Б.Жаргалсайхан: Худалдаа хөгжлийн банк дампуурвал Монгол дампуурахаар болчихлоо /цуврал 1/

2016-12-05 13:01:15

Монголын улс төрд хэзээд сонирхолтой нэгэн фигур байх нь яах аргагүй Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан. УИХ-ын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллах хугацаандаа Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлуулсан нь стратегийн ач холбогдол бүхий орд газар гэдэг томьёоллыг Монголын төрд бий болгож чадсан. Харин өнөөдөр бол тэрбээр бизнес эрхлэгч. Гэхдээ улс төрийн зүтгэлтэн гэдэг тодотголыг түүнээс холдуулж ойлгох аргагүй Ингээд хэзээд уулзаж ярилцахад сонирхолтой байдаг түүний ярилцлагыг хүргэе. Бидний ярилцлага шөнийн 24 цагт “Компот идэх үү” гэсэн түүний асуултаар эхэлснийг онцлоё.

-Та компотонд дуртай юу?

-Дуртай. Харин залуучууд компот биш архи, пиво, вискинд дуртай байх шиг байна. Тийм үү?

-Янз янз л байх. Харин та архины тухайд?

-За даа, амсаад л тавина. Архи ер нь уухгүй дээ.

-Хамт архи ууж байж л ажил явдаг гэх бизнесмэнүүдийн үг худлаа юу?

-Худлаа, худлаа. Архи уугаад байвал ажил яаж явах юм бэ. Ерөөсөө ажиллах л хэрэгтэй. Бүр сайн ажиллах хэрэгтэй. Дээр нь, ном сайн унших хэрэгтэй. Манайхан чинь Эрээнээс чанар муутай үнэ хямдарсан бараа авчирч, үнийг нь хоёр, гурав нугалж зардгаа бизнес гээд бодчихдог хүмүүс. Монгол Улсын хамаг валютыг сүүлийн 25 жилийн турш тэр аргаараа Эрээн рүү зөөсөн. Ингэснээр Эрээн, Хөх хот, Ордос гэх мэт том хотууд Хятадад манай улсын буянаар бий боллоо. Энэ Гэтэл Монголд үлдсэн зүйл алга.  

-Гэхдээ тэд таны өрсөлдөгч биш үү. Наад зах нь, гараар нэхсэн ноолууран хувцас олноороо зарагдаж байгаа харагддаг?

-Яахав дээ. Архи уусан дорвол ажил хийсэн нь дээр биз дээ. Гэхдээ гар аргаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд зарна гэвэл үүн шиг худлаа зүйл байхгүй. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан бараа бүтээгдэхүүн зарж байж л дэлхийн зах зээлд гарч чадна. Төр үүнд анхаарал хандуулж ажиллуулах хэрэгтэй. Ядаж ажил хийе гэсэн хүмүүсээ зөв чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй хий хоосон мөрөөдөлд хөтлөөд байж бас болохгүй.

-Танай үйлдвэрийн борлуулалтын тухайд?

-Манайх Европ, Япон руу бүтээгдэхүүнээ гаргадаг. Гар аргаар хийсэн хайш яаш, халтар хувцсыг тэд нар авахгүй. Хятадын удирдагч асан Мао Цедун “Бүх айл өрх үйлдвэрлэгч болно” гээд бүх хүнээрээ гар аргаар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч тэр нь амжилт олоогүй. Харин ч дампууралд хүргэсэн. Ийм бэлэн түүх байхад бид нар тэр алдаанаас суралцахгүй хуучин арга барилаар ажиллаж, үйлдвэрлээд байж болохгүй. Тэр дундаа үндэсний үйлдвэрлэлийг олон улсын стандартын дагуу, шаардлагад нь нийцэхүйц төвшинд анхнаас нь хөгжүүлэх хэрэгтэй.

-Гэхдээ гар ажиллагаа гэдэг чинь одоогийн нөхцөлд үндэсний үйлдвэрлэл шүү дээ?

-Шинжлэх ухаан хөгжиж байна. Юу яасан гар ажиллагаа. Жаахан хөгжиж, дэвших хэрэгтэй биз дээ.

-Танай үйлдвэрийн хананд өлгөгдсөн энэ гоё загварууд яагаад Монголд тэр бүр зарагддаггүй юм бэ. Таны өмссөн цамцны загвар ч тэр их гоё юм?

-Хэн авахын. Манайд мөнгөтэй хүн байхгүй байна.

-Танай охин загвараа гаргаж байгаа байх аа. Европт нэлээн амжилттай үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Та бахархах юм уу?

-Юун бахархах вэ. Тийм юм байхгүй. Угаасаа ажил нь. Манайхан үр хүүхдээ магтаж өргөмжлөөд бөөн юм болдог. Ямар хэрэг байна. Жаахан даруулгатай, урдах ажлыг нь сайн хийж сургах хэрэгтэй. Дэлхийн өнцөг буланд энэ мэт цамц мянга, мянгаараа гарч байгаа. 

-Та 1990 оноос хойш Монголын баян хүний төсөөллийн дүр байж ирсэн. Бараг л домог мэт ярианууд гарч байсан даа?

-Домог гэж үү. Одоо ч хэвээрээ байх шүү. Ямар ч байсан өнөөдрийг хүртэл ядуурчихаагүй л явж байна. Харин олон хүн тэжээдэг болохоор үүрэх ачаа бол жаахан ихдээд байх юм.

-Хэр олон ажилтантай вэ?

-Хоёр үйлдвэрийн 500 гаруй хүн байна аа.

-Долларын өсөлтөөс үүдээд бизнес эрхлэгчид сөхөрч унах гэж байгаагаа учирлах болж. Та санал нэг байгаа юм?

