Хятадын тэрбумтанд хайр зарладаг Д.Дагвадорж ард иргэдийг Хятадын эсрэг турхирсаар…

2017-01-23 10:51:50

Хятадын эсрэг үзэл гэгчээр өөрсдийгөө гоёж, бүхий л зүйлийг үзэн ядалт, гүтгэлгээр тайлбарладаг нийгмийн нэг давхарга бий болчихлоо. Энд нэр нөлөө бүхий нийгмийн зүтгэлтнүүд төдийгүй урлаг соёл, спортын одод ч багтаж. Өнгөрсөн долоо хоногт гэхэд сумо бөхийн 69 дэхь их аварга Д.Дагвадорж “Хятадуудыг Монголд визгүй ирүүлэхээр боллоо” гэсэн мэдээллийг жиргээгээр цацав. Үүнийг нь өлгөж авсан “эх орончид” их багагүй дуулиан дэгдээж, нийгмийн сэтгэл зүйг дэвэргэх нь тэр.

Гэтэл уг мэдээлэл худлаа болохыг Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдэл гаргаж, тайлбарласан. Тэгвэл ийн худал мэдээллээр олны цөсийг Хятадын эсрэг турхирч, улс төрийн болоод хувийн эрх ашгийн золиос болгохыг хүсэгчид нь хэн байв аа.

Харамсалтай нь, энэ асуултын хариулт өнөөдрийг хүртэл эзэн бие дээр тулж очиогүй бөгөөд “Нарийн царигтай төмөр зам баривал хятадууд танк оруулаад ирнэ” гэх яриаг хөөрөгдсөн хүмүүсийн зүг олон нийт хараа бэлчээсэн байхыг үгүйсгэх аргагүй. Магадгүй цаг зуурын энэ мэт дуулиан дэгдээж тэндээсээ эрх мэдэл, эд хөрөнгийн ашиг олохыг хүссэн байхыг хэн үгүйсгэхэв дээ. Иймд тэр хүмүүст хандаж “Хятадыг үзэн яддаг шигээ Монголыг нүүлгэж дөнгөх үү” хэмээн асуумаар.

Суурь мөн чанараараа хятадуудыг үзэн яддаг байлаа гээд аав, ээжийгээ сонгож төрдөгггүйн нэгэн адил эх орноо сонгохын зэрэгцээ, хөрш зэргэлдээ улс орноо сольж болдог жишиг дэлхийд үгүй. Иймд нэг гүрэн рүү чиглэсэн үзэн ядалтандаа багтарч, эрүүл саруул ухаанаар хөрш орны харилцааг харж тунгааж чадахгүй байгаа бол Монголоо нүүлгэчих. Эс бол өөрсдөө нүүцгээ гэж хэлье. Түүнчлэн энд Хятадыг хөхүүлэн дэмжих зорилгогүй бөгөөд болгоомжлох болгоомжлол, хардах эрх надад ч, танд ч байх ёстой нь үнэн гэдгийг онцлоё. Гол нь хий хоосон мэдээллээр иргэдийн сэтгэл зүйг хөөрөгдөж, эцсийн бүлэгт тэр бүхнээс урган гарах сөрөг үр дагаврыг хэн төлөх вэ гэдэг нь өөрөө асуудал юм. Наад зах нь, долдугаар сарын 1-ний хохирол нь жагсаал зохион байгуулагчдад бус харин жирийн иргэдэд хүнд туссаныг бодож жаахан ч болов яагаад ойлгохгүй байгаа нь гайхмаар. Намын байр руу дайр гэж дайруулчихаад өөрсдөө УИХ-ын гишүүн болж, өөрсдөө УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, агентлагийн дарга болдог энэ увайгүй жишгийг арай үргэлжлүүлэх гэсэн хэрэг биш биз. Үүнийг бодож эргээд эрүүл мэндээрээ, амь насаараа, эрх чөлөөгөөрөө тоглуулбал тэд төлбөр төлөхгүйг бодож ухаантай байцгаах хэрэгтэй биз ээ.

Ядаж л, Д.Дагвадорж өөрөө дэлхийн тэргүүн баячуулын нэг, Хятадын тэрбумтан “Алибаба” интернэт худалдааны сайтын үүсгэн байгуулагч Жек Маг Монголд урьж, хүзүүг нь барьж, зугаалуулж байсныг нь бодож, түүний эсэргүүцлийг өөрт нь үлдээ. Тэр өөрөө Хятадын тэрбумтнуудад хайр зарлаж чаддаг атлаа, монголчуудаа Хятадын эсрэг турхирах нь яалт ч үгүй увайгүй үйлдэл шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)