А.УНДРАА: Стэнфордод багшилсан үе саглагар модны үрийг тарьсан мэт сэтгэгдэл төрүүлдэг

2017-01-26 08:23:50

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Та бол шинжлэх ухааны салбараас улс төрд орсон цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Тиймээс ч УИХ-ын гишүүн болсноор шинжлэх ухаанд суурилсан бодлогын өөрчлөлт хийхэд хувь нэмрээ оруулна гэж итгэсэндээ сонгогчид тань саналаа өгсөн байх. Та харин олон нийтийн энэ хүлээлтэд ямар хариулт барихыг хүсч байна. “Дотор хүнээ чагнахад…” гэж манайхан ярьдаг даа. Тэр үүднээс нь хариулт өгөөч?

-Сүүлийн тав, арван жилийн турш “Үлдсэн амьдралынхаа туршид юу хийх вэ” гэж бодох минь их болсон байна. Олон жил ном эрдмийн мөр хөөж, уйгагүй хичээнгүйгээр суралцаж ирсэн үү гэвэл ирсэн. Судалгааны ажил, шинжлэх ухааны бүтээл гэдэг өөрөө хүний төлөвшил талд асар их үр дүнтэй байдаг. Энэ бол яах аргагүй миний баялаг. Тархи толгойндоо бодож, боловсруулах чадвараа амихандаа миний дотоод сэтгэлийн баялаг гэж итгэдэг. Үүндээ тулгуурлаж, цаашид юу хийх вэ гээд бодохоор “Хүнд хэрэгтэй амьдрах юмсан” гэдгийг их чухалчилж байна. Энэ үүднээсээ нэлээн олон төсөл хөтөлбөр эхлүүлсэн. Үүний нэг болох “Залуу лидер” хөтөлбөр маань их амжилттай яваа. Хөтөлбөрийнхөө хүрээнд даян дэлхийгээр тарж, нэр хүндтэй ажил хийж байгаа монгол залуусаа эх орондоо ирээсэй гэдэгт нэлээд анхаарал хандуулсан. Гэхдээ зүгээр нэг “Ирнэ” гээд ирчихгүй бие биеэ дэмжих, санал бодлоо уралдуулах, түүнийгээ ажил хэрэг болгох тал дээр нь анхаарч, боломж бололцоо бүрдүүлж өгөх нь хөтөлбөрийн зорилго байсан. Саяхан тусдаа төрийн бус байгууллага болж, залуус маань намайг хүндэт ерөнхийлөгчөөр сонгосон. Үйл ажиллагаа нь улам өргөжиж байгаа. Өөр нэг анхаарч судалж, ажиллаж байгаа чиглэл маань засаглал. Бодлого судлалаар ажиллаад эхлэхээр засаглалын асуудал аяндаа хөндөгддөг. Төрийн, компанийн, төрийн бус байгууллагын, олон улсын засаглал гээд их өргөн хүрээнд ярих хэрэгтэй болдог.

-Тэр өргөн хүрээний сэдвээс тодорхой асуудлыг хөндөж ярьж болно шүү дэ. Та хариултаа дэлгэрүүлэхгүй юу?

-Толгой сайн бол хөл зөв тийшээ явна гэдэг. Энэ үг бол яах аргагүй засаглалын мөн чанарын илэрхийлэл. Тэр утгаар нь сайн засаглал гэж юу юм бэ гэдгийг анхаарч уншиж судалж байна.

-Сайн засаглал гэж тэгвэл юуг хэлэх вэ. Монгол Ардын нам УИХ-ын 76 гишүүний 65-ыг нь бүрдүүлж байгаа ийм үед сайн засаглалын тухай ярихад хэцүү байж магадгүй. Наад зах нь эрх ашгийн тэнцвэр хангах тухай бодохоор их эргэлзээтэй шүү дээ. Тэр дундаа олонхийн эрх ашгийн цаана цөөнхийн эрх ашиг хохирдог гэж харах юм бол одоогийн УИХ-ын шийдвэр өөрөө эрсдэл дагуулахгүй гэх баталгаагүй байж мэдэх юм?

-УИХ-ын 76 гишүүний хэн нь ч ардчилсан зарчмаар сонгогдсон ард түмний төлөөлөгчид. Энэ зарчмаараа л ажиллана. Яг засаглалын зарчим яриад эхлэхээр шууд Үндсэн хуулийн талаар ярих хэрэгтэй болж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, хэвээр үлдээх үү. Засаглалын үүргийг хувааж үүрч байгаа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт нь зөв үү гэдгийг ярих хэрэгтэй. Миний ажиллаж ирсэн чиглэл компанийн засаглал талдаа. Энэ чиглэлээрээ “Эмэгтэй захирлуудын клуб”-ийг УИХ-ын гишүүн асан С.Оюунтай хамтарч байгуулсан. Үүнийхээ хүрээнд тодорхой ажил хийх зорилго байгаа. Дээр нь, Дээд сургуулийн боловсролын тухай хуулийн хэрэгжилт талд нэлээн анхаарч ажиллана. Сургалтын агуулга чанар, төгсч байгаа оюутан ажлын байрны шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг анхаарахгүй бол болохгүй байна. Энэ нь өөрөө эргээд монгол хүний, Монгол Улсын хөгжилтэй холбоотой учраас суралцаж байгаа оюутан ч, аав ээж нь, багш нар  ч ирээдүйд ач холбогдол өгч, нийгмийн бодит хэрэгцээг харж шийдвэр гаргах ёстой.

-Засаглалтын хуваарилалтаас үл хамаараад Монголын төр, тэр дундаа МАН нийгэм рүү хандсан бодлого хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Гэтэл үүний ард нийгмийн бодлого хэт хавтайрснаас үүдээд төсөв, санхүүгийн хүндрэл ихээр гарч байна гэх шүүмжлэл байдаг?

-Би олон жил бодлого судлалын чиглэлээр дагнаж ажилласан. Тэр дундаа эрчим хүчний бодлогыг голчилж судалсан. Эрчим хүчний тарифыг яаж тогтоох юм, дандаа том төсөл хэрэгждэг энэ салбарын хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг дээр ажилласан. Сая Засгийн газраас гаргасан эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх шийдвэр их зоримог алхам болж чадсан.

-Олон улсын туршлага талаас нь харахад уу. Гэхдээ улс чамгүй алдагдалд орж байгаа гэдгийг бас бодолцох хэрэгтэй биш үү?

-Агаарын бохирдолтой тэмцэж байгаа манайх шиг улс орны хувьд маш зөв шийдвэр. Ихэнх улс орон эрчим хүчний тарифыг тодорхой төвшинд барьдаг. Мэдээж чөлөөтэй орхиж, зах зээлийн зарчимд нь үлдээдэг улс орон ч цөөнгүй. Манайх бол бодлогоор сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үүднээс сэргээгдэх эрчим хүчний тарифыг өндөр тогтоодог. Үүнийг хиймлээр барих буруу гэж үздэг судлаач олон. Гэхдээ манай хувьд бол өөр. Мэдээж эдийн засгийн үр өгөөж талаас нь харвал хүндрэлтэй зүйл бий. Гэхдээ төр хүнээ бодох ёстой. Агаарын бохирдлыг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа зорилтот арга хэмжээ. Тэр дундаа манай намын хувьд зүүний чиглэлийн нам. Иймд төрийн бодлого шийдвэр нийгмийн чиг баримжаатай гарах нь тодорхой. Миний хувьд Ахмад настны тухай хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Энэ хүрээнд насны хишиг олгохоор тусгасан. Ахмад настнуудад зохих хэмжээнд амьдралд нь дэм болох замаар хүндэтгэл илэрхийлэх нь зөв. Гэхдээ бас бүх хүнд, бүх тохиолдолд ингэж өгөөд байж болохгүй. Хамгийн гол нь өгөх эх үүсвэртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, орлогоо бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах шаардлагатай байна.

-Гэхдээ “Төр муу менежер” гэж хэлэх хүн олон байдаг?

