М.Энхболдын 2007 оны ялагдал өнөөдрийн ялалтын түлхүүр болов уу

2017-05-03 16:35:46

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшихээр боллоо. Тэрбээр бага хурлын гишүүдийн олонхийн буюу 85.7 хувийн саналаар ийн өнөөдрөөс эхлэн нэр дэвшигчийн байранд очиж буй нь энэ. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголын улс төрийн тэргүүн эгнээнд, тэр дундаа МАН-ын даргын албыг хоёронтаа хашиж яваа түүний уналт, сэргэлтийн түүхээс хүргэе.

1999 он. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаас Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга болсон цаг хугацаа. Энэ цагаас хойш тэрбээр Улаанбаатар хотыг таван жилийн турш удирдсан.

2006 он. МАН-ын даргын албаа Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалтай хамтатган хаших болсон он. Гэсэн ч их удалгүй буюу 2007 онд Ерөнхий сайд асан С.Баяр болон түүний нөхдийн баг эсрэг ажилласнаар албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Гэнэтийн гэмээр энэ үйл явдлын араас М.Энхболдын улс төрийн намтар хэзээ өндөрлөх вэ гэдэг сэтгэгдэл, тэмдэглэл олонтаа хөвөрсөн ч тэрбээр тухайн үеийнхээ ялагдлыг ялалт болгон эргэж намаа удирдах эрх авсан нь бас л сонин.

2013 он. Намынхаа ялагдлыг үл зөвшөөрсөн хийгээд ялагдалд бухимдагсдын арми хилийн чинад руу зутгаж, эс бол намынхаа дотоод үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж эхлэхтэй зэрэгцэн тэрбээр таван жилийн дараа дахин МАН-ын даргаар сонгогдлоо. Энэ үед түүний талаар “М.Энхболд бол нэг хууртаж, нэг удаа чадуулсан хүн. Дахин тийм боломжийг өрсөлдөгчиддөө гаргахгүй. Харж байгаарай. Хангалттай няхуур бодсон байгаа шүү” гэж ойр тойрных нь нэгэн эрхэм хэлж байсан нь бий. Үнэхээр ч 2007 онд өрнөсөн нам доторх улс төр түүнийг ийн хүчтэйгээр эргэн ирэхэд нөлөөлсөн байж болох. Өөрөөр хэлбэл, тэр үед ялсан нөхөд нь өнөөдөр ялагдал хүлээж, харин М.Энхболдын тухай үеийн ялагдал өнөөдрийн ялалт болон хувирсныг үгүйсгэх аргагүй юм.

Мөн тэрбээр хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадвал Монгол төрийн бүхий л өндөр дээд албан тушаалыг буюу Нийслэлийн Засаг дарга, Шадар сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга гээд Н.Энхбаярын намтрыг давах шинэ түүхийн эзэн болох ажээ. Мэдээж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал шүү… 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

MAN      ip : 183.177.101.14 2017-05-03 16:39:21
yalna yalna amjilt husiy





(0/800)