“Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ”... Ийн бодох бүртээ гитар, бөмбөр, төгөлдөр хуур... бүүр хийл тоглуулж сургавал гоё гэх гэгээн бодолд хөтлөгдөх нь бий. Урлагийн мэдрэмжтэй, найз нөхөдтэйгээ ярилцаж суухад зугаатай, хүндэтгэл хүлээхүйц гэх мэтээр бодвол гитар тун зөв сонголт. Энэ бол ганц миний ч бодол биш. Үе тэнгийн аав, ээжүүдтэй уулзаж ярилцахад бүгд л энэ талаар судалж, ямар нэгэн байдлаар төлөвлөгөө боловсруулж, үр хүүхдийнхээ авьяас чадварыг тандан анхаарч байгаа нь харагддаг. Харамсалтай нь, бидний энэ гэгээн бодол хэдий хүртэл үр хүүхдийн минь ирээдүйг хөтлөх вэ. Тэр дундаа, эрвийх дэрвийхээрээ хичээн ажиллаж, түүнийхээ үр шимээр хүүхдээ сургана даа гэсэн энэ итгэл үнэмшил хэдий болтол гэгээн цагаанаар бичигдэх вэ. Хэдийгээр та бидний үр хүүхэд нялх балчир, бодсон төлөвлөсөн бүхэн биелэх цаг хол ч гэлээ өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв байсан “The Colors” хамтлагийн соль гитарчин залуугийн үхэл энэ талаар бодохгүй, тунгаахгүй, анхаарахгүй байж болохгүй гэдгийг санууллаа. Талийгаачийн ард үлдсэн аав, ээжийнх нь нулимс хатаагүй байгаа ч гэлээ энэ бол дохио. Гол нь анхааруулга. Тэр дундаа найзынхаа араас бичсэн тус хамтлагийнхны ”Бид нарын тоглодог тоглоомын маань хожиж чаддаггүй, яаж давахыг нь мэддэггүй байсан үеийг маань Хүслэн давчихлаа... Хүслэн угаасаа л үргэж манлайлагч, шинийг илэрхийлэгч байсаар ирсэн тиймдээ ч бидний учрыг нь олохгүй байсан үеийн учрыг хялбархан олчих шиг боллоо. Одоо бүүр ч гоё үе дээр очихсон байхдаа...” гэсэн эмгэнэлт мансуурал интернэтээр тэнэж, түүнийг нь дэмжин уухиалсан өсвөр үеийнхний сэтгэгдэл хогийн саванд бацаад шидсэн цаас мэт олноороо байхад бид яагаад цаг алдах ёстой гэж. Тэр дундаа, үр хүүхдийнхээ боловсролд анхаардаг, тэдний ирээдүйг гэрэлтэй, өнгөтэй байлгахыг хүсдэг аав, ээжүүдийн хувьд ирээдүйд учирч болох айдсаас чөлөөлөгдөх хэрэгтэй байна. Үүний тулд арга ядахдаа “Монголд Родриго Дутерте хэрэгтэй байна” хэмээн бичиж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хар тамхины эсрэг тэмцэх хатуу гар, хатуу бодлого, хатуу шийтгэл хэрэгтэй байна.
Уг нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд хар тамхитай тэмцэх, чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах, тэмцлийг эрчимжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах чиглэл бүхий зарлиг гаргаж, Засгийн газарт хүргэж байсан. Зарлигийн хүрээнд тухайн үеийн Засгийн газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиг үүрэг бүхий орон тооны ажлын алба байгуулах үүрэг хүлээсэн. Ерөнхийлөгч ч “Хар тамхины хэргийг өршөөлд хамруулахгүй” гэж энэ өдрөө буюу 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна.
Гэтэл тэр үеэс хойш юу өөрчлөгдөв. Ядаж Ерөнхийлөгчийн үүрэг болгосон Хар тамхины эсрэг тэмцэх үндэсний хороо нь байгуулагдав уу. Засгийн газар ч, УИХ ч энэ чиглэлийн хууль эрх зүйн орчинг тодорхой болгох тал дээр анхаарал хандуулав уу. Товчхондоо бодит үр дүнд хүрсэн үү.. Харамсалтай нь, та бидэнд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ш.Лхагвасүрэнгийн “Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрлээ” гэдэг үгнээс өөр юу ч алга. 2000-2005 оны хооронд НҮБ-ын санхүүжилтээр Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр баталж, таван жилийн хугацаанд Монголын төр уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болж хаасныг эс тооцвол аваад байсан арга хэмжээ гэж алга.
