Г.Мөнхцэцэг: Төрийн микрофоноор ярих юм, ярихгүй юм бий гэдгийг бодох л ёстой

2017-01-23 09:55:54

 

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Амралтын өдөр холбогдсон бидний ярилцлага “Болор цом” Дорнод аймагт болох гээд манайхан бужигнаж байна,  хэдийгээр ажлаа өгчихсөн ч  шинэ бэр шиг гүйгээд болохгүй юм гэсээр  ирлээ.  Хөдөө орон нутагт зохион байгуулахад унаа тэрэг, буудал суудлаас  эхлээд өнөө муу хэддээ дэм болчих юм юу байна гэсээр явлаа” гэснээр эхэлсэн юм.

-Та хэвлэлд төдий л ярилцлага өгөөд байдаггүй хүн. Улс төр гэлтгүй утга зохиолын талаар ч цөөн дуугарсан санагддаг. Яагаад тэр вэ?

-Хувь хүний маань онцлог байх. Асуудлын төвд орж,  аливаад гол дүр байхаас зайлсхийдэг маань миний мөн чанар байх л даа. Хүн ер нь байх газар, орших цаг хоёртоо үнэн байвал бусад нь болчихно доо гэж боддог. Хүний дүр булааж авч тоглоод л, бусдын өмнөөс уйлаад дуулаад байгаа өөрийн арьсгүй, голгүй “хоосон чанарыг” оночихсон улсаас хол явахыг хичээдэг. Гол нь үлдэх мөртэй байна гэдэг чухал байхгүй юу. Мэддэг юмаа тултал ярих, хийх хэрэгтэй. Шүлэг зохиол, нутаг усаа ярьсан, бичсэн зүйлүүд зөндөө бий дээ. Ер аливаа улс орны тусгаар оршихын, тунхаглан үлдэх түүхийн үнэ цэнэ бол өв соёл, утга зохиолдоо байдаг санагддаг. 

-Тэгэхээр энэ чиглэлээр нэлээн чанга дуугарна гэсэн үг үү. Цаашдаа?

-Чанга гэдгийг бусдаас  том дуугарах,  хашгирахын  илэрхийлэл гэж бодохгүй байна, надад тийм сонирхол байхгүй. Чадах ч үгүй. Харин ажил хэрэг болох, олон нийтэд зөв талаас нь ойлгуулах, соёл төлөвшлийг хүндэтгэх, уламжлалаа бататгах талаас төрийн бодлого шийдвэрийг чиглүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажиллана. Төрийн микрофоноор ярих юм, ярихгүй юм, хэлэх хэлэхгүй үг гэж бий. Өөрийгөө тодруулахын тулд орилоод байж бас болохгүй.

-Та Монголын зохиолчдын эвлэлийн хороог олон жил удирдсан. Тэр үедээ энэ ажлаа хэр хийсэн бэ?

-Монголын Зохиолчдын Эвлэл төрийн бус байгууллага. Гэхдээ төрийн хэмжээний ажлуудыг хийдэг шүү.Нийгэмд үйлчилдэг ашгийн бус ч гэсэн манай хорооны үйл ажиллагаа тухайн цаг үе бүхэнд өөрийнхөө үүргийг нэр төртэй л гүйцэлдүүлж ирсэн байдаг.  Сая хорооны маань 88 жилийн ой боллоо, сүүлийн найман жилийнх нь амьдрал надтай холбоотой, эдүгээ өдөр тутмынх нь ажилд оролцох эрхгүй болсон ч Зохиолчдын эвлэлийн гишүүний хувиар чих тавьж л суух юм даа. 900 гаруй гишүүнтэй ийм том айлыг удирдана гэдэг амар биш. Юутай ч гадаад харилцаа бүтээлийн үнэлэмж гээд сүүлийн жилүүдэд ахиц гарсан гэж боддог. Өвөг дээдсийнхээ үлдээсэн гэр орноо тарааж хот бууриа харлуулаагүй. Үе үеийн зохиолчид үймж шуугидаг өнөөх л янзаараа. Цаашид хэрэгжүүлэх гэж зорьсон бодсон ажлуудыг маань, үеийн нөхөд, дүү нар, ах нар маань үргэлжлүүлэх чадал бий. Уран зохиолд хэзээ ч зохиолч нь бүтээлдээ дүн тавьдаггүйтэй адил он цаг уншигч хамгийн том дүнг энэ айлд тавьсан байдаг даа.

-Зохиолчдын үнэлэмж гэхээр бас их хэцүү. Өөрсдөө ч яг сайхан бүтээл туурвидаг дээрээ архитай хэт ойр нөхөрлөөд алдах нь олон байх юм. Энэ үнэнийг та яаж уучилж, зөөллөж боддог вэ?

-Арай хатуу хэлчих шиг боллоо шүү, өөрөө. Гэхдээ яах вэ ааштай, омголон, авьяас билэгтэй хүмүүс. Нэг жаазанд багтдаггүй олон зураг л гэсэн үг. Гэсэн ч хамгийн мэдрэмжтэй, хамгийн хүн чанартай, мөн чанараа дагасан хүмүүс. Цаг дээрээ тулахаар зохиолчид шиг маань амархан аливаад дэвтдэг, зөөлхөн улс  ховор шүү. Толгойг нь удирдахаасаа илүүтэй хүнийх нь гол чанарт ойрхон байсан гэж боддог.

