Bank of China-г урих ТАВАН шалтгаан

2016-10-04 12:59:01

“Төмөр замаар Хятадын танк орж ирнэ”… хэмээн итгэгсдийн хувьд ийн бичих нь эх орноо худалдаж идэхээр шийдсэн мэт санагдаж болно. Гэсэн ч Монгол Улсын эдийн засгийн чөлөөтэй хөрвөх чадвар хийгээд иргэдийн арилжааны банкнаас хүлээдэг хүлээлтэд эерэг хариулт өгье гэвэл үүн шиг шударга хүсэлт олдохгүй нь. Харамсалтай хэрэг. Ийн урих хүртлээ хэрэглэгчийн хүсэл цөхөрсөн гэдэг утгаар нь авч үзвэл шүү. Тэгвэл дэлхийн 37 улсад үйл ажиллагаа явуулдаг, нийт ам.долларын актив нь 560 тэрбум ам.долларт хүрсэн тус банкийг урих тодорхой таван шалтгаан бий. Эдгээр нь Монголын арилжааны банкнуудын бий болгосон дарангуйлал, эдийн засгийн эрх чөлөө, өсөж дэвжих хүсэл эрмэлзэл бүрийг нухчин дарж буйтай холбоотой юм. Ингээд таван шалтгааныг тоочин өгүүлье.

  1. Хэт өндөр зээлийн хүү. Хэрэглээний зээл 19 хувьд багтаж байгаа бол бизнесийн зээл 20-23 хувьд эргэлдэж байгаа. Гэхдээ дунджаар. Энэ талаар “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр тун тодорхой ярьсан. Түүний яриаг сийрүүлбэл “Монголд дэлхийн хэмжээний банкийг оруулж ирэх хэрэгтэй байна. Харамсалтай нь УИХ-д сууж байгаа гишүүдийн дунд Монголын банкуудыг хувьчилж авсан эзэд нь олон байгаа учраас бүтэхгүй байна. Өнөөдөр арилжааны банкууд 20 гаруй хувийн хүүтэй зээл өгч байна. Гэтэл Хятадын “Bank of China” Монголд төлөөлөгчийн газраа нээж, жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэдгээ илэрхийлж байна. Гэхдээ “Bank of China”-г Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өгөхгүй байна. Зөвшөөрөл өгөөгүй учраас Монголын аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх боломжгүй гэдгийг хэлж байна. “Bank Of China” орж ирээд харилцагчдад хямд эх үүсвэртэй зээл аваад явна гэдгээс Монголын арилжааны банкууд айж байгаа. Одоо зах зээлийнхээ хуулиар явах цаг болсон, бизнесийнхнийгээ дэмжиж чаддаггүй, хүүгээ буулгадагүй, өөрсдөө л ард түмнийг хүүлж амьдардаг арилжааны банкуудын монополийг халъя. Бизнесийнхний хувьд хамгийн чухал зүйл бол хүүгийн төвшинг бага байлгах. Өнөөдөр доллар төгрөгийн эсрэг 40-50 хувиар чангарсан байхад банк долларын зээлийн хүүг буулгахгүй байна. Төгрөгөөр орлого олдог бизнесийнхний хувьд долларын зээл хүнд байна. Яагаад зээлийн хүүг буулгаж болдоггүй юм бэ” гэдэг үг байв. Энэ бол Хятадын төв банкийг урих үндсэн шалтгаан. Гол нь зээлийн хүүгийн дарамт зөвхөн бизнес эрхлэгчид бус иргэдийн нуруун дээр хүнд ачаа болон бууж байгаад учир шалтгаан нь бий.
  2. Илүү дутуу тайлбаргүй хүргэх дараагийн үндэслэл бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны “Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг” нэртэй зөвлөгөөн хэлсэн үг. Тэрбээр “Банкны холбоо дуу хоолой нэгтэйгээр Монголд гадны банкны салбар байгуулах цаг хугацаа нь биш, хууль эрх зүйн хувьд болохгүй гэж үзэж байна.  Гадны банк орж ирээд бага хүүтэй зээл өгөх нь ойлгомжтой. Үүнээс тодорхой хэмжээний ААН-үүд үр ашиг хүртэнэ. Харин банкуудын хувьд яагаад эсэргүүцээд байна вэ гэвэл бидний 20 гаруй жил ажиллаж ирсэн сайн харилцагчдыг авчихаар эрсдэл өндөртэй харилцагчид үлдэнэ. Тэгэхээр ингэж их өрсөлдөх шаардлагагүй, дотоодын банкууд олноор дампуурч, цөөн хэдэн банк үлдэнэ. Яагаад гэвэл үйл ажиллагаа нь маш хумигдмал болж ирнэ. Бүр муугаар ярих юм бол хэдэн муу зээлтэйгээ үлдэж, өрмийг нь гадны банкууд авна. Гадны банкууд тухайн улсдаа 2-3 хувийн ашигтай зээл олгодог байсан бол Монголд ирээд 7-8 хувийн ашиг олно. Харин Монголын банкууд ашиггүй ажиллах эдийн засгийн тооцоо бий” гэж тайлбарласан. Энэ бол зөвхөн банкуудын эрх ашгийг хамгаалсан үг. Харин хэрэглэгч, зээлдэгчийн хувьд тэд гадны хөрөнгө оруулалт орж ирснээр хямд эх өртөгтэй зээл авч, үйлдвэрлэл эрхэлнэ, худалдаа хийнэ, ашиг олно, хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн хямд үнээр очино гэдгийг хүндэтгэхийг хүсэхгүй байгаа нь өөрөө “Bank of China”-г урих зайлшгүй нэг шалтгаан юм.
  3. Үндэсний гэх тодотгол дор бичигддэг Монголын олонх банк гадаадын хөрөнгө оруулалттай. Тодруулбал, Хаан банк Японы, “Голомт” Швейцарийн, Хас банк Канадын хөрөнгө оруулалттай гээд энэ мэдээлэл үргэлжилнэ. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт Монголын банкны салбарт орж ирэх нь муу гэж хэлэхэд хэцүү. Энэ ч бас шалтгаан юм.
  4. Хөгжлийн банкийг онгөрсөн 2010 онд УИХ-аар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж улмаар 2011 оны тавдугаар сард албан ёсоор үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Өмнө нь манай улсад өөрийн гэсэн үндэсний хөгжлийн санхүүжилт хийдэг байгууллага ажиллаж байгаагүй. Ингэснээр дотоодын хөрөнгө оруулалт, хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болсон бөгөөд манай арилжааны банкууд хараахан энэ үүргийг хүлээх чадавхигүй байгаа. Иймд Хятадын төв банк орж ирснээр дотоодын хөгжлийн хөтөлбөрийг бага хүүтэй зээлээр санхүүжүүлэх боломжтой болно. Гол нь, зээлийн хүү.
  5. Өнгөрсөн хугацаанд Монголын 17 арилжааны банк дампуурлаа зарласан. Шалтгаан нь чанаргүй зээл гэдэг ч учир шалтгаан хийгээд банк аврах ажиллагааг нь төр удирдаж ирсэн. Одоо ч энэ эрсдэл буураагүй бөгөөд хохирлыг хэрхэн барагдуулах нь бас л тодорхойгүй. Нэг ёсны банкуудын эрсдэл нь өөрөө гадны тогтвортой санхүүжүүлэгчийг оруулж ирэх учир шалтгаан болчихоод буй.