Үүнийг нь ашиглаж өнгөрсөн хугацаанд хар тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, бүр Ерөнхийлөгч нь “Өршөөж болохгүй” гэж хашгирсан ч хуулийн цоорхой ашиглан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн ялтнууд өршөөлд хамрагдах болсон. Өөрөөр хэлбэл, энэ төрөлд давтан гэмт хэрэг үйлдэгсэд олноор гарч ирлээ. Монголын урлагийг урагшлуулах уураг тархи гэгдэн зохион байгуулалттай арга хэмжээ бүрийн өмнө нэр нь бичигдэж байсан dj Өөжий буюу О.Ганболд гэхэд анх шүүхээр ял авах үедээ “Зохион байгуулалттай гүтгэлэгт орчихлоо” гэж байсан бол өршөөлийн хуулиар суллагдснаасаа хойш гурван сарын дараа Замын-Үүдийн гааль дээр баригдсан. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог гэхэд өмнө нь мөн л хар тамхины хэргээр ял эдэлсэн ч өршөөлд хамрагдсан. Гэсэн ч их удалгүй буюу хагас жилийн дараа дахин хар тамхи тээвэрлэсэн, борлуулсан хэрэгт холбогдож өдгөө шалгагдаж буй. Энэ маягаар баригдаж, хоригдож ял эдэлсэн хүн 2013 онд 96 байсан бол энэ нь 2014 онд 153, 2015 онд 169, 2016 онд 180 хүрсэн байх жишээний. Тэдний дунд нэр дурдсан залуусын нэгэн адил давтан гэмт хэрэг үйлдэгсэд олон. Бүр аав, ээжийнхээ нэр нөлөө болон бэл бэнчингийнхээ хүчээр хууль хяналтын байгууллагын хараанаас ангижирч, шүүхийн хаалгаар эрх чөлөөний дуу аялан салхи татуулан гарагсад ч олон. Ийм байхад залуу аав, ээж бидний хувьд айдсаас чөлөөлөгдөх боломжгүй болчихоод байгаа нь энэ. “Ice top”, “Guys”, “A cappella”, “Салхи” гээд рок поп, хип хоп хамтлагийнх олонх нь хар тамхины хэрэгт нэр холбогдсон. Ял ч эдэлсэн. Гэсэн ч үүнийхээ төлөө хэзээ ч залуу үеэс, хүндлэн сонсдог та биднээс уучлал гуйдаггүй. Ядаж л хар тамхины хэрэглээний эсрэг сөргүүлж тавих ганц ч олигтой уран бүтээл туурвидаггүй.
Сүүлдээ бүр хар тамхины хэрэглээ хийгээд борлуулалт нь хууль хяналтын байгууллагынхныг өөрсдийг нь хэрчихсэн гэдэг нь прокурор асан Х.Тамирт оноосон шүүхийн тогтоолоор ил болсон. Түүнтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нь ч прокурор. Аав ээж нь бизнес эрхэлж, хөл дээрээ босохын төлөө 20 жил зүтгэсэн байлаа гэхэд үр хүүхэд нь хоёрхон жилийн дотор донтогч, мансуурагч болж буй жишээ ч олон. Гэхдээ тэдний хэн нь ч хууль, шүүхийн байгууллагад ханддаггүй. Харин ч баригдах бүрт нь суллах арга хэмжээг авдаг. Улмаар хүүхэд нь улам бүр донтдог. Харин үүний өөдөөс сөргүүлж тавих ганц жишээ өнгөрсөн хугацаанд гарсан нь Монголын нэртэй зураачийн хүүхэд хар тамхинд донтож, түүнийг нь тодорхой хугацааны ажиглалтын дунд өөрийн хүсэлтээр цагдаад хэлж, гэртээ нэгжлэг хийлгэсэн аавын тухай. Үр дүнд нь хүүхэд нь сайн дураараа хэргээ хүлээж, тодорхой ялын хөнгөлөлт эдэлсэн.