-Манай улс хэрэглэж байгаа зүйлийнхээ 90 орчим хувийг гаднаас авч байгаа. Тэгсэн хэрнээ доллар олж байгаа хүн алга. Сүүлийн 15 жилийн дотор Монгол Улсын гадаад бүх оронтой  хийж байгаа бизнесийн 90 хувь нь импорт, 10 хувь нь экспорт байна. Тэр хэрээр гадаад худалдаа асар их алдагдалтай болсон. Гэтэл энэ алдагдлаа дандаа зээлээр нөхөж ирсэн. Ойролцоогоор 20 гаруй миллиард долларын өрөнд орчихлоо. Сүүлдээ бүр зээлэх ч хүн алга. Эргэн тойрны боломжтой гэсэн бүх орнуудаас зээлчихсэн. Удахгүй гадаад өрийн дарамтанд унах нь. Тийм учраас гадаад худалдааныхаа тэнцлийг тэгшигтгэхийн тулд экспортоо нэмэх. Ядаж 2-3 тэрбум ам.долларт хүргэх хэрэгтэй. Нөгөө арга нь ам.долларын ханш өсч, импортын барааг багасгана. Өөр арга зам манайд байхгүй.  Одоо долларын хэрэглээгээ хумихгүй бол их хэцүүднэ. Дотоодын экспортын үйлдвэрлэлээ дэмжиж, эргэлтийг бий болгох ёстой. Тэгэхгүйгээр энэ байдлаас гарч чадахгүй. Манайхан их сонин. Асуудал ярихаар өөрийнхөө тухай бус бусдын тухай яриад байдаг. Эхлээд наад зах нь өөрийгөө бодоод үз. Өөрийнхөө асуудлыг шийдчихээд дараа нь бусдын тухай ярь. Долларын ханш өслөө гээд сандрах юм. Уг нь сандраад байх шалтгаан байхгүй. Харин ч манайд ашигтай

-Яагаад. Та сая хүртэл нийт бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг доллараар авч байгааг ярилаа шүү дээ. Энэ чинь яалт ч үгүй үнэ төлбөрийн өсөлт болмоор юм?

-Доллараар бараа бүтээгдэхүүн авахаа л больчих хэрэгтэй. Тэгээд л болоо. Долларын ханш өссөнөөр байрны үнэ буурна. Хятадууд авахаа больчихоор аяндаа бараа бүтээгдэхүүнийхээ үгийг бууруулна. Монголчууд нэг талаараа хожино. Жирийн ард түмэнд доллар битгий хэл төгрөг ч байхгүй байгаа. Аяндаа худалдан авалт байхгүй болохоор үнэ унаж таараа. Энэ чинь жирийн ард түмэнд ашигтай. Амьдралын өртөг манайд Европоос хоёр дахин үнэтэй байна. Орон сууц хэт өндөр үнэтэй байна. Хүн амын хэрэглээнээс давсан үнэтэй байна. Монголд жирийн 70-80 м.квадрат байрны үнэ нэг метр.квадрат нь 700-800 мянган төгрөг байхад болно. Элит гээд байгаа нь 1,5-2 саяас их байх шаардлагагүй. Гэтэл хэт үнээ хөөргөдчихсөн. Ам.долларын ханш өсвөл энэ хөөрөгдөл буурна. Тэгж байж компани, аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн хэмжээ буурна. Тэр хэрээр зах зээлийн эргэлт хурдасна. Энэ бол ганц миний үг биш. Зах зээлийн өөрийнх нь зарчим. Дээр нь, Монголыг шулдаг улс орон их байна. Хятад, Солонгос, Япон бүгд Монголоос мөнгө татаж байна. Доллар өсөхөд наад зах нь бүтээгдэхүүнээ гадагшаа гаргадаг үйлдвэрүүдэд ашигтай. Тэр хэрээр дотоодын зах зээлээ булаацалдахгүй болно.

-Бусад улс оронд шулуулахгүйн тулд тэгээд яах ёстой гэж?

-Манайх Хятад, Япон, Орос, Солонгос зэрэг орнуудтай хийсэн худалдаанаасаа 90 хувийн алдагдал хүлээсэн. Саяхан харин Японтой чөлөөт худалдааны хэлэлцээ хийснээр хоёр орны гадаад худалдаа татваргүй хийгдэхээр болсон байна лээ. Гэхдээ үүнийгээ цаахид хэрхэн зөв зүйтэй, эдийн засагтаа хэрэгтэйгээр тусгах вэ гэдгээ бас их сайн бодох хэрэгтэй. Жишээ нь, Орос, Монголын худалдаа байна. ОХУ-ын бараа бүтээгдэхүүнээс манай улс таван хувийн татвар авдаг. Гэтэл манай  бүтээгдэхүүн Орос руу 70 хувийн татвартай гардаг байх жишээний. Хэтэрхий шударга бус байгаа биз. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Ийм шударга бус харилцаа байж болох уу. Тэгэхээр Орос манай дайсан уу, түнш үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй гэсэн үг. Иймд нэн даруй энэ татварын асуудлыг хэлэлцээр хийж шийдэх хэрэгтэй. Үгүй бол ОХУ-аас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний татварыг нэн даруй адилхан 70 гаруй хувьд хүргэж, өсгөх хэрэгтэй. Манайх чинь жилдээ миллиард орчим долларын импортын бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа орон шүү. Хятадын хувьд асар их хэмжээний бараа манай руу экспортолж, тэр хэрээр асар их хэмжээний валютын нөөцийг авч байгаа. Дээр нь, нэмүү өртөг үйлдвэрлэж, шингээж ашиг хүртэж болох бүх хөдөө аж ахуй, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг манайхаас авдаг. Энэ утгаараа Хятадтай маш ашиггүй наймаа хийж ирсэн. Манай хоёр хөрш уг нь хоёулаа Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Гэтэл манайх Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагыг биелүүлж бгаа ч хоёр хөрш маань бидэнтэй Дэлхийн худалдааны байгууллагын зарчмын дагуу ажилладаггүй. Далайд гарцгүйг маань ашиглан аль болох дарамт үзүүлж, худалдааны шударга бус харилцааг үзүүлж явж ирлээ.

-Долларын үнэ өсөхийн тухайд магадгүй та гадагшаа бүтээгдэхүүнээ гаргадаг болохоор танд ашигтай тусч байгаа байх л даа?

-Яалаа гэж дээ.

-Танаас бусад нь долларын өсөлтийг хохирол гэж үзэж байгаа болохоор ингэж хэлэхээс өөр арга алга аа ?

-Үгүй ээ. Чанартай бүтээгдэхүүн хийж чадахгүй байж ичих хэрэгтэй. Орон сууц байна. Америкт гэхэд байрны үнэ манайхаас бараг хоёр дахин хямд байгаа. Тэгэхэд манайд хэд билээ. Арай дэндүү. Уг нь Монголд монголчууд л амьдарна. Манайх шиг өвөлдөө хасах 40 хэм хүрдэг, шороотой, байгалийн нөхцөл хүнд оронд бид нараас өөр хүн амьдрахгүй. Гадныхан ирж амьдарна гэж бодож байвал санасны гарз. Бид нараас өөр хүн амьдрахгүй. Ийм байхад монгол хүнээ бодож бизнес хийх хэрэгтэй. Хангалттай ашиг олж чадаж байж юунд нь ингэж хөөрөгдөөд байдаг юм бэ.

-Манайхан харин эсрэгээрээ “Монголоосоо явна” гэх болж?

-Хэн бид нарыг хүлээж авахын. Явах гээд байвал явна биз. “Баяртай” л биз дээ.

-Та тэгвэл явах тухай боддог уу. Энд үйлдвэрлэл эрхлэх гэж зовж байхаар гадаадад далайн эрэг дээр хэвтэж байх нь сайхан гэж хүмүүс ярьдаг даа?

-Үгүй ээ. Ихэнх тохиолдолд үйлчлэгч, хамгийн бага үнэлгээтэй хар бор ажил хийж, 1000 доллар амьдарна гэдэг хэцүү. Найман зууг нь байрандаа өгнө. 200 доллараар хавчигнаж амьдарна. 100 долларыг нь Монгол руугаа явуулна. Тэр нэг их хүсэх амьдрал биш. Гэхдээ мэдээж хэрэг зарим нэг оюуны багтаамж өндөртэй боловсролтой залуус сайн ажил хийж байгаа. Харамсалтай нь, их цөөхөн юм даа. Уг нь Монгол Улсынхаа нөөц боломжийг гололгүй эндээ боломж бололцоогоо нээж ажилласан бол хөгжилд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй.

-Таны хувьд арай өөрөөр байж болно шүү дээ?

-Би 25 жил өдөр шөнөгүй ажиллалаа. Одоо ч ажиллаж байна. Дөнгөж сая уулзалтаа дуусгачихаад сая чамтай уулзах гээд гүйж ирлээ. Одоо цаг 24 цаг болж байна. Дахиад ч хэдэн цаг сууна. Хүний ер нь яаж амьдрах нь бусдад хамаагүй байхгүй юу. Баян байна уу, ядуу байна уу хамаагүй. Өдөрт үсрээд хоёр таваг хоол иднэ. Оймс бандааш цамц, өвөлдөө куртик өмсөнө биз. Өөр илүү хэрэглээ байхгүй. Яг адилхан. Хүмүүс баян хүн гэхээр алтаар оймс хийж өмсөөд шүрэн толгойтой, мөнгөн цээжтэй болчих шиг юм бодох юм. Тийм юм байхгүй. Харин бүгдээрээ хариуцлагатай, соёл эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөж амьдрах хэрэгтэй. Өөрийнхөө боломжийг голох хэрэггүй. Байгаа зүйлдээ баясаж амьдарч сурах хэрэгтэй. Монгол уг нь хамгийн аз жаргалтай амьдарч болох орон байхгүй юу. Монголчуудын хувьд шүү.Хэзээ ч бид нарыг бусад хүмүүс сайхан амьдруулах гэж зүтгэхгүй.

-Энэ үгтэй тань санал нийлж байна аа?

-Бод л доо. Сингапурт, Хавайд очиод арван жил амьдралаа гэж бодьё. Бид нар чадахгүй байхгүй. Тэр их чийгэнд амьдрах хэцүү. Хувь зайгүй юм шиг санагдана. Өглөө босоод баахан өт хорхой иднэ. Монгол хүн чинь хөх тэнгэрийнхээ дор уудам цэлгэр тал дээрээ уужимхан, эрх чөлөөтэй амьдрахыг хүснэ. Юун цагаан будаа, ногоо. Сүүлдээ шүд нь хүртэл сулраад унана. Тэр чинь хүсэх юм биш. Монгол хүн монгол газар нутагтаа аз жаргалтай амьдрах хувьтай. Энэ амьдралыг харин өөрсдөө бий болгох хэрэгтэй. Хэн нэгэн хүн ирж хэзээ ч бид нарыг аз жаргалтай амьдруулж чадахгүй. Хүнд найдаад хэрэггүй. Би бол ямар ч тохиолдолд Монголдоо л амьдарна.   

-Гэхдээ энэ нь бодлого тодорхойлогчтой холбоотой асуудал шүү дээ. Төрийн бодлого зөв зүйтэй байх ёстой гэдгээс их зүйл шалтгаалдаг?

-Дээр нь, сэтгүүлчид та нарт асуудал бас байна. Элдэв ташаа мэдээллээр нийгмийг хордуулсан хүмүүс бол та нар. Манай иргэд ч өөрсдөө буруутай. УИХ-ын сонгуулиар саналаа 10 мянган төгрөгөөр өгч байгаа хүмүүс яаж сайхан амьдрах юм бэ. Эх орноо гэснийг нь сонгохгүй мөнгө өгснөө сонгосны гай нь энэ. Амьдрал нь аравхан мянган төгрөгийн үнэтэй байгаа тохиолдолд яах ч юм билээ. Аравхан мянган төгрөгөөр саналаа өгсний дараа амьдралынх нь өртөг хэд нугарч өсч байна. Одоо арван мянган төгрөгөө 10 сая төгрөгөөр төлөх байх. Эрх чөлөө, тусгаар тогтнол, сайн сайхан амьдралаа ингэж 10 мянган төгрөгөөр үнэлж байгаа хүмүүсийг би яах ч билээ. Гадаадынхан бол “Хохь нь. Ийм л хувь заяатай хүмүүс юм байна” гэж шоолох л байх. Энэ эх захгүй байдал хэрээс хэтэрлээ. Ерөөсөө иргэд юу ч уншиж, сонирхохоо больсон. Ялангуяа аа эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн талаар ямар ч ойлголтгүй болсон байна лээ. “Мөнгө өгөх юмуу. За өгөх бол сонгоно оо” гэх жишээний. Энэ чинь нэг сонгогчийн биш Монгол Улсын тусгаар тогтнолыг гадаадын хэн нэгэн этгээд асар их бэлэн мөнгө оруулж ирээд худалдаад авчихаж болох юм байна гэдгийг хэлээд байна. Ийм арчаагүй байж болохгүй. Төрөө сонгох гэж байгаа хүмүүс шүү. Ийм байж араас нь шалчиганаж олон юм ярих ямар хэрэг байна уу. Одоо үг дуугүй сонгосон хүмүүсийнхээ үгэнд ороод дуугүй амьдрах хэрэгтэй. Өөр яахын тэгээд. Ард түмнийхээ арван мянган төгрөгийн сонголтыг хүндлэх хэрэгтэй биз дээ. Өөрсдийнх нь л сонголт.