-Та тэгвэл өөрийг тань энэ цагаан мөрөө улс төрийн шат ахихад дамжлага болгож ашигласан гэж дүгнэвэл зөвшөөрөх үү?

-Хатуухан сонсогдож байна. Гэхдээ хүний бодлыг зөв, буруу гэж би дүгнэхгүй. Залруулах гэж бас үзэхгүй. Зохиолчдын эвлэлийн хороог амьдрах гэж ядсандаа удирдаж, эс бол улстөрчийн хувьд дээшээ гарах гишгүүр болгож ашигласан гэвэл түүн шиг гомдмоор санаа байхгүй. Тэр тухай бодож ч байгаагүй. Арван хэдхэн настай аавынхаа гэрээс   энэ айлд шүлгийнхээ дэвтрийг бариад орж ирсэн. Хэн ч намайг албадаагүй. Харин тэр цаг үе минь өнөөдрийг хүртэл намайг авч яваа юу гэвэл яваа. Энэ үнэн. Хүмүүс ч Зохиолчдын эвлэлийн хорооны захирал Мөнхцэцэг гэхээс илүүтэй яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг гэдгээр минь мэддэг, дууддаг байсан.

-Одоо бол УИХ-ын гишүүн гэдгээр тань илүүтэй анхааралтай ажиглаж, хэлэх үг, хийх үйлдлийг тань сонждог болж байгаа байх?

-Тэр үнэн. Мэдээж утга зохиол гэдэг улс төр биш. Улс төр гэдэг утга зохиол биш. Би аль 1998 оны гуравдугаар сарын 3-нд Монгол Ардын Намд гишүүнээр элссэн. Тэр цагаас хойш намын үйл ажиллагааны эхэнд цаг үргэлж зогсоогүй ч гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байж, бүх шатны сонгуульд нь дэмжиж оролцож ирсэн. Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ч нэлээн удсан. Тэгэхээр намтай холбогдсон он жилүүд маань номтой холбогдсон он жилүүдтэй эн зэрэгцэхгүй ч чамгүй хугацаа өнгөрчээ.

-Та УИХ-ын 2012 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж байсан. Энэ удаад тойрогт нэр дэвшлээ. Намын гишүүн олон эмэгтэйчүүдийн хувьд арын фронтоос урагшаа гарч жагсаалтад багтах, нэр дэвших эрх авна гэдэг амар биш. Тэр хэрээр “Яагаад Мөнхцэцэг гэж” гэдэг асуултыг тавих хүн олон л байдаг байх. Та ямар хариулт өгдөг вэ?

-Намын бодлогын дагуу л шийдэгдсэн асуудал. Цаг үеэ харна, боловсон хүчний бодлого гэж байна. Би тэр дагуу асуудал шийдэгдсэн гэж боддог. Өнөөдөр нийгэм асар их цэвдэгшиж байна. Улс төрийн бохир завааныг хүн бүр гайхаж, шүүмжилж байна. Ийм үед эмэгтэйчүүдийн дуу хоолой,  ажиллаж ирсэн  тухайн салбарын онцлог, хэрэгцээ зэрэг олон өнцгөөс шийдвэрүүд гарсан нь мэдээж. Ер нь бол утга зохиолд ойр хүмүүсийн үзэл бодол үнэнд ойр, хаашаа ч хамаагүй төөрөөд явчихгүй тогтсон, тусгаар тогтносон байж чаддаг гэдэгт итгэлтэй байдаг.

-Та тэгэхээр өөрийгөө төрд хэрэгтэй гэж боддог байх нь, тийм үү?

-Хэрэггүй газартаа орсон гэж бодохгүй байна. Хэн нэгнээр түлхүүлж орсонгүй. Хэн нэгний өмнө толгой бөхийлгөж, араас нь хөтөлгөө морь шиг дагаж гүйсэн тохиолдол алга. Харин ч хэрэгтэй үед хэрэгтэй газраа сууж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа.

-УИХ-ын гишүүн болоод хагас жил болж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд ч, олон нийт ч парламентын үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд эхэллээ. Таны хувьд бодсон бодол юу байв?

-Би нэг зүйлийг байнга боддог.

-Юуг?

-Хэрэв хүний итгэл найдварыг үүрсэн бол үүрсэн шиг үүрээд, даавал даасан шиг даах ёстой гэж. Хэдийгээр би утга зохиолын нөлөөгөөр олонд танигдсан ч гэлээ хууль тогтоох засаглалд орж ажиллахад минь Дорноговь, Говьсүмбэрийн мянга мянган иргэд итгэлээ өгсөн. Иймд тэр хүмүүсийн төлөө ажилласан шиг ажиллана. Ямар ч үзүүр өнцөг, эрх ашиг байсан тэднийхээ төлөө хатуу зогсоно. Энэ бол миний суурь бодол. Зөвхөн зургаан сарын хугацаанд бодсон бус цаашид ч бодож, хазайхгүй барьж явах эрх ашиг маань. Гэхдээ мэдээж зөвхөн тойрог гээд туйлшрахгүй. УИХ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Тэр чиглэлд ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ, хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг анхаарч ажиллана. Мөн энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд ард олны санаа бодлыг, УИХ-д тавьж байгаа үнэлэлт дүгнэлтийг бодоод үзэхээр “Төр засаг үнэхээр болохоо байчихаад байна уу” гэсэн асуулт гарч ирдэг. Тэр бүхнийг бодоод үзэхээр “Бас арай ч дээ. Ийм ч болгочих гэж дээ” гэж халаглах, эргэлзэх, эмзэглэх үе олон төрж байна. Гэхдээ өмнөх хүмүүсийн тавьсан зам дээгүүр бид хүссэн ч, эс хүссэн ч явах л болно. Үүнийг бас бодож ажиллах хэрэгтэй.

-Өмнөх хүмүүс гэдэгт та хэнийг хамруулж байгаа вэ. Олон нийтийн хувьд зөвхөн Ардчилсан нам гэлтгүй танай намд ч олон жил төр түшилцэж, удирдаж ирсэн хүмүүс олноороо байгаа гэдгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл хариуцлагыг манай, танай гэж хувааж болохгүй. Бүгд буруутай гэж хэлээд байна шүү дээ?

-Мэдээж хэрэг. Ийм шүүмжлэл хэлэх эрх ард түмэнд байгаа. Энэ шүүмжийг сонсох үүрэг ч бидэнд бий. Миний хувьд өмнөх хүмүүс гэдэгт өөрийн тань асууснаар ганц Ардчилсан намын улстөрчдийг хамруулж боддоггүй. Саахалт айлууд хольж хутгалдаад хонио хариулдагтай л адилхан байж ирсэн. Тийм болохоор гарцаагүй бурууд ганцхан танайх гэж дуугарч чадахгүй. Иймд үг хэлэхээсээ эмээх, халтирч зугтах шаардлага надад байхгүй. Хэт увайгүй зүйл дээр нэгдсэн, эвлэлдсэн зүйл олон л харагдаж байна. Яагаад тэр бүхнийг шинэ гишүүн, залуу хүн гэдгээр дуугүй өнгөрөөх ёстой гэж. Тэгж болохгүй. Улс төрд хүн уураг тархиныхаа насаар ажиллаж, ул суурьтай туршлагаар тогтож, урваж хөрвөхгүй итгэл үнэмшлээр зүтгэх ёстой гэж боддог.

-УИХ-ын нэг залуу гишүүний ярилцлагыг саяхан уншсан. Тэр хүн “Эхний хоёр жилд УИХ-ыг анхааралтай ажиглана, судална, суралцана. Харин сүүлийн хоёр жилд жинхэнэ утгаар нь галд нь орж ажиллана” гэж хэлсэн байна билээ. Танд ингэж туршлага судлах цаг хугацаа хэрэгтэй юу?

-Бидэнд тэгж анхааралтай харж, суралцах хугацаа байхгүй.  Хэдийгээр хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг ч мэдээллийн хавтгайрсан зуунд амьдарч байна. УИХ дээр хэлэлцэж байгаа бүхий л асуудлыг өөртөө цаг гаргаж, судалж, суралцаж байж шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ дээр Монгол Улсын эрх ашгийн төлөө шийдвэр гарах ёстой. Тэр бүхний төлөө кноп дарахын тулд хичээл зүтгэлээ зориулах ёстой. Өөрийгөө боловсруулж, оролцох үүрэг нь биднийх. Тийм учраас харна гэж би хэлж чадахгүй. Цаг хугацаа бидэнд байхгүй. Иймд тасралтгүй суралцаж, тасралтгүй ажиллах л ёстой. Тэгж байж нийтлэг эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж чадна.

-“Эмэгтэйчүүд төрд орж ирснээр төрийн бодлогыг зөөллөж чадна” гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр зөөллөсөн үү, сулруулсан уу гэдэгт хариулт өгөхөд тодорхой бус санагддаг. Магадгүй хэт их амбийцын ард эрчүүд илүүтэй бичигддэг учраас та бүхний үүрэг оролцоо суларч харагддаг байж мэдэх юм. Энэ талаарх таны бодол?

-Зөвхөн төрд байгаа хүмүүс гэлтгүй нийгэм тэр чигээрээ хэтэрхий их хувийн тоглолттой болчихжээ. Тэр хэрээр тунадас үүсч байна. Энэ нь нийгмийн сүүдэр болдог. Иймд төрийн бодлогыг авч яваа хүмүүс харин ч хувийн амбийцаасаа салах ёстой. “Эмэгтэйчүүд төрд олноороо орж ирснээр төрийн бодлого зөөлөрдөг” гэхээсээ илүү нухацтай болдог гэж ойлгодог. Төр өөрөө толгойтой, тэргүүнтэй. Нэг ёсондоо бодлого тодорхойлж байгаа хүмүүс нь зөв бодолтой, зөв үйлдэлтэй байвал эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хүйснээсээ шалтгаалахгүйгээр төрийн бодлого зөөлөн, зөв байж чадна. Өөрөөр эр нь, эм нь давамгайлж байж зөв болох тухай асуудал байхгүй. Хүйсний ялгарал гэдэг байгалийн тэнцвэржилт болохоос бус төрийн тэнцвэржилт биш л дээ.

-Таны тухайд тэгвэл хэр зөөлөн хүн бэ?

-Намайг хатуу гэж хэлэхгүй байх.  Ихэвчлэн дийлдчихсэн, өршөөчихсөн байдаг. Харин улстөрч хүний хувиар төрийн зарим бодлого шийдвэрийг харахад чангарах хэрэгтэй үе бас гардаг л юм байна.

-Та нүүрсний хэрэглээ, цахилгаантай холбоотой асуудал дээр “Ард иргэд хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй байна. Үүнийг өөрчлөх шаардлагатай байна” гэж хэлсэн. Энэ үгийг тань тасдаж, сошиалаар нэлээн эсэргүүцэл өрнүүлэх шиг болсон. “Ядарсан ард түмэндээ хатуурхах нь” гэх маягтай. Энэ талаар сүүлд нь та бодож үзсэн үү?

-Яахав миний үгийг тасалж аваад жаахан шоудах шиг болсон. Гэхдээ асуудлыг ойлгодог, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүмүүс нь зөв үг хэлсэн гэх нь байсан. Алдаатай үг хийлээ гэсэн бодол бол төрөөгүй. Харин ч хүн бүрт өөрийн гэсэн хариуцлага байх ёстой гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Ер нь хаа хаанаа, төрд ч, иргэдэд ч хариуцлага гэдэг зүйл их алдагдсан байна. Нэгэнт л аж төрж байгаа бол амьдралаа авч явах, ажиллах, амьдарч байгаа орчиндоо үүрэг хүлээх хариуцлага байх л ёстой. Хариуцлагагүй болсноос эхлээд байгаль ертөнцдөө хандаж байгаа хандлага, гэр бүлийнхээ өмнө хүлээх ёстой үүрэг гэдэг зүйл байхгүй болсон байна. Нэг үгээр хэлбэл би гэр бүлийнхээ өмнө, эх дэлхий, байгаль дэлхийн өмнө ийм үүрэг хүлээх ёстой, ийм хариуцлага үүрэх ёстой гэдэг монгол хүний дархлаа их суларчихсан юм уу гэж харагддаг. Ер нь бол нийгмийн соён гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээллийнхэн, үндэсний сэхээтнүүдийг илүү их оролцоосой гэж хувь хүнийхээ хувьд боддог. Заримтай нь санал бодлоо солилцож, зөвхөн хувь хүндээ хариуцлагатай байхаас илүү нийгэм өөрөө бас хариуцлагатай байх ёстой гэдэг талаас нь дуугараач гэж хүсдэг. Энэ нь эргээд төрийн хариуцлага байх ёстой. Хариуцлага заавал том байх албагүй. Хог хаяхгүй байх, хүүхдээ ногоон гэрлээр хөтөлж зам гарахаас эхэлнэ. Хэдийгээр ганц утаатай холбоотой асуудал ч гэлээ утаа бууруулна гэж ямар их мөнгө үр ашиггүй зарцуулж, хувьдаа юу ч болоогүй юм шиг авч чадаж байна вэ гэдэг чинь өөрөө нийгэм энэ бүхнээс хариуцлага нэхэх чадваргүй байгаагийн л нэг илэрхийлэл. “Тэр идэж уусан хүмүүс нь биднээс илүү орон шорондоо цэвэр агаарт амьдарч байна” гэж хэлсэн. Үнэн л биз дээ. Ийм байж болохгүй. Ард түмэндээ очих ёстой зүйл нь очих ёстой.

-Үндэсний ухамсар гэдгээс улбаалаад асуухад та “Миний дотор байгаа ганц том амбийц бол эх хэл, үндэсний соёл маань” гэж хэлсэн байсан. Таны ярилцлагыг эрж хайж хайж олсон ганц ярилцлагаасаа энэ үгийг шүүрдэж авсан хэрэг л дээ. Үүнийг мэдээж үндэсний ухамсар талаас нь бас харах ёстой байх. Тийм үү?

-Яалт ч үгүй хамаарна. Үндэсний дархлаа, үндэсний ухамсар гэдгийг ярихгүйгээр, хамгаалахгүйгээр Монгол Улс урагшаа явахад хэцүү. Миний хувьд УИХ-ын гишүүн С.Жавхлангийн ярьж, үлгэрлээд байгаа зүйлийг буруу гэж боддоггүй. Яагаад гэхээр Монгол Улс гэж байгаа нь үнэн л юм бол ярьдаг хэлтэй, хиллэдэг хилтэй, өмсдөг үндэсний хувцастай, бичиг үсэгтэйгээ байх ёстой. Өнөөдөр бид бүгдээрээ мессежний хэлээр бичдэг. Сүүлдээ бүр мессежнийхээ хэлээр ярьдаг болж байна. Ийм байж болохгүй. Энэ бол төрийн бодлого хариуцлагагүй байсны алдаа. Эх хэл, соёлыг хамгаалахын тухайд УИХ энэ асуудлыг хуульчилж, тодорхой болгох ёстой. Хамжааргатай болгож, гольдролд нь оруулахгүйгээр цаашдаа ийм замбараагүй явж болохгүй. Цаг үеэ дагаад өөрчлөгдөж шинэчлэгддэг ч гэсэн тухайн улс орныг авч үлдэхийн тулд соёлоо хамгаалахыг чухалчилдаг улс орны бодлого байдаг. Үүнийг эхлүүлнэ гэж бодож байгаа. Удахгүй УИХ-аар Соёлын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаагийн хувьд гайгүй хууль болгочих юмсан гэж ихэд мэрийж байна. Дээр нь, хүний амнаас таван муу үг гарахад ганцхан сайн үг гарч байх жишээний. Бичиж байгаа зүйл ч адилхан. Арван муу зүйл бичихэд ганц сайн зүйл оруулсан байх жишээний. Ийм байж болохгүй. Энэ бол тархи, зүрх оюун дордсоны шинж. Үүнийг эдгээхэд төр мөн л бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Сая сошиалд орохоор айдас төрөх үе их байна. Мэдээ, мэдээллийг уншихаар дандаа л муу муухай зүйл. Тэгэхээр л хүмүүсийн сэтгэл, сэтгэлгээг хөглөсөн, олны урам зоригийг сэргээх чиглэлээр ажил хиймээр байгаа юм л даа.

-Гэхдээ хоногийн хоолныхоо төлөө чадан ядаж зүтгэж яваа хүмүүсийг бас буруутгах аргагүй болов уу. Тиймээс ч “Хоолоо олж идэж чадахгүй яваа хүмүүстэй сайхан зүйл ярихад хэцүү” гэсэн дүгнэлт олон гарч байна л даа?

-Хүний амьдрал баялаг. Сайхан зүйл байж л байгаа. Манайхан нэг нэгнээ татаж унагаахдаа бас их сайн. Хийх ажил зөндөө бий. Заавал төрийн ажил руу хошуурах хэрэггүй. Эцсийн бүлэгт амьд явах гэдэг утга учир надад ч, өөрт чинь ч ер нь бол бүх хүнд байгаа. Мэдээж ингэж хэллээ гээд төрөөс хэрэгжүүлэх ёстой халамжийн бодлогыг хумих хэрэгтэй гэж бодохгүй байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой өнгөрсөн оны сүүлчээр нэлээн асуудал болж байсан. Төр аав, ээжүүдээс хариуцлага нэхэх ёстой ч үр хүүхэд рүү нь чиглэсэн халамжийн бодлогоо яасан ч орхигдуулж болохгүй. Тэр дундаа цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг гэрт нь орхиж үлдээснээр ямар хүнд хэцүү хагацал зовлон бий болж байна. Энд нэг хүүхэд бус 64 мянган хүүхдийн асуудал яригдах учраас цаашид улам боловсронгуй болгох талаас нь анхаарч ажиллана. Мөн Бага, дунд боловсролын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй хэрэгтэй.

-Та үүнийг нийгмийн шаардлага гэж харж байна уу?

-Боловсролын ялгаа гэдэг өөрөө амьдралын ялгарлыг яалт ч үгүй бий болгодог. Тэр дундаа нийгмээ дагаад тэгш бус байдал бий болох үндэс болж байгааг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж хөдөлмөрлөж, тэр хэрээр сайн сургуульд сургаж байгаа аав ээжийг буруутгах аргагүй ч эргээд энэ нь хөрөнгө чинээгээрээ уралдаж, нэг нэгнээ дийлж гарах гэсэн хэрэглээний уралдаан маягтай болоод ирлээ. Дээр нь, Монгол Улсад нэг дүрэм нэг журам үйлчлэх ёстой. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол нэг сурах бичигтэй, нэг амралтын хуваарьтай, нэг хөтөлбөртэй болох хэрэгтэй. Тэгэхгүй төлбөртэй гэдэг нэрийн дор хууль тогтоомжийг үл ойшоосон хандлага бий болж байна. Үүнийг ул сууриар нь цэгцэлж, дэг журманд нь оруулахгүй бол цаашид нийгмийн ялгарал улам л нэмэгдэнэ. Түүнээс зайлсхийхийн тулд Бага, дунд боловсролын хуулийг бүх сургуульд үйлчилдэг болгож өөрчлөх хэрэг байна уу гэж харж байгаа.

-Та хүүхдээ хаана сургаж байна?

