Т.АЛТАНГЭРЭЛ: ЗҮГ ЧИГЭЭ АЛДСАН, ХАХИР ХАТУУ НИЙГЭМД ХҮН ХҮНДЭЭ ТУСАЛДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

2017-01-13 20:10:01

Хүн хүнээ гэсэн сайхан сэтгэлийн эрэлд гацаж, мухардах үе бидний амьдралд олон. Гэсэн ч энэхүү эрлийн эхэнд нэр нь бичигдэж, сайн үйл, сайхан бүхнийг нь сайшаан магтах хүн цөөхөн ч гэсэн байгаа нь та бидний хувьд олз юм. Иймд яг л энэ бодлын тэргүүнд дурсагдаж, уулзах хүсэл төрүүлж ирсэн хүн бол Т.Алтангэрэл. Өмнө нь уулзсан ганц удаагийн уулзалт яагаад ч юм сэтгэлд дахин уулзах, уншигчдад санаа бодлыг нь хүргэх хүсэл өдөөсөн тул түүнтэй зорин, зорин ярилцлага хийлээ. Уншигчид харин “Боннын” Т.Алтангэрэл гэдгээр нь илүү мэднэ байх. Монголын сонин хэвлэл, цахим сайтууд, тэр дундаа “Цахим өртөө”-ний хамгийн анхны нийтлэлчдийн нэг гэдэг утгаар нь шүү дээ. Ингээд ярилцлагаа хүргэе ээ.

-“Хүн хүнээ гэх сэтгэл хаа байна” гэсэн эрэл хайгуул, гомдол өнөөдрийн нийгмийг улам муухай харагдах үндэс болж байхыг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч Таны Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өвчтөн, тэдний ар гэрт үзүүлж буй дэмжлэг тусламж тухайн хүн бүртээ итгэл найдвар, горьдлого төрүүлдэг гэдэгтэй маргах аргагүй юм. Яагаад Та ер нь энэ буяны ажилд оролцох болсон юм бэ?

-Юун түрүүнд шинэ оны эхлэлтэй зэрэгцээд танай сонины уншигчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Ярилцлага өгөхийг зөвшөөрсөн шалтгаан маань өөрийнхөө тухай ярихдаа бус харин энэ буяны ажлын цаана олон нийтэд ярих, тэдэнд анхааралд хүргэх зүйл байгаадоршиж байна. Яагаад гэхээр монголчууд бидмаш цөөхүүлээ. Өнөөдөр төр үнэндээ бүх зүйлд хүрэлцэж чадахгүй байна, түүнээс их юм хүлээх хэрэггүй. Цаашдаа ч байдал хир хүндрэхийг мэдэхгүй.Нийгэмд их задрал явагдаж, нийтийн үнэт зүйлс бус бүгд “Амь амиа бодоорой” гэсэн зарчим үйлчилж, бүх зүйл мөнгөн дээр тогтчихлоо. Иргэд төрөөс бүх зүйлийг шаардах нь буруу. Ийм зүг чигээ алдсан, хатуу хахир нийгэмд хүмүүсөөрсдөө бие биедээ туслах, ядаж зовсон цагт нь тусалдаг баймаар байна. Энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хувь хүн, байгууллага, компаниийн үүрэг байх ёстой гэж боддог.

-Таны ээж хавдраар өвчилж, бурхан болсон тухай Та ярьж байсан даа. Яг үнэндээ өнөөдөр айл өрх бүрт л энэ өвчний хор уршиг, үр дагаврыг хүртэж байгаа гэдэгтэй маргахгүй аргагүй. Гэсэн ч энэ шаналалын ард эргээд хэн нь бусдад тусалж байна вэ гэдгийг бодвол тун цөөхөн үр дүн гарах болов уу?

-Туслана гэдэг сайн дурын, сэтгэлийн үйл хэрэг байдаг тул туслах хүсэлтэй хүмүүс үнэхээр л туслая гэсээр бидэнд ханддаг. Миний хувьд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн өвчтөнүүдийн дунд хийж буй буяны үйлийн сэдэл яах аргагүй ээжийн минь өвдсөн түүхтэй холбоотой эхэлсэн. Одоо бодоход энэ үйл хэрэгминий амьдралдаа хийсэн цөөхөн сайн зүйлийн нэг байх гэж санадаг. Цаашид ч үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ах маань Германд эмчээр ажилладаг учраас ээжийгээ бид нар тэнд эмчлүүлж байсан. Тэр үед тэндхийн эмнэлэгт анзаарсан гайхалтай зүйл бол сайн дураар тусламж үзүүлж буй хүмүүс байсан. Жишээ нь, өөр хотоос хүн эмчлүүлэх гэж ирэхэд байргүй бол үнэгүй байраар хангадаг тусламж үйлчилгээ байна. Тэрийг төр биш жирийн нэг төрийн бус байгууллага хийчихдэг юм билээ. Мөн католик, протестант шашны лам нар өвчтөнүүдтэй хувиараар уулзаж сэтгэл заслын үйлчилгээ явуулж байсан. Эмнэлэгт хүн өвдөж, шаналж ирдэг учраас түүний сэтгэл санааг тайвшруулах сэтгэл заслын үйлчилгээ их чухал байдаг юм байна. Тухайн үед энэ талаар бодож байгаад “Жавзандамба хутагт төв” ТББ төвтэй хамтарч, 2013 оноос ХСҮТ-д ийм сайн дурын сэтгэл заслын үйлчилгээг эхлүүлсэн. Буддизмд өвчнийг хэрхэн даван туулах талаар бясалгалаас авахуулаад арвин нөөц, туршлага бий.