-Та ер нь хэдэн удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшив ээ?

-Бараг бүх сонгуульд нэр дэвшсэн. Хэрэв УИХ-ын сонгуульд Бүгд найрамдах нам ялалт байгуулж, бид нар олонх болсон бол нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг үндсээр нь өөрчлөх байсан. 40 жил зовж амьдрах уу, дөрвөн жил жаахан бүсээ чангалж байгаад хариуцлагатай, аятайхан нийгэмтэй болох уу. Үүнийг хэрэгжүүлэх байсан. Хүн болгон өөрийнхөө хөдөлмөрийн чадавхиар хийж бүтээснийхээ хүчээр сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх байсан. Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар үнэндээ манай нам л сурталчилгаа хийсэн. Ардчилсан нам, Монгол Ардын нам хоёрын аль ч сурталчилгаа хийгээгүй. Бодлого яриагүй. Зөвхөн мөнгө тараасан. Богдын боорцог тараадаг шиг л юм болсон. Бодоод үз дээ, сая америкчууд яадаг ч байсан хөрөнгөтнөө сонгож байгаа биз.

-Танаас ярилцлага авах болсон нэг гол шалтгаан нь таны энэ үг шүү. АНУ-д Бүгд найрамдах намын Дональд Трамп ялалт байгуулж байгаа юм чинь монголчууд Бүгд найрамдах намын Б.Жаргалсайханыг сонгох магадлал байна гэдэг яриа гараад байгаа?

-Гэхдээ энэ чинь Дональд ялсан учраас Жаргалсайхан ялах тухай асуудал биш шүү. Харин амьдралын дадал туршлагатай, амжилттай бизнес эрхэлж үзсэн, олон сая долларын гэрээ хэлэлцээрт ороод үзчихсэн, дэлхийн хөгжил дэвшлийг ойлгочихсон хүнээ сонгож байж л улс хөгжинө гэдэг хандлагын хариулт байхгүй юу. Ерөөсөө улс орон тэгж л хөгжинө. Тэрнээс Трамп нь хамаагүй. Гэхдээ Трамп бол үнэхээр том хүн. Өөрийнх нь хөрөнгө дөрвөн миллиард ам.доллар. Ийм хөрөнгийг АНУ-ын зах зээлээс босгоно гэдэг амар биш. Энэ нь тэр хүний хэр том, чадвартай хүн гэдгийн илэрхийлэл. Манайд бол эсрэгээрээ. Дандаа хулгайчдаа сонгодог. Бүр аль болох ахиу хулгай хийдгээ сонгоно. Хулгай хийхэд мэдлэг боловсрол, үзэл бодол ямар ч ач холбогдолгүй гэдгийг ойлгохгүй байна.

-АНУ-д хатуу, дотоод эрх ашгаа хүндэтгэсэн, эрхэмлэсэн бодлого хэрэгтэй гэж сонгогчид нь үзсэн байх. Таны монгол төрийн баримтлах ёстой бодлого гэж үздэг бодлого тодорхой хэмжээнд түүнийхтэй ойролцоо байж магадгүй юм. Тийм үү?

-Ер нь бол дэлхий даяар хэтэрхий их мөнгө гүйлгээд оруулж, үйлдвэрлэл байхгүй болчихсон байна. АНУ-ын хамаг үйлдвэрүүд дампуураад хаагдчихсан. Ажилгүйдэл хэрээс хэтэрсэн. Тэрийг дагаж асар олон хүн ажилгүй, амьдралгүй болсон. Трамп үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, хүмүүсээ ажилтай болгоно гэж амласан. Энэ буруу биш. Ер нь бол Трамп бид хоёр адилхан. Манай хоёр намын ярьдаг зарчим, бодлого ч адилхан. Манай намын үзэл бодлоос Трамп харин ч авсан байж магадгүй шүү. Даанч харамсалтай нь, манай ард түмэн Бүгд найрамдах намыг биш большвекуудыг сонгочихлоо. Одоо яая гэх вэ. Ард түмний сонголтыг хүндэтгэх нь ардчиллын зарчим юм даа. Манай Бүгд айрамдах нам АНУ-ын Бүгд найрамдах намдаа баяр хүргэж, Ерөнхийлөгч Дональд Трампад тангараг өргөхөөс нь өмнө мэндчилгээ дэвшүүлж цахилгаан утас илгээнэ ээ.

-Та мэдээж багаараа ялах зорилг тавьж УИХ-ын сонгуульд ордог байх. Гэсэн ч олонхи болох нь битгий хэл та л ганц удаа УИХ-д сонгогдсон. Ер нь юунд итгэж сонгуульд оролцоод байдаг юм бэ?

-Улстөрч хүний бодол нэг өдөр, нэг сонгуулиар хэмжигдэх ёсгүй. Олон арван жилээр явдаг. Чингис хаан агуу их эзэнт гүрнээ байгуулахдаа ганцаараа байгуулаагүй. Улс төрийн бодлогыг бий болгож, түүнийг нь ач гуч нь үргэлжлүүлж явсан. Бодоорой, миний 20-оод жилийн өмнө хэлж байсан зүйл өнөөдөр бодит байдал болж байгаа биз. Тийм учраас өнөөдөр миний бодлого хэрэгжихгүй ч гэсэн маргааш хэрэгжинэ. Улстөрч хүний бодлого нэг өдрөөр явдаггүй. Тийм болохоор би УИХ-ын сонгуульд ордог. Өнөөдөр ардчилсан нийгмийг бид нар байгуулж эхлээд яагаа ч үгүй байна. Их хол байна. Хүмүүсээ улс төрийн ухамсар, соёл иргэншилтэй болгоход цаг хугацаа хэрэгтэй. Аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ч ялгаагүй. Би чамд намынхаа сурталчилгааг үзүүлье. Чи аягүй бол үзээгүй дээ. /Бүгд найрамдах намын сурталчилгаа болон “Буян” компанийн танилцуулга баримтат киног үзүүлэв/

-Үзэлгүй яах вэ дээ. Бүр танай намаас НИТХ-д манай хамаатан нэр дэвшсэн шүү?

-Үгүй ээ, бас яамай даа. Чи хүмүүс бид нарыг дэмждэггүй гээд байна. Үгүй шүү. Харин ч сайн дэмжсэн. УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн манай нэр дэвшигчид дандаа гурваар гарсан. Нийт сонгогчдын 15-18 хувийн саналыг авсан. Биднийг дэмжиж саналаа өгсөн сонгогчиддоо талархал илэрхийлье. Даанч бид нарт өгөх байсан бусад сонгогчдын саналыг 10 мянган төгрөгөөр худалдаад авчихаж байгаа байхгүй юу. Ер нь манайханд өөрчлөлт хэрэгтэй байгаа юм.

-Ямар?

-Ядаж жаахан өөдрөг байх хэрэгтэй. Жаахан ч гэсэн гоё сайхан зүйлд цаг зарцуулж сурах ёстой.

-Тэгвэл танд тухайлбал сайхан мэдээ юу байна?

-Байна ш дээ. Байлгүй яадаг юм. Сүхбаатарын талбайн урд гоё усан оргилуур байгуулах төсөл бэлэн байна. /Видео танилцуулга бүхий зураг төсөл үзүүлэв/. Талбай дээрээ Чингис хаан, Сүхбаатар хоёрын хөшөөг урд хойно тавьчихсан. Тийм утгагүй байж болохгүй. Түүнийхээ оронд Сингапурт байдаг шиг, тэрнээс ч гоё усан оргилуур байгуулчихвал жуулчид ирнэ.  Улаанбаатарчууд маань орой үдэш зугаалж, хүүхдүүд нь салхилж, цагийг сайхан өнгөрүүлэх боломжтой болно. Ийм гоё юм Монголд хэрэгтэй байна. Сүүлдээ талбай чинь бүүр барааны зах болчихсон байна лээ. Бүгдийг нь хөөж явуулах хэрэгтэй.

-Энэ саналаа хотын удирдлагуудад танилцуулах уу?

-Надад ч  хотын удирдлагад танилцуулах зүйл ч их байна даа.

-Тухайлбал?

-Зам, барилга барилаа л гэх юм. Гэтэл үүний цаана  Улаанбаатарын утаа, ажилгүйдэл, хог, эрүүл мэндийн асуудал гэж бидний хүлээхгүй аюул байна. Удахгүй нийслэл хот бүхлээрээ хорт хавдрын үүр уурхай болох нь. Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал дийлдэхээ больсон. Эхийнхээ хэвлийд хорт хавдараар өвчилж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй хүн байна гэдэг аймар тоо биз дээ. Энэ бол гамшиг. Удахгүй Улаанбаатарт  оршин суух боломжгүй болох нь. Иймд тэр бүхнийг ирэх дөрвөн жилд шийдэх хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй. Түүнээс бус замын уулзвар барих замаар өмнөх хотын даргатайгаа уралдах хэрэггүй. Хүнийхээ эрүүл мэндийг бодож ажилла. Үүнийг шийдэхийн тулд хөдөө орон нутаг руу хүмүүсийг нүүлгэ. Ингэхдээ Орон нутаг руу шилжин сууршигчдыг дэмих сан байгуулах хэрэгтэй. Жинхнээсээ нүүх гэр бүлүүдэд нэг портер машин, дөрвөн ханатай гэр, 300 хонь, 100 ямаа, 10 үхэр, 10 адуу өгөх хэрэгтэй. Тэгвэл гэр хороололд байгаа ашиг орлогогүй ажилгүй хүмүүсийн орон нутагтаа сайн сайхан ажиллаж амьдрах орчныг хангаж чадна. Ингэх юм бол гэр хороололд байгаа ажил хөдөлмөргүй хүмүүсийн нэлээд хэсэг нь нүүж, харин ч сайхан амьдрах боломжтой болно байх. Тэгэхгүйгээр энэ ажил хөдөлмөргүй хүмүүс чинь бетонин байшинд ороод яаж тэр их зардлыг дааж, амьдрах юм. Боломжгүй ш дээ. Араас нь байнга хэлхээ холбоотой байж, тусламж дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийг нь хамгаалахад анхаарах хэрэгтэй. 1.7 сая хүн Улаанбаатарт байна. Энэ байдлаараа орон нутаг хүнгүй, Монголын үзэсгэлэнт сайхан газрууд хүнгүй, нөгөө сайхан таван хошуу мал эзэнгүй болох нь ээ. Дараагийн асуудал Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан гээд дөрвөн хоттой болох хэрэгтэй.Энэ дөрвөн хотыг сонгодог нь эрчим хүч, мэдээлэл холбоо, зам гээд дэд бүтцээр хангагдсан. Иймд энэ дөрөвт тэнцүү байршуулах хэрэгтэй. Нэн аяралтай Хөдөө аж ахуйн их сургуулийг Дархан руу нүүлгэ. Тэнд газар тариалан, үржил шим нь байна. Цэргийн дээд сургуулийг Багануур, МУБИС-ийг Багануур руу,СУИС-ийг Дархан руу, сургууль ШУТИС-ийг Эрдэнэт, Дархан, Багануур руу хувааж байршуулах замаар хотын төвлөрлийг сааруулахгүй бол улаанбаатарчууд бүгд хорт хавдарт нэрдвэгдэх нь байна шүү, хотын дарга аа.

-Гэхдээ энэ зорилтыг өнгөрсөн хугацаанд олон тавьсан. Гэсэн ч шийдэж чадаагүй?

-Чадах гэж сонгогддог биз дээ. Чадах л хэрэгтэй. Энэ ажлуудыг хариуцлагатайгаар, ухамсартайгаар өөрийнхөө төлөө биш Монгол Улсынхаа төлөө шийдэмгий зоригтой яаралтай хийж эхлэх хэрэгтэй байна. Түүнээс бус энд тэнд шоу, найр наадам, гудамж талбай тохижуулах бол чухал ажил биш. Өнөөдөр улаанбаатарчууд үхэх үү, сэхэх үү гэдгийн ирмэг дээр байна. Тийм учраас иргэдээ яаралтай аврах хэрэгтэй. Мөн дээр нь Улаанбаатар хотын иргэдийг жил болгон эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хувийн ариун цэврийн болон ахуйн ариун цэврийг сахиулах компанит ажлыг нэн яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Су.Батболд даргыг энэ ярилцлагыг уншина гэж найдаж байна.

-Унших байх аа?

-Би өөрийнхөө төлөө, улс төрийн зорилгоор энэ үгийг хэлсэнгүй. Иргэдийн сайн сайхны төлөө, тэднийг яаж аврах вэ гэдэгт, яаж аз жаргалтай, чинээлэг, амар амгалан амьдруулах вэ гэдэг үүднээс хэлж байгаа юм.