 

Харин энэ бүх таван шалтгааны ард тавих асуулт нь “Bank of China” орж ирснээр Монголын эдийн засгийг бүхэлд нь атгаж, санхүүгийн эрх чөлөөг хязгаарлах уу гэдэг болгоомжлол юм. Үүнд харин улс бодлоготой хандаж, үйл ажиллагаа болон ашиг сонирхлыг нь хязгаарлах ёстой гэдгийг эдийн засагчид олонтаа хэлж буй. Нэг ёсны Индонез, Тажикстан зэрэг оронд уг банк өөрсдийн зүгээс давуу нөлөөллийг бий болгосон алдааг давтахгүй байх үүргийг Монголын төр үүрсэн шиг үүрч чадвал аюулаас холдох боломжтой. Иймд Хятадын банк орж ирсээр Хятад Монгол Улсыг худалдаж авна гэдэг болгоомжлолд хариултыг нь олчихвол ядаж л бизнес эрхлэгчид хямд өртөгтэй зээлээр бүтээн байгуулалт өрнүүлж, ажилгүйдэл буурах боломжтой болно гэдгийг харгалзан үзэж шийдвэрээ гаргавал зохилтой биз ээ. Өөрөөр арилжааны банкуудын эзэрхийллээс ангижрах боломж харагдахгүй байгаа нь харамсалтай.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)