Ардчилсан нам 160 мянган гишүүнтэй болжээ. Энэ тоо ердөө гурав хоногийн өмнө 18 мянга байсан бөгөөд шинэчилсэн бүртгэлд 1200 төгрөг төлж бүртгүүлсэн гишүүдэд л Ардчилсан намын даргын төлөө саналаа өгөх эрх үүсэх байв. Гэхдээ эрх гэдгээс илүүтэй үүрэг талаас нь харбал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-наас эхэлсэн шинэчилсэн бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 4-нийг өдрийг хүртэл ердөө 18 мянган хүн бүртгүүлсэн гэсэн үг.
Харин сүүлийн хоёр хоногийн дотор 18 мянга нь 160 мянга болж, Ардчилсан намын 180 мянга гаруй гишүүдээс /өмнө нь мэдээлж байсанчлан/ 20 мянга нь намаасаа нүүр буруулсан байх юм.
Мэдээж 18 мянган гишүүнээс 160 мянган гишүүн гэдэг хавьгүй их тоо. Бараг ес дахин их гишүүн гэсэн үг. Иймд энэ удаагийн Ардчилсан намын даргын сунгаад өрсөлдөж буй таван нэр дэвшигчийн хэн нь ч ялалт байгууллаа гэсэн “Нийт 160 мянган гишүүнээс олонхийн саналаар…” гэдэг үгийг хэлэх эрхтэй болно. Хаа очиж нүүр бардам зогсоно гэдэг юмуу даа.
Гэхдээ энд бас нэг асуудал бий. Тэр нь намын даргын сонгуулийн дараа сунгаанд өвдөг шороодсон дөрвөн нэр дэвшигч нь гомдол мэдүүлж, гишүүдийн бүртгэл асуудалтай байсан тухай үг, өгүүлбэр унагахгүй бол шүү дээ. Учир нь, өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшигчдийн төлөөний хүмүүс нь бусдын өмнөөс 1200 төгрөг төлж, намдаа гишүүн элсүүлэх нууц ажиллагаанд гарсан тухай дэл сул яриа олонтаа гарах болсон. Энэ нь эргээд гишүүдийн бүртгэл дээр ажиллах зарчмаар Ардчилсан намын даргын сунгаанд ялалт байгуулах ашиг сонирхлоо хэрэгжүүлж эхэллээ гэдэг дүгнэлт ч хийхэд хүргэсэн. Гол нь үүнийг үгүйсгэх ч аргагүй. Ердөө хоёрхон хоногийн дотор Ардчилсан намын гишүүдийн бүртгэл 140 мянгаар нэмэгдэнэ гэдэг бол гэрлийн хурдтай зүйрлэхүйц үсрэлт юм. Арай нэр дэвшигчид дор бүрнээ орон нутаг руу сум нисгэж, нум тавьж гишүүдээ нэмсэн юм биш байгаа даа.
Ийн эргэлзэхтэйгээ зэрэгцэн Монгол төрийн эв нэгдэл, Ардчилсан намын ирээдүйн төлөө тус намын гишүүдийн бүртгэлийг улсын нууцад хамруулах санал дэвшүүлж байгаа нь энэ. Учир нь, сунгаа дуусна. Маргаашнаас нь ялсан даргын аархал, ялагдсан нэр дэвшигчдийн гомдол зөвхөн өөрсдийг нь бус намыг нь самраад дуусдаг жишээ Ардчилсан намд нэгээр тогтохгүй олон бий шүү дээ. Ийм болоод л гишүүдийнх нь бүртгэлийг улсын нууцад хамруулах замаар намынх нь ирээдүйг хамгаалах гэсэн хэрэг. Нэгэнт улсын нууц гээд зарлачихсан тохиолдолд хэн ч гишүүдийн бүртгэлийг сөхөж, фракц дамжсан эрх ашигт хуваарилж, өөр зуураа чөлөө шидэх боломжгүй болох учраас тэр ээ.
Сэтгэгдлүүд :