Харин өнгөрсөн долоо хоногийн хүнд хэцүү мэдээллийн эзэн бие болсон “The Golors” хамтлагийн тухайд үе тэнгийнхээ охид залуусын хувьд яах аргагүй шүтээн хамтлаг. Орой үдшийн цагаар тоглох газрыг нь “отож” хуран цугларагсад ч олон. Үндсэндээ амьд хөгжмийн хамтлагийг шинэ шатанд гаргаж яваа гэдгээр нь рок попын ах нар ч ам сайтай. Харамсалтай нь, үр дүн нь амиа хорлолт. Мэдээж урьдчилсан мэдээллээс харахад шүү дээ. Гол нь ийм л учраас аав, ээжүүд бид нар өнгөрсөн долоо хоногт хүүхдийнхээ ирээдүйн талаар ярилцаад, гацалтад орсон хэрэг. Амьд хөгжим заалгалаа гэхэд буруу замаар явчихвал яах вэ. Боловсрол мэдлэгтэй сайн хүүтэй боллоо гэхэд үе тэнгийнх нь найз нарынхаа нөлөөллөөс яавал ангид байх юм. Ирээдүйд ханилах нөхөр нь, эхнэр нь зөв хүн байж чадах уу... Товчхондоо энэ бол та бидний асуудал биш байж ч болох ч хүүхэд бүхний ирээдүйд баталгаа бий юу гэж асуух цаг болсон байна. Зөвхөн хар тамхинаас Орост гэхэд сүүлийн 15 жилийн хугацаанд нэг сая хүн амиа алдсан гэдэг тоон мэдээлэл бий. Хятадад хор хохирлыг нь бууруулахын тулд хар тамхи наймаалсан хүн бүрээ цаазаар авч байгаа ч борлуулалт нь буураагүй. Монголд харин танилтай, ар тал сайтай нь шүүхийн шийдвэрээ мултарч, үлдсэн нь өршөөлд хамрагдах замаар дахин хар тамхи хэрэглэж, наймаалцаж яваа.
Ийм л учраас “Монголд Филлипинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте шиг хар тамхины эсрэг тэмцэх хүн хэрэгтэй” байна. Ердөө арваадхан жилийн өмнө дамжуулан тээвэрлэгч орны жагсаалтад орж байсан манай улс таван жилийн өмнөөс хэрэглэгч орны жагсаалтад орсон байна. Дээр нэр дурьдсан төрийн бус байгууллагыг эс тооцвол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын байгууллага битгий хэл төрийн албан ёсны бүтэц ч алга. Та бидний хүүхэд сайн хүн боллоо гэхэд эргэн тойронд нь дээрэмчид, хар тамхичид өсөн бойжиж байна гэдэг өөрөө ганц бидний биш тэр чигээрээ нийгмийн айдас юм. Ийм байхад шууд Родриго Дутерте шиг хар тамхины эсрэг тэмцэл хийж байна гээд гудамж талбайд хүн буудаад явахгүй ч ядаж л зарлиг нь ажил болдог удирдагч нийгмийн шаардлага гэдэгтэй маргах хүн гарахгүй л болов уу. Тэр дундаа Монгол, Хятад, Филлипин, ХонКонг гэсэн хар тамхины сүлжээ бий болж, 2010 оны үед хоёр ч филлипин иргэн манайд худалдан борлуулсан, тээвэрлэсэн хэргээр баривчлагдаж байсан түүх бий. Гол нь манай улс гурван сая иргэнтэй. Сүүлийн үед гурван сая иргэнийг тэжээх Тавантолгой, Оюутолгойн ордын тухай ярьж, мэтгэлцэх нь их болсноос яг үнэндээ иргэдийнхээ боловсрол, сэтгэл зүйн боловсролын талаар хэн ч ярьсангүй. “Есөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн эмгэгтэй” гэсэн сэтгэл судлаачийн үгийг ч тоосонгүй. Яг энэ тооны цаана хар тамхины аюул та бидний дэргэд ирсэн гэдгийг төр өөрөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тиймээс л бодит аюулыг мэдэрч чадах, түүнийхээ эсрэг тэмцэж чадах Монгол Родриго Дутертег яагаад төрд дэмжиж болохгүй гэж. Монгол Улсын ирээдүйн төлөө шүү дээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :