалдемократ үзэл баримтлалтай гээд байгаа намын хөгжлийн бодлого ямар хэмжүүрээр боловсруулагдах вэ гэдгийг иргэд мэдэхгүй байна. Неолибералист үзэл баримтлал гэдгийг ч ойлгох нь ховор. Наад зах нь “Ажилгүйдлийг бууруулна” гэдэг ганц өгүүлбэр байлаа гэхэд намууд үзэл баримтлалаасаа хамаарч ямар замаар бууруулах вэ гэдгийг иргэд ойлгодог байх ёстой. Ойлгодог болгохын тулд сонгогчдын боловсролд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр тогтвортой төр, савладаггүй сонгуулийн дүнгийн талаар ярих боломжгүй. Энэ чинь өөрөө тактикийн асуудал. Өнгөрсөн 26 жилийн турш бид нар үүнийг хийж чадаагүй. Дээр нь “Намууд нь төлөвшиж, ардчилагдаж чадахгүй бол улс орон ардчилагдаж чадахгүй” гэдэг үг бий.
-Гэхдээ лидер нэгдүгээрт, нам хоёрдугаарт болчихоод байгаа нь бодит үнэн шүү дээ. Ардчилсан намд шинэчлэл ярьж байгаа залуус ч гэсэн шинэ удирдлагыг хайж байгаа. Энэ тохиолдолд намын төлөвшил, нийгмийн ардчилал хоёрыг нэгтгэх хэцүү байх?
-Хүн биш институт яримаар байна. Хүнд найдаж улс төрийн шинэчлэлийг хийх юм бол амжилтанд хүрэхгүй. Амжилттай байлаа гэхэд нэг сонгуулийг л аргална. Өөрөөр цаашаа явахгүй.
-Тэгвэл улс төрийн амьдрал, улс төрийн онол хоёр хэр ойр байдаг юм бэ. Миний бодлоор онолын дагуу улстөрч, улс төрийн намыг олоход манайд лав их хэцүү байх?
-Харах өнцөг нь хэр холыг харж байна вэ гэдэгтэй л холбоотой. Онолын хувьд бид нар зөв төлөвшилтэй, зөв ирээдүйн тухай ярьж байна. Гэтэл улстөрчид цэвэр өрсөлдөөн дунд явдаг. Тиймээс улстөрчид нь богино хугацаандаа, судлаачид нь илүү алсаа хараад л явах байх даа.
-1990 онд эхлүүлсэн ардчилсан хувьсгалаас өнөөдрийн ардчилал ер нь тогтолцооныхоо хувьд шинэчлэлд хүрч чадсан уу. “Хүрсэнгүй” гэдэг үгийг ардчилагчид өөрсдөө хэлээд эхэлсэн болохоор асууж байгаа хэрэг шүү?
-Асар өндөр төвшинд хүрсэн. Маш сайн хөгжсөн. Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан хүмүүс нь өөрсдөө “Ардчилал ухарлаа” гэж хэлээд байгаа ч бодит байдал дээр асар их давуу тал, боломж нээлттэй болсон. Үүнийг үгүйсгэж болохгүй. Яагаад гэхээр энэ бол манай нийгмийн ололт. Сонгогчид бүхэлдээ ардчиллын үнэт зүйлээс ухрахааргүй болсон гэдгийг судалгааны байгууллагуудын мэдээллээс харж болно. Ардчилсан намын ялагдал гэдэг өөрөө ардчиллаас ухарсан ухралт биш. Тэгэхээр энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дээр нь, сонгуулийн насны иргэдийг 1990 оныхтой харьцуулаад үзэхэд ямар ч тохиолдолд сонгогчдын 70-80 хувь нь 1990 оноос хойш шинээр улс төрийн соёл төлөвшсөн, боловсорсон хүмүүс байгаа. Нийт сонгогчдын 40 орчим хувь нь 18-40 орчим насны залуус. Ийм хүмүүсийн хувьд ардчиллаас ухрах, буцах тухай яриа байхгүй л дээ. Яг 1990 оноос өмнө төлөвшсөн сонгогчдыг аваад үзэхэд залуусаас бага хувийг эзэлж байгаа.
-Таны ярианаас үүдээд “Монголд гуравдагч хүчний орон зай ер нь байхгүй болжээ” гэж ойлгож болох уу?
-Бас ч яг тэгж хэлж болохгүй. Хоёр гол нам шинэчлэгдэж чадахгүй бол гуравдагч хүчний орон зай байсаар л байна. Харин нөлөө бүхий намуудын хүслээр гуравдагч хүчний орон зайгаа өөрсдөө боймлохгүйгээр бүгд нэгдэж, эвсэж чадвал боломж илүү нээлттэй болно. Тэгэхээр жижиг намуудыг татан төвлөрүүлэх замаар шинэ нам байгуулж гарч ирэх нь илүү хүчтэй харагдаж магадгүй. Тэгэхгүй бол одоогийн улс төрийн зах зээл өөрөө ханачихсан байна. Дор бүрнээ жижиг улс төр хийж, довоо манаад амжилт олох боломжгүй байхгүй гэж үзэж болно.
"Үндэсний шуудан" сонин. Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :