МАН-ын залуус амбицаа үнэлүүлж, АН-ын залуус аархалаа өшиглүүлэхийн учир

2016-12-14 16:53:57

Монгол Ардын намын Бага хурлаас Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгов.  Энэ мэдээлэл олон нийтэд түгэх зуурт Ардчилсан намын залуусын гуниг харуусал сошиалаар түгж, тэднийг эвийлэн хөөрхийлөх их давалгаа өрнөв. Учрыг ухваас 1981 оны залуу эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу эрх мэдэл, эрх ямба, үүрэг хариуцлагаараа намдаа хоёрдугаар хүнээр тодорсон нь тэднийг ийн гуниг зарлахад хүргэсэн бололтой юм. Харин үүнээсээ өмнө МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо хоёрын идэвх зүтгэл, ялгарал ялгааг бодитоор нь жишиж үзэхэд яагаад болохгүй гэж.

Угтаа МАН залуу улстөрчийн замын хүзүүнд сүү өргөсөн нь анхны тохиолдол биш юм. Одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ч цагтаа залуу генсекээр тодорч байсан. Гэхдээ насны хувьд Д.Амарбаясгалан даргаас арай ахиу байсан нь тодорхой. Хэрэв хоёр, гурван насны зөрүүг хол гэж үзвэл шүү дээ. Тиймээс ч 1981 оны залуу гэдгээрээ Д.Амарбаясгалан Монголын улс төрд нэн шинэ түүхийн эхлэлийг тавьж буй нь гарцаагүй. Энэ хэрээр давж гарах үүрэг хариуцлага, дааж үүрэх соёл ухамсар гээч нь түүний хувьд өмнөх туршлагаас нь хавьгүй их байж таараа. Хэдийгээр НИТХ-д Баянзүрх дүүргийн сонгогчдыг гурван ч удаа төлөөлж, хоёр дахь удаагаа НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа ч гэлээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба гэдэг бол төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх, стратеги төлөвлөгөөг боловсруулах талаасаа хүнд алба. Тэр дундаа эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэдэг нэг талдаа шагнал мэт боловч нөгөө талдаа хувь улстөрчийнх нь тухайд асар их эрсдэл үүрсэн даваа болно. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас илүүтэй эрх баригч намын бодлого тодорхойлогч, гүйцэтгэгч гэдэг давхар ачааг олон нийт ч, намынх нь гишүүд нэхэх болохоор тэр.

Тэгвэл үүнд шаналж атаархах, шархалж гоморхох Ардчилсан намын залууст ямар түүх байна вэ. Амжилт, аархал хоёрыг харьцуулж харах нь ээ бас л сонин дүр зураг харагдана. Жишээ нь, Д.Амарбаясгаланд МАН-ын анхан шатны үүрт ажилласан туршлага, шат шатны сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан түүх бий. Намын аппаратад Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцан албаны дарга, нарийн бичгийн даргын алба хашсан туршлага ч бий. Үүн дээр нэмэх зайлшгүй нэг ялгарал нь Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг эрх мэдэлтэй бол эрх мэдэлтэй, иртэй бол иртэй байхад нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын хувиар хатуу ширүүн үгээр “зэвсэглэж” дайрсан улстөрчийн араншин ч бий.

Гэхдээ яг энэ амбиц зөвхөн Д.Амарбаясгаланд ганцааранд ч бус МАН-ын олон арван залууст ч бий гэдгийг онцлох хэрэгтэй. Зөвхөн өнгөрсөн зун болсон УИХ-ын сонгуульд гэхэд МАН-аас одоогийн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, Г.Тэмүүлэн, О.Содбилэг, Н.Номтойбаяр, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Н.Амарзаяа нарын залуус нэр дэвшснийг дурдах хэрэгтэй. Одоогийн Засгийн газарт гэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа гээд залуус олноороо бий. Энэ бол МАН-д залуус амбицаа үнэлүүлж чадсны баталгаа. Хэдийгээр тэднийг сайн, муу хэл ам тойроогүй ч гэлээ намдаа анхнаас нь зүтгэсэн. Ялагдсан үед нь олныг оройлж нам гүмхэн Тусгаар тогтнолын ордонд хичээнгүйлэн ажиллаж явсныг нь үгүйсгэх аргагүй. Тэр хэрээр МАН-ын “зуудаг нохой”, “улаан хамгаалагч” гэх мэт цол гуншинг хүртэхээрээ болсон. Ингэхдээ тэд нам руугаа нулимах бус харин намаа хамгаалах, хүчтэй сөрөг хүчний үүргийг үүрэх шиг үүрч, даах шиг даасан. Үүнийхүү хүчинд амбицаа үнэлүүлж, итгэл  үнэмшил, зүтгэл ноогдох шагналыг өдгөө авсан шиг авч чадсан. Албан тушаалыг нь шагнал гэж үзвэл шүү. Гол нь хэн ч үүнийг үгүйсгэхгүй.

Харин Ардчилсан намын тухайд эсрэгээрээ. Яг үнэндээ өнөөдрийн “Шинэчлэлийн хөдөлгөөн” гэгч залуусын бүлэглэлийг ажиглаад үзээрэй. Намынхаа жирийн гишүүдтэй тулж ажиллахаас илүүтэй гарын арван хуруунд тоологдох Ардчилсан намын өвгөн лидерүүд рүү ноцож олонд танигдах, улс төрд оноо авах сонирхолтой бөөн дурын уран сайханчид шиг харагдах нь бий. Магадгүй үүнтэй уншигч та санал нийлэхгүй байж болох ч Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын гишүүн болохын тулд намынхаа анхан шатны сонгуульд оролцохоос илүү Улаанбаатар хотын төв цэгт болж буй хуралд лоозон барьж орох замаар эрхээ эдлэх гэж дайрах нь улс төрийн соёл, төлөвшил байж чадах уу.

“Манай нам 100 мянга гаруй гишүүнтэй. Тэднийхээ эрх ашгийг хүндэтгэхгүй байна” гэж хашгирах тэд яагаад жирийн гишүүдийнхээ төлөө бус өөрсдийнх нь төлөө чангарна вэ. Яагаад Ховдын Дарви суманд байгаа Ардчилсан намын жирийн гишүүний төлөө биш “Үндэсний зөвлөлдөх хороонд би орох ёстой” гэсэн ганц цикл дээр эргэлдээд байгаа юм. Энэ бол тэднээс асуух ёстой асуулт. Хилийн чинадад сурсан мэдлэг боловсролоороо Монголд улс төр хийнэ гэсэн итгэлээсээ өмнө эхлээд туг барьж, тугал хариулаад үзчих, Ардчилсан намын аархуу залуус уу. Намаа ялагдсан үед нь өөрсдөөсөө бусдыг хөөж туучихаад өөрсдөө тэргүүнд нь гараад суучих гэсэн хүслээ орхицгоо л доо. Энэ нь эргээд өөрсдийг нь УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ нараас өөрцгүй харагдуулаад байгааг ойлгох ухаан, ухамсар хоёр нь хаана гээгдчихэв ээ.

Ядаж, МАН-ын буюу холын улстөрч найзуудаасаа бус ойрын найзуудаасаа жишээ аваад үз. Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Дэмчиг байна. УИХ-ын сонгуульд өрсөлдөх квотыг намынхаа залуусаас ганцаараа авсан. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын анхан шатны хорооноос нэгээр гарч ирсэн. НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү байна. Хоёр ч удаагийн НИТХ-ын сонгуульд ялалт байгууллаа. Намынхаа анхан шатны гишүүдтэй хамгийн ойр ажилладаг нэгэн гэдгээр нь тойргийнхон нь ам сайтай байгаа харагддаг. Улстөрч болно гэдэг даргын үүдийг өшиглөснөөрөө бус жирийн гишүүдтэйгээ эв зүйгээ олж, тэднийхээ сэтгэлд нийцэх уур амьсгал бүрдүүлэхээс эхэлдэг гэдэг. Гэтэл “Хөгшин лидерүүд зайл” гэх лоозон барих замаар улс төрд тодорвол эргээд дараагийн Н.Алтанхуяг, дараагийн З.Энхболд л харагдана. Энэ бол Ардчилсан намын эмгэнэл. Ийм эмгэнэлээс зайлж чадахгүй атлаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Д.Амарбаясгаланд атаархаж, шаралхах хэрэг юун. Өөрсдийнхөө агсам аархалд унаж, ойчиж яваадаа дүнгэлт хийцгээ. Эс бөгөөс та нар лидер бус лойдор болсон 50 настай, 60 настай улстөрчдөөсөө ялгарах ирээдүй алга та нарт. Энэ тохиолдолд Ардчилсан намын ирээдүйг та нар бус харин лидер хэмээгч өвгөдийн үр удам л залгуулах нь тодорхой. Тэр цагт Ардчилсан намын залууст эмгэнэл илэрхийлэхэд ч нас тань зөрсөн байх вий дээ гэж… Товчхондоо, МАН-ын залуус амбицаа үнэлүүлж, Ардчилсан намын залуус аархалаа өшиглүүлэх болсны учир шалтгаан үүнд байгаа харагдах юм даа. Анхааралтай ажиглахад шүү.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)