С.Зоригийн үхэл хэнд ашигтай туссан бэ

2017-01-09 11:44:06

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 19 жилийн дараа илэрч, алуурчид нь шүүхээс ял авлаа. Гэхдээ алуурчид мөн эсэхэд өнөөдөр олон нийт төдийгүй нийгэм тэр чигтээ эргэлзэж буй нь тодорхой үнэн. Хэдийгээр шүүхээс Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хэмээх гурван хүнийг яллахдаа тэднийг захиалгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн ч эргээд “Захиалагчийг олох хамтарсан баг” гэгчийг байгуулсан нь олныг эргэлзэхэд хүргэсэн хэрэг. Учир нь, алуурчныг олсон атлаа захиалагчийг нь олоогүй байна гэдэгт хэнд ч итгэхэд бэрх. Тэр дундаа уг асуудлыг улсын нууцад хамруулж, нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хохирогч буюу УИХ-ын гишүүн асан С.Оюун болон түүний гэр бүлд ч эргэлзээ үүсгээд байгаа.

Нэг ёсны, тэд захиалгаар С.Зоригийг алснаа хүлээсэн шигээ яагаад хэн захиалсныг хэлэхгүй байгаа нь гайхмаар хэрэг юм. Ийм л учраас иргэд “С.Зоригийн үхэл хэнд ашигтай туссан бэ” гэдэг асуултын хариуг нэхэж байна. Тэр дундаа, дээрх нэр бүхий гэмт хэрэгтнүүдэд ул мөрөө баллахын тулд гэр бүлийн дөрвөн гишүүний амь насыг хохироосон гэдэг нэмэлт зүйл ангиар ял өгсөн. Тэгвэл нэмж хэд хэдэн хүний амь насыг хохироосноо илчилсэн тэд захиалагчаа нуусан байж таарах уу. Яаж ч бодсон энэ бол тун энгийн логик.

Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дахин цагаан цаасан дээр эхлэн бичих мэт эхнээсээ шалгагдаж эхэллээ гэсэн үг. Гэхдээ алуурчид нь тодорхой. Харин захиалагчийн олохын төлөө. Тэгвэл тухайн цаг үеийн нөхцөл байдлыг үүдэн гаргалгаа хийх нь ээ, Ардчилсан холбоо эвслийн удирдлагуудын зөрчил үхлийн шалтгаан болсон уу. “Эрдэнэт”  үйлдвэрийн удирдлагуудыг халж солих улстөрчдийн хуйвалдаан хэрэг гарах үндэслэл байв уу. Эс бол бүр хилийн чинадаас захиалсан хэрэг үү. Яг ийм учир нь үл тайлагдах оньсоготой та бид дахин учирлаа. 

Магадгүй үүнийг өнөөдрийн Улаанбаатар хотын утааны асуудалтай ч зүйрлэж болмоор. Утаа гаргагчид нь улаанбаатарчууд өөрсдөө атлаа яг гэм буруутан гэхээр гэмтэн нь олдохоо байчихдаг. "Би утаа гаргасан" гэдэг атлаа гэм буруугүй болж хувирдаг. Магадгүй үүний цаана утаагаар амьдралаа тэтгэх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн увайгүй үйлдэл цаашлаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн далд сонирхол байхыг ч үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, утааны захиалагчид С.Зориг агсны үхлийг захиалсан байх ч талтай. Товчхондоо, асуудал ийм л ойлгомжгүй хандлага руу орчихлоо. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)