-Миний хувьд “Төр сайн менежер байж чадна” гэдгийг энд бүр тодотгож хэлмээр байна. Засаглал нь сайн байгаад компанийн удирдлагыг сайн авч яваа жишээ дэлхийд олон бий. Хойд хөршийн том компаниуд төрийн мэдэлд байна. Зэсийн чиглэлээр Чилийн “Каделко” компани Засгийн газрынхаа харьяа байх жишээний. Ерөөсөө засаглал зөв, бурууд л асуудал байгаа юм. Тэд компанийн засаглал нь сайн учраас дэлхийд хамгийн амжилттай явж чадаж байна. Үүнийг бодох хэрэгтэй.

–Манай төр сүүлийн үед бүхий л төвшиндөө хилийн чанадаас урт хугацааны, бага хүүтэй их хэмжээний зээл олохын төлөө ажиллаж байна. Гэтэл тэр мөнгөө авчирлаа гэхэд зөв зарцуулж чадах уу гэдэг нь өөрөө асуудал шүү дээ?

-Зөв асуулт л даа. Хэрэв бизнесээр төлөөлж бодох юм бол бизнесээ өргөжүүлье гэвэл зээл ус агаар мэт хэрэгтэй. Улс орны хувьд хараад үзэхээр өмнөх авсан зээлүүдийн үр өгөөжийн асуудлыг ярихаас өөр аргагүй. Хөгжлийн банкны зээлийн асуудлыг энэ үүднээс нь улс орон даяр анхааралтай харж байна. Миний хувьд үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэж бодож байгаа. Зарим бизнес нь үр ашгаа өгөхөд бэлэн, зориулалтынх нь дагуу ашиглаж чадсан байна. Иймд бүгдийг хавтгайруулж зээл авсан бүхэн муу гэж туйлширч болохгүй. Харин баахан өр тавьж зээл авчихаад түүнийгээ буруу ашиглачихсан байх юм бол ирээдүйгээ тавьж туусан хэрэг болно. Тэгэхээр дараа, дараагийн зээл, бондын асуудлыг ярихдаа өмнөхөөсөө ч хариуцлагатай хандах хэрэгтэй. Өмнөх болон одоогийн нөхцөл байдлаас үүдээд өнөөдөр авах зээл нь дараагийн бүр хэцүү нөхцөл байдлыг улам хэцүү болгож хувиргахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс хэн бидэнд итгэж зээл өгөх юм бэ. Өглөө гэхэд ямар хөнгөлөлт олгох вэ гэдгийг сайтар судалж үзэх хэрэгтэй. Өмнө нь бидэнд итгээд өгч байсан бол одоо итгэхэд хэцүү тийм нөхцөл байдал үүсчихсэн байна. Ийм үед алдаж болохгүй. Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ харамсаж байна гээд бүгдийг харлуулж болохгүй. Харин ч зээлээ зөв зарцуулсан, үйлдвэр барьсан компаниудаа урамшуулж, ажлыг нь дэмжих хэрэгтэй. Нэг ёсны бурууд хатуу, зөвд зөөлөн л байх ёстой. Ингээд ярихаар зөвхөн төрийн мэдлийн гэлтгүй хувийн компаниудын талаар ч гэсэн яримаар байгаа юм.

-Аль өнцгөөс нь?

-Хувийн компаниуд дор бүрнээ өөрсдийнхөө нөөц бололцоогоор үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн хямралын үе гэлтгүй тэвчээртэй, зоригтой ажиллах хэрэгтэй. Тэр хэрээр төр дэмжих хэрэгтэй. Ялангуяа шинээр бизнес эрхлэх, ажлын туршлага хуримтлуулъя гэдэг санаа сэдэлтэй бол түүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй. Заавал биет бүтээгдэхүүн гэхгүй гар утасны тоглоом, аппликейшн гэх мэт биет бус бүтээгдэхүүнийг гадагш гаргах боломж их бий. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ мэт экспортын боломжийг судалж үзээсэй гэж хүсдэг. Японтой байгуулсан чөлөөт худалдааны гэрээг ашиглах боломж бас байна. Гол нь төр үүнд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүний хувиар энэ чиглэлд нэлээн анхаарал хандуулж байгаа.

