Монгол Улсыг дефолтоос аврах шинэ өрийн түүх эхэллээ

2017-03-10 13:29:15

Гуравдугаар сарын 21. Энэ өдөр Монгол Улсын түүхэнд нэг өрийн түүх хаагдаж, нэг өрийн түүх нээгдэнэ. Төрсөн өдрийн баяр, аль эсвэл улс орны өөдлөн дэвжих хувь заяатай холбоотой өдөр байсансан бол баярлаж талархахсан. Гэсэн ч 2012 оны аравдугаар сарын 21-ний Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу гаргасан Хөгжлийн банкны гаргасан евро бондын 580 сая ам.долларын өрийг энэ сарын 21-нд төлөхийн тулд “Хуралдай” бондыг гуравдугаар сарын 9-ний өдөр гаргасан нь энэ. Уг бондын зах зээлд дуудагдах үнэ ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр өсч 108 ам.долларт хүрсэн нь өнөөдрийн Монгол Улсын хувьд том амжилт. Тэр дундаа хөрөнгө оруулагчдын 82 хувь нь евро бондоо “Хуралдай” бондоор солих талархалтай шийдвэр гаргаж. Нийтдээ 600 сая ам.долларын уг бондын нэг бүр нь 100 ам.долларын үнэтэй бөгөөд 7.625 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай. Ингэснээр Хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлт өнгөө өөрчлөх төдийхнөөр долоон жилээр хойшиллоо гэж ойлгож болно. Бүр тодруулбал, 580 сая ам.долларын 476 сая ам.долларыг дээрх бондоор түр хаасан гэсэн үг. Үүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Олон улсын санхүүгийн зах зээл дээр шинэ бонд гаргаснаар евро бондын эргэн төлөлтийн 580 сая ам.долларыг төлөх боломжтой боллоо. Ингэснээр Монгол Улс дефолт болохоос аврагдлаа” гэдэг тайлбарыг хийсэн.

Тэгвэл дефолт зарлахаас аврагдсан Монголын Засгийн газрын дараагийн аврал нь юу вэ. Ганц Чингис бондын өр бус бүхэлдээ эдийн засгийн чадавхи алдагдаж, нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 100 хувь хол давсан энэ үед  Олон улсын валютын санд найдах улстөрчдийн найдвар сулраагүй нь тодорхой. Хэдийгээр “Хуралдай” бондод найдаж, “Одоо Олон улсын валютын сангийн гарт орох хэрэггүй боллоо. Хятадын зээлийг хүлээе” гэх улстөрчид олон байгаа ч эцсийн бүлэгт уг санд хятадууд юу юунаас илүү нөлөөтэй гэдгийг бодолцож үзэхгүй бол болохгүй. Зөвхөн энэ ч бус Хятадад ч Олон улсын валютын сан нөлөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл, хэн хэнийх нь эрх ашиг тэнцүү бичигдэж буй гэсэн үг. Иймд үед Хятадад найдаж, ОУВС-гаас татгалзах боломжгүй гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлж байна.

Зөвхөн энэ ч бус тус сангаас урьдчилгаа болгон олгох ёстой 440 сая ам.долларыг валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зориулна гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Урьдчилсан тохирсон гурав орчим тэрбум ам.долларыг ойрын гурван жилийн төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулахаа ч мэдээллэсэн. Гэхдээ эндээс дараагийн нэг асуулт гарч байгаа нь энэ сарын 6-ны өдөр хуралдсан Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар манайд олгох ёстой зээлийн урьдчилгааг яагаад хэлэлцсэнгүй вэ. Уг нь ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Сангийн яам, Монголбанктай хамтарч хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Энэ гуравдугаар сардаа багтаан захирлуудын зөвлөлийн хурлаар асуудлыг оруулна” гэж мэдээллэж байсан. Гол нь тус сангийн захирлуудын зөвлөлийн хурал сард нэг удаа болдог бөгөөд энэ сард шийдэгдээгүй бол ирэх дөрөвдүгээр сарыг хүлээнэ гэсэн үг. Хэрэв дөрөвдүгээр сардаа амжихгүй бол тавдугаар сарыг угтахаас өөр аргагүй. Гэхдээ энэ удаагийн хойшилсон шалтгаан нь тус сангаас бус харин манай УИХ-аас болсон нь гайхмаар. Учир нь, захирлуудын зөвлөлд асуудлыг оруулахын тулд Засгийн газар ч, УИХ ч тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Энэ нь, 2017 оны төсвийн тодотгол, банкны салбарт хийх үнэлгээ, Монголбанкинд харьяалагдаж байсан төсөвтэй адил төстэй үйл ажиллагааг зогсоох гэсэн гурван үүрэг. Харамсалтай нь, манай тал үүргээ биелүүлж амжаагүй. Цагаан сарын баяр наадам өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүд орон нутгийн томилолт өвөртлөн хөдөөг зорьсон. Тэдний олонхийг нь яаралтай ирэх боломжгүй гэдэг шалтгаанаар ээлжит бус хаврын чуулганыг хойшлуулсан гэх тайлбар олны дунд бий. Гэхдээ дуудсан үед бэлэн байх үүрэг нь УИХ-ын гишүүдийнх гэдгийг сануулах хэрэгтэй. Дээр нь, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бэлэн болсон гэж мэдээллэсэн 2017 оны төсвийн тодотголоо өргөн барихгүй байх шалтгаан нь дахиад л УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотой гэдэг тайлбар яригдаж буй. Гэсэн ч үүний цаана эрх баригч нам буюу МАН-д ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой эргэлзээ үүссэн гэдэг сураг ажиг дагалдаж буй. Энэ нь Олон улсын валютын сангийн шийдвэрийг хүлээж, дээрх үүрэг даалгаврыг биелүүлэхтэй зэрэгцэн долоон төрлийн татвар нэмж, нийгмийн халамжийн чиглэлээр баталсан тодорхой хөтөлбөрөө зогсоох явдал юм.