-Хүү маань одоо том залуу болсон. Нэгдүгээр хороололд гэртэй ойрхон улсын сургуульд сурч байгаад төгссөн. Одоо ЭМШУИС-д сурч байгаа. “Монголдоо сур” гэж хэрэндээ бас шахсан. Харин дараагийнхаа мэргэжил дээшлүүлэх боломжийг өөрөө олоод хаана сурч, боловсрох нь өөрийнх нь шийдэх асуудал. “Монголоо хамгаална. Монголоо хөгжүүлнэ” гэж ярьдаг атлаа Монголоосоо үр хүүхдээ зугтаалгаад байж болохгүй шүү дээ. Ер нь бол хүүхэд болон ахмад настанд үзүүлэх төрийн үйлчилгээ, шийдвэр өөрөө адил тэгш үйлчилдэг байсан цагт иргэд ч хүн хүнээ гэсэн сэтгэлд ойрхон байж чадна байх. Яах вэ, энэ оноос хэрэгжиж эхлэх Ахмадын насны хишгийн тухай хуультай холбоотойгоор жилд хоёр удаа 100-300 мянган төгрөгийн насны хишиг олгохоор болсныг хүмүүс янз бүрээр л дүгнэж байна лээ. “Зөв шийдвэр” гэх нэгэн байхад “Хэтэрхий бага байна” гэх хүмүүстэй ч таарсан. Гол нь энэ бол эхлэл. Өгөхгүй байснаас ядаж өгөх эхлэл, ахмадаа хүндэтгэх алхам тавигдлаа гэж миний хувьд олзуурхаж байгаа. Гол нь энэ бодлого цаашид алдагдахгүй байх нь чухал. Харин ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой эрүүл саруул хөдөлмөрийн насныхны хувьд бол асуудлыг арай өөрөөр харах ёстой л гэж би хэлэх гээд байгаа юм.

-Ер нь УИХ-ын гишүүн болсноос хойшхи зургаан сарынхаа хугацаанд та өөртөө ямар дүгнэлт өгч байгаа вэ. “Михаилд бодол бий” гэдэг шиг сонирхож байгаа хэрэг л дээ?

-Яг дүн гэж хатуу хэлэхэд жаахан оновчгүй байх. Ямар ч байсан ажилдаа эзэн болохыг чармайж байна. Би энэ асуудлыг мэдэхгүй. Тийм болохоор оролцохгүй гэж хэлж байсангүй. Мэдэхийн төлөө чармайн ажилласан сарууд байсан болов уу. Цаашид ч тэгж л ажиллана. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл, Хүнсний тухай хуульд хувиргасан амьд биетээс гаралтай хүнсийг үйлдвэрлэх, хориглох, импортлохыг хязгаарлахтай холбоотой өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч санаачлан өргөн барьсан. Мөн “Бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээрээ санаачлан зохион байгуулсан байгаа. Чамлахаас чанга атга гэдэгчлэн сайн ажиллахыг хичээж байна. Бэлчээрийн доройтол, бэлчээртэй холбоотой маргаан манай Говьсүмбэр, Дорноговь аймагт хурцаар тавигддаг. УИХ-ын сонгуулийн үеэр ч, сүүлд хийсэн уулзалтын үеэр ч сонгогчид маань их хөндөж тавьдаг. Гэхдээ зөвхөн манай аймаг бус бүх малчдын асуудал болохоор төр бодлогоо тодорхой болгох л ёстой юм байна лээ. Наад зах нь нэг нэгнийхээ өвөлжөө, хаваржааныхаа газрыг бэлчээрийн буюу нийтийн өмчтэй хольж хутгаад зөрчилддөг байх жишээний. Малаа өсгөх тухай төр ч, малчид ч боддогоос бус бэлчээрийн зүй зохистой хэрэглээ гэдэг зүйлийг хөндөж ярих нь бага. Хэрэв энэ янзаараа үргэлжилбэл цаашдаа мал бэлчээх бэлчээргүй, үржил шимийн доройтолд орох нөхцөл үүснэ. Иймд бэлчээрийг өмчлөгч төр болон ашиглагч малчин хоёрын хоорондын харилцаа болгохоос асуудлыг тавих ёстой болов уу. УИХ-ын 76 гишүүний олонх нь хөдөө орон нутгаас сонгогдсон учраас энэ хүндрэлийг шийдвэрлэх боломж байгаа болов уу гэж харж байгаа.

-Хүнсний тухай хуульд хувир­гасан амьд биетээс гаралтай хүнсний талаарх бодлогын тухайд хуулийн төсөл дээр ямар хувилбар яваа юм бэ. Яг батлагдаад хэрэгжээд эхэллээ гэхэд хэрэглээ талаасаа хумигдах нөхцөл үүсэх магадлалтай байж мэдэх юм?

-Ерөөсөө л генетикийн өөрчлөлт­тэй бүтээгдэхүүний хэрэглээг хумих гэсэн үг. Энэ хуулийн төслийн ард монгол хүний эрүүл мэнд, урт удаан хугацаанд ажиллаж амьдрах боломжийг л баталгаажуулах зорилго бий. Зөвхөн манай улсад ч яригдаж байгаа асуудал биш. ОХУ-ын Ерөнхий сайд В.Медведев гэхэд 2014 онд “Орос улс бүх төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн импортлохоос татгалзана” гэж мэдэгдэж байсан. Саяхан Ерөнхийлөгч В.Путин нь энэ төрлийн малын тэжээлийг импортлохыг хориглосон. Хэрэв хуулийн төсөл батлагдвал бид  ядаж л хаана үйлдвэрлэсэн, юунаас гаралтай болох нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүний тайлбарыг эх хэлээ­рээ уншдаг болно. Тэр хэрээр мэдлэг, мэдээлэлтэйгээр сонголт хийх боломж бүрдэнэ. Энэ чиглэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно. Хэрэв төр гэж байгаад иргэнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтээ үнэнч үлдэхийг хүсвэл энэ хуулийн төслийг батлах л ёстой. Эцсийн бүлэгт бидэнд  монгол хүний эрүүл мэндээс өөр юу чухал байх вэ дээ. Тийм биз дээ.