Ээж минь өвдөх үед бид энэ өвчний тухай, явц, хүндрэл зэрэг бүгдийг хамт туулж, сурч мэдэж, тэр бүхэн надад маш том туршлага болсон. Хүнмөнх биш, ямар нэгэн шалтгаанаар бүгд л нас эцэслэдэг. Хавдрын өвчлөл Монголд гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед хавдрын өвчинтэй гэсэн онош сонсоод сэтгэл санаагаа хэрхэн удирдах, хэрхэн хүлээн зөвшөөрөх, ар гэр яаж хамтрах, өвчин эцсийн шатанд орсон бол хэрхэн өөрөө болон ар гэр бэлтгэх зэрэг асуудлаар манай төвийн лам нар өвчтөн, ар гэрийн хүсэлтээр зөвлөж, уулзалт хийдэг.

-Таныг хараад байхад буддын шашныг ихэд дээдэлдэг, амьдралынхаа алхам тутамд их ойр авч явдаг хүн шиг санагддаг. Энэ тань таныг буяны үйлсэд ойр байхад нөлөөлсөн байж болох юм. Тийм үү?

-Буддын шашны ном сургаал номлол зөвхөн миний бус манай гэр бүлийн хувьд  өвөг дээдсээс минь уламжилж ирсэн оюуны өв гэж хэлж болно. Миний өвөө жирийн нэг малчин хирнээ төвд болон хуучин монгол бичгээр олон ном судар дэлгээд уншдаг эрдэмтэй, амьдралыг таньсан хүн байлаа. Би оюутан байхаасаа буддизмын тухай нэлээн судалж, уншиж ирсэн, одоо бол амьдралын туршид сургаалийнх нь үнэнд гүйцэгдэж байна. Буддын шашинд зовлонгийн шалтгаан, түүнд хандах хандлага, гарах арга замыг нарийн тайлбарласан байдаг. Тиймээс өвдөж буй хүнд сэтгэлийн тэнхээтэй байх, өвчнийг харах өнцөгөө өөрчлөх талаар манай лам нар ярихад тэд их дуртайя хүлээж авдаг. Хүн бол сэтгэл, оюун санааны амьтан. Иймд наад зах нь өвдөхийн, үхэхийн цагт би ямар байх бол, айж сандрах болов уу,тайван байх уу, үхэлд яаж бэлдэх тухайбодохл хэрэгтэй юм шиг санагддаг. Өвдөхгүй, үхэхгүй хүн гэж нэг ч үгүй. Буддын сургаальд зөв үхэх гэдэг нилээн бэлтгэл шаардсан үйл явц, хувь хүний хувьд шүү дээ. Би яагаад үүнийг яриад байна гэхээр хэдий хэвтэрт ч ээжтэйгээ хамт бясалгал хийснээр ээж минь өөрөө ч, ар гэр ч тайван амгалан болж чадсан. Одоо эмнэлэг дээр явж байхадшүтлэгтэй болон шүтлэггүй хүмүүсийн өвчинд хандах хандлага, даван туулах чадвар, айдасаас чөлөөлөх гээд их өөр өөр байдаг нь анзаарагдсан.

-Өвчтөнүүдэд энэ тухай ярихаар тэгээд хэр хүлээж авах уу. Бас их хэцүү сэдэв шүү дээ?

-Би ч энэ тухай ярихгүй л дээ. Манай “Жавзандамба хутагт төв”-ийн сурч, боловсорсон лам нар өвчтөнүүдтэй уулзаж, зөвлөдөг. Мэдээж хүнд, амаргүй, эмзэг асуудал. Яг үнэндээ ихэнхдээ ар гэр, өвчтөн нар энэ сэдвээр хоорондоо ярьж чаддаггүй, цэрвээд байдаг. Хамгийн сүүлчийн мөч хүртэл эдгэнэ, босно гэж итгэсээр, итгүүлсээр өнгөрөх тохиолдол зөндөө. Уг нь бол нэгэнт амьдралын үнэн учир нүүр тулж, үлдсэн цаг хугацаанд амжуулах зүйлээ амжуулах нь бүх талаараа дээр байдаг. Бидэнд уг нь энэ талаар уламжилж ирсэн асар их оюуны өв соёл бий, түүнээсээ суралцах хэрэгтэй юм.

