Монгол Улсын хүн амын 15 хувь нь дэлхийн 42 орноос оймс ч худалдаж авах эрхгүй боллоо

2017-04-14 14:48:44

\

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль буюу олны нэршиж дадснаар Оффшорын хуулийг өчигдөр баталлаа. Энэ хуулийн хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг 37942 албан хаагч хамарна. Гэхдээ зөвхөн тэд ч биш. Тэдний аав, ээж, эхнэр хүүхэд, ах дүү, хамаатан садан гээд урьдчилсан байдлаар 400 гаруй мянган хүн уг хуулийн хэрэгжилтэд хамрагдаж хилийн чинадаас бэлэг дурсгал, бүр өөртөө оймс ч авах эрхгүй болж орхив.  Учир нь, ураг төрлийн холбоог “нэгдмэл сонирхол” гэдгээр тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хэт их улстөржих юунд хүргэдгийг энэ хууль дээрээс бодитой харагдаж байгаа. Эхэнд яригдаж байсан зүйлс эцсийн хэлэлцүүлэг дээр гарч ирж байна л даа. 37942 албан хаагч гэж орж ирсэн. УИХ-ын гишүүд Засгийгн газар оффшорчдыг хамгаалж байна гэсэн хадны мангаа гаргаж ирж нийгмийн давалгаа үүсгээд түүнд нь улстөрчид арга буюу хамрагдаад хамаарал бүхий этгээд нэгдмэл сонирхолтой этгээд гэдгийг оруулаад хуулиа баталчихлаа. Үнэхээр хэрэгжихэд хэцүү болчихлоо. Өргөн болго гэж байсан хүмүүс өнөөдөр үнэхээр ингэж болохгүй гээд ярьж байна. Анх Засгийн газрын сана лдээр хувьцаа данс л байсан. Ажлын хэсэг дээр үл хөдлөх, хөдлөх хөрөнгө оруулсан. Хамаарал бүхий этгээдэд сая хүн ч хамарч магадгүй. Энэ хүмүүс Хонконгд очихдоо бугуйн цаг худалдаж авах эрхгүй ийм л болчихлоо. Нэр бүхий улс төрчид оруулаад ийм болчихлоо. Нийгэмдээ хөтлөгдөж хөөсөрдөг чинь энэ” хэмээн УИХ дээр учирлаж байв.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Энэ АТГ загвар гаргахдаа л их анхаараарай даа. Хамаарал бүхий этгээд гэдэг юман дээрээ. Тэгэхгүй бол би 250-иад ах дүү нартай байна. Хөвсгөлийн тайгад мал маллаж байгаа, буйр нуурын эрэг дээр, солонгост нэг дүү байна. Бүгдийг нь олж мэдүүлэг гаргах болж байна шүү дээ. АТГ үүнийг хянаж чадахгүй шүү дээ. Ингээд завхрал болж байгаа юм. Жинхэнэ акулууд нь их далайдаа тарвалзаад цаана нь үлдэнэ. Жараахайнууд ажилд томилогдож чаддаггүй тийм хүмүүс л өртөнө. УИХ, Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс чинь хамарч байгаа юм уу. Тэд цаана нь үлдэж байна. Харин малчид, гадаадад ажиллаж байгаа хүмүүс орж байна. Олон нийтэд таалагдах гэсэн юм чинь үр дүнгүй ажил болж магадгүй шүү” гэж байв.

Ямартай ч, хэрэв танд улстөрч хамаатан байгаад түүнтэйгээ нэгдмэл холбоотой гэдэг нь цусан төрлөөр тайлбарлагдах бол та оффшор бүсэд хамаарагдах дэлхийн 42 орноос оймс, бүр дотоож ч худалдаж авах эрхгүй болж байгаа нь энэ ажээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)