-Ярианы сэдвийг таны ажлаас холдуулаад үргэлжлүүлэхэд бурхны шашинд их ойр, чамгүй хугацаанд судалж байгаа гэж сонссон?

-Ойрхон явдаг.  Шашны гэхээсээ илүү танин мэдэхүйн өвөрмөц зүй тогтол, эрчис долгионлог орон зай бүхий газар нутгуудад илүүтэй очихыг зорьдог гэх үү дээ Сониучирхахаас илүүтэй судалж үзэхийг хичээсэн.  Найз нөхөдтэйгөө, эрдэмтэдтэй хамтраад хэд хэдэн ном хийсэн, бас эхлүүлсэн ажлууд ч бий.

-Та “Улаанбаатар буян” компа­нийг анх байгуулагдах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэр үед олон хүн “Нөгөө Мөнхцэцэг чинь шарил чандарладаг болж гэнэ” гэх шүүмжлэл таныг чамгүй хугацаанд онилсон. Яагаад ийм эмзэг сэдвийг ажил хэрэг болгохыг хүссэн бэ?

-Тус компанийн өнөөдрийн үйл ажиллагаанд би ямар ч оролцоогүй ээ.  Хувь эзэмшээд, хөрөнгө оруулаад явсан юм байхгүй.  Энэ төслийг хэрэгжүүлсэн “Нью Майнд” хэвлэх газрын захирал байсан. Яахав  энэ ёс заншлыг ямархуу гольдролтой явах, яаж монгол хөрсөн дээр буулгах тал дээр ном бичиглэсэн хүний нэг нь мөн  юм. Тэрхүү  ёс заншлыг бий болгох зайлшгүй цаг үеийн шаардлага байсан. Газар шороо, бурхан болоочдын ариун өлгий гээд асуудал бий. Арав гаруй жил өнгөрсөн байна. Тухайн үед хүмүүс аман зоргоор ярьж, хараах, зүхэх тохиолдол байсан. Гэхдээ одоо хүмүүс утга учрыг нь ойлгоод, ёс заншлынх нь дагуу өвөг дээдсээ  шашны зан үйлийн дагуу  амирлуулж байгааг хараад буруу зүйл хийгээгүй байна гэж боддог.

-Та өөрийн бизнестэй юу?

-Яг гардаж хийдэг зүйл байдаггүй. Нөхөр маань амьдралаа авч явах үүднээс олонд танигдаагүй жижигхэн бизнестэй. Нэг их илүү гараад байхгүй ч амьдралаа бол аятайхан аваад явчихдаг.

-Ханийг тань улсын начин Ш.Лхагвасүрэн гэдгийг хүмүүс мэднэ байх. Бөх хүний гэргий байхын хэцүү нь их гэж ярих нь бий. Таны тухайд?

-Хаа очиж бид хоёрын дунд бөх, яруу найрагч, УИХ-ын гишүүн гэсэн категорт дүйцүүлж амьдрах ёстой гэсэн дүрэм журам үйлчилдэггүй. Бусад гэр бүлийн амьдралын л адил. Хэн боломжтой нь гэрийнхээ ажлыг хийнэ. Орчин цагийн гэр бүл тийм л болсон. Нэгнийгээ хүлээгээд хоолгүй байгаад байж болохгүй шүү дээ.

-Танд таагүй санагдаж магадгүй. Гэхдээ нэгэнт ярилцлага авсан учраас асуух ёстой болов уу гэж бодсон юм.

-Асуу, асуу.

-УИХ-ын сонгуулийн үеэр яруу найрагч Ц.Хулангийн бичсэн уртаас урт нэг захидал байдаг даа. Таныг УИХ-ын сонгуульд өрсөлдөх ёс суртахууны эрхгүй гэдгээс эхлээд их олон зүйлийг бичсэн байсан. Танд эмзэглэл төрсөн үү?

-Уншиж танихын аргагүй их урт зохиол л байсан. Өөрийн хүн гэж бодохоор өрцөн цаана хөндүүр төрж л байсан.  Тэр бичгийг нь хэвлэж аваад тарааж явсан хүмүүс нь тухайн үед цагдаад баригдаад бөөн л юм болж байсан.  Олон хүн “Шүүхэд өг.  Хариулт хэл” гэж байсан.  Хүний сэтгэлийг шүүх цагдаа ялладаггүй юм. Эцсийн тооцоог хувь тавилан л хийдэг. Бидний утга зохиолд орж ирсэн маань үнэн. Хөтлөлцөж гүйж явсан минь үнэн. Цаашид ч нэг өдөр уйлалдаад, дуулалдаад уулзах нь ч үнэн. Тэр байтугай зүйлээ хуваалцаж, тэр байтугай хоолоо хувааж идэж явсан түүх бидэнд бий. Манай Ц.Хулан үнэхээр сайхан яруу найрагч. Тэр хүн өөрийнхөө түүхийг бүтээж байгаа. Би ч өөрийнхөө түүхийг бүтээж яваа. Тийм болохоор сайхан уулзах үе ирнэ л гэж боддог. Хорвоогийн урт шар замыг бид хүссэн ч эс хүссэн ч хамт эвхэж туулна  ш дээ. Хаашаа бултах билээ дээ. Хэн нэгнийг зодолдож явахыг  үзэх гэж хүмүүс үүд шагалзуулж байх нь их, элдэвлэж гутаах гэж донтож суух нь элбэг цаг юм даа. Амны угаадсан дундуур туулаад өнгөрч сурч дээ, арагшаа харж нулимаад хэнийг ч  онох билээ.

