Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг барьж, сүлжээний бизнесээ идэвхжүүлж байгаа тухай “Жи Тайм” компанийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдэгдэл хийж байсан нь саяхан. Харамсалтай нь, энэ мэдэгдлээс хойш ердөө арав хүрэхгүй хоногийн дараа тус компанийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Маратыг хилээр зугтах гэж байхад нь саатуулсан. Энэ үедээ тэрбээр зургаан тэрбум төгрөг биедээ бэлнээр авч явсан тухай мэдээлэл ч бий.
Тэгвэл анх хураалгасан хоёр сая 300 мянган төгрөгөө 20 сая болгох зорилготой уг сүлжээнд элссэн хохирогчдын тоо өнөөдрийг хүртэл бүрэн эцэслэгдээгүй байгаа. Учир нь, өдрөөс өдөрт шинээр хохирогчид гарч ирж байгаа бөгөөд тэдний цаана 500 орчим хүн 20 сая төгрөг авсан байдаг гэнэ. Ингэхдээ тухайн хүн 20 сая төгрөг авахын тулд өөрийнхөө доор 16 хүнийг элсүүлж, улмаар 36 сая 800 мянган төгрөг “Жи Тайм” компанид тушаадаг байна. Үүнийхээ 20 саяыг нь тухайн хүний данс руу компаниас нь шилжүүлдэг. Харамсалтай нь, энэ нь эцсийн бүлэгт луйврын сүлжээ болж, хохирлынх нь хэмжээг тооцоолоход хэцүү болсон бололтой.
Тэгвэл ингэж сүлжээ нэрээр иргэдийг хохироосон, ажил хөдөлмөр эрхлэхгүй бэлэн мөнгө олох сонирхлыг нь далимдуулж луйвар хийсэн уг компанийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 2016 оны арваннэгдүгээр сард platinum зэрэглэлтэйгээр өөрийн гишүүнчлэлээр бүртгэж байжээ.
Нэг ёсны, Монголын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэж тэдний эрх ашгийг нь хамгаалахын зэрэгцээ үүрэг, хариуцлагыг нь сануулж, анхааруулж байх ёстой тус танхим юуны учир, ямар шалтгаан дээр үндэслэн хамгийн дээд зэргийн ангиллын гишүүнчлэлдээ багтаасан нь нууц байгаа гэсэн үг. Иймд уг компанийг хамарсан шалгалт эргээд МҮХАҮТ-ыг тойрох ёсгүй болов уу. Учир нь, тэд гишүүдийнхээ эрхийг нэхэж, төр засагт шаардлага хүргүүлдэг шигээ гишүүнчлэлийнх нь бүртгэлийг харуулж, луйвар хийсэн компанитай хамтдаа хариуцлага хүлээх ёстой биз ээ. Тэр дундаа, тус танхимын дарга Б.Лхагважав өнгөрсөн жилүүдэд Монголын ард түмний төлөө гудамжинд тэмцэж явсан хүн шүү дээ.
Сэтгэгдлүүд :