Эдгээрт шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс нэмэх, хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгох, нийгмийн даатгалыг шимтгэлийг энэ ондоо хоёр хувиар нэмэх, суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэх, ирэх сарын нэгнээс эхлэн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулах зэрэг долоон төрлийн татварын өөрчлөлт багтаж байгаа. Зөвхөн энэ ч бус төсвийн зарлагыг бууруулах тал дээр ирэх хоёр жилд цалин нэмэхгүй байх, хүүхдийн мөнгийг олгож байгаа зорилтот бүлгийн 60 хувийг 40 хувь болгож бууруулах, цэргийн албан хаагчийн орон сууцны хангамжийг зогсоох, тэтгэврийн насыг нэмэх гэсэн шаардлага бий. УИХ дахь МАН-ын бүлэг буюу эрх баригч намын 65-ын бүлгийн асуудлыг хойшлуулах болсон шалтгаан нь товчхондоо энэ. Ерөнхийлөгчийн сонгууль болоход гурван сар орчмын хугацаа үлдсэн байхад уг өдрөөс өрсөж татвар нэмж, нийгмийн халамжийн бодлогоо саармагжуулна гэдэг яах аргагүй хасах оноо. Хэдийгээр Олон улсын валютын санд ам гарсан ч гэлээ эргээд намынхаа эрх ашгийг бодсон гишүүдийн амнаас “Асуудлыг сайтар хэлэлцэх хэрэгтэй. Яарах хэрэггүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ээлжит бус чуулган зарлахгүй бололтой байна лээ” гэдэг үг унагаж байгаа нь нууц биш. Тийм ч учраас өчигдрийн байдлаар төрийн ордонд “Ээлжит бус чуулган зарлахгүй болов уу даа” гэсэн яриа гараад эхэлсэн байна билээ. Хэдийгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Засгийн газрын өмнө намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголт гарч ирсэн. Бид улсаа бодоод намаа хоёрдугаарт тавьчихаад байгаа. Улс байхгүй бол нам байгаад ч хэрэг байна уу даа” гэсэн хариулт өгсөн ч эцсийн бүлэгт шийдвэрийг УИХ гаргана гэдгийг тодотгох хэрэгтэй биз. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх нь улсаа бодох уу, намаа бодох уу гэдгээс Олон улсын валютын сан Монголын төр хоёрын хамтын ажиллагааны нэн шинэ түүх дахин бичигдэнэ. Энэ нь гэхдээ евро бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг долоон жилээр хойшлуулсан Засгийн газрын шийдвэрээс огт өөр гэдгийг ойлгох хэрэгтэй биз ээ. Тодруулбал, нэг нь өрийг өрөөр дарж, хойшлуулсан түр аргацаалт бол нөгөөх нь Монголын эдийн засгийн алдааг эмчлэх боломж юм.

Гэхдээ Монголын Улсыг дефолтоос аврах нэн шинэ өрийн түүх эхлэхтэй зэрэгцэн Олон улсын валютын сангийн хатуу шаардлагыг хүлээж авахгүй бол эрсдэл дахиад л эрчимжинэ гэдгийг сануулах юун. 

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН. Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)