Г.Бат-Эрдэнэ:“Монгол HD” телевиз цаашид “Монголмасс медиа” групптэй хамтарч ажиллана

2017-01-17 10:10:36

          “Монгол HD” телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Олон нийтийн интер­нэт сүлжээнд бараг л унтдаг болов уу гэмээр идэвхтэй, тэр дундаа ихэд нээлттэй байдаг түүнийг телевизийнх нь амжилт, ололтоос салгах аргагүй. Иймд сонирхолтой, тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарт дуулиан болохуйц шинэ мэдээлэл ярилцлагаар дамжуулан өгснийг онцлох хэрэгтэй биз ээ.

 

-Та, ер нь жиргээнд хэр их цаг зарцуулдаг вэ?

-Санаа зовмоор их.

-Санаа зовж байгаа бол тэгээд багасгаж болдоггүй хэрэг үү?

-Зуршил болчихсон байна. Сайн уу, муу юу гээд бодохоор сайн үр дүн их байна л даа. Нэгэнт хэвлэл, мэдээллийн салбарт бизнес хийж байгаа учраас мэдээлэлд ойр байх шаардлагатай байна. Тэр утгаар жиргэж байгаагаа, жиргээ уншиж байгаагаа ажил гэж боддог.

-Ашигтай ажил гэж үү?

-Мэдээж. Сүүлийн таван жил эрчимтэй хөгжиж байна. Үзэгчдийн хандлагыг ажиглах талаасаа маш ашигтай. Тэмтрүүл ч гэж хэлж болно. Заримдаа сошиал медиа байхгүй байсан бол бид нар яаж алдаа, оноогоо шууд цаг тухай үед нь мэдэх байсан юм бэ гэж бодохоор бас хэцүү санагддаг.

-Та өөрийгөө “Медиа сал­барын хүн” гэдэг ойлголтод бүрэн итгэлтэй байна уу. Сүүлийн үед идэвхтэй байгааг эс тооцвол та хэвлэлийн салбарт харьцангуй шинэ хүн шүү дээ?

-Үзэгчдийн манайд хан­даж байгаа хандлагыг нэгд хэлэх ёстой байх. Хоёрт энэ салбарын залуустай байнга уулзаж, санаа бодлоо ярьж, харилцан ойлголцож явахыг чухалчилдаг. Мэдээж хэвлэл, мэдээллийн салбар гэсэн өргөн утгаар нь яривал харьцангуй ойлголт. Миний хувьд “Медиа салбарын хүн” гэдгийг телевизийнхээ хүрээнд ойлгож байна л даа. Бид нар анх зөвхөн телевиз байгуулж, нэвтрүүлэг хийхийг гол болгож байсан. Өнөөдөр бол яаж олон нийтэд хүргэх вэ, сошиалын идэвхийг хэрхэн сэргээх вэ, ямар контент үйлдвэрлэх ёстой юм гээд уламж­лалт ойлголтыг шинэ төвшинд гаргах, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлэх гэдэг талаасаа ажиллах ёстой болчихлоо. Ер нь бол сүүлийн үед контентод маш их анхаарал хандуулж байна.

-Эхнэр тань ерөнхий захирал. Та харин дэд захирал. Үүрэг хариуцлагаа та хоёр хэрхэн хувааж байна?

-Мэдээж нэг хамт олон удирдаж ажиллах нь битгий хэл эхнэр, нөхөр болж хамт амьдрах ч хэцүү л байдаг шүү дээ. Хүн л юм хойно. Гэхдээ эв зүйгээ олоод, дундуураа дүүргээд, дутуугаа гүйцээгээд явах юм бол харин ч сайн хамтрагчид болж чаддаг юм болов уу гэж боддог. Миний хувьд бодлого төлөвлөлт, нийгмийн чиглэлийн контентоо хариуцаад явдаг. Манай хүн яг өөрөө өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү гээд их нарийн ажлыг хариуцдаг. Миний хувьд “Бид хоёр их сайн хосолсон байна” гэж боддог. Энэ зарчмаар ажиллаад дөрвөн жил болж байна.

-Мэргэжил тань?

-Улс төр судлаач. Америк, Англид мэргэжлээрээ суралцсан.

-Мэдээ бүрийнхээ өмнө “Хараат бус” гэж хэлдэг нь телевизийн салбарынхны эгдүүцэл, бухимдлыг төрүүлдэг. Одоо тэд хүлээн зөвшөөрч эхэлсэн үү?

-“Хэвлэл, мэдээллийн салбар болохгүй байна” гэдэг үгийг хүн бүр хэлдэг. Энэ тохиолдолд бусад хэвлэлээсээ ялгарч харагдах хэцүү юм байна гэдгийг бид дотроо ярьсан. Тэр дундаа, зах зээл талаас нь харах шаардлага гарсан. Үзэгчид олонхид нь итгэхгүй, эргэлзэж байгаа бол үзэгчдийн хүсэл, сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц бүтээл гаргах ёстой биз дээ. Бизнес стратегийн хувьд энэ дүгнэлтээс эхэлсэн. Тактик талаасаа их амжилттай болсон.

-Гэхдээ “Гал тогтоондоо нэг нэгнээ шүүх хэрэггүй” гэдэг зарчим хэвлэл, мэдээлэлд байдаг шүү дээ?

-Хаяагаа хадрахгүй, хоолоо олж идэж байгаа салбараа шүүмжлэхгүй гэдэгтэй л би санал нийлдэггүй. Харин ч шүүмжлэх ёстой. “Хамгийн хайртай, хамгийн хүндтэй хүнээ хамгийн их шүүмжлэх ёстой” гэсэн үг байдаг. Өөрөөр хэлбэл, бид нар дотогшоогоо шүүмжилж чадахгүй бол харин ч хөгжиж чадахгүй. Зах зээлд, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэг нэгнийхээ дутагдлыг шүүмжлэх, аль нэг нь давуу тал, ялгарлаа сурталчлах нь байдаг л нэг үзэгдэл. Тийм учраас хамтдаа сайжрах зорилгоор хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно. Эхэндээ ч нэлээн юм болсон. Одоо бол харьцангуй гайгүй шүү.

-Үзэгчдийн хандлага илт өөрчлөгдсөн байх нь. Тийм үү?

-Өөрчлөгдсөн. Шууд нөлөөлсөн. Гэхдээ манайх өөрсдийгөө топ гэж хэлэхгүй. Эхний тавд явдаг байх л гэж боддог.

-Судалгаагаар нэг, хоёрт ээлжилж бичигдэж байгаа мэдээлэл байдаг?

-Улсын хэмжээнд топ тавд орж чадсан. Гэхдээ ямар контент дамжуулж байгаагаасаа урагшаа хойшоо орох тохиолдол байдаг. Хөдөө орон нутагт ТВ-9 нэгд байхад манайх Улаанбаатарын төвийн дүүргүүдэд нэгдүгээрт байх жишээний. Нийт улс орны хэмжээнд Монголын үндэсний олон нийтийн телевиз нэгдүгээрт, манайх хоёрдугаарт байгаа.

-Боловсрол суваг телевизээр дамжуулаад “Гэр” нэгдлийн харьяалагддаг  “Монгол масс медиа” групп танай хоёрыг хамтарч ажиллана. Нэгдэнэ гэдэг яриа хэвлэлийн салбарт тарсан. Гэхдээ хоёр сарын өмнө өөрөөс тань тодруулахад “Үгүй” гэдэг хариулт өгч байсан. Одоо энэ хариулт өөрчлөгдсөн үү?

-Тэр үед зөвхөн саналын төвшинд байсан болохоор задалж болохгүй байсан. Одоо задлахад “Монгол масс медиа” групп манай хоёр хамтрагч болж байгаа. Зах зээлийнхээ багтаамжийг хараад үзэхээр 50-60 тэрбумын зар сурталчилгааны орлоготой салбар. Тэгэхээр ийм бага мөнгөн дээр бид соён гэгээрүүлэхийн төлөө өрсөлдөх нь утгагүй болж байна. Хөгжих боломж нь хязгаардагмал гэсэн үг. Тэнд би нэг камер авна. Энд нэг нь камер авна. Ашиглалт нь адилхан байхад хэцүү. Тэр утгаараа бизнесийн түншлэлийн гэрээ байгуулна гэсэн үг. Эндээс хожих хүмүүс нь үзэгчид.

-Хамтрахдаа ямар зарчим барих вэ. Ганц камерийн асуудал биш байж таараа шүү дээ?

-Дөнгөж эхэлж байна. Тодорхой ганц нэг сувгийг шинээр боловсруулж байна. Шинэ том контент дээр хамтарч байна. Хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүртэл цагаа зөрүүлж тавина.

-Хэдийгээр энэ мэдээлэл үзэгчдэд таатай байж болох ч яг энэ салбарын бизнес эрхлэгчдийн хувьд хүнд мэдээ болохыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, бусаддаа ямар орон зайг үлдээх вэ. Монополийн хууль гэдэг зүйлээс та бүхэн ангид байж чадах уу гээд олон асуулт үүсгэж мэдэх юм?

-Энгийн зарчим л даа. Хангалттай цаг байгаа. Жилийн 365 хоногийн 24 цагт зөвхөн манай хоёрын контент гараад байвал үүнийг монополь гэж хэлнэ байх. Үнэндээ манай телевизийн салбарууд үзэх зүйлгүй байж ирсэн. Одоо ч тийм байгаа. Үзэгчид өөрсдөө тэгж дүгнэдэг. Энэ дутагдлыг засч, үзэх зүйлтэй болгохын тулд дэлхийн том контентийн хэмжээний чанартай контент хийх хэрэгтэй. Мөн тэр хэмжээндээ хөрөнгө оруулалт хийх ёстой. Хэрэв энэ хэрээр явбал эцэст нь, бүгд эдийн засгийн хувьд контент үйлдвэрлэх чадамжгүй болж хувирна. Тэр хэрээр бусдад худалдагдана. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална. Их олон зүйлтэй холбогдож байгаа биз.

-Гэхдээ танайх өнгөрсөн хугацаанд улс төрөөс хол байхыг чухалчилж ирсэн. Гэтэл хамтрах гээд байгаа медиа групп тань илүү улс төрийн чиг баримжаатай. Ийглийг өөрөөр хэлэх аргагүй байх. Энэ тохиолдолд танай зарчим алдагдах биш үү. Танай эрх ашиг ямар төвшинд хязгаарлагдах юм бэ?

-Нэг зүйл маш тодорхой. Бие, биенийхээ редакцийн бодлогод оролцохгүй. Харин “Авьяаслаг монголчууд“, “Яг түүн шиг” гэдэг ч юмуу уран бүтээл бол өөр. Цэвэр уран бүтээл, техникийн хамтрал гэж болно.

-Гэхдээ удирдлага хоорондын нөхөрлөлд зарчим нугарах үе байдаг шүү дээ?

-Найзан дундаа орох тухай асуудлыг ярьж байгаа бол бидний зарчим тодорхой. Мэдээж би гэхэд найз нөхдийн хүрээлэл өргөнтэй. Эхэндээ бүгд ханддаг байсан. Тэр бүрт “Редакцийн бодлого” гэдэг зүйлийг тайлбарлаж хэлсний дараа нэг нь ч хандаагүй. “За за эднийтэй ийм асуудал яриад нэмэргүй“ гэж мэддэг болсон шиг байна лээ. Гэхдээ мэдээж үнэт зүйл нийлэх асуудал байна. Нийлэхгүй асуудал ч гэж бий. Хэрэв үнэт зүйл үнэхээр нийлж байгаа бол хамтраад харин ч чанга дуугарахын төлөө ажиллана.

-Танайд нэг нуудаггүй эрх ашиг байдаг. Тэр бол “Тариаланчдын эрх ашиг”. Энэ асуудлаар нэр бүхий цөөхөн хүний эрх ашгийг хамгаалдаг. Мэдээж таны хадам аав, “Гацуурт” группын эзэн Л.Чинбат болон түүний нөхдийн гэж хэлж болно. Танайд өөр цаашид ч хамгаалж явах, ил тод зарлах ийм эрх ашиг гэж байдаг уу?

-Тариалангийн бизнес манай үндсэн бизнес учраас байр сууриа илэрхийлнэ. Гэхдээ дандаа эсрэг талын санал, дүгнэлттэй хамт мэдээллэдэг. Тайлбарыг нь хүргэдэг. Өөрсдөө ёс зүйтэй байхыг бусдад уриалчихаад өөрсдөө зөрчиж болохгүй. Тэр ч утгаараа энэ талаар Хэвлэл, мэдээллийн ёс зүйн зөвлөлд гомдол ирж байгаагүй байх.

-Эхнэр тань удирддаг шүү дээ. Тэр зөвлөлийг?

-Манай эхнэр гал тогооны зохион байгуулалт болон санхүү босгох талаас нь оролцдог. Өөрөөр хуралд оролцож, шийдвэр гаргахад нь нөлөөлсөн тохиолдол байхгүй. Цаашид ч тийм байна.

-Яг энэ сэдвээр нэмж асуухад “Хүргэн хүү” гэх тодотголд ямар бодолтой явдаг вэ. Өөрийн тань ааваас илүүтэй Л.Чинбатын хүргэн гэдгээр хүмүүс таныг мэдэх болоод удлаа шүү дээ. Гэтэл үүний цаана аавыг тань мөн л нөлөө бүхий бизнес гэдгийг учир мэдэх хүмүүс нь мэддэг шүү дээ?

-Манай аав, ээж хоёр үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес хийдэг хүмүүс. Анхандаа “Гурван гол” компанийг байгуулж байсан. Бүр түүхийг нь ярих юм бол манай хадам аавтай хамтарч бизнес эхлүүлсэн яг адилхан геологич хүмүүс. Нэг байранд амьдардаг, нэг сургуульд хүүхдээ сургадаг, нэг бизнестэй явсан хүмүүс. Дараа нь, бизнесээ “Гурван гол”, “Гацуурт” гэж хоёр салгасан. Тэгэхээр эхнэр бид хоёрын хувьд ёстой л учрах ёстой хүмүүс учирсан болж таараад байгаа юм. Харин “Хүргэн хүү” гэдгийн тухайд эмзэглэх сэтгэгдэл төрдөггүй. Хэрэв муу хүний хүргэн байсан бол хэцүү л байх. Азаар ийм сайн хүний хүргэн болж, арав гаруй жил хамт ажиллаж, хийсэн бүтээсэн зүйлээс нь суралцаж яваадаа бахархдаг.

-“Үр хүүхэд төрүүлснээс бус ухааныг нь төрүүлээгүй” гэж үг байдаг. Үүнтэй адил өөрийн тань хүрээлэлд аав, ээжийнхээ замаас хазайж, үйл хэргийг нь доройтуулж, нэр хүндийг нь харлуулсан жишээ олон бий. Үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Бид хоёрын хэн хэн нь үеийнхээ залуусыг хардаг. Амжилттай бизнес эхлүүлсэн, амжилтанд хүрсэн хүмүүсийн үр хүүхэд хаана юу хийж явааг бас харна. Огт ажил хийхгүй амьдарч байгаа нь ч байна. Ажил хийж, аав ээжийнхээ бүтээснийг улам арвижуулж, нэр төрийг нь өргөж яваа нь ч байна. Бидний хувьд соён гэгээрүүлэх салбарт ажиллаж, тодорхой хэмжээний амжилтанд хүрч байгаадаа баярладаг. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд бусад залуустай харьцуулахад бид хоёр асар жижигхэн салбарт ажиллаж байгаа хүмүүс. Хэвлэл, мэдээллийн салбарт эргэлдэж байгаа мөнгөнийх нь хэмжээгээр бодох юм бол хамгийн жижигхэн салбар. Шингэн хүнс, үүрэн телефон, үл хөдлөх хөрөнгийн салбарын хаана нь ч хүрэхгүй. Тэгэхээр энд мөнгө гэхээс илүү сэтгэл гаргаж ажиллах ёстой болдог.

-Гэхдээ хамгийн нөлөөтэй салбар. Зөвхөн “Авьяаслаг монголчууд”-аар дамжуулаад та бүхэн Монголын айл бүрийн хойморьт очиж чадсан. “Ардын буудайн” нэвтрүүлгээр дамжуулаад сошиалыг хөтөлж чадаж байна. Энэ нөлөөллийг бол та бүхэн үнэлж, хүндэтгэнэ биз дээ?

-Нөлөөлөл гэхээс илүү үнэ цэнэ гэж хэлэх хэрэгтэй байх. Ийм хэмжээнд хүрэх зорилтыг бид нар анхнаас нь тавьсан. Одоо энэ нөлөөллөө маш зөв ашиглах ёстой. Алдаж болохгүй. Сая утааны жагсаалыг гэхэд шууд дамжууллаа. Сүүлийн 20 жил утааны асуудалд төр засаг ийм их анхаарал хандуулсан тохиолдол байхгүй байх. Хэрэв шантааж хийгээд явсан бол, одоогийн нөлөөллөө ашиглаад цаашид шантааж хийгээд явах юм бол өнөөдрийн нэр хүнд, үнэлэмжээ магадгүй хоёр сарын дотор, бүр холоор бодоход хоёр жилийн хугацаанд алдахыг үгүйсгэх аргагүй. Үзэгчид аягүй ухаантай байхгүй юу. Дор нь л мэднэ. Таамаглана. Юугаар дутсан гэж буруугаар ашиглах вэ дээ. Харин эсрэгээрээ утаа, эрүүл мэнд гэх мэт өдөр тутам үүсдэг, үүсч байгаа энэ нөхцөл байдлын эсрэг төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх багаж хэрэгсэл болж ашиглах хүсэл бол бий.

-“Юугаар дутсан гэж” гэдгээ тодруулахгүй юу?

-Улс төрийн ашиг сонирхол алга л даа. Хэн нэгэн улстөрчийг дэмжих замаар эрх мэдэлд хүрэх, эрх ашгаа хамгаалуулах шаардлага алга. Тэр утгаар нь хэлж байгаа юм. Үнэхээр эрх мэдлийн төлөө тэмцэж байсан бол хэн нэгнийг муулж, хэн нэгнийг нь магтана байх. Бид тэгдэггүй. Манай гэр бүлд бүр намын гишүүн ч байхгүй. Аль нэг намд гишүүнээр элсэхээр тэр намынхаа улс төрд аяндаа хутгалдах хэрэгтэй болно. Тэр дундаа медиа салбарт ажиллаж байгаа давуу талаа ашиглахтайгаа зэрэгцээд үзэгчдээ алддаг. Ийм жишээ олон бий.

-“100 чухал сэдэв” нэвтрүүлгийг найруулагч Б.Баатар “Танай телевизэд өглөө. Албан ёсоор танайх авч яв” гэж хэлж байгаа харагдсан. Хэзээнээс энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлж хийх вэ?

-Уг нь контент нь өөрөө сонирхолтой, их сайн контент. Тэгэхдээ спонсоргүй контент. Ийм контент хийхэд асар их хөрөнгө, судалгаа, цаг хугацаа шаардагдана. Иймд яаран хийх бодолгүй байгаа. Мэдээж утаа, эрчим хүчний дутагдал, усан цахилгаан станц гэх мэт том, том сэдвээр хийх бодол бий. Нэг компанийн сурталчилгаа болж болохгүй учраас санхүүгийн сайн төлөвлөгөө гаргаж байж хийх хэрэгтэй.

-Танайх тэгэхээр ерөнхий үйл ажиллагаагаараа бус контент тус бүр дээр бизнес төлөвлөгөө гаргадаг гэсэн үг үү?

-Үзэгчээ сайн харна. Манайхыг хэн үзэж байна вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хандлага ямар байгааг мэдрэх хэрэгтэй. “Авьяаслаг монголчууд”-ыг бол гэр бүлийн бүх гишүүд үзэх жишээний. Ийм судалгааг ер нь бол хийж хэвших хэрэгтэй л дээ. Яагаад гэхээр энэ салбар чинь өөрөө бизнес байхгүй юу.

-Хүмүүс “Авьяаслаг монголчууд”-ыг гарахтай зэрэгцээд мессежийнх нь тоог багцаагаар нь тооцоолж, тоо бодоод эхэлдэг. Наад зах нь, өдөртөө 200 сая төгрөг олж байна гэдэг тооцоог ч гаргасан харагдсан. Эндээсээ оператор компанидаа 50 хувийг нь өгөөд үлдсэн дээр нь спонсоруудынхаа дэмжлэгийг нэмбэл тэрбум төгрөгөө олж чадаж байгаа гэх нь бий. Гэтэл танайх “Ашиг олохгүй байгаа учраас ирэх жил хийхгүй” гэдэг тайлбар хийж байсан?

-Ашигтай байсан бол хийгээд л байх байсан. Хүмүүсийн бодлого бодоод байгаа мессежний мөнгө гэхэд их инээдтэй тоо гардаг. Анхны мессеж явуулсан компани нь тавин хувийг нь авна. Дундаас нь үйлчилгээ үзүүлсэн нь үлдсэн тавин хувийн 60-70 хувийг нь авчихна. Үлдсэн 10 гаруйхан хувиас дахиад лиценз эзэмшигч компани хувиа авчихна. Тэгэхээр бид нарт тав хүрэхгүй хувь нь ирдэг гэж ойлгож болно. Тэр мөнгөөр зардлаа нөхөөд, ашигтай ажиллах ямар ч боломжгүй. Хүмүүс харин энэ ярилцлагыг уншаад цаад учрыг нь ойлгоосой гэж бодож байна. Мессеж 300 төгрөг байлаа гэхэд бид нарт түүний тав хүрэхгүй хувь буюу үсрээд 15 орчим төгрөг нь л ирдэг гэж. Хэрэв ашигтай байсан бол бид нар завсарлуулахгүй, жил бүр хийсээр л байх байсан.

-Тэгэхээр эцсийн шийдвэр гарсан гэсэн үг үү?

-Манайх шиг жижиг улсын жижиг зах зээлд ер нь бол нэг л том шоу хангалттай юм билээ. Бид нар тэр шоуг хийнэ. Гэхдээ “Авьяаслаг монголчууд” бол биш. Даанч одоо тэр талаар зарлах арай эрт байна. Их том бэлтгэл ажилд орсон гэж ойлгож болно.  Ирэх жилээс үзэгчдэд хүрэх болов уу. Харин нэг зүйлийг хэлэхэд үндэсний хэмжээний үндэсний контент болохуйц шоу байна гэдэгт итгэж болно шүү.

-Танайх зах зээл дээр эргэлдэж байгаа 50-60 тэрбумын жилийн нийт зар сурталчилгааны орлогын хэр их хувийг нь авч чадаж байгаа вэ. Нууц биш бол шүү дээ?

-Саяхан бид нар өөрсдөө захиалга өгч судалгаа хийлгэсэн. Тэгэхэд “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөр маань үзэгчдийн хандалтаар гуравт байгаа дүн гарсан. Тийм ч болохоор манай мэдээллийн хөтөлбөрийн өмнөх болон ардахь сурталчилгааны цаг дүүрэн байдаг. Харин 50-60 тэрбумын зар сурталчилгааны тухайд доллар 1500 байхад мэдээж их доллар байсан. Ам.доллар 2500 төгрөгт хүрчихээр жаахан доллар болчихоод байна. Гэхдээ л манай телевиз зах зээлийн борлуулалтын 10 гаруй хувийг эзэлдэг. Харилцаа холбооны зохицуулах газарт өгдөг тайлан мэдээлэл дээр энэ мэдээ ил тод байдаг.

-Үлдсэн 90 хувийг нь өөрийн болгох бол мэдээж танай стратеги байж таараа. Тэр дундаа “Монгол масс медиа” групптай хамтарч байгаа нь ч ийм зорилготой гэдгийг та цаад утгаар нь хэлэх шиг болсон. Гэтэл бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд боломж үлдэх үү гэдэг нь өөрөө том асуудал шүү дээ?

-Мэдээж тэдний эсэргүүцэл байх нь зүйн хэрэг. Гэхдээ амьдрал дээр зах зээлдээ л баригдах ёстой. Үнэхээр гуравхан сая үзэгчтэй бол хэдэн телевиз оршин тогтнох ёстой вэ гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Цөөхөн чанартай телевизийн нэг нь байя гэж бодож байгаа бол бидэнтэй ч, бусадтайгаа ч өрсөлдөх ёстой. Харин 1000 телевиз байх ёстой гэж бодох юм бол буруу. Тэгэхээр төрөөс телевизийн салбарын бодлогоо тодорхой болгож батлах хэрэгтэй. Өмнөд Солонгост бол том таван телевиз л байдаг. Японд ч адилхан. Ийм бодлого байх ёстой.

-Оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах шаардлагад олон телевизүүд чирэгдэж байна. Энэ шаардлага мэдээж зөв. Гэхдээ танай хүсэлтээр телевизийн кинонуудыг хаагаад, дүрсийг нь сарниулаад байгаад шүүмжлэлтэй ханддаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Оюуны өмч гэдэг асуудал өөрөө маш чухал. Нэг үе оюуны өмчийг хамгаалах нь хохиролтой гэж үздэг байсан бол одоо үүнийг эсэргүүцдэг телевизийн захирал гэж байхгүй болсон. Яагаад гэхээр өөрсдөө оюуны өмчийг бэлтгэсэн ч түүнийгээ алдаад эхлэхээр ойлгож байна л даа. Гадаадын бүтээлийн оюуны өмчийг Монголд хамгаалаад ирэхээр бүгд худалдаж авдаг болж байна. Худалдаж аваад байхаар тухайн бүтээлийн үнэ өсдөг. Ингэхээр чинь бид нар дотооддоо “Тэрийг ингэж мөнгө зарж авч байхаар Монголдоо өөрсдөө бүтээлээ хийе” гэдэг эргэлт рүү орж байгаа юм. Үндэсний контент бүтээх сэдэл нь ингэж тавигдаж байна. Бүр цааш нь ярих юм бол үндэсний контент бүтээхийн хэрээр монгол уран бүтээлч ажилтай, цалинтай болно. Хятадын бараа бүтээгдэхүүнийг больё. Монголдоо үйлдвэрлэе. Монголоосоо импортлоё гэдэгтэй яг адилхан. Тэгэхээр гадаадын оюуны өмчийг хамгаалж байна гэдэг чинь дотооддоо хэвлэл, мэдээллийн салбараа хамгаалж байна гэсэн үг байгаа биз.

-Харин телевизийн кинонуудыг хаахын тухайд. Танай хүсэлтээр?

-Тухайн киноны Монголд гаргах эрхийг бид нар авсан бол тухайн кинон дээрээ хүсэлт тавьдаг. Бүр “Энэ киног манайх худалдаж авсан шүү. Та нар битгий гаргаарай” гээд хүсэлтээ, киноныхоо нэртэй бусад телевизүүдэд явуулдаг болсон. Оюуны өмчгүй кино гаргаж болохгүй гэдгээсээ бүр болиод ийм арга ядсан арга хэрэглэж байна шүү дээ. Аягүй санаа зовмоор. Гадаадын том том контент үйлдвэрлэгчидтэй очиж уулзахаар бас ичмээр. Шоолонгуй, дээрэнгүй харьцана. Нэг балмад орноос нэг сармагчин ирж байгаа юм шиг л хандана. Оюуны өмчийн үнэлэмж маань биднийг тийм үнэлэмжгүй болгочихсон байна л даа.

-Тэгвэл оюуны өмчөөс гадна өөр үүрэг хариуцлагыг танай телевиз дотооддоо үүрдэг үү. Мэдээж энэ үүрэг хариуцлага нь сайн дурынх ч яг олон нийтийн хувьд их том нөлөөтэй байж болно шүү дээ?

-Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл шууд утгаараа үүрэг хүлээх ёстой. Соён гэгээрүүлэх үүргийг нэгдүгээрт тавих үүрэгтэй. Олон нийт өөрсдөө хоёр хуваагдчихаад нэгнийгээ “ОРК” гэж дуудаад байж болохгүй. Хэрэв ийм ухамсар дорой явах юм бол масс медиа үүнд ч бас буруутай. Юун түрүүнд “Хүмүүсийн ухамсарт шууд нөлөөлдөг зүйл бол масс медиа” гэдгийг дор бүрнээ ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Үүнийг бид нар хүлээн зөвшөөрсөн. Тийм ч болохоор сайн контент хийхийн төлөө ажиллаж ирсэн. Хэлбэр нь сайхан харагдах ёстой. Агуулга нь зөв байх ёстой. Энэ бол манай зарчим. Түүнээс бус байнга алаан хядаан, садар сумаан гаргаад байж болохгүй. Ер нь бол төр энэ чиглэлээр бодлогоо тодорхойлоод шууд тулгах ёстой.

-Манай салбарт тодорхой хэмжээний сахилга бат байх ёстой гэж үү?

-Байх ёстой. Төр бодлогоо тулгах ёстой. Яагаад гэхээр Монгол Улсын хилийг хилийн цэргүүд манадаг. Оюун ухааны дархлааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл манадаг. Үүнийгээ сайтар бодож, хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Тийм ч болохоор тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Зарчим тодорхой байгаа биз. Гол нь энэ үүргээ биелүүлэхийн тулд телевизүүд өөрсдөө санхүү, эдийн засгийн хувьд хараат бус, бие даасан байх хэрэгтэй. Уран бүтээлчид нь сайн цалин авдаг, судалгаа шинжилгээтэй нэвтрүүлэг бэлтгэдэг, сайн тоног төхөөрөмжтэй байх хэрэгтэй. Үүний тулд орлого нь тодорхой байх ёстой. Эх үүсвэр нь ерөөсөө л зар сурталчилгаа. Дээр нь, эцсийн хэрэглэгчдээс үйлчилгээ үзүүлснийхээ төлбөрийг авах хэрэгтэй. Яг сонин шиг тодорхой байх ёстой байхгүй юу. Сонин аягүй гоё зохион байгуулалттай. Яг энэ зохион байгуулалтыг телевиз рүү оруулж ирэх хэрэгтэй байна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд хэрэв хэвлэл мэдээллийн салбар зарчимтай, шударга, соён гэгээрүүлэх зорилгодоо үнэнч байж чадах юм бол эргээд боловсролтой, өөрийн гэсэн бодолтой сонгогчидтой болж чадна. Арван жил л шаардагдах байх. Тэр цагт саналаа худалдах хүн олдохгүй. Тэгэхээр төр зөв хүмүүсээс бүрдэж, улс орны хөгжил хурдсана гэдэгт хувь хүнийхээ хувьд итгэлтэй байдаг. Улсаа хөгжүүлэх салбарыг буруу газраас хайгаад байна. Хэвлэл, мэдээллээс хайгаач ээ гэж хэлмээр санагддаг Хэвлэл мэдээлэл ядуу байх юм бол улс хөгжинө гэхэд хэцүү. Ер нь бол хэвлэл мэдээллийн салбар маш том хувьслын өмнө явж байна. Тэрийгээ бодох ёстой. Ядаж л сэтгүүлчдийн цалин улсын дундаж цалингаас гурав дахин их байх ёстой гэсэн миний бодол байдаг.

-Танай сэтгүүлчдийн цалин тэгвэл хэд байдаг юм бэ?

