Эрчим хүчний салбарынхан ирээдүйгээ хэлэлцэв

2017-04-24 11:10:31

Алс замын аян Дорнод аймаг руу хөтөлсөн нь  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулсан “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт, зөвлөлгөөн”-ийг сурвалжлах үүрэг даалгавар байлаа. Сарын сүүлчээр бодогдох цахилгаан дулааны мөнгийг эс тооцвол энэ салбар та биднээс хол хөндий. Мэдээж хэрэглээгээ чухалчилсан хэрэглэгчийн нүдээр хардгийг эс тооцвол бодлого, хөгжил нь хол гэсэн үг. Харин уншигч таны ус буцалгахдаа зарцуулдаг тог, өвлийн хүйтэн өдөр цонх нээтлээ бүгчимдэж халууцдаг дулааныг эд үйлдвэрлэдэг гэдгээр нь харвал яах аргагүй ойр дотно сэдэв. Гэсэн ч бодлого хийгээд хэрэглээний цаана ямар тоо бодогдож, хэр хэмжээний хүч хөдөлмөр, төсөв санхүү зарцуулдгийг нь тооцож ярилцах эрчим хүчний мэргэжилтнүүдийн үгийг сонсох нь ээ, яалт ч үгүй “Станцын асуудал бидэнд хамаагүй” хэмээн орхиж болмооргүй аж. Иймд өнөөдрийн урин дулаан өдрүүдийг ирэх өвлийн хүйтэн, хатуутай нь тооцож, эрчим хүчний салбарын ирээдүйг буюу мянга, мянган өдрүүдийн дараах өртөг зардал, үр өгөөжийг хэлэлцэн ярилцсан “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүүн бүсийн уулзалт, зөвлөлгөөн”-өөс хийсэн сурвалжлагаа хүргэе. Энэ үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү зөвлөлгөөнд оролцож Зүүн бүсийн эрчим хүчний салбарт шаардлагатай шинэчлэлийг эхлүүлэхэд салбарын яам цаг алдахгүй ажиллана гэдгээ дуулгасныг урьтаж мэдээллэе. Учир нь энэ салбарын шинэчлэл гэдэг бол Монголын бүтээн байгуулалтын гол чухал эрчим хүчний хөшүүрэг болох тул бүхий л салбарынхны анхаарлын төвд байх нь тодорхой.

 

11 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллажээ

Уг уулзалт, зөвлөлгөөнийг нээж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нэгэн таатай мэдээлэл хүргэсэн нь “Өнгөрсөн 2016 он Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд үр дүнтэй жил байлаа. Эрчим хүчний салбарын хэмжээнд өнгөрсөн онд 5.8 тэрбум кВт.ц цахилгаан, 8.7 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.4 кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 775.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, салбарын дүнгээр 11 тэрбум төгрөгийн балансын ашигтай ажиллаа. Өмнөх онтой харьцуулахад борлуулалтын орлого 89 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ” гэдэг үг байв. Мөн дулаан цахилгаан станцууд жишмэл түлшний хувийн зарцуулалтыг цахилгаан болон дулаанд бууруулснаар 45.8 мянган тонн нүүрс хэмнэсэн бөгөөд дамжуулах, түгээх компаниуд дамжуулалт, түгээлтийн алдагдлыг 0.05 нэгжээр бууруулснаар 349 сая төгрөгийн хэмнэлт гаргасан гэдгийг ч тэрбээр онцолсон. Үндсэндээ та бид сар алгасахгүй цахилгаан, дулааны төлбөрийн мэдээлэлд ач холбогдол өгч, манай гэрийн төлбөр, манай гэрийн цахилгаан дулаан гэх асуудлаар тайлбар нэхдэг ч эцсийн бүлэгт салбарынх нь хэмжээнд асуудал хэрхэн яригддаг гэдгийг огтхон ч анхаардаггүй гэхэд болно. Тэр дундаа асч буй уурын зуух, цахилгаан станцын ард хүн ажилладаг гэдгийг ч мартаж орхидог байж магадгүй. Тиймээс ч уулзалт, зөвлөгөөний үеэр хамгийн эхэнд яригдсан асуудал бол хүний нөөц.