-УИХ-ын бусад гишүүдтэйгээ энэ талаар санал солилцсон уу?

-Мэдээж ярилцана. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ажил хэрэг болгох талаас нь  ярилцаж байна. Хувь гишүүн нь өөрөө бизнесийн салбарт анхнаас нь ажиллаж, туршлага хуримтлуулсан учраас амьдрал талаас нь их сонирхолтой санал дэвшүүлдэг. Миний хувьд онол, судалгааны чиглэлээс нь дэмжих боломж бий. Ийм ижил бодолтой бусад гишүүд маань хүч нэмж, шаардлагатай тохиолдолд хуульд өөрчлөлт оруулах, гүйцэтгэх засаглалд санал бодлоо ажил хэрэг болгох талаас нь хэрэгтэй бол шахалт үзүүлж ажиллах сонирхол ч бий.

-Олон хүн “Улс төрд шинжлэх ухаанчаар хандмаар байна” гэж хэлдэг. Гэтэл нийгмийн чиг баримжаагаа дагаад популизм газар авсаар байгаа. Тэр хэрээр шинжлэх ухаанч төрийн бодлого гэдгийг ялгаж салгах, ойлгож хэрэгжүүлэх нь учир дутагдалтай болоод байгаа шүүмжлэл байдаг. Таны хувьд улс төрд шинжлэх ухаанчаар хандах гэдгийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Энэ бол шийдвэр гаргах процессын тухай яриа. Аль нэг чиглэлээр шийдвэр гаргалаа гэхэд тухайн салбарынхаа талаар судалж, мэдэж байж бодитой мэргэжлийн дүгнэлт гаргах хэрэгтэй. УИХ-ын Тамгын газрын дэргэдэх бодлогын шинжилгээний байгууллага УИХ-ын гишүүдийн боловсруулж байгаа хуулийн төслийн чиглэлээр нэлээн сайн судалгаа хийж өгдөг юм байна лээ. Харин хүн хүч нь жаахан бага байна уу гэж харж байгаа. Нөгөө талаас практик талаа ч гэсэн алдаж болохгүй. Аль алиныг нь хослуулах зарчмаар шийдвэр гаргаад байвал хэрэгжилт нь өөрөө сайжраад ирнэ л дээ.

-Та УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын дэргэдэх Стратеги академийг удирдаж байсан. УИХ-ын сонгуулийн ялалтад хэр нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?

-Ямар ч байсан намынхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахад нэлээн идэвхтэй ажилласан. Ёстой шинжлэх ухаанчаар боловсруулах, олон нийтийн санаа бодлыг тусгахыг чухалчилсан. “Бид хамтдаа” үндэсний форумын хүрээнд гарсан санал хүсэлтийг нэгтгэх, бодлогын баримт бичиг болгоход анхаарсан. Тодорхой хэмжээнд намын ялалтад нөлөөлсөн л гэж боддог.

-Таныг анх олон нийтэд таниулсан сэдэв бол “Цөмийн хог хаягдлыг Монголд нөхөртэйгөө нийлж булшлах нь“ гэдэг мэдээлэл байсан. Магадгүй нийгмийг чамгүй доргиосон байх?

-Би чинь “Цөмийн хатагтай” шүү дээ. Намайг тэгж бичсэн байсан.

-Тэр үед өрнөсөн энэ гэнэтийн дуулианы талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ёстой л сонин дээрээ соохолзоно гэдэг шиг л зүйл болоод өнгөрсөн. Нөхөр бид хоёр олон жил цөмийн физикийн салбарт ажилласан. Үүнийг дагаж л улс төрийн дуулиан, шуугиан дэгдээсэн байх. Тухайн үедээ нэлээн цочирдсон. Одоо бол тоохоо больсон. Итгэх хүн ч олдохгүй байлгүй дээ. Тухайн үеийн Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас “Монголдоо ирж ажилла” гэдэг урилга ирсний дагуу нутагтаа ирж байсан үе л дээ. Эх оронд чинь таны сурсан мэдсэн зүйл хэрэгтэй байна аа гэвэл “Үгүй” гэж хэлэх монгол хүн байхгүй байх. Би тэгж бодож л ирсэн. Эрдэмтнийхээ хувиар хийсэн ажил, хийсэн судалгааныхаа үнэлэмжийг бодоод үзэх юм бол нэлээн өндөр индекстэй болсон байсан. Тамирчдын чансаа гэдэг шиг оюуны талбарт үүрэгтэй явжээ гэж боддог.