-Та бүхэн зөвхөн сэтгэл заслын зөвлөгөөг өгөөд зогсохгүй ар гэр бүл муутай хүмүүст эргэлт, эм тарианы тусламж, хандив өгөх, өрөө тохижуулж засварлах тэр ч битгий хэл хотод байрлах айлгүй хүмүүст нь орон сууц түрээсэлж хүртэл өгдөг. Яахав лам нар эмнэлэг дээр өөрсдөө л явж очоод зөвлөгөө өгнө гэдгээр санхүү шаардахгүй байж болно. Гэтэл дээрх бусад тусламжийн хувьд өөр шүү дээ. 2013 оноос тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа гэж бодохоор бас л чамгүй өндөр дүн гарна байх. Сайхан сэтгэлийн өглөгийг мөнгөөр хэмжиж болохгүй ч гэлээ эдийн засаг талаас нь харахад Таны өмнөөс бас халгамаар сэтгэгдэл төрдөг?

-Би түрүүн хэлсэн. Бид цөөхүүлээ, төрийн нөөц боломж хомс учир иргэд бид бие биедээ илүү халуун дулаан сэтгэлээр хандаж, дэм тус болохоос өөр аргагүй. Энэ бол монгол хүний суурь чанар баймаар санагддаг. Үүнд уриалж л би өнөөдөр ярилцлага өгөөд сууж байна л даа. Анх эхлүүлж байсан үеэс манай үйл ажиллагаа өргөн хүрээтэй, тогтвортой болсон. Бидний ажил олон хүний хандив, тус дэм, хамтын ажиллагаан дээр тогтдог. Гэхдээ бидний тусламж өвчтөнийг босгоод ирэхгүй хойно өчүүхэн л тусламж юм даа. Энэ завшааныг ашиглаад хамтран ажилладаг эмнэлэг, байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Бид долоо хоног бүр холоос ирсэн, эсвэл бүл муутай 10 өвчтөнийг хоол ундаар эргэдэг. Лам нар долоо хоногт 2-4 удаа очиж, өвчтөнүүдэд ном хөтлөх, уулзах, бясалгал хийх зэргээр ажилладаг. Мэдээж эмнэлэг юм хойно үхэл хагацал бол байдаг л үзэгдэл. Тэр болгонд лам хүн эмчийн адилаар шөнөөр ч болов дуудагдаж, ямар ч мөнгө авахгүйгээр номыг нь уншдаг. Эмнэлгийн ажилтнуудад ажлын стрессээ яаж тайлах вэ гэдэг чиглэлээр сургалт явуулдаг. Эмч сувилагч нартай байнгын хамт ажиллана даа.Гадаадад мэргэжлийн сургалтанд хамрагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Дээрхээс гадна олны хүчээр хоер ч тасагт өрөө тохижуулж засварласан. Гол тусламжийг өвчтөнүүддээ зориулна. Эмчилгээний хандив, орон нутагт ирж буцах зардал, оношлогоонд орох төлбөрийг даах, эргэж тойрох гэх мэт дэм болдог байх жишээний. Мөн хотод байх газаргүй бол байраар хангах, ганц бие орох оронгүй хүмүүсийг түр байраар хангаж байлаа. Манайд нэг хүн өвдлөө гэхэд ганц өвчний асуудал биш нийгмийн болж хувирдаг. Эм эмчилгээний төлбөр хүрэлцэхгүй, хүн бүл хүрэхгүй гээд олон бэрхшээл давхар давхар ирдэг. Тэр бүрт зуун хувь хүртэж тусалж чадахгүй ч гэсэн чадах чинээгээрээ асуудлыг зохицуулахыг хичээдэг.

-Өнөөдөр ихэнх хүн нийгмийн, амьдралын ачааллаасаа үүдээд аль болох хөндлөнгийн стрессээс зутгахыг хичээдэг. Гэтэл таныг байнга, тэгэхдээ бүр чин сэтгэлээсээ тэр хэцүү нөхцөл рүү очиж, хутгалдаад байгаад тань гайхах хүн байдаг л байх.  Та тэр хүмүүсийн “Яах гэж…” гэдэг асуултад ямар хариулт өгдөг вэ. Тэр дундаа санхүү талаасаа бэрхшээл үүсэх тохиолдол байдаг л байх. Тийм үү?

-Би ганцаараа ч юмуу, эсвэл Жавзандамба хутагт төв зөвхөн дангаараа энэ ажлыг хийгээд байгаа хэрэг биш л дээ. Дэмжлэг тусламж, хандивыг олон нийт өөрсдөө өгдөг.Тийм ч байгаасай гэж хүсдэг. Хүн болгонд буян хийх боломж бий, тэр боломжийн нэг хэсгийг бид бий болгож байгаа. Манай фэйсбүүк хуудсан дээр хийж буй, хийх гэж буй бүх ажил ил тод байдаг. Бид хамтдаа сайн хэрэг бүтээвэл бидний хамтын зовлон ч нимгэрэх байх.Ерөөсөө олон нийтийн ажлыг олон нийтийн оролцоогүй хийнэ гэж байхгүй шүү дээ, олон нийт өөрөө өөрийнхөө төлөө л буян хурааж, бид зөвхөн зохион байгуулж байна.Хүн заавал өөрөө өвчтөн дээр очих шаардлагагүй ч бид нараар дамжуулаад яг оноосон хүндээ тусалж болно.