-Манайхны дундаж цалин өнөөдөртөө бол улсын дундаж цалинтай адил төвшинд яваа. 900 мянга орчим гэсэн үг. Гол нь энэ бол бизнес. Энэ бизнесийг ойлгохын тулд эргээд л нөгөө 50-60 тэрбумаа л бодох ёстой. Энэ мөнгийг 180 телевизэд, энэ 180 телевизийнхээ тус бүрийн 100 ажилтанд хувааж үзэх хэрэгтэй. Ер нь бол сэтгүүлч болох гэж байгаа хүн эхлээд ямар салбарт орж ирж байгаагаа бодох хэрэгтэй. Ийм бага мөнгөн дээр эргэлддэг салбарт орж ирчихээд хуульчийн цалин авна гэж бодож болохгүй. Өнөөдөртөө манай салбарын боломж нь өөрөө ийм байна. Тэртээ тэргүй алдагдалтай ажиллаж байгаа салбарт дахиж цалин нэмж алдагдлаа нэмээд байж болохгүй. Дээр нь, сэтгүүлчид маань бас гурван сая хүний өмнө гарах гэж байгаа бол өөрөө бэлтгэгдсэн, боловсорсон байх хэрэгтэй. Бид нар энэ зарчмыг барьдаг.

-“Авьяаслаг монголчууд”-ын талаар танайхыг оролцогчдынхоо боломж бололцоог хязгаарладаг. Бусад нэвтрүүлэгт оролцох, тоглолт хийх, үзүүлбэр үзүүлэх эрхийг нь хааж, боодог гэсэн сэтгэгдэл хаа нэгтээ харагддаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Хэрэв биднээр дамжиж, зуучлуулж, продьюссерийн үйлчилгээ авья гэж хандах юм бол тодорхой эрх, үүрэг яригддаг. Гэхдээ бие даан ажиллаж байгаа хүмүүс ч бий. Тэдэнд харин ямар нэгэн гэрээ хийх ёстой гэдэг болзол тулгадаггүй.

-Тайз засалт хүн бүрийг л бишрүүлсэн. Хэний санаа вэ?

-Тайзны зураг, санааг цэвэр манай эхнэр гаргадаг. Харин гүйцэтгэл нь дандаа монгол залуучуудын бүтээл. Нэг ёсны манай телевизийн ажилтнууд бүтээл гэсэн үг. Бүгдийг л өөрсдийнхөө дотоод хүчээр хийдэг. Эхний жил тайзны зураач гаднаас авах гэсэн ч мөнгийг нь дийлээгүй. Нэгэнт мөнгөгүй юм чинь яахав. Өөрсдөө хийе гээд хийсэн. Хаа очиж их сайн сурсан. Сүүлд нь манай том уран бүтээлчид, дуучид тайзаа хийлгэх санал тавьж, ярилцдаг. Харамсалтай нь, тэр том, үнэтэй тайзыг хийлгэчихээд тасалбар зарж ашгаа олно гэдэг хэцүү болохоор саналаа ажил хэрэг болгодоггүй л дээ.

-Оффшор данстай холбоотой улстөрчдийн мэдээлэл танай анхааралд хэвээр байгаа юу. Нэг хэсэг эрчимжээд эргээд намжсан даа?

-Манайх нэр холбогдсон хүмүүстэй бүгдтэй нь холбогдож тодруулсан. Манай телевиз энэ шугамаар Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны гишүүн болсон. Монголоосоо ганцаараа төлөөлөгч болсон учраас нэлээн том үүрэг хүлээж байгаа гэж бодож байна. Үүнээс хойш Офшорын тухай хуулийг УИХ дээр хэлэлцээд явж байна. Тэгэхээр асуудал намжсан гэж хэлж болохгүй байх.

-Тэгвэл мүүнийн тухай нэвтрүүлэг яагаад хойшлоод байгаа юм бэ. Танайх сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хийсэн “Цензургүй сурвалжлага”-ын араас энэ сэдвийг хөндөнө гэж зарлаж байсан шүү дээ?

-Одоо яг энэ асуудалтай холбоотой маргаан шүүхийн шатанд явж байгаа учраа ажиглаж байна. Дээр нь хүний шашин шүтэх, эс шүтэх гэдэг асуудал чинь өөрөө хувь хүний эрх. Иймд нэг хүний хүсэлтээр хийнэ гээд хийх асуудал биш гэсэн үг л дээ.

-Сүүлийн үед танайхаас бэлтгэж байгаа контентийн өмнө youtube сурталчилгаа байршуулах нь их болж. Эндээсээ ашиг хүртэж байгаа юу?

-Онлайн салбарын давуу тал нь facebook-ээр, youtube-ээр хэдэн хүн үзсэн бэ гэдгийг хянах боломжтой байгаа явдал. Одоо харин тэндээс мөнгөө авах нь чухал байна. Дэлхий даяар үзэж байгаа хүмүүс манай контентийг үзэхийн тулд өмнө нь гардаг сурталчилгааг харах хэрэгтэй болдог. Эндээс мөнгөө олж авах гэсэн үг. Энэ бол өөрийн тань асууснаар телевизийн салбарын дараагийн боломж л доо. Манай хувьд авч байгаа. Гэхдээ маш бага хэмжээгээр. Ердөө 10 хүрэхгүй хувийг нь л авдаг.

-Гэхдээ л энэ чинь амжилт шүү дээ. Яг контент үйлдвэрлэгчдийн боломж талаас нь харвал?

-Гарц нээсэн үү гэвэл нээсэн. Гэхдээ бид нарын хөлс хүчээ урсгаж хийсэн бүтээлийн ашгийн 90 хувийг нь гадаадынхан авч байна гээд бод л доо. Монгол хүний бүтээсэн бүтээлээс тэд ашгийг нь аваад байна гэхээр хэцүү байгаа биз дээ. Уг нь үүнийг засах маш амархан. Монгол Улс өөрөө youtube болон өөр интернэт сувгуудтай гэрээтэй болох ёстой. Тэгвэл Монголын маш олон залуус орлогын их үүсвэртэй болно. Сонирхолтой тоглоом, зохиомж, видео хийж байгаа олон залуу бий. Тэд нарт боломж нээгдэнэ. Энэ боломжийг нь нээгээд өгчихөөсэй гэж их хэлдэг. Бидний хувьд Сингапурт байгаа төлөөлөгчийн газраас “Та нар аваад өгөөч” гэж гуйсан. Урдаас “Бид нар тэгвэл зуучлалын хөлсөө авна” гэж явсаар маш бага мөнгө л манай руу ордог. Ямар ч байсан өнөөдөр бэлгэдлийн хувьд мөнгө авч байгаа нь чухал. Хэрэв тэр засаг тодорхой сувгуудтай гэрээ байгуулчих юм бол УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хар хархан харц”-аасаа мөнгө авна уу, Рокит Бай клипнээсээ мөнгө авна уу хамаагүй. Гол нь монгол уран бүтээлч өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж байгаа нь чухал.

-2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний үдэш гаргасан “Гацуур” киноны тухай тодруулья. Телевиз нэг үдшийн төлөө кино хийнэ гэдэг өөрөө яалт ч үгүй том эрсдэл байх. Мэдээж үзэгчдийн хандалт бол ерөнхийдөө танай руу шуурсныг эс тооцвол бас л эхсдэлтэй алхам шүү дээ. Та ярилцлагын үеэр ашиг оролготой холбоотой олон тайлбар өгсөн учраас санаа зовохгүй асууж байгаа хэрэг шүү?

-Нэг сарын дотор хийсэн кино. Хамгийн гол нь спонсор олдсон. Зохиолыг нь өмнө нь жүжигчин Анхаа, Төгөлдөр хоёр  биччихсэн байсан. “Авьяаслаг монголчууд” дуусаад л дайрч хийсэн. Мэдээж надад ч таалагдсан, таалагдаагүй зүйл олон бий. Ямар ч байсан бидний хувьд зардлаа нөхсөн. Гэхдээ Монголд зардлаа нөхсөн гэдэг нь сайхан сонсогдоод байна. Уг нь ашгаа олох ёстой байхгүй. Энэ жилийн тухайд их эрт эхлэнэ гэж бодож байгаа. Жилийн жилд уламжлал болгоно. Жилийнхээ хамгийн амжилт олсон хүмүүсийг оролцуулна. Хаа очиж спонсорууд ёстой сэтгэл хангалуун үлдэж чадсан. Энэ бидний хувьд их чухал. 31-ний орой ер нь бол манайх хүмүүсийг нэлээн уяж чадсан.

-Та түрүүн хэвлэл, мэдээллийн салбарын нөлөөллийн талаар ярьсан. Тэгвэл танай телевизийн нөлөө, цаашлаад ирээдүйн зорилго, амбиц хаашаа чиглэж байгааг нууц биш бол ярилцлагын төгсгөлд дэлгэхгүй юу?

-Ер нь бол телевиз ажиллуулах нь улстөрч болох бүрд УИХ-ын гишүүн болсноос ч илүү нөлөөтэй гэж боддог. Хэвлэл мэдээлэл бол хангалттай том хүч. Үүнийг өөрсдөө булингартахгүй, зөв бодлоготой, дотоод луужингаа алдчихгүй явахыг хичээдэг. Тэгээд ч улс төр бол эрсдэл. Харин контентод ямар ч эрсдэл байхгүй. Иймд бидний хувьд телевиз гэхээс илүүтэй контент үйлдвэрлэгч гэдгээр өөрсдийгөө тодорхойлох дуртай. Цаашид зөвхөн нэг суваг дээр хязгаарлагдах бус контент бэлтгээд түүнийгээ бусад телевизүүдэд өгөх, тусдаа бүр гар утсанд зориулсан контент бэлтгэх зэрэг бодлого барьж ажиллана. Дээр хэлсэн “Авьяаслаг монголчууд”-тай дүйцэхүйц 3-4 том төсөл эхлүүлнэ. Мөн миний нэг хувийн жижиг бизнес бий. Түүндээ анхаарал хандуулна даа.

-Ямар бизнес?

-“Номсис” гэж гэр хорооллын wifi интернэт үйлчилгээ үзүүлдэг бизнесийг эхлүүлснээ саяхнаас дахин идэвхжсэн. Дөрвөн жил гаруйн хугацаанд зөвшөөрлөө авч чадахгүй, цуцлуулсан байсан ажил. Уг нь ашиг гэх зүйл байхгүй. Гэсэн ч Улаанбаатарын гэр хорооллын 250 цэгт тоног төхөөрөмж суурилуулсан байснаа нэг кноп дараад л ажиллуулсан. Яахав орлогоороо зардлаа нөхдөг. Гол нь иргэд мэдээлэлтэй байх нь чухал. Тэр утгаараа залуусаа дэмжихийг чухалчилсан. Үүндээ нэлээн анхаарч ажиллана даа.

"Үндэсний шуудан" сонин. Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Өгүүлбэрээ засаарай      ip : 124.158.125.119 2017-01-18 14:59:01
Эхний өгүүлбэр дээр "Унтдаггүй" гэж засаарай. Амжилт

zochin      ip : 103.57.94.234 2017-01-17 11:27:03
ene yriltslagaas mongoliin hevlel medeellin unuugiin baidliig medej avch boloh yum baina saihan yriltslaga boljee





(0/800)