-Цөмийн хаягдал булшлах нь гэдэг мэдээллээс улбаалаад олон нийтийн эсэргүүцэл ихэсч, тэр хэрээр ураны салбар ерөнхийдөө зогсолтод орсон. Та харамсдаг уу?

-Олон компани Монголыг орхиж гарч явсан. “Хан ресурс”-ийн гомдолтой маргаан гэхэд олон улсын арбитрын шүүхээр шийдэгдсэн. Эдийн засгийн хямралтай үед ийм үр дүнд хүрнэ гэдэг хохиролтой. Олон ч компани хохирсон. Хэрэв манайд итгэж, Монголыг ирээдүй гэж харж байгаа бол орхиж гарч явахгүй л байсан байх. Тэр талаас нь харвал үнэхээр харамсалтай. Гол нь урантай холбоотой элдэв маргаан, мэтгэлцээнээс үүдээд бусад улс орнууд энэ салбарын хөгжлийг зогсоосон, хориглосон тохиолдол байхгүй. Тэгж бодохоор бид өөрөө өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй л байгаа юм.

-Тэгвэл танд энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, ажлын хэсэг байгуулах сонирхол, зорилго бий юу?

-Олон хүн надаас энэ талаар асууж байгаа. Тэр дундаа агаарын бохирдолтой тэмцэх нэг арга нь атомын цахилгаан станц юм биш үү гэж их асуудаг. Миний хувьд харин Монголын нөхцөлд атомын цахилгаан станц барихад хэцүү гэж боддог. Стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааны горим, технологийн шинэчлэл талаас нь харахаар атомын цахилгаан станц гэдэг өөрөө асар том соёл, хариуцлага байдаг. Чанарын баталгаа, чанарын хяналт хоёр хамгийн чухал нь. Үүнийг дагаж мөрдөх соёлыг эзэмшиж, хэрэгжүүлтлээ их хол зай байгаа учраас атомын цахилгаан станц барина гэдэг хэцүү. Нөгөө талд Монгол Улс асар их нүүрстэй. Үүндээ тулгуурлаж бүрэн шаталттай том хэмжээний станц барих нь илүү ашигтай, өрсөлдөх чадвар сайтай гэж хардаг учраас “Атомын цахилгаан станц барих боломж бий юу” гэж асуудаг хүмүүст “Үгүй ээ” гэж хэлдэг.

-Тэгвэл энэ чиглэлийн лобби хийх сонирхол танд анхнаасаа байгаагүй гэсэн үг байх нь. Тийм үү?

-Байхгүй ээ. Асуудлыг мэргэжлийн нүдээр харж байж шийдвэр гаргах ёстой биз дээ. Тэр тохиолдолд хэзээд энэ байр суурин дээрээ л байж ирсэн.

-Харин “цөмийн хатагтай” гэх тодотголд хэр талтай байдаг вэ?

-Дуртай. Би цөмийн физикт суралцахаа хэзээ ч зогсоохгүй. Энэ мэргэжлээр сурсандаа үргэлж бахархдаг.  

-Үгүй ээ, тэгээд энэ нарийн мэргэжлээ УИХ-ын гишүүний мандатаар солих хайран биш үү. Таны нэг ярилцлагыг уншихад нэг залуу ирээд “Би тань шиг эрдэмтэн болохыг хүсч байна” гэж хэлэхэд сэтгэл огшсон гэж хэлсэн байна билээ. Гэтэл хүмүүс улс төрийг тийм гэгээн сэтгэлээр харахгүй шүү дээ. Хамгийн бохир заваан ертөнц гэж бодсоор л байгаа?