-Одоо шүлэг бичиж байна уу. Хэдийгээр УИХ-ын гишүүн болсон ч хувь мөн чанараа гээнэ гэж байхгүй биз дээ?

-Яс цуснаас буцлаад байгаа юмыг үлдээж л сууна. Дэлхийн уран зохиолын хандлага баримтат уран зохиол руу орж байгаа ийм үед яг дан ганц  шүлэг  бичээд яваад байж болохгүй байх. Яруу найргийн бүтээлийн тухайд зөвхөн би ч бас манай үеийнхэн хийдгээ хийчихсэн гэж  боддог. Одоо харин илүү тунгаа­мал бүтээл рүү орох хэрэгтэй. Хуучин зүйлүүдээ нэлээн ухаж байна. Хүнд уншигдах гээд бичдэг үе бас өнгөрсөн байна. Одоо ямар ч байсан өөртөө үлдэх бүтээлийн төлөө бол цаг заваа гаргана даа.

-“Улс төрд хүүхнүүд олноороо орж ирэхгүй байгаа шалтгаан нь мөнгөгүй байгаад” гэдэг тайлбар их байдаг. Та мөнгө зарцуулсан уу?

-Мэдээж УИХ-ын сонгуулиар бол их биш ч гэсэн өөрийнхөө хэмжээнд зарцуулж таараа. Гэхдээ овойж оцойтол хийсгээд байх мөнгө надад байхгүй. Харин наад үгийн тань тухайд яагаад тийм зүйл яриад байдгийг үнэхээр ойлгодоггүй. Надтай бол мөнгө ярьдаг хүн байхгүй. Энэ нь надад амар байдаг. Миний явах замыг, хийж чадах үйлдлийг олоод харчихаж дээ гэж баярладаг. Зөвхөн мөнгөтэй хүн УИХ-ын гишүүн байх ёстой гэх юм бол энэ төрийн бодлого яаж тэгээд зөв зүйтэй байх юм. Тэгж болохгүй. Улстөрчид үүнд өөрсдөө бас буруутай байх. Хууль тогтоох засаглалыг мөнгө гэж харж орж ирсний л илрэл байх.

-Сая нэр бүхий эмэгтэй гишүүдийн талаар хэд,  хэдэн бичлэг гарлаа. Бичлэгт өртсөн гишүүд “Эмэгтэй гишүүдийг намнах ажиллагаа эхэллээ” гэж тайлбарласан. Миний хувьд та бүгдийг онилсон камер ажиллаад, хэн нэгэн та бүхнийг унагах гээд отоод хүлээж байгаа гэж бодохгүй байна. Нэг ёсны итгэхэд хэцүү тайлбар санагдсан. Та ямар бодолтой байгаа вэ?

-Цаг үе нь өөрөө агуулга бус хэлбэртэй их зодолд­дог цаг юм. УИХ-ын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн орны парламентаар зочилсон. Гишүүд нь их л энгийн байдаг юм байна лээ. Төрийн ёс жаяг, үндэсний онцлог юу юунаас эрхэм. Гэхдээ эмэгтэй хүн зодож байгаа, зодуулж байгаа үзэгдэл хэзээ ч сайн сайхныг  дагуулж байгаагүй. Тиймийг хүсэгчид эрүүл хүмүүн байсан түүхгүй.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Судмаа      ip : 66.181.190.163 2017-01-24 19:41:16
МАН-г дагаж манаргаж яваа хүн ч дээ.
Маш л хөгийн гар байж таараа.

jamyn      ip : 202.9.43.91 2017-01-24 13:31:57
Moojig chi mundag shv ajild chin amjilt amidrald chin az jargal huse

zochin      ip : 202.21.106.124 2017-01-24 11:02:11
ygd shuuud uursdiin harsan untsguus yu ch bodolgui bichdeg yum be zohiolch huni talaas n avaad uzvel bichsen shuleg n hunii setgeld hurdeg ih mundag emegtei

Зочин      ip : 103.57.94.183 2017-01-24 08:41:26
Ухаантай, уужимхан хүний үг. Эмэгтэй хүн ухаантай байхаар бачуурдаг хүмүүс мөн ч олон доо!

Иргэн      ip : 202.131.250.130 2017-01-23 23:26:48
МАН ДАГАСАН ХҮН Ч ХҮНЭЭР ТААРУУ Л БАЙЖ ТААРАА

Vlger      ip : 202.70.46.219 2017-01-23 22:37:17
Huw hvnii uhamsarn vnheer ineedtei yund ingej hudlaa zow hvnshig yaridag bn

Zochin      ip : 139.5.219.66 2017-01-23 19:26:48
Shal hudlaa uhaantai dur gargah geed yadtsan teneg avgai. Zohiolchdyn horoog arhind jivuulsen arhichin banzal em





(0/800)