-Гэхдээ яагаад улаанбаатарчуудын хувь хүний ариун цэврийг Хотын даргад даалгах гэж?

-Гадуур бараг бүх нийтээрээ арьс өнгөний өвчтэй байна. Энэ чинь нийгмийн халдварт өвчин. Маш олон хүн сүрьеэтэй, холикобактертэй байна. Эмч нар үүнийг ярьж байна. Зоогийн газрууд аяга тавгаа сайн угааж чадахгүй байна. Холикобактер чинь тэрүүгээр тархдаг. Эрүүл чийрэг монгол хүн хөдөлгөөн зохион байгуулах хэрэгтэй. Ийм нөхцөлд иргэдээ эрүүлжүүлэхэд хотын дарга анхаарах үүрэгтэй. Харин тэр “Аз жаргалтай улаанбаатар” цэнгүүн зохион байгуулах бол биш шүү.

-Ингэхэд та ер нь жирийн иргэдийн амьдрал мэдэх үү. Иргэдийн амьдрал гэж олонтаа хэллээ?

-Мэдэхгүй яадаг юм. Амьдрал үнэхээр хэцүү байгаа. Тэгэхэд танай сэтгүүлчид юу хийж байна. Амьдрал сайхан болно. Төр засаг сайн ажиллаж байна. Далай лам ирээд буцлаа. Амьдрал сайхан болно гэлээ гэх маягийн мэдээлэл л тарааж байна.

-Бусдын өмнөөс хариулж мэдэхгүй. Манай сонины хувьд төр засгийг магтах байсан бол би гэхэд танаас хар шөнөөр ярилцлага аваад суухгүй л байсан байх. Яаж ч бодсон та засаг төрийг магтахгүй нь тодорхой. Тэгэхээр үгийг тань нийтлэх эрх чөлөө байна гэдэг сэтгүүл зүй бүхлээрээ худалдагдаагүй гэдгийн баталгаа биш үү?

-Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн ямар замаар авсан талаар та нар яагаад мэдээлэхгүй байгаа юм.

-Хангалттай бичсэн. Танд энэ талаар санаа оноо байгаа бол ярь л даа. Чөлөөтэй л нийтэлнэ?

-Манай улс Япон шиг биш юм гэхэд Сингапур шиг амьдрах улс. Хүн ам цөөтэй. Байгалийн баялагтай. Яагаад муу амьдраад байна гэхээр бүгдээрээ хувиа хичээдэг. Боломжтой залуус нь гадагшаа явчихсан. Ийм байдалд байгаад зөвхөн намууд ч бус ард түмэн ч буруутай. МАН, АН гэсэн хамтарсан хариуцлагагүй улстөрчдийг л тэд дэмждэг. Ер нь бол бүх нийтээрээ сонгууль өгдөг хуультай болох хэрэгтэй. Насанд хүрсэн иргэд саналаа өгөөгүй бол тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлдэггүй тогтолцоотой болох хэрэгтэй. Бидэнд эрх байдаг шиг үүрэг байх хэрэгтэй. Ард түмний 51 хувь нь саналаа өгч, 49 хувь нь оролцохгүй байгаа тохиолдолд жинхэнэ сонголтын үр дүнд бий болсон сонгууль гэж үзэж болохгүй.

-Гэхдээ та ч гэсэн УИХ-ын дарга М.Энхболдын байгуулсан Засгийн газарт Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан шүү дээ. Энэ чинь хамтрал биш үү?

-Би улс орны төлөө хамтарч ажилласан. МАН-ын төлөө ажиллаагүй. Үзэл бодлоо нийлүүлэх, нийлүүлэхгүй юм байна. Би М.Энхболдын Засгийн газрын дунд нь байлаа. Аж үйлдвэрийн паркийн тухай, Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуультай болгож өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийг нь батлуулж өгсөн. Харамсалтай нь, тэр хуулийг хэрэгжүүлж чадаагүй учраас үр дүнг нь яарин болгосон. Гэхдээ яахав дараа нь энэ хүмүүс үйл лайныхаа хариуг маш их хүндээр хүлээж авах байх л даа. УИХ-ын дарга М.Энхболдод хэлэхэд Хөдөлмөрийн хуулиа эргэн харж, анэ асуудлаар хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Сайжруулж, хариуцлагатай хууль эрх зүйн зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хөдөдмөр эрхэлнэ гэдэг дур хүслийн асуудал биш. Эрүүл саруул хүн болгон ажиллаж хөдөлмөрлөх орчноор хангагдах ёстой. Манайхаас бусад оронд ийм байдаг. Манайх дэндүү эрт хүмүүсийг тэтгэвэрт гаргадаг. Тэтгэвэрт гарсан хүмүүсийн нас богиносдог. Йймд урд удаан хугацаанд аз жаргалтай амьдруулахын тулд тэтгэврийн насыг өндөрсгөх хэрэгтэй. Ил тодын хуулийг гаргах хэрэгтэй. Монгол Улсын тухай мэдээллийг гадаад эх үүсвэрээс бус Монголынхоо мэдээллийн эх үүсвэрээс хардаг болох хэрэгтэй. Тэгвэл Монгол Улс хөгжил цэцэглэлтийн зам руу явна. Ил тод болговол ядаж төрийн албан хаагчид ил тод ажиллаж, баривчлагдана гэсэн айдасгүй болно. Үүнийг хаалттай явуулах юм бол улам л хүнд байдалд унана. Төрийн албан хаагч болохоороо баяжаад эхэлдэг. Эрс өөрчлөгддөг. Үүнийг иргэд үзэн ядаж, жигшиж байгаа. Иймд үүнийг ажил болгох нь улстөрчдийн үүрэг байх ёстой. Улс орон ядуу байж болно. Гэхдээ ил тод шударга байх хэрэгтэй байна. Үүнийг л ард түмэн хүсээд байна.

-Үйл лайныхаа балгийг амсана гэж хэлсэн. Яаж амсах тухай ярьчихав?

-Өөрийнхөө биеэр амсахгүй юу. Өлсөж эхэлнэ биз дээ. Одоо өлсөөд эхэлчихсэн байна. Ямар ч мөнгөгүй хүмүүс өлсөж л таараа.

-Гэхдээ улстөрчид өлсөхгүй. Жирийн иргэд өлсөнө. Тэд золиос биш шүү дээ?

