Зүрхний эх баригч

2017-02-02 14:44:33

Зорьж очих кофе шоп, гоё ганган хувцасны дэлгүүр, үдэлж зугаалах уушийн газар… Хавьгүй олоон. Халаасныхаа мөнгөнд эрдэж зугаацах үе байхад, халаасныхаа нимгэнд зовинож гуниглах үе ч таарна. Амьдрал юм хойно зовлонд гутарч, жаргалд эрдэх нь ч бий. Гэсэн ч та бидний хэн хэн нь эмнэлгийн хаалгыг татах бүртээ ирээдүйн тухай бодож алжаах нь гэм биш тохиол юм. Яг ийм үеэ даван дуулж “Ай бас янзтай юмаа” хэмээн нулимс мэлмэрүүлж, тэнхээ шавхан инээмсэглэх нэгэнтэй олны мэдэхээр Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг буюу одоогийн нэршлээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт таарлаа. Өдгөө 58 настай Т.Лхам гуай хоёр хоногийн өмнө гол судасны хавхлаг солих хагалгаа хийлгэсэн нь энэ. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас яаралтай хүргэгдэж ирсэн тэрбээр эмнэлэг бараадахаасаа өрсөн үр хүүхэддээ захиас үгээ хэлээд амжсан гэнэ. “За даа, аав нь одоо тусгүй боллоо” гэсэн түүний үг үр хүүхдэд нь төдийгүй өөрт нь хэр хүнд туссаныг төсөөлөх аргагүй. Гэсэн ч тэрбээр өчигдөр инээмсэглэл тодруулж, нүдний аяга дүүрэн нулимс мэлмэрүүлж суух нь хачин сайхан. Түүний энэ итгэлийг уг эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор, тэргүүлэх зэргийн мэс засалч Ц.Даваацэрэн ихэд хөөрөгдөж “Та чинь хөдөөний хүн гээ биз дээ. Одоо юухан байх вэ. Зургаан сарын дараа гэхэд л морио унаад давхина даа” хэмээн хөгжөөх нь бүүр ч сайхан. Энэ үгэнд урамших Т.Лхам гуай эмчийн үргэлжлүүлэн хэлэх “Одоо санаа зоволтгүй. Металь хавлагтайгаа 20 жил, бүр 30 жил амьдрана шүү, та” гэх үгийг сонссон уу яаасан өөдөөс нь “Танай энэ охидууд хачин сайхан асрах юм. Өглөө болгон гар, хөл угааж өгч байна. Хоолыг минь хүртэл халбагадаад ам руу хийчихнэ. Ёстой их баярлалаа. Үр хүүхдээс минь ялгаа алга” гэсээр биднийг үдлээ.

Түүний хувьд хоёр хоногийн өмнө их хүнд ирсэн бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлгийн сүүлийн хоёр жил бараг л нэрийн хуудас нь болоод байгаа хавхлага солих хагалгаанд орсон нь энэ. Ийм төрлийн хагалгааг Зүрх судасны мэс заслын тасгийн эмч нар 70 гаруй өвчтөнд хийгээд байгаа. Хэрэв өвчтөн тус бүр хилийн чинадад энэ төрлийн хагалгаад орсон бол дор бүрнээ зөвхөн хавхлага солиулахад л 60 орчим сая төгрөг зарцуулна. За тэгээд сахиур, ирж очих зардал, эмчилгээний бас бус төлбөр гэж явсаар 100 сая гаруй төгрөг хэрэгтэй болно. Харин Монголдоо энэ төрлийн мэс ажилбар хийдэг болсноор өвчтөнөөс 3-4 сая төгрөг л гардаг болж. Бусдыг нь эрүүл мэндийн даатгалаас гаргах тул өвчтөн бүрийн нуруун дээр ирэх зардал, сэтгэлийн зовинол энэ хэрээр буурсан гэсэн үг. Хэдийгээр 3-4 сая төгрөг гэдэг цагаа тулахаар хүнд бэрх санагдах ч 100 гаруй сая төгрөг зарцуулахаас хавьгүй хөнгөн тусах нь бодит үнэн юм. Иймд Ц.Даваацэрэн эрхлэгч “Манай эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Наранцэцэг хоёрын уйгагүй, ёстой нэг сэтгэл зүрхээрээ хөөцөлдөж ажилласны үр дүн. Салбарын яам маань ч их дэмжсэн дээ” хэмээн давтан, давтан хэдэн ч удаа хэлэв дээ. Эмч хичнээн сайн байсан ч тоног төхөөрөмжийн чадал чансаа гэдэг зүйлийг үгүйсгэж болохгүй гэдэг үүднээс тэрбээр энэ үгээ байн байн давтах нь ч аргагүй. Учир нь, хэрэгтэй, шаардлагатай дэлхийн өндөр хөгжилтэй оронд хэрэглэгддэг тоног төхөөрөмжийг суурилуулсны хүчинд 2016 онд тус эмнэлэг анх удаа зохиомол цусны эргэлттэй зүрхний нээлттэй мэс заслын тоог 228-д хүргэж, түүхэнд бичигдэхүйц амжилтыг үзүүлсэн аж. Энэ дунд нь зүрхний төрөлхийн гажиг, титэм судасны сэргээх мэс засал, хавхлага солих мэс засал багтсан. Зөвхөн зүрхний төрөлхийн гажиг засах мэс ажилбарын 70 хувь нь гэхэд 1-5 насны хүүхдүүдэд хийгддэг. Харин 0-2 насны хүүхдийг Монголдоо эдгээх боломж хараахан бүрдээгүй байгаа. Хэрэв энэ мэс ажилбарт шаардагдах тоног төхөөрөмж нь 4-5 сард багтаад ирчихвэл бас л Монголдоо эмчлэх бүрэн боломжтой болно. Товчхондоо, 2017 оны хагас жилд багтаан эмнэлгээрээ энэ зорилгоо биелүүлэхээр шамдан ажиллаж байгаа гэсэн үг.

