Амраглах хүсэл аав, ээж байхаас чухал уу

2017-05-04 11:49:15

Хүний амьдралд тааж, тааварлашгүй олон бэрхшээл зовлон тохиох ч гэлээ тэр бүрийн төлөөсөнд үр хүүхдээ золиослоно гэдэг яавч уучилж боломгүй сэтгэлийн гэмт хэрэг юм. Гэхдээ сэтгэлийн гэмт хэрэг төдийгүй хуулиар хүлээх хариуцлага ч гэж бий. “Бөмбөгөр” худалдааны төвд долоон сартай хүүхдээ охиноо үлдээж одсон ээжийн гутамшигт түүх үүний нэг жишээ нь. Тэрбээр шинээр хамтран амьдрахаар тохирсон залуутайгаа ярилцаж энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч. Өөрийнх нь аав, ээж хүүхдийг нь өсгөх боломжгүй гэдэг үндэслэлээр шинэ амьдрал эхлүүлэх гэсэндээ эхийнхээ сүүнээс бусдыг амлаж чадахгүй нялх нярай хүүхдээ “Бөмбөгөр” худалдааны төвийн чихэрийн лангуунд үлдээгээд зугтсан тухайгаа байцаагчид ярьжээ. Энэ мэт шалтгаанаар он гарснаас хойш тавын таван хүүхдийг тавын таван ээж орхиж зугтсан байх бөгөөд “Тэжээж чадахгүй. Хүсээгүй хүүхэд” гэсэн шалтгааныг дор бүрээ учирлажээ. Өнгөрсөн онд энэ төрлийн 17 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Бурхан минь, ийм байж болох уу даа. Хэдийгээр Эрүүгийн хуулийн 117.1-д зааснаар торгох, баривчлах ял дээрх ээж, аавуудад хүлээлгэдэг ч гэлээ эцсийн бүлэгт төрсөн үрийнхээ амьдралд ямар том гунигт дурсамж, хар толбо үлдээж, тэднийгээ бүх амьдралынх нь турш яланд унагаж байгаагийнх нь төлөө тэднийг хэрхэх ёстойг онож хэлж ч чадахгүй нь.  Тэд өөрсдийнхөө амьдрах хүслийн төлөө, санхүүгийн дарамтаас ангижрах гэсэндээ үр хүүхдээ гудамжинд хаяж, гээж, орхиж зугтдаг нь тодорхой болсон. Гэтэл тэдний хажууд бүхий л амьдралынхаа турш хүүхдийн мөрөөс болж, хэрхэхээ мэдэхгүй сэтгэлийн зовлонд унаж суугаа аав, ээж нулимсаа дотогшоогоо цалгин алхаж яваа. Хүний өөрийн олон арван хүүхдэд тусалж, дэмжиж, ажил амьдралд нь хүргэхийн төлөө хичээн зүтгэж буй сайхан сэтгэлтнүүд ч олон. Өвчин зовлонгийн улмаас ард үлдэх үрсийнхээ төлөө үхэж чадахгүй, залбирч суугаа нь ч тоймгүй их.

Ийм байхад хорвоо дээр өөрийг нь гэж зорьж ирсэн, ээж, аавын агуу их хайрыг угтаж гүйсэн тэр жаахан амьтдыг хаях байтлаа төрүүлсэн аав, ээжүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Ядуурал, ажилгүйдэлд бүх бурууг өгч, хүүхдээ тэр бүхний төлөө золиослох тэдний гэм нүглийг хэн уучлах вэ…  Ядаж л сүүлийн жишээ. “Амраглах хүсэл аав, ээж байхаас чухал уу” хэмээн алгадаж, загнамаар. Айлгаж, сүрдүүлмээр… Амьдрал гэдэг үр хүүхдийн гэгээн цайлган дуу, ээж аавыгаа хүлээх сэтгэлийн өглөг, тэдний өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өдрийг өдөр гэхгүй, шөнийг шөнө гэхгүй зүтгэхээс эхэлдэг болдогсон бол тархинд нь хиймлээр ч болсон суулгаж өгөхсөн дөө. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)