Харин “Яах гэж” гэдгийн тухайд ийм асуулттай тулгарч үзээгүй юм байна. Үнэхээр хэн нэгэнд тусламж хэрэг болоод бидэнд хандаад бид боломж байвал туслах л гэдэг, өөр юу бодох билээ. Тэрнээс болоод стресс нэмэгдэнэгэх зүйл байдаггүй, учир нь хүнд туслах боломж байгаад тус болж чадаж байвал сайхан шүү дээ. Буддын сургаальдбусдад туслахын тухайд сайхан заасан байдаг. Хэрэв нэгэнт хийнэ гээд шийдээд хийж байгаа бол үүнийгээ зөвөөр бодох ёстой гэж. Ямар нэгэн байдлаар бусдад тусалсан үйлээсээ ашиг хонжоо хайж бодож болохгүй. Тусалсан бол туслаад л мартах хэрэгтэй, их тус хүргэлээ гэж бодож болохгүй. Хариу харах юм бол буруу гэдэг. Үүнийг л баримтлах хэрэгтэй. Хүн ер нь ийм буяны үйлд орох гэж байгаа бол сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй, зоригтой байх ёстой. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг дээ.

 

-Гэхдээ Та мартсан ч бусад хүмүүсийн талархал, урмын үг, сэтгэлийн ерөөл бол олныг сонсоно биз?

-Тэгэлгүй яахав. Хүн баярлахаар би баярлана. Сая шинэ жил болж өнгөрлөө. Манай лам өвлийн өвгөн болоод өвчтөнүүд дээр орж бэлэг тараахад тэр хүмүүс маш их баярласан. Өвдөж шаналж суугаа хүмүүс дээр эмч биш өвлийн өвгөн ороод ирэхээр маш их гайхаж, баярлаж, тэрүүхэн зууртаа өвчнөө умартаж, хүүхэд шиг баясаж, өвлийн өвгөнөөс бэлэг авах гээд өндийж байгааг нь харах сайхан байсан. Тэдэнд сэтгэлийн баясал бэлэглэсэн гэдгээрээ бид ч тэрүүхэндээ бөөн баяр болсон. Жишээ нь, жүжигчин Г.Ундармаа байна. Тэр хүний эрүүл мэндийн салбарт хийж байгаа сайн үйлээр бахархахгүй, баярлахгүй байхын аргагүй. Сая сонин уншиж байхад “Сүү” компанийнхан үнэгүй агаар цэвэршүүлэгч тараасан тухай мэдээ байсан. Ингэж тодорхой амжилтад хүрсэн хувь хүн, ТББ болон компаниуд эргээд нийгмийнхээ сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийдэг нь барууны нийгэмд аль хэдийнэ тогтчихсон зүйл. Манайд энэ жишгийг эдгээр хүмүүс нийгэмд өрнүүлжбайгаад би их талархалтай ханддаг. Гол нь үүнийг цааш нь өргөжүүлж, зөв зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй. Компаниуд мөнгөтэй болсон байна. Тэдний нийгмийн хариуцлагыг зүг чигтэй болгож, хандиваар цуглаж буй мөнгийг даганасан, итгэл даасан, буяны үйл ажиллагаа явуулдаг сангууд хариуцан зорьсон бүлэгт нь тусламжийг хүргэдэг болмоор байна. Нийгэмд байр сууриа эзэлсэн, санхүүгийн боломжтой хүмүүс, компаниуд эрүүл мэнд, боловсрол, бодлогын судалгаа, шинжлэх ухааны судалгааг дэмжиж, хандивладаг болбол Монгол Улс хөгжиж, хөл дээрээ босох боломж ойрхон гэж хардаг.

-Гэхдээ чин сэтгэл гэж том үзүүлэлт байна аа даа. Нэг ёсны иргэд ч, хувийн хэвшил ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, халааснаасаа хуримтлал үүсгэх үү гэсэн үг л дээ?

-Би чадна гэдэгт итгэдэг. Сэтгэл бидэнд байхгүй биш байгаа. Саяхан дэлхийн өглөгч иргэдтэй орнуудын жагсаалтад манай улс дээгүүр орсон харагдана лээ. Тэгээд ч монголчууд хэзээний бусдад тусламтгай, өрөвч ард түмэн. Нүүдэлчин айлууд хаалгаа онгорхой орхиж, явуулын цангасан хүнд цай бэлдэж орхидог ёс заншилтай ард түмэн дэлхийд ховор байх. Ийм сайхан нөөцийг бид илүү үр дүнтэй, зохион байгуулж чадвал иргэний нийгэмтөрөөс дутуугүй бүтээмжийг бий болгож чадна.

-Хавдрыг монголчууд эдгэдэггүй өвчин гэж боддог болоод удсан. Гэсэн ч та бүгдийн тусалж, дэмжсэн хүмүүсээс эдгээр гэр рүүгээ баяр, талархлын үгтэй буцсан хүмүүс байдаг л байх?