-Манай ард түмэн чинь сайхан шүү дээ. “Бид нар яах вэ. Дарга нар минь өлсөж болохгүй. Дарга сайхан. Бид нар муухай” л гэдэг ард түмэн. Сонин хүмүүс. УИХ-ын сонгуулиар бол аймшгийн амлалт өгөө биз дээ. “Зүгээр сууж бай. Би мөнгө өгнө. Тэжээнэ” гээд л. Одоо тэгсэн яав. Сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулах амархан. Харин энэ ялагдлын дараа ажил хийж, улс орноо төвхнүүлнэ гэдэг чинь хэцүү. 

-Та өөрөө “Эрдэнэт”-ийн сэдвийг хөндсөн дөө. Та монгол хүн 49 хувийг нь авлаа гэдэг мэдээнд баярлахгүй байгаа хэрэг үү. Уг нь, авсан талынх нь тайлбараар бол баярлах үүрэг бидэнд ноогдож байгаа юм шиг байна лээ?

-Үндэсний компани авч болно. Гэхдээ хэр хуулийн дагуу ажилласан бэ гэдэг нь сонин. Гурван хүн сууж байгаад энэ хүнд өгчихье. Дараа нь ар хударгаар нь хүүхдүүддээ өгчихье гэдэг юм байж болохгүй. Шударга үнэнд ийм зүйл нийцэхгүй. Хоёрдугаарт Монголын аж ахуйн нэгж, банкуудад тийм их хэмжээний мөнгө байхгүй.

-400 сая доллар уу?

-Байхгүй ээ. Тэгэхээр тэр мөнгийг хаанаас авсан бэ гэдэг нь өөрөө асуудал. Яаж олсон бэ гэдэг нь чухал. Үүнийг ил тод болгох хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Монгол Улсын тусгаар тогтнолыг барьцаалж байгаад зээл авчихсан ч юмуу хэн мэдлээ.

-Та ер нь дотоодын банкуудын талаар ямар бодолтой байдаг вэ. Бизнес эрхлэгчид бол “Банк нэртэй дээрэмчдээс гадны хөрөнгө оруулалттай банк орж ирснээр бид нар аврагдана” гэх юм?

-Манайхан нэг юмыг их буруу бодоод байна. Монгол Улс бүхэлдээ эдийн засгийн алдагдалтай, хямралтай байхад гадны банк орж ирэхгүй. Гадны банкууд чинь хаана ашиг байна, хаана эдийн засаг эрчимжиж байна тэнд салбараа нээдэг, хөрөнгө оруулалт хийдэг. Одоо өчнөөн банк хувьцаагаа зарах гээд л яриад байгаа. Хувьцааг нь орж ирээд авахад асуудал алга. Гэтэл худалдан авагч гарч ирэхгүй байна. Манайхан ном уншдаггүй болохоор ингэж худлаа ярьж байгаа юм. Аягүй бол ламаас асууж ч магадгүй. Монголын банкнуудын хувьд ярьж байгаа бол хөөрхий дөө ядуу шүү дээ. Худалдаа хөгжлийн банк баян, баян л гэж байна. Үсрээд өөрийнх нь хөрөнгө 50 сая доллар л байсан. Харин зээл нь миллиардаар хэмжигдэх байх. Харин тэр их зээлийг яаж төлнө дөө. Дандаа 7-8 хувийн хүүтэй арилжааны зээл  авсан сураг байдаг. Жилд бараг хүүндээ 200 сая доллар, таван жилд бараг миллиард доллар төлнө. Ингэж үргэлжлүүлээд явж чадах уу. Ийм байж Худалдаа хөгжлийн банкан дээрээ бүх юмыг төвлөрүүлж авах хэрэг байна уу.

-Зөвхөн “Эрдэнэт”-ийн 49 хувь нь л ил бичигдэж байгаа. Бусдад нь бол зээл олгосон, хөрөнгө босгоход нь тусалсан гэх утгатай тайлбар хийдэг?

-Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүдрийн ордтой нь авсан гэж сонссон. “Монросцветмэнт”-ийг авсан гэх яриа ч байгаа. Ингэж цуглуулга хийж яах гэж байгаа юм бэ. Энэ банк нэг өглөө дампуурах юм бол Монгол Улс бүхэлдээ тэр өдөр дампуурах нөхцөл байдал үүсч байна. Өөрөөр хэлбэл, эрсдлийг нэг газар бөөгнөрүүлж байна. Энэ аягүй буруу. Яахав банкны эзэн гэх хүн нүд нь сохорчихсон, хамгийн баян нь болох гээд шуналдаа хөтлөгдөөд ийм тэнэг үйлдэл хийж байж болно. Өөрсдийгөө мундаг том гэж боддог ч байж мэднэ. Гэхдээ том байлаа, баян байлаа, мундаг байлаа гээд бүгдийг зээлээр хийж болохгүй. Уг нь ингэж нэг газар бүгдийг цуглуулж байхаар өөр өөр компанид хувааж байрлуулаад, тухайн компанийн хувьцааг хөрөнгийн бирж дээр ил тод олон нийтэд арилжих юм бол эрсдэл бага байх юм болов уу гэж бодож байна.  Ядаж нэг нь дампуурлаа гэхэд бусад нь үлдэнэ биз дээ. Үүнийг төр засаг зохицуулж, зохион байгуулах хэрэгтэй. Гэтэл төр энэ ажлаа хийхгүй юм шиг байна.

-Гэхдээ та төрийн зохицуулалтгүй эдийн засгийн талд байдаг биз дээ?

-Би төр бизнес хийх тухай яриагүй. Төр бизнесийг зохицуулж, зохион байгуулах тухай ярьж байна. Мөн бизнесийг ил тод болгох тухай яриа шүү. Бизнесийг нэг банканд овоолох бус олон аж ахуйн нэгжид тараах тухай ярьж байна. Үүнийг төр зохицуулах ёстой. Харж байгаарай. Худалдаа хөгжил дампуурвал бүгд тэр чигтээ дампуурна шүү.

-Ер нь тэгээд төр гэж байгаа юм уу, Монголд?

