“ЭРДЭНЭТ”-ИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХААНА ИЛ БОЛГОХ ЁСТОЙ ВЭ

2016-10-10 09:35:51

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнгөрсөн өдрүүдэд Оросын талын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компани авсан талаар “Хууль бус. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлээгүй” гэдэг мэдэгдлийг хийсэн. Иймд тэрбээр өөрийн хууль бус хэмээн үзэж буй энэ үндэслэлийнхээ үнэнийг баталж, улс төрийн тэмцэлд босохоо илэрхийлж байгаа.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оросын мэдэлд байсан 49 хувийг Монголын компани авсан нь харин ч сайн зүйл. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хүртэл “Эрдэнэт”-ийг цаашид монголчууд өөрсдөө сайн авч явж чадна гэдэгт итгэж байна” гэж хэлсэн. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх шаардлагагүй” хэмээн мэдэгдсэн. Нэг ёсны тэдний нэг “бай”-г онцолсон хоёр утгатай тайлбарын цаана хууль зүйн үндэс бий юу. Үүнийг тодруулах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар асуудлыг хэлэлцэх ёстой вэ гэдгийг тодруулахын тулд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг өнгийе.

Уг хуулиар “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэж заасан байна. Мөн уг зөвлөлийн Монгол Улсын Ерөнхийлөгч даргалдаг бөгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гишүүнээр багтдаг. Түүнчлэн УИХ-ын дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь нам эвслийн бүлгийн ахлагч нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцдог аж.

Иймд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлээд байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын хэн хэн нь асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх, хэлэлцэх санал оруулах боломжтой болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний хэн хэн нь хуулийн дагуу гаргалгаа хийх эрхтэй гэсэн үг. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талд байсан 49 хувийг Монголын компани эх орондоо авчирсныг хэлэлцэх нь зөв үү, буруу гэдэг нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Монголын мэдлийн 51 хувийг бүтнээр нь буюу хэсэгчлэн зарах тохиолдолд харин Үндэсний аюулгүй байдлы зөвлөлөөр хэлэлцэх ёстой гэдэгт нэмэх оноо өгөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг хуулиар зөвтгөж болох.

Гэхдээ түүний санал болгосон Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-аар энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж, олон нийтэд шууд дамжуулан хүргэх саналын тухайд ч бас л эргэлзээтэй. Учир нь, уг хуулийн дагуу хэлэлцэх асуудлууд нь Сонсголын төрөл, тэдгээрийг зохион байгуулах үндэслэлийг заасан хоёрдугаар бүлгийн зургаадугаар зүйлээр тайлбарлагддаг аж. Уг заалтад сонсголын төрлийг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэж тодорхой заасан. Эдгээрийн алинд нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хамруулж хэлэлцэх вэ гэдэг нь тодорхой бус.

Хэрэв асуудлыг заавал хэлэлцэх ёстой гэж үзвэл ерөнхий хяналтын заалтыг гол болгох үндэслэлтэй. Энэ саналыг Ерөнхийлөгч, УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүний санал, тухайн байнгын хрооны ийт гишүүний олонх нь хүсэлт гаргаснаар хэлэлцэх эрх, үүрэг нээгддэг. Иймд асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж үзвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чамгүй олон гишүүний дэмжлэг шаардлагатай болж таарах нь.

Хамгийн гол нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Нийтийн сонсголын тухай хуулийн алинд нь ч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компани хэрхэн авсан асуудлыг хэлэлцэх хууль эрх зүйн боломж байдаггүй аж. Тэгэхээр хөрөнгө оруулагч тал нь үүнийг сөхөж асуудал босгох эрхтэй болж байгаа юм. Иймд УИХ-аас аль, аль хуулийн заалтаа өргөжүүлж, утга хийгээд ач холбогдлыг нь өндөрсгөх шаардлага амьдралаас урган гарч буй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй болов уу. Үүний цаана зөвхөн “Эрдэнэт” бус дараа дараагийн стратегийн ач холбогдол бүхий орд газар, үйлдвэртэй холбоотой маргаан гарвал аль хуулийн, аль заалтын дагуу шийдвэрлэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг. Эс бөгөөс бизнес эрхлэгчийн үг үйлдэл, шийдвэр бүрийн өмнө бүдэрч унасаар байхыг үгүйсгэх аргагүй. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд ч, Нийтийн сонсголын тухай хуульд ч төрийн зохицуулалт, төрийг гол болгосноос бус бизнес, эдийн засгийн эрх ашиг болоод харилцаагаа чухалчилж үзээгүй байгаагаас үзэхэд шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)