Бусдын өмнөөс илдэн дээр хүзүүгээ тавихаа боль, залуусаа

2016-11-24 11:13:00

Улстөрчдийн нялуун хайр дурлалд өлмийгөө өргөж, эрх мэдэл горьдож суух үе тэнгийн залуусаа бодохоор өрөвдөх сэтгэл төрнө. Хүрэл зүрх ч хайлах тухай гашуун үнэнийг өгүүлбэл тэдний ирээдүй хаа хүрч, нухчин дарагдахыг төсөөлөхөд ч бэрх. Учир нь, улстөрчдийн эрх ашиг, тэдний золиосонд хувь тавилангаа төмөр торны цаана хүлж буй залуус нэг бус нэлээд олноороо тоологдох болчихлоо. Зах зухаас нь нэрлэж, боловсрол мэдлэгийг нь тоочин өгүүлье гэхнээ бидний үеийн бахархам сайхан амжилтын эзэд гэмээр. Гэсэн ч цаг цагаараа байдаггүй, цахилдага хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн тэд эрх ашгийн золиос болж өөрийн биеэр төлбөр төлөх болсон нь дэндүү харамсалтай хэрэг.

Өчигдөрхөн л шоронд хоригдсон тухай мэдээлэл нь тарсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр буюу Фортуны туслах, зөвлөх явсан цаг саяхан. Ардчилсан нам төрийн эрхийг авахтай зэрэгцэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Арилжааны банкууд таван тэрбум төгрөгөөс дээш үйлдвэрлэлийн төсөл санхүүжүүлэх тэнхэлгүй тухай гомдол олширч, хөгжлийн хөтөлбөрийг хэн, хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуулт эзэнгүй байхад тэрбээр энэ албыг авсан. Үр дүнд нь Чингис, Самурай бондыг босгож, Монголын эдийн засагт цус сэлбэх хэмжээний хөрөнгө оруулалт татсан. Харин энэ гавьяа нь өнөөдөр “Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн будилаан илэрсэн” тухай мэдээлэлд дарагдаж, гавьяа бус гайг нь тоочин өгүүлэх хэмжээнд хүрэв. Ердөө л 30 нас шүргэсэн түүний хувьд ийн баривчлагдахтай зэрэгцэн МАН-ын залуус олноороо шуугиж, алга ташин хөөрөх нь бас л сонин үзэгдэл. Улс төрийг хувь хүний эр зориг, хүсэл тэмүүлэл гэхээс илүүтэй дээд үеийнхнийхээ хөтөлгөө морь, сүү долоосон гөлөг нь байх замаар хийдэг тэдний хувьд энэ бол ердөө л цаг зуурын баяр хөөр байх талтай. Өөрөөр хэлбэл, залуусыг золионд гаргах бодлогын ганц бай нь Н.Мөнхбат биш юм. Нэг ёсны тэр ганцаараа бус олуулаа болж, энэ хүнд бэрх замыг үргэлжлүүлэх нь бараг л тодорхой.

Яагаад гэхээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ч адилхан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн гайгүй ирээдүйтээ багш гэдгээрээ үеийнхэндээ хүндлэгдэж байсан тэрбээр өнөөдөр мөн л шоронд хоригдсон байгаа. Гэр бүлийн холбоо хэлхээ нь түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болоход нөлөөлөөгүй хэмээн тэрбээр өөрөө тайлбарласан ч түүний үгэнд яг үнэндээ итгэх хүн өөрөөс нь өөр хэн байгаа бол. Их сургуулийн багшаас Тэргүүн Шадар сайдын зөвлөх, Тэргүүн Шадар сайдын зөвлөхөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа гэр бүлийнхээ хүний нэр дээр байдаг компаниар дамжуулан улсад 17 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж, арав орчим хоногийн өмнө дахин баривчлагдсан.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан П.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн сайдын зөвлөх асан, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат. Тэд бүгдээрээ УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулгыг сэжигтнээр татан шалгаж буй Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тойрсон олон тэрбум төгрөгийг хувьдаа шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Уг нь хэн хэн нь л гадаадад сургууль соёл төгссөн, өөр өөрийн мэргэжилдээ эзэн болж, үеийхнийхээ хүндлэлийг хүлээсэн залуус. Харамсалтай нь, Х.Баттулгын бүрдүүлсэн багт орсноороо тэд алдсан. Гэхдээ мэдээж шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй учраас буруутгах аргагүй. Гол нь өнөөдөр үнэн хэний талд вэ гэдэгт хариулах боломжгүй болчихсон. Лав л тэднийг сайнаар харах, ойлгох хүн гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчдээс нь өөр байгаа гэдэгт итгэх аргагүй.

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө ажил амьдрал бүхнээ зориулж яваа залуус бол Б.Хуяг, Б.Тулга нар. Тэд төрсөн ах дүүс. Дүү Б.Тулга нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслахаар олон жил ажиллаад өнгөрсөн Засгийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан. Улмаар МАХН-ын Хэвлэл, олон нийттэй харилцах нарийн бичгийн даргаар сонгогдсон. Үүнээсээ өмнө буюу өөрийн төрсөн ах Б.Хуягийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтран эзэмшиж байсан “Өргөө” зочид буудлын хэрэгт холбогдон шалгагдаж эхлэх үед мөн л баривчлагдаж байсан. Харамсалтай нь, төрсөн ах Б.Хуяг нь өнөөдөр эх орондоо ирэх эрхгүй оргон зайлж яваа. “Ирвэл баривчлагдах учраас ирээд хэрэггүй” гэдэг үгийг ахдаа хэлснээ ч тэрбээр нуудаггүй. Нэг хүний төлөө гэр бүлээрээ ийн баривчлагдах нь баривчлагдаж, эх орноосоо зугтах нь зугтана гэдэг бол гунигтай хэрэг.

Гол нь энэ бол зөвхөн нэр дурьдсан залуусын тавилан биш юм. Тэдний араас албан тушаалын амтанд дурлаж, хуурай ах эгчийнхээ хөтөлгөө морь болохыг хичээж буй бүх залууст оноогдож мэдэх гашуун бөгөөд үнэн “шагнал” юм. Тиймээс, яг одоо ялсан намынхаа эрх мэдэлд сагаж, нүдээ ар шилэндээ “нааж”, дуу хоолойндоо хөвч нэмж суулгах нь халгүй пээдэлзэж буй залуу найз нар минь болгоомжлоорой. Улстөрчийн амьдрал дөрвөн жилээр хэмжигдэж, улс төрийн замнал ялалт, ялагдлын хооронд сэхэж, сөхөрдөг болчихсон ийм үед мөнхийн эрх мэдэлд хүрсэн мэт эрдэхээ больцгоо. Бусдын өмнөөс илдний үзүүр дээр хүзүүгээ тавихад ойрхон яваа үе тэнгийнхээ залуусыг ч элэглэж, доромжлохоо боль. Улс төрд зурсан зам тань хоёр өөр намын батлахтай ч, эрх мэдлээ ашиглаж даалгавар биелүүлсний золиос нь нэг хэлбэртэй гэдгийг бодож, эрхтэн дээрээ хазаараа татацгаая, найзууд аа. Ядаж л нүд тань нүүрэндээ, хүзүү тань байрандаа байг ээ. Эхний ээлжинд…

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)