-Мэдээж өвчний эмчилгээний асуудлыг эмч л хариуцна. Бид сэтгэл заслын, нийгмийн асуудал дээр нь л дэмжиж ажилладаг. Саяхан Далай ламын айлчлалын үеэр олон улсын хурал дээр судалгааны үр дүн танилцуулж байсан. Тэгэхэд бясалгал хийдэг хүний эдгэрэл, өвчин даах чадвар нь бясалгал хийдэггүй өвчтөнийхөөс хамаагүй илүү байдаг тухай нотолж байсан. Жишээ нь морфин өвдөлтийг 60% хүртэл хувиар дардаг бол бясалгалын хүчээр өвчин 80-90 хувиар буурдаг байх жишээний. Тэгэхээр бясалгал, сэтгэл засал их нэмэртэй гэдэг нь анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн. Иймд тухайн өвчтөн хүсээд, сэтгэлээ зөв удирдаж чадвал боломж байна. Бид нар жилдээ мянга гаруй хүнд ямар нэгэн байдлаар хүрч ажилласан байна. Манайхныг очихгүй болохоор өвчтөн, эмч сувилагч нар үгүйлээд эрэл сурал болдог. Цаашдаа Хавдар судлалын үндэсний төв эмнэлгээс гадна Эх нялхас, Гэмтэл согогын үндэсний төв эмнэлэг хамтран ажиллах хүсэлт тавьсан. Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хэмжээнд ганцхан сэтгэл зүйч, ганц нийгмийн ажилтан ажиллаж байх жишээний. Ийм нөхцөлд өвчтөний сэтгэл засал үнэхээр орхигдож байгаа юм л даа.

-Энэ тохиолдолд тэгвэл төр юу хийх ёстой юм бэ. Жишээ нь, Таныг олон нийт “Боннын Алтангэрэл” гэдгээр сайн мэднэ. Танаас асуух сэдэв ч олон. Хууль эрх зүй, арбитр гээд яриад байвал урт жагсаалт гарна. Гэсэн ч яг энэ нийгмийн үйлчилгээний чиглэлээр сайн дурын ажил хийж явааг тань онцолж ярилцаж байгаа нь өөрөө төр хаана, юу хийгээд байгаа юм бэ гэсэн шүүмжлэл рүү яах аргагүй оруулаад байна л даа?

-Би өөрөө эрүүл мэндийн ч юмуу, нийгмийн салбарын хүн биш, гэхдээ манайд хамгийн ядуу, төрөл садангүй, танил талгүй хүнд амьдрах, өвдөх, хүн шиг үхэх боломж байхгүй байгаа нь бидний өнөөгийн эмгэнэлт төрх. Нийгмийн халамж яг очих естой хүндээ хангалттай хэмжээндээ хүрч чадахгүй байгаа нь илт харагддаг. Эмнэлэг дээр би олон янзын хүмүүстэй таарч уулздаг. Хүнд өвчтөнд 24 цагийн асаргаа шаардлагатай байтал эмнэлэгт хүн хүч хүрэлцэхгүй, бүх юм ар гэрийн нуруун дээр буудаг. Хүнд өвчтөнүүд бөөн оочир, ар өврийн хаалга болж эмнэлэгт хэвтдэг, дээд тал нь эмнэлэгт арав хоноод гаргадаг, цаашаа тэр хүн хаачих, хэн гэрээр асрах, хэн гэрээр эмчлэх гм олон асуудал байдаг. Төр яг ийм л хэцүү үед хүндээ хоерын хооронд биш, хангалттай сайн тусалж чаддаг л баймаар байна. Ядуугийн зовлон дээр зөв зохион байгуулалт, оновчтой бодлого,төсөв зарцуулалт гээд дутагдал их л байх шиг. Жишээ нь,хөнгөвчлөх асрамжийн асуудал маш хүнд. Уг хүмүүс өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгал дээрээ асрамжийн даатгал төлөөд явах юм бол эргээд өвдөхийн цагт даатгалаасаа асрамжийн үйлчилгээг авч чаддаг болмоор байна.

-Энэ бүхнийг бодохоор хаяадаа ч гэсэн бачимддаг уу?

-Хүмүүс ямар ядуу зүдрүү байгааг, өвчин шаналалдаа хангалттай эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй, хүчгүйдэж байгааг харахаар бачимдах сэтгэл төрнө. Монголын төр авилга хулгай, намчирхал талцал, улс төржилт, хийрхэлдээ автаад завгүй байна. Мөнгө нь хүндээ бус буруу зүйлд яваад байна. Ийм их байгалийн баялагтай оронд үр шимийг нь зөв хүртэж чадсан бол бид нар ийм байдалд хүрэхгүй л байх байсан. Үүнд харамсахгүй байхын аргагүй.Яг эцсийн золиос нь эмнэлэгт шаналж байгаа жирийн ард түмэн болоод байна. Үүнийг ярих л ёстой.

-Олон хүн “Үхлийг худалдаж авч болдог болчихлоо” гэж ярьж байна. Мэдээж хилийн чинадад эмчлүүлээд эрүүл саруул яваа хүнийг үүнийх нь төлөө буруутгах аргагүй. Гэсэн ч таны хэлсэнчлэн ганц тариа, бүр ганц эм авч ууж чадахгүй өвчнөө хүндрээлж, үхэлтэйгээ нүүр тулж байгаа хүмүүсийг харахаар халаглахгүй байхын аргагүй. Та энэ ялгааг ер нь юу гэж хардаг вэ?