Хүний нөөцийг чухалчиллаа

Эрчим  хүчний салбар урагшлахын хэрээр хүнээ, ажилтан ажиллагсдаа дэмжиж, тэдний урам зоригийг сэргээж, ажлын байрны зөв зохистой орчинг бүрдүүлэх нь юу юунаас ч илүү чухал гэдгийг “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн М.Энхмаа онцолсон юм. Учир нь, тус станц салбартаа хүний нөөцийн бодлогоороо үлгэр жишээ болж яваа бөгөөд “Хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр байгууллагын хүний нөөцийн чадавхи сайжирч, тэр хэрээр ажиллагсдын шилжилт хөдөлгөөн жил ирэх бүр буурсан. Мөн сургалт, хөгжлийн төлөвлөгөөг зөв хийж, зохион байгуулснаар нэг хүнд ногдох сургалтын дундаж цаг 9.1 цаг болж өссөн” гэдэг дүгнэлтийг түүний илтгэлээс тодруулан хүргэе. Гол нь уулзалт, зөвлөгөөнд  25 байгууллагын  140 гаруй төлөөлөгч ирсэн учраас энэ сэдвийг чухалчлан хүргэх нь Эрчим хүчний зохицуулах хорооны эн тэргүүний зорилго байсан нь лавтай. Тиймээс ч Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Д.Байгалийн “Хүний нөөцийн удирдлага” илтгэл гүйцэтгэх захирлуудад богино хугацааны түргэвчилсэн сургалтын дайтай үр дүнтэй болно билээ. Тэрбээр “Ажлын үр дүнтэй хэрэгжүүлж байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол үндэс нь хүний асуудал болж байгаа бөгөөд ажилтан нь зөвхөн мэдлэг, ур чадвартай байх төдийгүй хандлага, үнэт зүйл, үнэлэмжийг харгалзах шаардлага гарч байна” гэдэг үүргийг захирлуудад зөвлөсөн юм. Энэ асуудалд А.Тлейхан дарга ч ихэд ач холбогдол өгч “Эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэгч нь хүн. Иймд хүний нөөцийн тухай үг, өгүүлбэр бүрийг анхааралтай тогтоож, станц, уурхай гэлтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байгаа дуулдсан. Гэхдээ энэ бол оролцогчдыг хуйлруулсан ганц илтгэл нь биш шүү.

ЭХЗХ-ны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргалын “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, түүний хэрэгжилт” илтгэлийг онцлох хэрэгтэй. Эрчим хүчний хэрэглээ, хэрэглээний өсөлт гэдгийн цаана цаг ямагт дагалдаж явах ёстой үг хийгээд уриа лоозон нь яах аргагүй үр ашигтай зарцуулалт. Түүнийг дагаж гарах хэмнэлт. Харин үүнийг хэрхэн үр дүнтэйгээр хийх вэ гэдэгт түүний илтгэлийн гол утга санаа гарсан хэрэг л дээ. Үүнийг элдэв тоо бичиж, бодлого утгачлахаас илүүтэй хүргэх тайлбар бол ерөөсөө л эрчим хүчний анхдагч эх үүсвэрийг боловсруулахад шаардагдах зардлыг бууруулах. Жишээ нь, “Орчин үед нэг тонн жишмэл түлш хэмнэх нь түүнийг олборлохоос 2.5-3 дахин хямд болох нь судалгаагаар нотлогдсон” гэдгийг Ц.Атаржаргалын илтгэлээс онцлоё. Мөн “Ус, нар, салхи, газрын гүний дулаан, биомасс зэрэг нөхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг аль болохоор өргөн ашиглаж түлш, эрчим хүчний бүтцэд эзлэх хувийн жинг аажмаар нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэсэн түүний зөвлөмжийн араас Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулууны эрчим хүчний компаниудын техник технологийн өнөөгийн байдал, шинэчлэлийн бодлогын талаарх илтгэл оролцогчдын анхаарлыг яах аргагүй татаж байлаа. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарын техник, тоног төхөөрөмжийн насжилт, хугацаа зэргийг нарийвчлан судалж, цаашид шаардлагатай хөрөнгө мөнгө, техникийн бодлого зэргийг нарийн тооцсон энэ илтгэл эрчим хүчний салбарынхан үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг олон хүн сануулж байлаа. Ганцхан жишээ дурьдахад ТЭЦ-2 ТӨХК-ийн үндсэн тоноглол 56 жил, ТЭЦ-3 ТӨХК-ийнх 49 жилийн настай, ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөртэй техник технологи байгаа аж.

Эрчим хүчний салбарын уураг тархи...

Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар олон нийт тэр бүр мэддэггүй. Ихэнх нь үнэ тариф тогтоодог, тусгай зөвшөөрөл л олгодог газар гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бий. Тэгвэл Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тариф тогтоож, тусгай зөвшөөрөл олгохоос гадна эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа,  хөрөнгө  санхүүгээс эхлээд  аюулгүй найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн эрх ашиг гээд олон зүйлийг хянаж шалгаж байдаг томоохон үүрэг рольтой байгууллага. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхан “Эрчим хүчний зохицуулах хороо бол энэ салбарын уураг тархи нь” хэмээн хэлсэн нь хий хоосон магтаалын үг биш гэдгийг энэхүү зөвлөлгөөн олон хүнд баталж өгсөн юм. Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр  хорооны үйл ажиллагаа, 2017 оны зорилтуудын талаар тун сонирхолтой мэдээлэл өгсөн. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс  эрчим хүчний салбарт хүний нөөцийн, техник технологийн санхүү эдийн засгийн, хэмнэлтийн томоохон бодлогын баримт бичигтэй болох зорилт тавиад ажиллаж байгаа Г.Эрхэмбаяр дарга танилцуулсан юм.  Өнөөдөр эрчим хүчний зохицуулах хорооноос нийтдээ 111 байгууллага 225 тусгай зөвшөөрөл  авчээ. Энэхүү тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад байнга хяналт тавьж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг жил бүр дүгнэж ажилладаг тухай Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Ч.Жаргалмаа илтгэлдээ тун тодорхой дурьдсан. Жил бүр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнээд зогсохгүй дараа жилд хэрхэн ажиллах юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг нь зорилт болгон тогтоож өгдөг юм байна. Тэгвэл Үнэ тарифын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ  эрчим хүчний салбарт мөрдөж байгаа үнэ тариф, ашиг алдагдал,  татвар шимтгэлийн талаар зөвлөлгөөнд оролцогчдод зориулан илтгэл тавилаа. Хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг өндөр байна гэсэн гомдол байнга л гаргаж байдаг. Гэвч үнэн хэрэгтээ эрчим хүчний салбарынхан өөрсдийн нуруун дээр алдагдал, ачаалал үүрч, хэрэглэгчдэд бодит өртгөөс нь доогуур үнээр цахилгаан, дулааныг нийлүүлж байдаг аж. Ганцхан жишээ дурьдахад Төвийн бүсийн хэрэглэгчид 141.55 төгрөгийн өртөг бүхий цахилгааныг 111.06 төгрөгөөр худалдан авдаг аж. Б.Болор-Эрдэнэ дарга “Ахуйн хэрэглэгчдэд жилдээ  44.8 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт  олгож байгааг онцолж байсан. Мөн үүний зэрэгцээ Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хийж байгаа хяналт шалгалтуудын талаар Хяналт шалгалтын хэлтсийн дарга Э.Самдан танилцуулсан бол хэрэглэгч хангагчийн эрх ашгийг тэгцвэртэй хамгаалах, үйлчилгээг сайжруулах чиглэлээр Хэрэглэгч орон нутгийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ илтгэл тавьсан. Тэрбээр айл өрхийн цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн үнээр тооцож авдаг, ус, дулаан дамжуулах төвийн ашиглалтын зардлыг хэрэглэгчээр төлүүлдэг гэх мэт зөрчил дутагдал байнга илэрч байгааг сануулж байлаа. Эрчим хүчний зохицуулах хороо  эрчим хүчний салбарыг  өрсөлдөөнт зах зээлд нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийж эхлээд байгаа юм байна. Энэ талаар Зах зээл судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Жамбаагийн тавьсан илтгэл сонирхол татаж байлаа.

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийнхан алдагдлаас гарчээ

Зүүн бүсийн эрчим хүчний салбарынхны уулзаж ярилцсан төв цэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК. Дорнод, Сүхбаатар аймгийн 26 сум, есөн уул уурхай болон газрын тосны компанийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг энэ станцын түүх 1969 оноос эхтэй. Гэхдээ ашигтай ажиллаж эхэлсэн түүх нь 2015 оноос хойш буюу ердөө хоёрхон жилээр хэмжигдэнэ. Өнгөрсөн онд гэхэд 3.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, түүгээрээ үндсэн тоноглолдоо их, бага засвар хийсэн. Харамсалтай нь, тэрхүү засвараар станцын шинэчлэл, урсгал засвар хэмжигдэхгүй бөгөөд хүчин чадлаа нэмэх зайлшгүй хэрэгцээ бий гэнэ. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал, магистр Г.Отгонбаатар “Хэдийгээр манай станц өвлийн ид ачааллын үед 37 МВт-ын ачааллаа доголдохгүй давсан ч гэлээ цаашид энэ хэвээр явах хэцүү болоод байна. Учир нь, бүрэн хүчин чадлаа 103 хувиар ашиглана гэдэг насжилт өндөртэй станцын хувьд бэрх даваа. Цаашид манай хамт олны зүгээс эрчим хүчний менежмент сайжруулж ажиллах зорилт тавьж, хамт олноороо хичээн ажиллаж байгаа ч гэлээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад улам хэцүү болж байна. Үүнийг Засгийн газраас харгалзаж үзээд 50 МВт-аар өргөтгөх тендер зарласан. Энэ хавраас ажил эхлэнэ” гэдэг тайлбар өгсөн. Тэрбээр үүнийгээ Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт ч мэдээллэсэн.

Монгол Улс цахилгаан  экспортологч улс болно

Энэхүү зөвлөлгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгуулж байгаа.  Зөвлөлгөөний үеэр Эрчим хүчний яамны зүгээс  эрчим хүчний өнөөгийн байдал, бодлого төлөвлөлт, орон нутагт хэрэгжүүлэх төслүүдийн талаар Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог танилцууллаа.Монгол Улс 2024-2030 он гэхэд цахилгаан импортлогч улс болох зорилго тавин ажиллаж байна. Энэ үед цахилгаан түгээх, хангах сүлжээг бүрэн хувьчилж, хөрш орнуудтай их чадлын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар цахилгаан эрчим хүч экспортлохоор төлөвлөж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Дарханы Дулааны станц, ТЭЦ-4, ТЭЦ-3 зэрэг томоохон станцууд дээр Герман, Япон, Чех зэрэг улсуудын санхүүжилтээр өргөтгөлийн ажил хийгдэж байгаа юм байна. Гэхдээ энэ зөвлөлгөөн Дорнодын тал нутагт эрчим хүчний салбарынхан хуран чуулснаар дуусахгүй. Цаашид үлдсэн гурван бүс нутагт ч хамтран зохион байгуулах бөгөөд энэ үеэр хэлэлцэгдэх хамгийн чухал асуудал нь мөн л яах аргагүй цахилгаан, дулааны эрчим хүчний станцын өргөтгөл, шинэчлэл байх болов уу. Дээр нь, мэдээж нөхөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүү уулзалт, зөвлөлгөөний төгсгөлд онцлоод “Эрчим хүч бол монгол хүн бүрийн гал голомт, хөгжил дэвшил, сурч мэдэх орчин нөхцөл, ажиллаж амьдрах тулгуур хүчин зүйл. Иймд салбараараа хичээн ажиллаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй Монгол Улс болгохын төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллая” хэмээн уриална билээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)