Гэхдээ Ц.Даваацэрэн эмч “0-2 настай хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг Монголд эмчлэх боломжгүй байгаа” гэж хэлж байсан ч яг тасагт нь ороод үзэхэд таван сартай нярай охин аль хэдийнэ хагалгаанаас гарчихсан үнэгчлэн унтааг хараад гайхах сэтгэгдэл төрснөө нуух аргагүй. Учрыг лавлавал “Харсаар суугаад үхүүлэлтэй нь биш дээ, хөөрхийг. Байдаг арга чаргаа дайчилж л хийсэн. Одоо аюул хол хоцорсоон. Ховдол хоорондын таславч нь цоорхой байсан юм” хэмээнэ билээ. Янз нь тэрбээр мэс заслын тасаг орохоос өмнө даруухан загнаж байсан бололтой. Харин уг хагалгааны тухайд хэдий л бага насанд нь хийнэ төдий чинээ зүрхний цоорхой сайн нөхөгдөж, сайхан эдгэдэг гэж сонсож байсан болохоор Энх-Учрал охин үе чацуутныхаа нэгэн адил удахгүй дайсны цэрэг болж, аав ээж нь “Хүүе, хаая даа” хүрэх байх даа гэж бодохоор сэтгэлд таатай. Ингэж 58 настай Т.Лхам гуайгаас ердөө таван алхмын цаана зүүрмэглэн унтах таван сартай Энх-Учрал хоёрын цаана эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн үр шимийг хүртэх мянга, мянган өвчтөн хүлээж байгаа гэж бодохоор бас ч гэж бусдын бодолд итгэл найдвар өгөх энэ өдрийн сурвалжлагадаа улам бүр шамдан орох урам төрж байлаа. Яг энэ төрлийн хагалгааг 571 хүүхдэд хийгээд байгаа гэж бодохоор бүүр ч урамтай. Тэр дундаа хилийн чинадад зөвхөн хөнгөн төрлийн зүрхний гажгийг гэхэд 80-90 сая төгрөгөөр сольдог. Энэ бол зөвхөн мэс ажилбарын төлбөр. Үүн дээр зайлшгүй шаардлагатай эмчилгээ, ирж очих, сахиурын зардал гээд нэмэхээр дунджаар 130-230 сая төгрөг болно. Аль улсад, аль эмнэлэгт хийлгэхээсээ ийм их зөрүү гардаг. Харин Монголдоо, бүр тодруулбал Улсын гуравдугаар төв эмнэлэгт хөнгөн төрлийн зүрхний гажгийг 900 мянган төгрөгөөр л эмнэж байгаа. Бусад төлбөр нь эрүүл мэндийн даатгалаас гарна. Ингэж бодохоор “Монголдоо үйлдвэрлэе” гэдэг шиг “Монголдоо эмчлүүлье” гэж уриалмаар, ядаж л “Ийм боломж нээгдсэн байна” хэмээн таарсан, уулзсан болгондоо аман яриагаар ч болов таниулан сурталчлах бодол төрж байлаа.