-Баялгийн шударга бус хувиарлалт, баян хоосны ялгаа их болсны горыг бид нар амсаж яваагийн нэг илрэл. Үнэхээр 10 мянган төгрөгийн эмээ авч чадахгүй хүн бидний дунд олон байна. Нэг удаа эмээ авлаа гэхэд олон удаа уухаар бол тэгээд л аргаа бардаг. Гэхдээ өөрийн тань хэлсэнчлэн хилийн чинадад эмчлүүлж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Манай эмнэлэгүүдэд чадал, боломж нь хомс байгаа цагт явахаас аргагүй.Нэг өвчтөний оношийг тодруулах гэж хувь хувьсгалын хэдэн эмнэлээр чирээд л, хэцүү харагддаг.

-Хаяа таны жиргээг хараад “Нээрээ ганц удаа ч болсон хоол аваад очьё” гэдэг бодол төрдөг. Харамсалтай нь, ажил, гэр бүл гэсэн энэ эргүүлэгт мартаж, санах нь их байдаг. Үүнийгээ “Завгүй” гэдэг үгээр цайруулах нь учир дутагдалтай байх. Та ч гэсэн бидний л нэгэн адил “Завгүй” л байгаа болов уу?

-Бид их завгүй цаг үед амьдарч байна. Гэхдээ завгүй завгүй байлаа чиг “Буян хийхэд зав гарга” гэсэн үг байдаг. Яагаад гэвэлбусад олон үйл хэргээс буян хийх нь ухамсарт хүний хувьд нилээн дээгүүр эрэмбэлэгдэх ёстой үйл хэрэг юм.Би нэг барууны сэтгүүл уншиж байсан юм. Тэнд нэг банкир эмэгтэй “Тавдахь өдрийн үдээс хойшхи хоёр, гурван цагийг хөрш цэцэрлэгийн урагдсан тоглоом, номыг наана гэдэг ч юмуу яг ийм сайн дурын ажилд зарцуулна гэж төлөвлөдөг” тухайгаа ярьсан байсан. Энэ бол карьертай, гурван хүүхэдтэй тун завгүй ээжийн ярилцлага л даа. Би тэр ярилцлагыг уншаад “Нээрээ төлөвлөх ёстой юм байна. Ямар ч завгүй байлаа цаг гаргаж сэтгэлээсээ хийх ёстой” гэж бодож байсан. Өглөг, буяныг заавал мөнгөтэй эсвэл завтай байж хийдэггүй. Хүн рүү сайхан инээмсэглэх ч юмуу, сайхан үг хэлэх нь хамгийн энгийн, хэний ч хийж чадах өглөг гэж уншиж байлаа.

-“Буян нь ирнэ” гэдэг үгэнд Та итгэдэг үү. Хэдийгээр Та эргээд харамж, шагнал нэхдэггүй ч гэлээ “Хүнд тусалсны буян ирдэг” гэдэг монгол ухаан байдаг шүү дээ?

-Аливаа юманд учир шалтгаан, түүний үр дагавар гэж бий. Буддын сургаальд ч үйлийн үрийн тухай ойлголт бий. Энэ талаас нь харах юм бол мэдээж хүн зөв сайн үйл хийгээд явбал үр нь ч гэсэн зөв сайн боловсроно гэж боддог. Хэдийгээр бид өвчтөнүүдийг асрах гээд байгаа ч тэдний надад өгсөн амьдралын сургамж, ухаарал хэмжээлшгүй үнэтэй л дээ. Энэ өнцгөөс нь харахад яалт ч үгүй “Буян нь ирнэ” гэдэг үг оргүй хоосон биш байх шүү. Жишээ нь би амьдралын жинхэнэ үнэ цэнийг ойлгож,юу чухал юу чухал бусыг мэддэг болж байна. Энэ чинь өөрөө нэг төрлийн олз юм.

-Таны хувьд нийгмийн харьцангуй өөдрөг дүр. Гэтэл таны зэргэлдээ “За Монгол Улс ч сэхэх нь өнгөрлөө. Бүтэх зүйл алга. Гадагшаа явья” эс бол “Би ингэж л амьдрах ёстой юм байна” гэсэн нөхцөл байдалтайгаа эвлэрсэн, тэрссэн залуус алхаж яваа. Тэр хүмүүсийн итгэл найдвар унтарсанд нийгэм ч, төр ч буруутай. Та дээр хальт, төрийн буруу гэдэг талаар товч дурьдаад өнгөрсөн дөө?