-Хувь хүмүүсийн шунал л байх шиг байна. Бүр дэндүү шуналтай. Шуналд нь хөтлөгдөөд улс орон сүйрч байна. Саяын ярьдаг банкны ард хэн байгаа юм. Улстөрчид л байдаг. “Энержи ресурс”-ын ард хэн байна. Улстөрчид л байгаа. Их шунавал шулам болно гэж үг бий. Уг нь хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Барын сүүл болохоор батганы толгой бол гэсэн үг ч байдаг. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэсэн үг байдаг. Тийм болохоор Монгол эх орондоо сэтгэл тэнэгэр, амар тайван, олонтойгоо хамтдаа аз жаргалтай амьдарвал яасан юм бэ. Дэндүү их том толгойлж, өөрсдийнхөө толгойноос томдсон зээлүүд аваад дараа нь тэрэндээ тээглэж унах бий вий дээ. Бүр толгойгоо тасдаж өгөх бий вий дээ.Тэдний тоглоом ч хатуу шүү. Гадныхан бол хүнд зүгээр юмаа өгөхгүй. Заавал авч байж сална. Ёстой авсан шиг авна даа, харин ч. Тэр цагт Монголын хамаг байдаг өнгөтэй өнгөтэй өөдтэй бүхнийг тавьж туух бий вий. Хамаг юмыг барьцаалчихсан байгаа. Тэгэхгүй бол юу гэж зээл өгөх юм.

-Зөвхөн өөрсдийнх нь өр зээл биш гэж үү?

-Монголын бүх ард түмнийг өрөнд оруулснаас ялгаагүй. Тэр цагт Монгол Улс тусгаар тогтнолоо алдах бий гэж санаа зовж байна. Би л хувьдаа.

-Арай ч тийм байдалд хүрэхгүй байлгүй дээ. Ингэж найдах нь хий хоосон хүсэл болж таарах уу?

-Алдчихвал яах уу. Ёстой уучилж болшгүй, засч болохгүй байдалд л унана даа.

-Гэхдээ Худалдаа хөгжлийн банканд нэг онгирох шалтгаан байх шиг байгаа юм. Тэр нь “Манайх Монголын хамгийн том банк. Эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөтэй” гэсэн яриа л даа?

-Үгүй ээ. Тэр банкны зээлж авсан мөнгө миллиард доллараар хэмжигдэж байгаа. Тэрийгээ л тараасан хэрэг. Сүүлдээ банк нь ч байхгүй болно. Аягүй бол Монгол Монгол Улсын Засгийн газраар төлүүлэх гэж үзнэ биз. Харж байгаарай, Монгол Улсын тусгаар тогтнолоор төлүүлнэ шүү. Өөр яахын. 50-хан сая долларын үндсэн хөрөнгөтэй банк юугаараа төлөх юм бэ. Хэрэв банк төлж чадахгүй бол Монгол Улс төлж таарна байх шүү.

-Таныг тэгэхээр УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой адил байр суурьтай байна гэж ойлгож болох уу?

-Яг ч тийм биш ээ. Зах зээлийн утгаараа бол шүү. Үнэхээр хууль зөрчиж үү, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа хаанаас санхүүжилт авсныг нь тодорхой болгох шаардлагатай. Үүний дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийг харин тэдний мэдэлд үлдээх үү, үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй. Ер нь бол төр 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрийг эзэмших, хэрвээ хувь хувьцаа гаргах юм бол бүх ард түмэнд эзэмшүүлэх замаар хувь хувьцаа эзэмшүүлэх нь зөв болов уу.

-Тэгвэл та хэрэв тэдний оронд байсан бол энэ асуудалд оролцох байсан уу?

-“Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын валютын орлогын эх үүсвэрийн баталгаа. Миний хувьд улсад өгөх байсан. Яг бизнесийн хувьд ашиггүй наймаа. 400 сая доллар зараад 350 сая доллар олж байгаа үйлдвэрээр би яах юм бэ. Улс харин 350 сая доллараар валютынхаа нөөцийг бүрдүүлдэг. Төрд байх ёстой шалтгаан нь ерөөсөө энэ. Ер нь банкууд зөвхөн санхүүгийнхээ бизнесийг л хийх хэрэгтэй. Дэндүү их аж ахуйн үйл ажиллагаа, компанийн бизнест оролцоод ирэхээрээ банкууд дампуурах хэмжээнд хүрээд байна. Тийм болохоор хямралын үед банкуудад ил тод шалгалт хийж, төр банкуудаа аврах яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

DR. PRADHAN      ip : 197.210.47.3 2019-09-22 20:30:49
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์: www.drpradhanurologist.com

DR. ADITY      ip : 197.210.47.3 2019-09-22 20:30:38
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์: www.drpradhanurologist.com

FIFOCapitals@gmail.com      ip : 105.112.98.83 2018-10-09 10:53:08
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 1.00%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals@gmail.com

Please Fill the Application Form Below:
- Complete Name:
- Loan Amount Needed:
- Loan Duration:
- Purpose Of Loan:
- City / Country:
- Telephone:
- How Did You Hear About Us:

If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals@gmail.com,,,

Phil garret      ip : 172.98.87.37 2017-05-16 11:35:11
Фил санхүүгийн зээлийн гэр garret баталгаа Бизнесийн зээл, Автомашин худалдан авах зээл, байшин худалдан авах зээл, 3% -ийн хүүтэйгээр Хувийн зээл өгнө гэсэн мэдээлэлтэй байх нь бидний үйлчилгээ 24 цаг бидэнд өнөөдөр Дэлгэрэнгүй Мэдээлэл имэйл холбоо барина байна: philgarretfinancialloanhome@gmail.com
Эсвэл биднийг WhatsApp +15184251065 дээр холбоо барина уу

Ямар ч байсан      ip : 150.129.141.173 2016-12-05 14:20:04
ТӨРӨӨС ТӨРСӨН ХӨРӨНГӨТӨН БИШ. БОЛОМЖ ӨГСӨН БОЛ ХЭЛСНИЙГЭЭ ХИЙХ Л БАЙСАН БАЙХ. БИЗНЕСТЭЭ ҮНЭНЧ, ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРСАН НЬ ХЭН БЭ? ГЭДГИЙГ НЬ ХЭЛЖ БАЙГАА. НҮҮР БАРДАМ.

хн      ip : 103.26.195.87 2016-12-05 13:24:16
Худлаа ярих тал дээр наамбар ван шүү баахан хүүхэнд хүүүхэд хийж баахан хүнийг хамгийн бага цалингаар мөлждөг дээрээс нь засгийн газраар баталгаа хийлгээд авчихсан өр ширтэй ясан толгойтой мянгуужин





(0/800)