Ц.Даваацэрэн эрхлэгчийн тухайд Анагаах ухааны дээд сургууль төгссөн цагаасаа хойш буюу 1984 оноос эмнэлэгтээ ажиллаж байгаа. Хувийн эмнэлэг байгуулагдахтай зэрэгцэн шилжиж ажиллах урилга ирсэн ч татгалзсаар яваа. Хэдийгээр гар дээр ирдэг цалин нь 800 мянган төгрөг ч гэлээ өнгөрсөн хугацаанд 2065 мэс засал бие даан хийж, 3000 гаруй хагалгаанд орсон гэдгээрээ өөртөө урам өгдөг гэнэ. Нэг ёсондоо хувийн эмнэлгийн өндөр цалинг дагах бус Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийг удирдаж байгаа гэдэгтээ бахархаж ажиллаж, амьдрах нь илүү үнэ цэнтэй санагдаж байгаа бололтой. Тэр дундаа интернэт, цахим хуудсаар ганц хоёрхон хагалгаа хийчихээд түүнийгээ зарлаж, тунхаглахад тун чиг дургүй гэнэ. Наандаж нэг төрлийн хагалгааг 30 удаа хийж, туршлага хуримтлуулж байж түүнийгээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөрөх дэг жаяг эрүүл мэндийн салбарт байх ёстой батлагдаагүй дүрэм үйлчлэх ёстой юм гэж тэрбээр анхааруулна билээ. Харин эмч нарыг гоочлох муу, муухай ярианы тухайд “Бидний дунд муу нь ч бий. Сайн нь ч бий. Гэхдээ ямар ч эмч өвчтөнд хагалгаа хийхдээ аварна гэж орохоо ална гэж ордоггүй юм” хэмээн товчхоон хариулсан. Тэртээ 1958 онд байгуулагдсан Зүрхний мэс заслын тасгийн гэгээн түүхийг, үнэн ачийг үргэлжлүүлж яваа түүний хувьд зэмлэл, сайшаалын аль алиныг хүртсэн нь мэдээж. Эдгэрч гарсан өвчтөн байхад эрсдлээ даагаагүй нэгэн ч байсан л байх. Харин нүдэн дээр минь талархал илэрхийлэх өвчтний үг нулимстайгаа хамт урсаж суухад тэр тухай лавшруулж асуух нь гэм болох биз ээ.

Тэгээд ч Ц.Даваацэрэн эмчийг Зүрх судлалын тасгийн хаалгыг нээхтэй зэрэгцэн “Манай хүний хагалгаа дуусаа болов уу” гэх хичээл насны эмэгтэйн горьдлого тээсэн асуулт зөвхөн нэг өдрийнх бус юм. Түүнийг бие дааж хийсэн, удирдаж орсон, зөвлөж зааварласан хагалгаа бүрийн ард ийм асуулт хүлээдэг байж таараа. Өчигдөр лав “Өө, сайн болсон байна аа” гэдэг өөдрөг хариулт өгч, танихгүй эгчийг баярлуулж байгаа дуулдсан. Саяхнаас түүнд эмнэлгийн удирдлагуудын зүгээс нэг том даалгавар тушаал мэт буулгах болсон гэнэ лээ. Тэр талаар “Төмөрөө захирал, Нараа захирал хоёр намайг та одоо ирээдүйгээ бэлд. Залуу эмч нараа сурга гэж үүрэгдэх болсон. Манайд одоо 10 залуу эмч байна. Тэд маань их сайн эмч нар. Удахгүй ээ. За холдоо гурван жилийн дараа гэхэд бүхий л төрлийн зүрхний хагалгааг яг сайхан хийдэг болно доо” хэмээж байлаа. Ингэж Ц.Даваацэрэн эмчийн Ц.Даваацэрэн багшийн хувиар хэлсэн үгийг тэмдэглэснээр түүнийг дагасан хагас өдрийн сурвалжлага маань өндөрлөсөн. Гэхдээ уулзах эмчийн тоо нэгээр дуусаагүй гэдгийг онцлоё. “Сайхан тоног төхөөрөмжтэй болсон гэж бодоод Өмнөд Солонгосоос баярлаад хүрээд ирсэн” гээд инээмсэглэх залуухан эмч бүсгүйн тухай маргаашийн дугаарт үргэлжлүүлэн хүргэе.

Харин энэ сурвалжлагынхаа төгсгөлд өглөөний хурлаас нь урьтаж уулзахад эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэгийн өгсөн “Эрүүл мэндийн даатгалын сан 2016 онд улсын хэмжээнд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлж, нийтдээ 4143 хүнд 13 төрлийн мэс засал, мэс ажилбарын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна” гэх мэдээллийг дамжуулья. Мөн түүнтэй уулзахтай зэрэгцэн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгээс бөөрний, булчирхайн эмчийн дуудлага ирж, Нараа захирал цохолт хийж өгнө билээ. Сүүлийн хоёр жил алсын дуудлагыг хэрэгжүүлэх төв эмнэлгийн үүргийг энэ маягаар гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, 21 аймгаас ирсэн яаралтай дуудлагын дагуу нарийн мэргэжлийн эмчээр хангаж байгаа нь энэ гэнэ.

ЖИЧ: Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгаар орж, аюулаас ангижрасан өвчтөний үгийг сонсож, Ц.Даваацэрэн эмчтэй ярилцаж суухад сурвалжлагаа “Зүрхний эх баригч” хэмээн нэрлэхээр шийдэж байв. Учир нь, тэд монгол хүний эрүүл зүрхний төлөө ажилладаг. Зүрх зогсвол амьдрал зогсох учраас яг л дөнгөж төрсөн нярай мэт зүрхийг эмнэж, эдгээж, дахин цохилуулдаг. Тэр зүрхний цохилтоор өвчтөнүүд нь дахин төрж, уярал, ухаарал хоёртоо хайлан уйлдаг болохоор… Тэр нулимсыг харсан болохоороо ингэж нэрийдсэн хэрэг ээ. 

"Үндэсний шуудан" сонин Г.Отгонжаргал

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)