-Үнэхээр иргэд сүүлдээ байгаа байдалдаа дасч, хүлээн зөвшөөрч, нөхцөл байдалтайгаа эвлэрч байх шиг байна. Гэхдээ бас доройтохыг зүгээр хараад суух  эрх хэнд ч байхгүй. Миний хувьд ч цаашид нийгэмд дуу хоолойгоо хүргэх зорилго бий. Олон ч орноор явлаа, олон ч оронд суралцлаа. Төр, хувийн хэвшилд ажиллаж үзлээ. Анхардчиллын эхний жилүүдэд их сайхан дэврүүн хүсэл мөрөөдлөөр нийтлэл бичдэг байсан, бүхнийг шинээр эхэлж байхтай адил санагддаг байсан. Одоо бол бид багагүй хугацааг ардаа орхилоо, ирээдүй тун бүрхэг болоод байна. Бид буруу зүг хөдөлчлөө, эрчимтэй, өөрөө ч сайн ухаарахгүй тэр зүг явж байна, үүнийг засахад тун хэцүү байж мэднэ. Ёс суртахуун, эв нэгдэл, үнэт эрхэм зүйлс алдагдсан. Төр хүчгүй, чадваргүй хэвээрээ, тийм ч байлгах нь ашигтай байгаад харин нэг бүлэг хүмүүс нийгмийн баялгийн дийлэнхийг эрх мэдлийн хамтраар (бүр хэвлэл мэдээлэлтэй нь) де факто эзэмшиж байна. Иргэдийн дуу хоолой тэдэнд хүрэхтэй үгүйтэй, бодит амьдрал цаасан дээрх тунхаглал хоер их зөрүүтэй болчихсон. Мэдээж ололтууд бий ч эдгээрт ч ямар ч баталгаа алга.

Тогтолцоогоор засах гэж олон жил оролдсон ч үр дүн муутай байна. Одоо гарц хайя гэвэл хүнээ ёс суртахуунтай, хүмүүжилтэй, эрүүл саруул сэтгэлгээтэй, мэдлэг боловсролтой болгох, нийгмээ хөгжлийн том амбицтай, нэгдмэл үзэл санаатай, эрхэмлэдэг үнэт зүйлтэй болгох нь зөв суурь болох болов уу. Одоо оюунлаг, сэхээтэн хүмүүс л гарцыг идэвхитэй ярьж, хийхгүй бол нэгмөсөн бүр оройтох вий. Олон нийт өөрсдийнхөө хүчийг үнэлж, дуу хоолойгоо сайн хүргэх хэрэгтэй. Чадалтай компаниуд хэрэггүй зүйлд мөнгө цацаж байхаар шинжлэх ухаан, судалгаа, тэр дундаа бодлогын судалгааны байгууллагыг дэмжиж, төрд судалгаатай шийдлүүдийг гаргаж өгмөөр байна. Төр, намууд гээд ярьвал бас тусдаа өргөн сэдэв учир энэ удаа азная.

-“Таны тархины фитнес”, “Тархинд шинэ зам тавья” гэсэн хоёр цуврал нийтлэлийг уншсан. Тэнд бясалгал хийсэн хүний нөөц бололцоо болоод сайн зүйл бодвол сайн үйл ирдэг. Муу үйл хийвэл, бодвол муу үйл ирдэг тухай бичсэн байсан. Гол нь, шинжлэх ухааны үндэстэй гэдгийг давхар бичснээс нь тань үүдээд таныг нэлээн сайн бясалгагч болов уу гэж бодсон?

-Фитнест явж байгаа залуусын олонх нь гоё сайхан биетэй болохыг чухалчилдаг. Гэтэл гоё сайхан бие цогцоос гадна гоё, уян хатан тархитай болох тухай хэд нь боддогийг мэдэхгүй. Тархи гэдэг өөрөө амьд, уян хатан чанартай юм. Түүнийг дасгалжуулна гэдэг нь өмнө тавьсан замуудаа (буюу зуршилаа) өөрчлөх чадвар суух тухай юм. Тухайлбал, архинд, тамхинд донтсон хүн тархиа сайн бясалгавал дурлаад байсан зүйлээсээ зүгээр л салж чадна. Тэгэхээр уг нь бол хүн өөрөө өөрийнхөө бүрэн эзэн нь, оюун ухаанаа юунд дадуулах, юунд төвлөрүүлэх зэргээр бүх зэвсэг нь өөрт нь байна. Хүн өөрөө бодлоо удирдаад, бясалгаж чадах юм бол аз жаргал гэдэг зүйл тийм холын зүйл биш байх нь. Би өөрөө энэ талаар анхлан ангийн сурагч төдий.

-Судалгаагаар тогтоосон гэж бичсэн байсан?

-Лам дээр туршилт хийсэн тухай байгаа биз.

-Тийм ээ.

-АНУ-н нэрт нейросайнсчид бясалгал хийдэг буддын лам нарын тархин дэх аз жаргалын импульсыг хянаж үзэхэд хамгийн өндөр хэмжээнд (ердийн хүнтэй харьцуулахад), бас урт хугацаанд барьж чаддаг нь тогтоогдсон. Тэр лам энэрэл нигүүлсэхүйн буюу бодийн сэтгэлийг их бясалгадаг лам байсан. Аз жаргалыг дотроосоо бий болгох тухай хамгийн тод жишээ юм. Тэгэхээр хүн биеэ хөгжүүлж байгаатай адил оюун санаагаа хөгжүүлэх нь маш чухал юм байна. Бурхны номонд сэтгэл, оюун ухаанд юу дадуулна тэр нь хойд насны хөрөнгө болно гэж үздэг юм билээ. Энэ байдлаас харвал оюун ухаан гэдэг зүйл тайлагдашгүй зүйл хэвээрээ, бид материаллаг ертөнцдөө гүн орсон учир олон зүйлийг харж чадахгүй байх шиг.