-Хүний сурсан мэдсэн зүйл хэзээ ч урваж, холддоггүй. Физикч хүн аливаа нарийн мэдээллийг тэвчээртэйгээр уншиж судлаад, харьцуулсан дүгнэлт гаргахдаа яаж амьдралд үр дүнтэйгээр хэрэглэж болох вэ гэдгийг хардаг. Физик хүнд ийм чадвар суулгадаг гэсэн үг л дээ. Энэ сурч авсан арга барил минь минийх юм чинь байж л байна. Тэр чадвараа ашиглаж, эх орныхоо төлөө ажиллахыг хүссэн. Бохир заваан гээд хүн бүр зугтаад байх юм бол энэ улс орныг хэн хөгжүүлж, хэн зөв бодлого тодорхойлох вэ гэдэг чинь өөрөө асуудал болно оо доо. Би тэгж бодож л шийдвэрээ гаргасан.

-Хаяадаа Стэнфордын их сургуульд багшилж байсан үеэ дурсдаг уу?

-Бодно. Дэлхийд нэр хүндтэй олон мундаг багш, судлаачидтай мөр зэрэгцэн ажиллаж байснаа дурсана. Олон улсын аюулгүй байдлын чиглэлээр, бодлогын асуудлаар санал солилцож байсан үеэ бодож шийдвэр гаргахдаа үр дүнтэйгээр хэрхэн ашиглах вэ гэдгээ бодно. Олон ч сайхан шавьтай болсон байна. Стэнфорд үнэхээр дэлхийн сургууль. Тэнд багшилсных дэлхийн олон оронд сайхан шавьтай болсон байна. Японд нэг шавь маань төрийн өндөр алба хашдаг болсон байгаа. Өмнөд Африкт саяхан нэг нь сайд болсон. Англид дипломат алба хашиж байгаа шавь байна. Непалд их том кино зохиолч бий. Шавь нарынхаа сайн явж байгааг дуулахаар их гоё том саглагар модны үрийг тарьсан үе юм шиг санагдах үе бас байна аа. Хаяа энэ талаар бодно шүү.

-Интернэтээр таны тухай мэдээлэл хайж суугаад Акира Куросавагийн шилдэг бүтээлүүдийн нэг болох “Икирү” кинонд дуртайг тань олж уншсан?

-Хэрвээ киноны тухай ярина гэвэл хоёулаа тусдаа дахиад нэг ярилцлага хийх хэрэг гарна байх шүү.

-Асуудалгүй ээ. Дуртайяа  ярилцана?

-Болохгүй зүйл ч байхгүй л дээ. Кино бол миний их том хобби. Тэр дундаа “Икирү” киноны амьдарсан шиг амьдрах тухай санааг илэрхийлсэн тэр өгүүлэмж өөрөө ямар ч хүнд их том ухаарал өгдөг байх.

-Харамсалтай нь, хожмын ухаарал?

-Энэ кинонд дуртай байгаа шалтгаан маань хувь хүний минь үзэл бодолтой холбоотой байх. Амьдралын утга учир гэж юу юм. Хүн хүнийхээ төлөө, аль болох олон сайн үйл хийж чадвал сайнаар дурсагдаж чадна гэж итгэдэг. Гол дүрийн жүжигчин хорт хавдраар өвчилснөө мэдээд гэнэтийн ухааралд хөтлөгдөж байгаа нь хожимдсон мэт санагдах ч эцсийн бүлэгт хүн сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй, бусдын төлөө гараа сунгаж чаддаг байх хэрэгтэй гэдгийг өгүүлснээрээ гайхалтай. Их ч олон удаа үзсэн. Хэдэн ч удаа үзсэн уйдах аргагүй гайхамшигтай бүтээл дээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Dorj      ip : 27.123.214.93 2017-01-27 10:33:26
Saikhan yariltslaga unshlaa. Amjilt husee.





(0/800)