-Харин аз жаргалын тухай бодол тань юу вэ?

- Сэтгэлийн хувьд амар амгалантай байх, амьдралд тэнцвэрийг олсон байхыг аз жаргал гэж бодож байна. Үүний тулд өөрийгөө сайн таних, олох хэрэгтэй байх. Өөрийгөө болон бусдыг хайрлаж чадахыг аз жаргал гэж бодож байна. Аз жаргал олон зүйлээс хамаардаг боловч түүнд өндөр шалгуур тавих хэрэггүй мэт. Бусдын сайн сайханаас миний аз жаргал хамаарна, миний сайн явах ч бусдад ч хамаатай. Хүн нэгэнт нийгмийн амьтан, өөрөө бусдаас хамааралтай учир бусдын аз жаргалыг хүндэтгэх, хамгаалах хэрэгтэй болно оо доо. Ядаж л зовсон үед нь тусалж чаддаг байх хэрэгтэй, хүн хүндээ. Тэгж чадвал амьдрал амттай, утга учиртай болно.

-Танд амжилт хүсье. Таны амьдрал өөрийн тань хэлснээр яах аргагүй амттай байж таараа. Таны хийж байгаа сайн сайхан үйлс улам дэлгэрч, олон хүний чин сэтгэлийг хөглөөсэй гэж хүсч байна. Ярилцсанд баярлалаа.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН. Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Зочин      ip : 103.26.195.38 2017-04-16 17:11:49
Аргагүй юм боддог хүн байна. Ихэнх нь нэг гайгүй нэр хүндтэй мэдлэгтэй хүнийг тэр чигт нь хуулаад шашин соёлоо нэг их муу хэлж өөрийгөө өргөх гэдэг. Харин өөрөө бодож сэтгэж буруу зөвийг тунгааж. Баярлалаа

Battsetseg      ip : 202.70.46.213 2017-02-02 04:09:11
Altangerel egchere vneheer baharhaj bna iim saihan vils hiij busdiig gsn chin ariun setgeltei hvn shv ta ndd ch gsn ene saihan seteglese bolod ter saihan ariun vil hergere vrgelj tusalj bdgtni talarhaad barshgv tanii tsaashdiin ajil vils amidraldni mash ih amjiltiig hvsie vrgelj busdiig gser bgd ooriigoo martchihwaa biyee mash sain bdj bgarai tgj bj tanii ene saihan ajil urtaas urt udaanaas udaan vrgejlene shv de

Дөк      ip : 103.212.117.145 2017-01-27 12:22:58
Бонны Алтангэрэл мундаг, амжилт хүсье

monkhoo      ip : 59.153.85.91 2017-01-25 13:50:06
Ярилцлагийг уншаад таниар бахархаж байна.Сэтгэл санаа сайхан болчлоо.Та их гэгээлэг хүн байна даа.Ариун цагаан буян тань улам дэлгэрэх болтугай !

Irgen      ip : 103.26.193.6 2017-01-22 08:05:15
Saihan yariltslaga bna. Tany niitleluudiig ih amtarhan unshdag baj bilee. Suuliin ued haragdahaa bolison. Amjilt husye.

Мягмарсүрэн      ip : 202.9.43.33 2017-01-22 04:01:25
Ийм хүмүүс нэгдвэл тэмцвэл нийгэмд хэрэгтэй Бид дэндүү хувиа хичээгсэд болсон доо Сайхан ярилцлага болж Чадах хэмжээндээ оролцох юмсан

Зол      ip : 66.181.185.99 2017-01-18 18:51:11
Хандив тусламж үзүүлдэг хүмүүс тэрийгээ пиар болгохгүй байвал жинхэнэ өглөг

Henk      ip : 202.9.43.47 2017-01-15 22:26:39
http://Cash4Visits.com/ref.php?refId=344085
энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л

Bonnoos      ip : 91.10.36.155 2017-01-15 18:02:11
Saihan setgeltei mundag emegtei tanaar baharhaj baina . Sain vils bvhen delgereh boltugai...

bayraa      ip : 182.160.5.34 2017-01-14 23:51:03
Amjilt husie baharhaj bn

Gundegmaa      ip : 66.181.187.250 2017-01-14 21:37:02
Iim humuus olon baigaasai.taniltsaad hamtrah ymsan

AMJILT      ip : 182.160.0.106 2017-01-14 21:05:46
LIKE

gerelsuren      ip : 103.26.193.121 2017-01-14 20:51:24
amjilt husie.gaihaltai

EA      ip : 71.178.245.177 2017-01-14 20:41:24
Amjilt husie!

Цээгий      ip : 59.153.115.45 2017-01-14 14:50:58
Сайхан сэтгэлтэй мундаг бүсгүй юм. Өгьe гэвэл ганцаасаа гэдэг шиг нийгэмд нэгнээ гэсэн ийм схан хандлага давалгаа үүсээсэй

enkhee      ip : 203.91.115.46 2017-01-14 12:02:36
Saihan yariltslaga bolson bna zaluu hun bj ymar ch olon taliin medlegtei yum





(0/800)